2013
Агуу итгэлийн туршлага
Морь 2013


Агуу итгэлийн туршлага

Эцэг эх хоёр нь салахад Клайр (нэрийг өөрчлөв) зургаан настай байжээ. Тэр түүнээс хойш олон гэр бүл салж, гишүүд нь донтох, Сүмд идэвхгүй болох, санаа сэтгэлээр унах явдалтай тэмцэлдэх болсныг гэрчилжээ. Клайр уйтгар гунигт автагдаж, гэр бүлд итгэх итгэлээ алдсан ажээ.

“Би гэрлэх хувь тавилангүй хүн юм байна” гэж тэр өөртөө хэлдэг байсан. “Миний ирээдүй ч бас л ийм байх болов уу гэсэн айдсаа би дотроо нуудаг байлаа” гэж тэр ярилаа.

Клайр гэр бүлийн ач холбогдлын талаар гутрангуй үзэлтэй байснаас гадна тэр ганцаарддаг байжээ. Тэр өсвөр насны охин байхдаа нэг өдөр цөхөрсөндөө Тэнгэрлэг Эцэг үнэхээр байдаг эсэхийг мэдэхээр залбирчээ. Би уйлж ярихаа болиход цээжинд шатах мэт халуу оргиж, амар амгалангийн хүчтэй мэдрэмж тэр даруй мэдрэгдлээ. “Тэнгэрлэг Эцэг байдгийг бас намайг үргэлж хайрладаг бөгөөд сорилт бэрхшээлүүдээр дамжуулан надад тусалдгийг би мэдсэн” гэж тэр ярилаа.

Клайрын хүлээн авсан хариу Бурханд болон гэр бүлийн талаарх Түүний зарлигуудад итгэх итгэл болон гэрчлэл түүнд бий болоход нь сүнслэгээр нөлөөлжээ. Тэр зөвхөн залбирахаа үргэлжлүүлсэн төдийгүй бас судруудаа уншиж, семинарт яван, зарлигуудыг сахидаг болжээ.

Одоо Клайр гэрлэсэн бөгөөд сорилт бэршээлийг итгэлээр даван туулахад суралцаж байна. “Нөхөр бид хоёр гэрчлэлээ, түүний дотор бидний Тэнгэрлэг Эцэг, бидний Аврагч хоёр амьд гэдэг гэрчлэлээ үргэлж хөгжүүлж байхаар шийдсэн учраас бат бөх гэр бүлийг бий болгон төлөвшүүлэх нь боломжтой эсэхэд би санаа зовдоггүй болсон бөгөөд сайн мэдээ бол үгүйсгэх аргагүй үнэн гэдгийг санадаг билээ.”

Клайр энгийн бөгөөд чин сэтгэлийн залбирлаараа Бурханд итгэх итгэлээ төлөвшүүлсэн ажээ. Харин бид Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлээ төлөвшүүлэхийн тулд өөр юу хийж болох вэ? Дэлхий даяарх залуу хүн бүр сорилт бэрхшээлтэй тулгардаг бөгөөд Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж, Түүний хүсэл, Түүний арга зам, Түүний цаг хугацаанд хэрхэн найдаж сурсан тухайгаа хуваалцаж байна.

Үргэлж талархалтай бай

Германы Хессегийн Стефани Эгли адислалуудаа тунгаан бодсон нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон Түүний цаг хугацаанд итгэдэг болоход нь тусалсан ажээ.

Стефани нэгэн сайн найзтай харилцаатай болсон ч энэ харилцаа бүтэлгүй болсны дараах адислалуудынхаа тухай бичиж эхэлжээ. “Бид хоёр болзоогүй ч гэсэн бидний энэ харилцаа илүү дотно болж хөгжинө гэдэгт би үргэлж найддаг байсан. Тэр надад найз охинтой гэж хэлэхэд миний найдвар нурсан юм.”

Зүрх сэтгэл нь шархалсан Стефани Лиахонад нийтлэгдсэн нэг өгүүллийг уншаад тайтгарчээ. Хэрхэн адислагдсанаа, бүр ганц бие байгаа нь ч гэсэн адислал болох тухайгаа бичье гэж түүнд бодогдсон аж.

