2023
Чи илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?
2023 оны 9-р сар


“Чи илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Чи илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Манай майхны нэг залуу бусад цэргээс өөр санагдсан тул би түүнээс яагаад гэдгийг нь асуув.

Зураг
Нуурын усанд баптисм хүртэж буй эрэгтэй

Томас Салисбури уг нийтлэлийн зохиогчид Вьетнамын Сон Бэ нуурт баптисм хүртээж байгаа нь.

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

Би АНУ-ын армид гурван жилийн хугацаатай элсэн орж, 20 насныхаа төрсөн өдрөөр Өмнөд Вьетнамд ирсэн юм. Найман сарын дараа би Сайгоноос баруун хойд зүгт байрлах нэгэн ангид хуваарилагдав. Тэнд очоод би майхныхаа нэг залуу Томас Салисбуриг бусдаас өөр гэдгийг төвөггүйхэн ажиглав.

Ялгаа нь үнэхээр тод томруун байсан тул би эцэст нь түүнээс “Том, чи яагаад бусдаас ийм өөр юм бэ?” гэж асуув.

“Яагаад гэвэл би хожмын үеийн гэгээнтэн” гэж тэр хариулсан.

“Хожмын үеийн гэгээнтэн гэж юу гэсэн үг вэ?” гэж би асуулаа.

Тэр намайг өөртэй нь болон тус нэгжийн шашны удирдагчийн туслахаар үйлчилж байсан буцаж ирсэн номлогч Харолд Лүистэй уулзуулав. Жижиг цуглааны байр болгон ашигладаг майхан дотор бидний анхны уулзалт болсон ба тэдний хэлсэн зүйлд би үнэхээр итгэвэл баптисм хүртэх болно гэж тэдэнд хэлсэн. Тэд надад Мормоны Номын нэг хувийг өгч, би номоо цэргийн өмднийхөө доод халаасанд авч яван, завсар чөлөө гарах бүрд уншдаг байлаа.

Хэд хэдэн удаагийн уулзалт, ярилцлагын дараа би үнэнийг хайж байсан асуултуудад маань хичээл бүр хариулж байгааг анзаарав. Гэхдээ Том, Харолд хоёрыг надаас баптисм хүртэх эсэхийг асуухад би үгүй гэж хариулсан юм. Тэдний заасан бүх зарлигийг би хэрхэн сахих учраа олоогүй байлаа.

Сайгонд болсон дүүргийн чуулганд оролцсоныхоо дараа би Австрали руу явж, тэндээ 7 хоног амрав. Тэнд байхдаа би сайн мэдээний сургаал надад ямар чухал болсныг ойлгож эхэлсэн. Вьетнамд буцаж ирээд би баптисм хүртэх хүсэлтэй байгаагаа Томд шууд хэллээ.

Удалгүй Том надад Сон Бэ нуурт баптисм хүртээн, Харолд намайг Сүмийн гишүүнээр баталж, манай Сүмийн бүлгийн удирдагч Тимоти Хилл намайг диконы албанд томилсон юм.

Би зургаан долоо хоногийн дараа АНУ-д буцаж ирээд, найз охиндоо сайн мэдээний талаар хуваалцаж, хожим нь бид гэрлэсэн билээ. Тэр бас сайн мэдээний итгэл найдвар дүүрэн захиасыг хүлээн авсан.

Томыг надаас илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа эсэхийг минь асуусанд би үүрд талархах болно. Түүний үлгэр жишээ, урилга үнэнийг олж, сайн мэдээний адислалуудыг хүртэх хүсэлд минь хариулсан юм.