2013
Итгэл үнэмшил ба өрөвч сэтгэл
Морь 2013


Итгэл үнэмшил ба өрөвч сэтгэл

2012 оны 9-р сарын 12-нд Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалтан дээр хэлсэн үгнээс хялбаршуулан авав. “Израил, Израил, Бурхан дуудаж байна” гэсэн нэртэй үгийн англи хэлээрх бүрэн эхийг cesdevotionals.lds.org-аас үзнэ үү.

Зураг
Ахлагч Жеффри Р.Холланд

Хүмүүс болон нөхцөл байдлуудад бид хэрхэн хариулдаг маань бидний шашны сүсэг бишрэлийн болон сайн мэдээний амлалтанд итгэл төгс байдгийн бүхэл цар хүрээний тусгал болох ёстой.

Би нэлээд дээр ганц бие залуучуудын нэг гадасны онцгой цугларалт дээр үг хэлэхээр уригдсан юм. Намайг гадасны төвийн ар талын хаалгаар орох үед 30 гаруй насны нэг эмэгтэй барилга руу орлоо. Цуглааны байр руу олон хүмүүс шахцалдан орж байсан ч тэр эмэгтэйг ажиглахгүй өнгөрөх аргагүй байлаа. Тэр эмэгтэй биен дээрээ хоёр шивээстэй, чихний болон хамрын ээмэгтэй, байж болох бүх өнгө холилдсон ч, ихэнхдээ цагаан эрдэнэ шиш шиг арзгар үстэй, дэндүү богино банзал, хэтэрхий богино цамц өмссөн байв.

Энэ эмэгтэй итгэлийнхээ төлөө тэмцэж яваа өөр сүмийн нэгэн үү, эсвэл Их Эзэний удирдамжаар хэн нэг нь түүнийг илүү сайн замд оруулахын тулд, эсвэл амьдралд нь хэрэгтэй байгаа амар амгаланг болон сайн мэдээний удирдамжийг олж авахад нь түүнд туслахын тулд энэхүү онцгой цугларалтад авчирсан юм болов уу? Эсвэл гишүүддээ байх ёстой итгэл найдвар, жишгүүдийг урамшуулан дэмждэг Сүмээс хэсэг хугацаанд хөндийрсөн ч, бүрмөсөн идэвхгүй болчихоогүй, тэр оройн үйл ажиллагаанд оролцох хүсэлдээ хөтлөгдөн ирсэн гишүүн юм болов уу?

Хүн тэр залуу эмэгтэйд ямар ч байдлаар хандаж болох ч гэсэн харин бид түүнд өөрсдийн итгэл бишрэл хийгээд сайн мэдээнд итгэх үнэнч итгэлдээ нийцүүлэн, боломжтой бүх хэлбэр, боломжтой бүхий л үйлдлээр түүнтэй хэлхээ холбоотой байх нь мөнхийн дүрэм юм. Тиймээс, ямар ч нөхцөлд бидний хариу үйлдэл байдлыг дордуулах биш, харин дээрдүүлдэг байх ёстой. Бид түүнийг одоо байгаагаас нь илүү ихээр гомдоох буруу арга замаар түүнд хандах буюу тийм байдлаар хариу үйлдэл үзүүлж болохгүй. Энэ нь бид өөрийн санаа бодолгүй, өөрийн жишгүүдгүй байна гэсэн үг биш, бас “юуг хийх ёстой,” “юуг хийхгүй байх ёстойг” бидэнд зарлиг болгосон Бурханы тушаалуудыг хайхрахгүй байна гэсэн үг биш, харин бид өөрсдийн жишгүүдээр амьдарч, “юуг хийх ёстой,” “юуг хийхгүй байх ёстойг” заасан зарлигуудыг болон Аврагчийн амьдарч, хамгаалж байсан арга замыг зөв шударга байдлаар, чадлынхаа дээд хэмжээгээр сахиж, хамгаалах ёстой гэсэн үг юм. Тэрбээр нөхцөл байдлыг дээрдүүлэх юмсыг үнэнийг заахаас эхлэн нүгэлтнүүдийг уучлах, Ариун сүмийг цэвэршүүлэх гээд хийх ёстой зүйлийг л үргэлж хийдэг байсан. Ийм зүйлсийг хэрхэн зөв арга замаар хийхийг мэднэ гэдэг агуу бэлэг!

Иймээс, ер бусаар хувцаслаж, үсээ ер бусаар зассан бидний шинэ танил сайхь эмэгтэйн хувьд тэр бол Бурханы мөнхийн үнэ цэнэтэй охин гэдгийг санахаас эхлэх нь туйлын чухал. Бид түүнийг дэлхий дээрх хэн нэгний охин мөн түүнчлэн өөр нөхцөлд бол миний охин ч байж болно гэдгийг санахаас эхлэх учиртай. Тэр эмэгтэй Сүмийн үйл ажиллагаанаас зайлсхийсэнгүй, харин түүнд хүрч ирсэнд нь талархахаас бид эхлэх хэрэгтэй. Товчоор өгүүлбэл, бид энэ нөхцөлд өөрсдийнхөө хийж чадах хамгийн сайн зүйлийг түүнд хамгийн сайнаараа байхад нь туслах хүслээр хийхийг хичээх ёстой. Энэ нөхцөлд бидний хийх ёстой зөв зүйл юу вэ? Бидний хэлэх ёстой зөв үг юу вэ? гэдгийг мэдэхийн тулд бид чимээгүй залбирах хэрэгтэй. Чухам юу түүний байдлыг болон түүнийг өөрийг нь илүү сайн болгоход хамгийн чухал вэ? Эдгээр асуултуудыг асууж, энэ тохиолдолд Аврагчийн хийх байсан зүйлийг хийхийг хичээх нь, “Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү” (Иохан 7:24) гэсэн Түүний үгсэд нийцнэ гэж би боддог.

