2023
Бусдыг ойлгох чадварыг төлөвшүүлж, хэрэгжүүлэх
2023 оны 9-р сар


“Бусдыг ойлгох чадварыг төлөвшүүлж, хэрэгжүүлэх,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Залуучуудад зориулав

Бусдыг ойлгох чадварыг төлөвшүүлж, хэрэгжүүлэх

Аврагчийн төгс жишээ нь бусдыг ойлгож, тэднийг адислах хүчийг бидэнд заадаг.

Зураг
Онгоцонд уйлж буй хүүхэд

Жижиг онгоцонд ядарсан ээж, ууртай бяцхан хүүтэйгээ явж байвал та яах вэ? Маш их стресстэй нөхцөл байдал. Хэдэн эгнээний хойноос би хэрэг явдал хэрхэн өрнөхийг харлаа. Нэг иймэрхүү үйл явдал болсон юм.

Бяцхан хүү: Би өлсөөд байна!

Ээж: За, миний цүнхэнд юу байгааг харцгаая.

Бяцхан хүү: Үгүй ээ!

Ээж: Гэхдээ чи өлсөж байна гээгүй бил үү?!

Бяцхан хүү: Наадхаа надад өг!

Ээж: Юуг?

Бяцхан хүү: Тэрийг!

Ээж: Хонгор минь, чи миний зүүлтийг авч болохгүй.

Бяцхан хүү: Би авмаар байна!

Та нар ерөнхийд нь төсөөлж байгаа биз дээ. 20 минутын турш ээж нь түүнийг тайвшруулахын тулд юм өгч, саатуулж, алиалж, бүр нэг, хоёр удаа сүрдүүлэх зэргээр янз бүрийн арга хэрэглэв. Юу ч тус болсонгүй. “Энэ бол богинохон нислэг. Тэр зүгээр дээ” гэж би өөртөө хэллээ.

Гэхдээ түүнд зүгээр байсангүй. Тэр ээжийн стресс улам бүр нэмэгдэж, нүднээсээ урсах нулимсыг арчиж эхлэв. Би түүнийг танихгүй ч түүнд туслахыг хүсэж байгаагаа мэдэрсэн. Тэр даруй би тэдний төлөө залбирав.

Тус үйл явдалд санаа зовж байсан цорын ганц зорчигч би биш байлаа. Түүний сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх үед өөр нэг зорчигч түүнд туслав. Энэ нь нөгөө эгнээнд сууж байсан өөрөөс нь нэлээн ахимаг насны эмэгтэй байлаа. Тэр сайхан сэтгэлээр залуу ээжид хандан, тайвшруулах хэдэн үгийг аяархан хэлээд гараас нь атгав. Ердөө л энэ байж! Ингэх нь л хангалттай байсан.

Энэ хоёр эмэгтэй нислэгийн үлдсэн хугацаанд гар гараасаа барилцсаар байв. Бяцхан хүү чанга дуугаар орилсоор байсан ч ээж нь тайван харагдаж байлаа. Энэ бол гайхамшиг байв.

Шавь хүний хоёр шинж чанар: Бусдыг ойлгох, өрөвдөх сэтгэл

Бидний орчин үеийн үгсийн санд энэхүү гайхамшгийг “бусдыг ойлгох чадвар” гэж нэрлэдэг. Бусдыг ойлгоно гэдэг нь бусдын бодол санаа, мэдрэмж, тохиолдсон явдлыг төсөөлж мэдэрдэг байх үйлдэл юм. Бусдыг ойлгох чадвар нь орчин үеийн нэр томьёо ба та үүнийг судрын хаанаас ч олохгүй. Гэвч хэл шинжлэлийн эрдэмтэд бусдыг ойлгох чадварыг өрөвч сэтгэлтэй нягт холбоотой гэдгийг тэмдэглэжээ. Мөн судрын нэр томьёонууд дунд өрөвч сэтгэлийн талаар олонтоо гардаг.

Бусдыг ойлгоно гэдэг нь өөр хүний шаналлыг өөртөө хамаатуулах чадвар бөгөөд үүнээс үүдэлтэй энэрэнгүй үйлсийг өрөвдөх гэнэ. Есүс Христ үйлчилж, адисалж, эдгээж, цагаатгахдаа бусдыг ойлгох, өрөвдөх сэтгэлийн аль алиныг харуулсан. Христийн шавь нарын хувьд бид бусдыг ойлгож, өрөвдөн нигүүлсэж сурах ёстой. Эдгээр нь шавь хүнийг тодорхойлогч шинж чанарууд юм.

