2013
Гайхамшгуудын Бурхан: Словакийн Гэгээнтнүүд Шеффилдэд
Морь 2013


Гайхамшгуудын Бурхан Словакийн Гэгээнтнүүд Шеффилдэд

Зураг
Ахлагч Эрик В.Копишкэ

Английн Шеффилд дэх санваартны удирдагчид, тойргийн зөвлөл болон гишүүд бодит өсөлтийг нэмэгдүүлэхэд хүч чармайлтаа нэгтгэснээр гайхамшигтай байдлаар адислагдсан ажээ.

Бошиглогч Мормон итгэгчдийн цугларалт дээр хийсэн нэгэн онцгой хүч нөлөөтэй номлолын үеэр: “Гайхамшгууд байхаа больсон гэж үү?” гэсэн энгийн асуултыг асуугаад тэр дороо: “Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй” (Moронай 7:29) хэмээн хариулсан байдаг.

Мормон тэгээд эцсийн өдрүүдэд тохиох авралын агуу ажил нь Ариун Сүнс, тэнгэр элчүүдийн ажил, бидний итгэл ба залбирал түүнчлэн Их Эзэний гайхамшгуудын харилцан хамаарал, хамтын үйл ажиллагаан дээр төвлөрөх болно гэдгийг тайлбарлажээ (Moронай 7:33–37, 48-ыг үзнэ үү).

Бурхан өнөөдөр, өчигдөр мөн үүрд адил байх болно гэдгийг бошиглогчид бүх судруудад бидэнд сануулсан байдаг (3 Нифай 24:6; С ба Г 20:12). Бид “Эцэг, Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээн … бүх дэлхий уруу явах” (С ба Г 68:8) зарлигийг биелүүлэхийг хичээхдээ дараах зарчмуудыг судалж, санах нь чухал юм:

  • Бурхан өөрчлөгддөггүй.

  • Бурхан бол гайхамшгуудын Бурхан.

  • Бурханы хамгийн агуу гайхамшиг бол хүүхдүүддээ мөнхийн авралыг тохиолгон авчрах явдал юм.

  • Бурхан бидний итгэлийн дагуу гайхамшгуудыг үйлддэг бөгөөд бид энэхүү итгэлээ ажил үйлсээрээ харуулдаг билээ.

  • Ариун Сүнс хөрвөлтөд гол үүргийг гүйцэтгэдэг.

Золиослол хийх хүсэлтэй байх нь

Европын бүсэд үйлчилж байхдаа эдгээр зарчмууд Английн Шеффилдэд үйлдлээр хэрхэн гайхамшиг болон илрэхийг харах аз завшаан надад тохиосон билээ. Шеффилдийн Нэгдүгээр тойргийн бишоп Марк Дандон тойрогтоо өсч хөгжихөд нь туслахын тулд юу хийж болох тухайгаа 2008 оны сүүлчээр ул суурьтай эргэцүүлэн бодсон ажээ. Гадасны ерөнхийлөгч нь удирдлагын сургалтын хурал дээр “Та бүхэн номлолын ажилдаа амжилт олохын тулд юуг золиослоход бэлэн байна вэ?” гэж асуусан гэнэ. Тойргийн номлолын удирдагч гол үүрэг гүйцэтгэдэг, байнгын үйл ажиллагаатай тойргийн зөвлөл онцгой чухал, Сүнсний өдөөлтийг сонсох хүсэлтэй байх нь шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг бишоп Дандон удирдагчдынхаа заавар зөвлөгөөнөөс мэддэг байв.

Бишоп Дандон ул суурьтай тунгаан бодож, залбирсны дараа санваарын түлхүүрүүдийг ашиглаж, Сүнсний өдөөлтүүдийг даган өөрийн хоёр зөвлөх Грегори Нэттлшип, Робэрт Макювэн хоёрыг чөлөөлж, Нэттлшип ахыг тойргийн номлолын шинэ удирдагчаар, Макювэн ахыг тойргийн номлолын удирдагчийн туслахаар дуудав. Бишопын зөвлөлийн гишүүд хоорондоо их ойр дотно байсан учир энэхүү өөрчлөлт нь тэдний хувьд амаргүй байлаа. Бишоп чухам энэ л нөхцөлд тэрхүү шийдвэр нь зөв гэдгийг мэдэж байсан бөгөөд зөвлөхүүд нь дуудлагаа дуулгавартай хүлээн авсан юм.