Би үүнийг хэлснээрээ, ямар нэг байдлаар зарлигуудыг сахихаа больсон хэн нэгнийг сүмд буцаж ирэхэд нь туслахын хамт замаасаа гажаагүй Христийн шавь нарын төлөө бас Хоньчны хүслийн дагуу бид агуу үүрэг хариуцлага хүлээх ёстойг та бүгдэд сануулж байна. Хонины хороо байдаг бөгөөд бид бүгд энэ хороон дотроо байх ёстой бөгөөд энд байгаа үед бидэнд аюулгүй байдал хийгээд адислалууд ирдгийг хэлэх нь илүүц юм. Залуу ах, эгч нар минь, энэ Сүм нийгмийн санаа бодолд тохируулах буюу улс төрийн хувьд хүлээн зөвшөөрч болохуйц бусад аливаа шалтгаанаар бодлогоо дагахад хялбар болгон хэзээ ч өөрчлөхгүй. Энэ бол зовлон зүдгүүрт өртсөн буюу нийгмээр шоовдорлогдсон хүнийг дэмжиж өргөх суурийг бидэнд өгдөг бат найдвартай илчлэгдсэн үнэн юм. Бидний өрөвч нинжин сэтгэл ба хайр бол Христэд итгэгч бидний зан төлвийн үндсэн шинж, бидэнд тавигддаг шаардлага бөгөөд үүнийг зарлигуудад найр тавин бууж өгч байгаа явдал гэж тайлбарлах ёсгүй. Алдарт Жорж МакДональд ийм нөхцөл байдалд нэг удаа, “бид бүгдээрээ [итгэдэг] хэмээн хэлэх үүрэггүй, гэхдээ бид [итгэдэггүй] [юм шиг] харагдах ёсгүй” хэмээн хэлжээ.1

Бид хэзээ шүүх ёстой вэ

Энэ талаар, бид ямар ч зүйлийг шүүх ёсгүй, бид ямар ч тохиололд үнэ цэнэтэй шүүмжлэл хэлэх ёсгүй гэсэн буруу ойлголт ялангуяа залуу хүмүүсийн дунд байдаг. Бид үүгээр бие биедээ туслах хэрэгтэй. Учир нь Аврагч үүнийг тодорхой болгосноор бид зарим тохиолдолд шүүх ёстой, “Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая” (Maтай 7:6) хэмээн Түүний хэлсэнчлэн бид шүүх үүрэгтэй юм. Энэ нь надад шүүж байгаа мэт сонсогдож байна. Үүний хүлээн зөвшөөрч болшгүй хувилбар нь бууж өгдөг, дадал заншил нь өөрчлөгдөн хувирдаг, жишгүүдийг зөрчих нь хэрээс хэтэрсэн дэлхий эдүгээ мөнхийн үнэн, онцгой ариун зүйл гэж юу ч байхгүй, тиймээс, эдгээр асуудлууд бусад ямар ч асуудлуудаас чухал биш хэмээн тунхаглаж байна. Харин Есүс Христийн сайн мэдээнд энэ нь үнэн биш юм.

Бид энэхүү үйл явцыг үнэлэн дүгнэхдээ бусдыг зэмлэх зорилго тавьсангүй, харин бид өөрсдийн шүүлтэн дээр үндэслэн, тэгэхдээ бидний шүүлтүүд зөв гэдэгт итгэн өдөр тутмын шийдвэрүүдийг гаргадаг байхыг бид уриалж байна. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс ийм маягийн шийдвэрүүдийг “түр хугацааны шийдвэр” хэмээн нэрлэсэн юм. Бид ийм шийдвэрүүдийг өөрсдийнхөө болон өрөөл бусдын аюулгүй байдлын төлөө олонтоо гаргадаг бөгөөд үүнийг тэрээр зөвхөн бүхнийг мэддэг Бурханы гаргадаг “эцсийн шийдвэрийн” эсрэг тал хэмээн нэрлэсэн юм.2 (Дээр эш татсан сударт Аврагч эдгээрийг “зөв шүүлт” бөгөөд энэ нь их өөр зүйл, энэ бол өөрийгөө зөвтгөх шүүлт биш хэмээн хэлсэн билээ.)