Зөвхөн гэрлэх боломж олдоогүй учраас л адислалууд аваагүй гэж бодож болохгүйг тэр ойлгоход түүний хийсэн жагсаалт нь тусалсан гэнэ. Их Эзэн түүнийг бага сургуулийн багш болж, хүүхдүүдтэй ажиллах боломж олгон адисалсныг Стефани ойлгов. Тэр ерөнхий чуулганд очиж, Өсвөр үеийнхэнд зориулсан онцгой хөтөлбөрийн зөвлөхийн хувиар оролцсон ажээ. Тэр өөрийн оролцсон ганц бие залуучуудын чуулгануудаар дамжуулан хэдэн дотны найзтай болсон байлаа.

Гэвч хамгийн том адислал нь түүний хэлснээр, өөд болохоос нь өмнө эмээтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан явдал ажээ. Эмээ нь хол амьдардаг байсан учраас түүнд, дүү нарт нь бас үеэлүүд нь түүн дээр очиж, түүнийг асарч халамжлах боломжгүй байжээ.

Стефани адислалуудаа баримтжуулснаас хойш таван жил өнгөрөв. Тэр Ариун сүмд гэрлэх боломж олдох цагаа хүлээсээр байлаа. “Би мөнхийн ханьтайгаа учрах цагаа мэдэхгүй байсан ч тэр цаг ирэх болно гэдэгт итгэлтэй байна. Тэр цаг иртэл, суралцаж өсч хөгжихөд надад тусалсан туршлагуудаа үргэлжлүүлсээр байх болно гэдгээ би мэдэж байна” гэж тэр ярилаа. Тэнгэрлэг Эцэг түүнийг элбэг дэлбэгээр адисалсан бөгөөд хэрэв тэр итгэлтэй байх юм бол Тэр цаашид ч түүнийг адисалсаар байх болно гэдгийг тэр мэддэг байсан.

Бурханы үгийг өдөр бүр унш

АНУ-ын Колорадогийн Даниел Мартуссело гэр бүл салахаа эцэслэн шийдсэн бөгөөд шинэ нөхцөл байдалд амар амгаланг мэдрэх нь хэцүү байсан ажээ. Тэр дахин гэрлээгүйгээр барахгүй ажилгүй болж, бас шинээр эцэг болсон гэнэ. Ийм явдал яагаад, тэр тусмаа шударга байхыг тэрээр үргэлж хичээсээр байхад түүнд тохиолдсоныг ойлгосонгүй.

Даниел ганцаардаж, сэтгэл санаагаар унасан үедээ судруудад ханджээ. “Өнгөрсөн үед судрууд уншаад мэдэрсэн тайтгарлаа эргэн саналаа, иймээс би өдөр бүр судар уншихад анхаарлаа төвлөрүүлсэн” гэж тэр ярилаа. Өдөр бүр судар судлахад цаг гаргана гэдэг нь телевиз, интернет зэрэг бусад зүйлд зориулах цагийг багасгана гэсэн үг. Харин энэ нь золиослол байгаагүй юм гэж тэр хэллээ. “Би судар унших үедээ тайтгарал болон удирдамж хүлээн авдаг байсан. Бусад зүйлс ач холбогдлоороо хоёрдугаарт ордог байлаа. Би нэг судар уншиж дуусаад л нөгөөг залгаж уншаад байдаггүй, хариултуудыг хайж, зорилготой уншдаг байлаа.”

Хүн болгонд асуудал бэрхшээл тулгардгийг Даниел судруудаас мэдээд тайтгарчээ. “Бошиглогчид болон бусад хүмүүс зөв шударга байсан атал тэдэнд мөн л хүнд сорилтууд тулгардаг байсан шүү дээ. Тэдний туршлагыг уншсан нь амьдралын аль нэг үед бид бүгдэд зовлон зүдгүүр тохиолддог ч гэсэн бид тэрхүү зовлон зүдгүүрийг үзсэнээрээ Христэд улам илүү ойртдог” гэж тэр хэллээ.

Түүнээс гадна, өдөр бүр судар уншсан нь түүний ачаа дарамтыг нимгэлсэн. Учир нь Аврагчийг өдөр тутмын амьдралдаа оролцуулах нэг арга нь болжээ. “Миний уншсан шүлгүүдээр дамжуулан Бурхан надтай ярихад, юмс илүү сайн болж, Түүний тусламжтайгаар энэ туршлагаас ямар нэг сайн зүйл гарах болно гэдэгт би итгэдэг байлаа.”