Бусдыг ойлгох чадвар нь хамгийн агуу гайхамшгийг бидэнд өөр хүний шаналал, хэрэгцээ, айдас, уй гашууг ухаарч, дараа нь хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг. Настай эмэгтэйн хувьд хүүхэд, ач зээгээ асарч байсан олон арван жилийн туршлагатай буюу өөрөө үүнтэй төстэй бэрхшээлийг даван туулсан учраас залуу эмэгтэйг тайтгаруулж чадсан байна. Тэр өөрийн туршлагаар дамжуулан, тайвшруулагчийн үүргийг гүйцэтгэх чадвартай болжээ.

Есүс Христ биднийг тайтгаруулахын тулд ямар чадваруудыг эзэмшсэн бэ? Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004): “Есүс бидний уй гашуу, өвчнүүдийг аль хэдийн үүрсэн учраас уй гашуу, өвчнүүд дунд маань биднийг хэрхэн халамжлахаа мэддэг [Алма 7:11–12-ыг үзнэ үү]. Тэр тэднийг шууд мэддэг, тиймээс Тэр бусдыг ойлгох чадварыг өөртөө төлөвшүүлсэн юм”1 гэж заасан.

Зураг
Есүс нифайчууд дээр зочилсон нь

Христ Өгөөмөр нутагт, Саймон Дюүи

Бусдыг ойлгох чадварыг төлөвшүүлж, бусдад туслах

Бусдыг ойлгож, өрөвдөх чадварыг “төлөвшүүлэх”-ийн тулд та ямар бэрхшээлийг туулсан бэ? Та ядуурал, хүчирхийлэл, эсэргүүцэл, өвчин эмгэг, хайхрамжгүй байдал, гэм нүгэл, аливаа төрлийн бэрхшээлийн үр дагаврыг амссан уу? Хэрэв тийм бол та зовлон бэрхшээл дундаас илүү ухаалаг, илүү хүчтэй, илүү мэдрэмжтэй хүн болж гарч ирсэн байх.

Товчхондоо, та бусдыг ойлгох чадварыг өөртөө төлөвшүүлсэн. Та зовж шаналж буй хүмүүсийн амьдралд өөрчлөлт гаргахад бэлэн байгаа. Хаанаас эхлэх вэ? Би хоёр зөвлөгөө өгье.

Нэгдүгээрт: Бусдын зовлон зүдгүүрийг илүү сайн ойлгохыг хичээ. Харамсалтай нь, таны эргэн тойронд зовж шаналж байгаа хүн байгаа ч түүнийг нь анзаарахгүй байж болно. Бид яаж илүү мэдрэмжтэй болох вэ? Бид Есүс Христийн үлгэр жишээнээс суралцаж болно.

Есүс амилсныхаа дараа нифайчууд дээр очсон ба Өөрийн сургаалыг тайлбарлаж, сайн мэдээг заасан. Тэрээр хэсэг азнаад, хүмүүсийг харж, “Та нар сул дорой, иймээс бүх үгсийг минь та нар ойлгож чадахгүйг би ухамсарлаж байна” (3 Нифай 17:2) гэж хэлжээ. Дараа нь Есүс тэднийг гэртээ харьж, амраад, Түүний сургаалыг эргэцүүлж, маргааш нь сэргэг, илүү их зүйлд бэлтгээд буцаж ирэхэд урьсан (3 Нифай 17:3-ыг үзнэ үү).

Энэ түүхийн төгсгөл гэж үү? Яг ч тийм биш. Дараа нь Есүс дагалдагчдынхаа царайг хараад, түүний ойлголт гүнзгийрдэг.

“Мөнхүү улиран тохиох дор Есүс ийн яриад, тэрбээр дахин цугларсан олны зүг хараа бэлчээж, мөн тэд нулимс унагаж буйг, мөн тэд өөрийг нь тэдэнтэй хамт дахин хэсэгхэн зуур ч гэсэн үлдэхийг гуйх мэт түүний зүг тэд ширтэн харж байхыг болгоов.

Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Болгоогтун, та нарт хандсан өрөвдөх сэтгэлээр зүрх сэтгэл минь дүүрэв” (3 Нифай 17:5–6). Тэр тэднийг илүү анхааралтай харснаар тэднийг илүү бүрэн дүүрэн ойлгосон. Энэ нь Түүнийг өрөвч нинжин сэтгэлээр үйлдэхэд хүргэсэн юм.