Бишоп тойргийн номлолын шинэ удирдагчид болон тойргийн зөвлөлтэйгөө хамт залбирч, тойргийн өсөлтийн зорилго дэвшүүлэн, төлөвлөгөө гаргасны үр дүнд тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцад үлэмж амжилт олсон ажээ. Хөрвөгчдийн баптисм нэлээд нэмэгдэж, олон хүмүүс Сүмд эргэж ирэн идэвхтэй болсон гэнэ. Гэвч тойргийн удирдлага өөрсдийнх нь итгэл, ажил үйлс тэдний огт бодоогүй арга замуудаар шагнагдах юм гэдгийг тэр үед мэдээгүй ажээ.

Хайраар нөлөөлөгдөн

2011 оны гуравдугаар сард нэг залуу номлогч хамтрагчтайгаа Шеффилдийн гудамжаар явж байсан хүмүүстэй ярилцаж байлаа. Хажуугаар нь эхнэртэйгээ хамт өнгөрч явсан нэг эрэгтэйг хараад, тэдэнтэй ярилцах хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж Ахлагч Пасст төржээ. Ахлагч Пасс хамтрагчтайгаа уг хоёр хүн рүү хүрч очив. Энэ хос словакчууд байсан бөгөөд англиар ярьдаггүй учир тэдэнтэй хэл нэвтрэлцэх нь хэцүү байсан ч хажуугаар нь явж байсан нэг хүн хэлмэрчилж тусалсан гэнэ. Номлогчид тэдэнтэй гудамжинд ярилцах үеэрээ Анхны Үзэгдлийн зургийг ашиглаж, Сэргээлтийн захиасыг товчхон танилцуулжээ. Гэр бүлийн хос тэдэнд заахаар цаг товлоход зөвшөөрсөн гэнэ.

Тэр гэр бүлийн эцэг Людовит Кандрак Мормоны Номыг уншиж эхэлжээ. Тэр удалгүй тамхи татахаа больсон аж. Номлогчид тэдэнд заах явцдаа олон хэлмэрчийн тусламж авах шаардлагатай болсноос гадна өөрсдөө словакаар бага сага ярьдаг болсон гэнэ. 2011 оны тавдугаар сарын 14-нд тэдний охидын нэг Людовит бас садан төрлийн өөр хоёр хүн баптисм хүртжээ.

Кандрак ах өөрийнхөө баптисм дээр гэрчлэлээ хуваалцжээ. Тэр номлогчидтой хэрхэн уулзсан тухайгаа хэлмэрчээр дамжуулан ярьсан гэнэ. Тэр Шеффилд хотын төвд Ахлагч Пасс түүний хамтрагч хоёрын дэргэдүүр өнгөрөх үед түүнд нэг л сайхан дулаан мэдрэмж төрөхөд тэрээр уг мэдрэмжийг хайхралгүй цааш хэд алхсанаа номлогчдыг эргэн харжээ. Хүмүүстэй ярилцах үедээ тэдний харуулсан хайранд түүний сэтгэл их хөдөлсөн ажээ. Кандрак ах номлогчид руу очихсон гэж бодсон ч цаашаа алхав. Тэгтэл нэг минутын дараа номлогчид түүн рүү хүрч ирэхэд тэр цочсон гэнэ.

Сүмд жилийн өмнө нэгдсэн өөр нэг Словак гэр бүлийн хамт эдний баптисм Английн Шеффилд дэх словакчуудын дунд өнөө үеийн хөрвөлтийн гайхамшгийн эх суурийг тавьсан ажээ. Эдгээр шинэ гишүүд долоо хоног бүр сүмд ирэхдээ гэр бүлийн бусад гишүүд, найз нараа дагуулж ирдэг гэнэ. Тэд гэр орноо номлогчдод нээлттэй байлгаж, хөршүүдээ сайн мэдээг сонсохыг урьдаг ажээ.

