2023
Баасан гаргийн оройн баптисм
2023 оны 9-р сар


“Баасан гаргийн оройн баптисм,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Баасан гаргийн оройн баптисм

Наманчлах хүсэл минь Аврагчийг болон Түүний Сүмийг олоход тусалсан.

Зураг
Сүмийн өмнө зогсож буй эмэгтэй

Зургийг Кэйти Докрилл

Би докторын зэргээ авахаар Хятадаас АНУ-д ирэх болсондоо анх баярлаж байсан ч унших, бичих ёстой олон эрдэм шинжилгээний ажилдаа дарагдаж эхэлсэн юм. Судалгааны удирдагчтайгаа хэрхэн харилцахаа мэдэхгүй байсан нь миний стрессийг нэмэгдүүлэв. Би будилж, ганцаардаж, юу хийхээ мэдэхгүй байлаа.

Миний өнгөрсөнд үйлдсэн буруу зүйлсээс болж энэ асуудлууд үүссэн байж магадгүй тул ерөөсөө л наманчилъя гэсэн дүгнэлтэд хүрэв. Үдэш болж байсан тул би “church [сүм]” гэж бичээд, онлайнаар хайлаа. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 21:00 цаг хүртэл нээлттэй байдаг цорын ганц сүм гэдгийг олж мэдэв. Тэгээд Сүмд очиж наманчлахаар шийдэн, нэг цаг орчим алхлаа.

Орой 18:00 цагийн орчимд би сүм дээр очсон бөгөөд тэнд гэрэл цацарч, инээд хөөр, хөгжим сонсогдож байв. Би эргэн тойрон хайсан боловч барилгын хаалгыг олсонгүй. Цонхоор харж явтал, нэг өрөөнд хүүтэйгээ тоглож буй аавыг харав. Түүний анхаарлыг татахын тулд би цонхыг тогшлоо. Тэр намайг хаалга руу чиглүүлж, тэгээд угтан авсан ба хэн нэгэн баптисм хүртэж байгааг хэлэв.

Түүнийг даган, нэгэн өрөө рүү ортол саяхан баптисм хүртсэн хүүд адислал өгч байлаа. Хаалганы дэргэд зогсоод, адислалын үгсийг сонсож байхдаа би Бурхан бас миний чихэнд адислалуудыг шивнэж байгааг мэдэрсэн. Зүрх сэтгэл минь дулаацаж, хожим нь Ариун Сүнс гэж мэдсэн зүйлээ би мэдэрч билээ. Бас “чи уучлагдсан” гэх дуу хоолой сонсогдсон.

Баптисмын дараа хүмүүс над дээр ирж, би олон сайхан хүнтэй танилцав. Би ганцаардахаа больсон. Өөрийгөө өмнөх “салбарын ерөнхийлөгч” гэж танилцуулсан хүн намайг машинаараа гэрт минь хүргэж өгөхийг санал болгов. Би номлогчдоор хичээл заалгаж, хэдэн сарын дараа баптисм хүртсэн.

2018 онд Массачусэттс мужийн Кэмбриж хотод болсон миний баптисм дээр нэгэн ах бидний хайрт Тэнгэрлэг Эцэг тэрхүү баасан гаргийн баптисмыг хэрхэн зохицуулсан тухай ярьсан юм. Уг нь тэр баптисмын ёслолыг дараагийн ням гарагт үйлдэх ёстой байсан ч цагийн давхцалаас болоод тухайн баасан гаргийн орой зохион байгуулахаар сольсон гэж тэр тайлбарлав. Тэгж өөрчлөөгүй байсан бол би Сүмийг болон бидний Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрыг мөн сайн мэдээн дэх ах, эгч нараа хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан байх.