Унасан хүмүүсээр дүүрсэн мөхөлт ертөнцөд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийн нулимсыг үзэх хүртлээ тэднийг холоос хайх шаардлагагүй. Харин бид эргэн тойрноо харах ёстой. Бид Аврагчийн нэгэн адил хүмүүсийн хэрэгцээг олж харах нүдээр бусдыг харахыг сонгож чадна. Тэгээд нэгэнт харж чадвал бид үйлчилж чадна.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс “Эрхэм найзууд аа, бид Аврагчийн үлгэрлэснээр амьдралынхаа хэв маягт өрөвч сэтгэлийн хандлагыг зориуд нэвтрүүлэхийг хичээх үедээ хүмүүсийн хэрэгцээг илүү их мэдэрдэг болох болно. Ийнхүү мэдрэг байх чадвар маань өсөхийн зэрэгцээ чин үнэн сонирхол ба хайр бидний үйлдэл бүрд нэвчин шингэнэ”2 хэмээн онцолсон.

Хоёрдугаарт: Өөрийн онцгой чаддаг тусламжийг санал болго. Есүс Өгөөмөр нутаг дахь нифайчуудын хэрэгцээг мэдсэнийхээ дараа тэднийг ойртон ирэхэд урьсан. Дараа нь тэр тэдний өвчнийг эдгээж, хүүхдүүдийг нь адисалжээ. Тэр зөвхөн дэлхийн Аврагчийн хийж чадах зүйлсийг л хийсэн.

Та ч, бид ч мөн адил бусдын хэрэгцээг хангахын тулд өөрийн туршлага, ур чадварыг нийцүүлж чадна. Бид хүн бүрийн асуудлыг шийдэж чадахгүй ч эргэн тойрон дахь хүмүүсийнхээ үүрч буй ачааг хөнгөлж чадна. Бид уяман өвчтэй хүнийг эдгээж чадахгүй ч өвчтэй хүнийг тайтгаруулж чадна. Бид хэн нэгнийг ядуурлаас гаргаж чадахгүй байж болох ч санхүүгийн зарчмуудыг хуваалцаж, хоолноосоо өгч, мацгийн өргөлөө илүү өгөөмрөөр өргөж чадна. Бид нүглийг уучилж чадахгүй байж болох ч биднийг гомдоосон хүмүүсийг уучилж чадна.

Бусдыг ойлгох чадвараа үйлдэл болгох

Жижиг онгоцонд ядарсан ээж, ууртай бяцхан хүүтэйгээ явж байвал та яах вэ? Бусдыг ойлгох чадвар ба өрөвч сэтгэлийг илэрхийлэх боломж.

Онгоц газардахад уг залуу ээж нэг гартаа гар цүнхээ барьж, нөгөө гартаа бяцхан хүүгээ хөтөлсөн байв. Тэр өөр нислэгт дамжин суух ёстой ч хоцрох гэж байгаа нь тодорхой болов. Ачаагаа ачааны зам дээр гарч ирэх үед сандарч байхыг нь би харлаа. Би хүүхдийн тэрэг, машины суудал, чемодан, гар тээш, живхний цүнх гэсэн эд зүйлс байгааг нь ажиглаж мэдэв. Түүнд тусламж хэрэгтэй байлаа. Бусдыг ойлгох чадвар маань өрөвч нинжин үйлдлээр илрэн гарах ёстой байв.

Би зогсоод, өөрийгөө танилцуулахын оронд түүний эд зүйл рүү гараа сунган, “Би эдгээрийг авъя. Та хүүгээ ав. Нисэх гарц руугаа гүйгээрэй. Би таныг дагая” гэж хэлэв. Тэр саналыг минь талархан хүлээж авсан ба бид нисэх онгоцны буудал дотор гүйцгээлээ. Биднийг гарц руу ойртох үед өөр нэгэн эмэгтэй онгоцны үйлчлэгчээс хөөрөхөө хэдхэн хором хойшлуулахыг гуйж байхыг харав. Бид амьсгаадан гүйсээр цагтаа амжиж очсон. Онгоцонд суухын өмнө залуухан ээж болон тэр эмэгтэй баяр, тайвшралын нулимстайгаар бие биеэ тэврэв.

Энэхүү үйлчлэлийн жижиг үйлдэл дэлхийг өөрчлөөгүй ч, тусламж хэрэгтэй байсан Бурханы хүүхдийн амьдралыг утга учиртайгаар адисалсан билээ. Энэ нь миний шинэ найзад өөрийн биеэр хүрэх газартаа очиход тусалсан шиг, надад сүнслэг зорьсон газартаа ойртоход тусалсан юм. Бусдыг ойлгох чадвар болон өрөвч сэтгэлийг сонгосон нь намайг Есүс Христтэй илүү адилхан болоход тусалсан. Мөн энэ нь намайг аз жаргалтай болгосон.

Ажил, сургууль, Сүм эсвэл онгоцонд, хаа ч байсан бай бид ойлгох сэтгэлтэй Аврагчийн төлөөлөгчид байж чадна. Өнөөдөр Аврагч таныг хэнд өрөвч сэтгэлээр хандаасай гэж хүсэх байсан бэ?