Ахлагч Пасс болон түүний шинэ хамтрагч Ахлагч Иосеф Маккэй эдгээр гэр бүлүүдэд байнга айлчлан ирдэг байлаа. Тэд эдгээр гэр бүлүүдэд зааж, үйлчлэн, тэднийг тайтгаруулж, адисалдаг байв. Энэ бол заах, суралцах болон сонирхогчид, хөрвөгчид, номлогчид ба гадас, тойргийн удирдагчид, түүнчлэн гишүүдийн хувьд Сүнсний бэлэг хүлээн авах гайхамшигтай цаг мөч байсан юм.

“Тэдэнтэй хамт байж, тэднийг бэхжүүл”

2011 оны зун намрын турш өөр олон словакчууд Сүмд нэгджээ. Гишүүдийн тоо өссөн нь гишүүдийг цуглааны байранд ирэх, тэндээс буцах унаагаар хангахад бэрхшээл учруулсан гэнэ. Словакийн итгэлтэй Гэгээнтнүүд хэлийг нь ойлгодоггүй ням гарагийн цуглаануудад оролцохын тулд нэг талдаа найман км замыг хэдэн долоо хоногийн турш явган явахаас өөр аргагүй байжээ.

2011 оны есдүгээр сард Шеффилд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл зохион байгуулагдахад бишоп Дандон гадасны шинэ ерөнхийлөгчөөр дуудагдсан ажээ. Сарын дараа Англи, Словакийн Гэгээнтнүүдэд зориулсан галын дэргэдэх ярилцлага болсон бөгөөд тэнд хэлмэрчид орчуулга хийсэн ажээ.

Ерөнхийлөгч Дандон индэр дээр сууж байхдаа словакчуудын амьдардаг газарт цуглааны тусдаа байранд цуглаж байх Словакийн бүлгийг Шеффилдийн нэгдүгээр тойргийн бүрэлдэхүүнд зохион байгуулах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрчээ. Удалгүй тохирох цуглааны байрыг олж, өрөөнүүд түрээсэлсэн гэнэ. 2011 оны арванхоёрдугаар сарын 11-нд цуглааны шинэ байранд анхны цуглаан болов. Шеффилдийн Нэгдүгээр тойргийн удирдагчид 50 хүн ирэх байх хэмээн өөдрөгөөр төсөөлөн бодож байтал 84 хүн, түүний дотор 63 словакчууд ирсэн ажээ.

Шеффилд гадсыг өөрчлөн зохион байгуулсны дараа Робэрт Макювэн Шеффилдийн Нэгдүгээр гадасны бишопоор дуудагджээ. Нэттлшип ах номлолын удирдагчаар үргэлжлүүлэн үйлчилсэн байна. Тойргийн номлолын удирдагч, тойргийн зөвлөл аль аль нь бишопын удирдлагаар Словакийн Гэгээнтнүүдтэй “хамт байж, тэднийг бэхжүүлэхэд” (С ба Г 20:53) хөтөлсөн гайхамшигтай ажил хийжээ.

Тойргийн зөвлөл шинэ гишүүдийн хэрэгцээг хэрхэн хангах, тойргийн үйл ажиллагаануудад бүрэн оролцоход нь тэдэнд хэрхэн туслах болон хэлний бэрхшээлийг хэрхэн даван туулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг байлаа. Тэд шинэ гишүүдийн гэрээр айлчилж, бүрэн цагийн номлогчдын заадаг хичээлүүдэд оролцсоноос гадна тэднийг унаагаар хангадаг байв. Тэд бас Сүмийн материалуудыг словак хэл дээр захиалжээ. Тэд бас шинээр баптисм хүртсэн гишүүдийг нас барагсдын өмнөөс баптисм хийлгэхээр ариун сүм рүү авч явсан ажээ.

