2023
Тэвчээрээр тохинуулах
2023 оны 9-р сар


“Тэвчээрээр тохинуулах,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Тохинууллын зарчим

Тэвчээрээр тохинуулах

Бид амьдралдаа болон бусдад үйлчлэхдээ илүү тэвчээртэй байх чадварыг хөгжүүлж чадна.

Зураг
Хамтдаа алхаж буй гурван эмэгтэй

2 Коринт 12:7–8-д Паул “махбод дахь өргөс”-өөсөө ангижрахын тулд гурван удаа залбирсан тухайгаа өгүүлдэг. Түүний залбирал хариулагдаагүй бөгөөд өвчин нь арилсангүй. Харин үүний оронд Их Эзэн түүнд “Миний нигүүлсэл чамд хангалттай” гэж хэлжээ. Паул “Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана” (9-р шүлэг) хэмээн хариулж, тэвчээр, итгэлээ харуулсан.

Их Эзэн мөн Моронайд “мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно” гээд Есүс Христийн ач ивээлээр бид суралцаж, хүч чадалтай болж чадна гэж заажээ. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27).

Тэвчээрээр тохинуулах

Паулын нэгэн адил бидний ихэнх нь амьдралдаа олон удаа, заримдаа гурваас дээш удаа тусламж гуйн залбирсан байдаг. Заримдаа энэ нь тухайн адислал өгөгдөх тохиромжтой цаг үе байдаг бол бусад үед бид Паулын адил сургагдаж, хүчирхэгждэг. Ийм үеүдэд бид тэвчээртэй байж, Их Эзэний цаг хугацааг хүлээхэд суралцаж чадна.

Бид тохинуулахдаа Христтэй адил тэвчээртэй байх ёстой. Бид янз бүрийн сорилт бэрхшээлтэй, сайн мэдээний ойлголтын түвшинтэй хүмүүст тохинуулж болох ба хүлээж авахгүй байх магадлалтай хүмүүст тохинуулахад тэвчээр, хайр хэрэгтэй.

Зураг
Толгойгоо өргөсөн эмэгтэй

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Тэвчээрийг хөгжүүлэх

Бид Аврагчийг таньснаар Тэр бидний оронд хэрхэн тохинуулах байсныг илүү сайн мэдэж авна. Бид Христийнхтэй адил тэвчих зан чанарыг хэрхэн хөгжүүлж болох вэ?

  • Мөнх бус амьдрал бидний тэвчээрийг сорьдог нөхцөл байдлуудаар дүүрэн бөгөөд заримдаа уурлаж бухимдах нь хэвийн үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөр. Их Эзэнд итгэх итгэл болон дадлагаар дамжуулан бид стресстэй нөхцөл байдалд үзүүлэх хариу үйлдлээ дээрдүүлж чадна гэдгийг сана. Илүү тэвчээртэй байх хүчин чармайлтдаа тууштай бай!

  • Тэвчээртэй байхаар зүдрэх үедээ Бурханаас тусламж хүс. Гүнзгий амьсгалж, залбирах нь тайвшрал, амар амгаланг авчрахад тусална.

  • Амар амгалан байдлыг авчирдаг, сүнсийг өргөдөг дуу хөгжим сонсох нь тэвчээргүйн мэдрэмжийг даван туулахад тусална.

  • Таны амьдралд зориулсан Их Эзэний цаг хугацааг хүлээн зөвшөөр. Бидний хүсэл, эрмэлзэл Түүний цагийн хуваарьт нийцэх ёстой.

  • Тэвчээртэй байх нь сэтгэлгээ юм. Хэт улайрсан эсвэл байнга яарсан байдал бидний амьдралыг сайжруулах нь ховор гэдгийг сана.

Тэвчээртэй үйлчлэх санаанууд

Заримдаа бид бусдад сорилт бэрхшээлээ тэвчээртэйгээр даван туулахад нь туслахын тулд тохинуулах үүрэг хүлээдэг. Таны тусалж болох зарим арга замыг дурдъя. Үүнд:

  • Тухайн хүн эсвэл гэр бүлд ямар ч бэрхшээл тулгарсан бай, ямар нэг шалтгаанаар тэд өөрсдийгөө хайрлагдах эрхгүй гэж үзсэн ч тэднийг хайрлаж, анхаардгаа харуул.

  • Хэчнээн хэцүү байсан ч гэсэн тэвчээртэй байж сурахад хүргэсэн туршлагаа тэдэнтэй хуваалц. Тэд тэвчээргүй загнаж эсвэл уурлаж бухимдсан бол тэдэнд ганцаараа биш гэдгээ мэдрэхэд нь тусал.

  • Хэцүү сорилтууд дунд тэднийг тэвчээртэй байхын төлөө залбир. Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг нь сонсоно, улмаар тэд хүчийг мэдрэх болно гэдгийг хэл.

  • Тэдэнд ярилцах хүн хэрэгтэй үед сонсогч бай. Ойлгодог найзтай байх нь хүнд сорилт, нөхцөл байдлыг даван туулах хамгийн сайн арга замуудын нэг юм.