Жишээ нь, бага насны хүүхдээ их хөдөлгөөнтэй гудамж руу гарч гүйхийг хориглодог эцэг эхийг хэн ч буруутгахгүй. Тэгвэл арай ахмад насанд нь хүүхдүүдээ орой хэдэн цагт гэртээ ирэх ёстойг нь эсвэл хэдэн насандаа болзоонд явах ёстойг нь анхаарч, мансууруулах бодис, порнограф болон бэлгийн харилцааны нүглээс хүүхдүүдээ хол байлгахад санаа тавьдаг эцэг эхийг яагаад буруутгадаг юм бол? Үгүй ээ, бид шийдвэр гаргахдаа эрхэмлэдэг зүйлсийнхээ талаар байр сууриа илэрхийлэн, үүнийгээ нотолдог, товчхон дүгнэж хэлбэл, бүх цаг үед, “түр хугацааны шүүлт” хийдэг, эсвээс адаглаж л бид ийм байх ёстой.

“Тэдэнд өөрсдийнх нь сонгох эрх байхгүй гэж үү?”

Залуу хүмүүс бүх тохиолдолд байдаг байр суурь буюу Сүмийн баримталдаг бодлогын талаар, “Тийм ээ, бид биеэ хэрхэн авч явахыг мэднэ, гэвч бид өөрсдийн жишгүүдийг бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлж, тэд эдгээр жишгүүдийг дагах ёстой гэж бид яагаад үзэх ёстой юм бэ? Тэдэнд өөрсдийн сонгох эрх байхгүй гэж үү? Бид өөрсдийн итгэл үнэмшлийг бусдад албадан тулгадаг, тэд ч бас бидний үйлддэгтэй адил арга замаар үйлдэх ёстой гэж шаарддаг, өөрсдийгөө дөвийлгөн, бусдыг өөчилдөг юм биш үү?” хэмээн гайхан асууж болно. Та эдгээр нөхцөлүүдэд зарим зарчмуудыг яагаад хамгаалдаг, заримыг нь яагаад хаана ч тохиолдсон эсэргүүцдэгийг тайлбарлах шаардлага гарна, учир нь энд хамаатай асуудлууд болон хуулиуд нь зөвхөн нийгэм, улс төрийн шинжтэй төдийгүй бас үүрд мөнхийн үр дагавруудтай юм. Бид өөрсдөөсөө өөр итгэлтэй хүмүүсийг гомдоохыг хүсдэггүйн сацуу Бурханыг гомдоохгүй байхад бүр илүү анхаардаг билээ.

Энэ нь өсвөр насны хүүхэд дараах үгсийг хэлэхтэй адил юм, “Би машин барьж чадна. Би улаан гэрэл дээр зогсох ёстойгоо мэднэ. Харин бид бусад хүн бүр улаан гэрэл дээр зогсох ёстой гэж шаарддаг бил үү? Эсвэл тэднийг улаан гэрэл дээр зогсоохыг хичээдэг бил үү?” Тэгвэл яагаад гэдгийг та тайлбарлах хэрэгтэй. Тийм ээ, бид бүх хүмүүс улаан гэрэл дээр зогсох ёстой гэдэгт найддаг. Харин зөрчил гаргасан, гэм нүгэл үйлдсэн болон бидний итгэлээс өөрөөр итгэдэг хүмүүсийг та нар шүүмжлэлгүйгээр эсвэл дорд үзэлгүйгээр үүнийг хийх ёстой. Тийм ээ, тэд өөрсдийн ёс суртахууныг сонгох эрхтэй. Гэвч зарим хүмүүс дуулгаваргүй байхаар сонгох аюул хаа сайгүй байх болно гэдэгт хэзээ ч эргэлзэх ёсгүй.

Залуу ах, эгч нар минь ээ, энэ дэлхийд олон өөр итгэл бишрэл бий, бүх хүмүүс ёс суртахууны сонгох эрхтэй ч, Бурхан эдгээр асуудлуудаар бидэнтэй харилцдаггүй гэж үзэх, олон түмний санаа бодолд нийцүүлэх нь зарлигуудаас илүү чухал хэмээн үйлдэх эрх хэнд ч байхгүй.

Бид энэхүү нарийн замаар алхдагаа, Бурханы тунхагласан болон бидэнд өгсөн хуулиудад ёс суртахууны хэм хэмжээгээ нийцүүлдгээ харуулахаас илүү чухал чадвар, илүү агуу зарчимч байдлыг би мэдэхгүй. Гэвч үүнийг өрөвч нинжин сэтгэл, ойлголт хийгээд агуу хайр энэрлээр хийх хэрэгтэй. Гэм нүгэл ба гэм нүгэлтний хоорондох ялгааг төгс ялган салгаж хийхэд хэцүү зүйлийн талаар ярилц! Би хийхэд хэцүү тэр ч бүү хэл заримдаа тайлбарлахад хэцүү зарим зүйлийг мэднэ. Гэвч бид чухам тэр зүйлийг л хайраар хийхийг хичээх ёстой.

Эшлэл

  1. Жорж МакДональд, The Unspoken Sermons (2011), 264.

  2. Даллин Х.Өүкс, “‘Judge Not’ and Judging,” Ensign, 1999 оны 8-р сар, 6–13.