Тойргийн удирдагчид мөн Христийн Мэндэлсний Баяраар үйлчлэлийн төсөл зохион байгуулсан байна. Тойргийн гишүүд мөнгө хандивлаж, тоглоом, хувцас, бусад бэлгүүдийг цуглуулжээ. Христийн Мэндэлсний Баярын зоог бэлтгэхэд зориулж, баярын бэлэгтэй том цүнхнүүдийг Христийн Мэндэлсний Баярын өмнөх орой Словакийн Гэгээнтнүүд болон тойргийн хил доторх бусад гэр бүлүүдэд хүргүүлжээ.

Сүмд олон жил болсон гишүүд болон шинэ гишүүд бие биенийхээ хэлийг бараг ойлгодоггүй ч жинхэнэ элэгсэг халуун хайрыг мэдэрдэг байлаа. Баяр баясгалан, аз жаргал, сэтгэл санааны энэхүү гайхамшигтай мэдрэмж гишүүд болон сонирхогчдод гүнзгий нөлөө үзүүлсэн ажээ.

Дараа жилийнх нь эцсээр энэхүү жижигхэн бүлэг гэр бүлээрээ бүгд баптисм хүртэж, Сүмд нэгдсэн гэр бүлүүдтэй Сүмийн хүчирхэг нэгж болон хөгжжээ. Эцгүүд нь Аароны болон Мелкизедек санваарт, хөвгүүд нь Аароны санваарт томилогдож, 20 гаруй хүүхэдтэй Хүүхдийн хэсэг бий болж, долоо хоног бүр 25-аас дээш залуучууд оролцдог Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрүүд зохион байгуулагдсан ажээ. Их Эзэн энэ бүлгийн хэлээр ярьдаг бөгөөд уг бүлгийг дэмжин тэдэнд туслах бүрэн цагийн номлогчийг Бүгд Найрамдах Чех Улсаас ирүүлжээ. Мөн тэдгээр гэр бүлүүд сүмд нэгдэж болох хүмүүсийн нэрсийг эх орондоо илгээсэн байна.

Гайхамшгуудын Бурхан

Юуны учир ийм гайхамшиг тохиов? Учир нь Бурхан гайхамшгуудын Бурхан байхаа зогсоогүйнх юм. Учир нь итгэлтэй номлогчид сайн мэдээг хүлээн авахаар бэлтгэгдсэн хүмүүсийг хичээнгүйлэн эрж хайсных, гадасны ерөнхийлөгч болон бишопууд Ариун Сүнсний удирдамжийг даган итгэлээр үйлдсэнийх, тойргийн зөвлөл үүрэг хариуцлагыг гартаа авч, эв нэгдэлтэй ажилласных, гишүүд бусад хүмүүстэй хайрын үндсэн дээр харилцаж, удирдагчдынхаа урилгын дагуу үйлдэж сурсных юм. Энэ нь бас тэд “Би бол гайхамшгуудын Бурхан, мөн энэ дэлхийд би өчигдөр, өнөөдөр мөн үүрд адил гэдгийг би үзүүлэх болно” (2 Нифай 27:23) хэмээн хэлсэн Бурханы үгсэд итгэл найдвартай байсных юм.

Шеффилд дэх амжилт нь нэг удаагийн үйл явдал биш юм. Энэ нь бошиглогчдоор дамжуулан бидэнд өгсөн амлалтуудыг сануулдаг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсийг Христэд ирэхийг урьснаар Бурханы мутарт зэмсэг нь байх бидний итгэл, хүсэл эрмэлзлийг хүчирхэгжүүлэх болно. Хэрэв бид ингэвэл бусдад заах, тэднийг идэвхжүүлж, урамшуулан дэмжих боломжуудаар Их Эзэн биднийг адисалж болох байр сууринд өөрсдийгөө авчрах болно. Мөн Тэрбээр гайхамшгуудын Бурхан хэвээр байгааг батлах нотолгоонуудыг бид харах болно.