Бурханы зүйлсийг бүхний түрүүнд тавь

Тайваний По Наен Каошиюнг найз бүсгүй Мей Вад гэрлэх санал тавьсаныхаа дараа, “Би өмнө нь өөр хүмүүстэй болздог байсан. Наад зах нь гурван удаа болзсон. Нэг хүнтэй нэлээд дотно харилцаатай байсан ч энэ холбоо дараа нь тасарсан. Эдгээр туршлага мөнхийн харилцаа руу хөтөлж болох урт удаан хугацааны харилцаа байдаг гэдэгт итгэх миний итгэлийг ганхуулсан” хэмээн хэлснээсээ тэр айсан ажээ.

По Наен Мей Ватай гэрлэх талаар залбирсны дараа амар амгаланг мэдэрсэн ч хариу хүлээж авна гэдэгтээ эргэлзэж байв. Тэр Ариун Сүнснээс ирсэн баталгааг мэдэрсэн үү? Эсвэл сэтгэл хөдлөл нь түүнийг төөрөгдүүлсэн хэрэг үү? Түүний сүй тавилт Ариун сүм рүү хөтлөх болов уу? Эсвэл энэ харилцаа бүтэлгүй болох болов уу?

Энэ үед По Наен институтийн хичээл дээр сонссон, Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсоны (1899–1994) дараах үгсийг санажээ: “Бид Бурханыг амьдралынхаа бүхий л зүйлсээс дээгүүр тавих ёстой. … Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа орох буюу бидний амьдралаас гээгдэж алга болдог.”1

Энэ зөвлөгөө По Наены амьдралд маш чухал шийдвэр гаргахад нөлөөлжээ. “Би амьдралдаа Бурханы зүйлсийг нэгдүгээрт тавьж, Түүнд чин үнэнч, итгэлтэй байсан үед буруу зүйлс алга болж, сайн зүйлс халааг нь авдгийг мэдсэн” хэмээн тэр ярилаа. Тэр Бурханыг болон Мей Ватай харилцах харилцаагаа нэгдүгээрт тавьсанаар Тэнгэрлэг Эцэг үүнд нь тусалжээ. Итгэлээр жигүүрлэсэн По Наен Мей Ватай Хонг Конгийн Ариун сүмд гэрлэсэн байна. “Би Их Эзэнд итгэл найдвараа тавьснаар маш ихээр адислагдсан” гэж тэр хэллээ.

Түүний хүслийг биелүүлэхийг эрэлхийл

Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлийг төлөвшүүлэх өөр нэг арга зам бол Түүний хүслийг биелүүлэх явдал мөн. Испаний Таррагонагийн Марта Фернандез Реболлос жишгүүдээ баримтлахыг сонгосноор Тэнгэрлэг Эцэгт итгэж сурсан юм.

Түүний болздог залуу Сүмийн гишүүн биш байсан бөгөөд Сүмд нэгдэх сонирхолгүй байсан гэнэ. “Эрэгтэй хүнтэй зөвхөн энэ амьдралд л гэрлэж болно гэсэн олон учир шалтгаан, ийм бодол санаа мөнхийн гэрлэлтийн талаар миний заалгасан зүйлтэй зөрчилдөж эхлэн, энэхүү төөрөгдөл, сэтгэлийн эмзэглэл намайг олон сар шаналгаж, бүр нулимс урсган уйлахад хүргэсэн юм” гэж тэр ярилаа.

Марта шийдвэр гаргах гэж хичээн, өрөөндөө ороод патриархын адислалаасаа удирдамж хайлаа. Хэрэв тэрээр зөвийг сонговол, түүнд юу амлагдсаныг уншжээ. Тэр юу хийх ёстойгоо мэдээд гэнэт уйлсан гэнэ. “Өмнө дурдсан зөрчлийн үр дагавар надад цаашид асуудал удсангүй. Ирээдүйд надад юу тулгарахыг би мэдэхгүй байсан ч, Их Эзэний талд байсан цагт сайн зүйлс тохиох болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй итгэлтэй байлаа. Бид сонор соргог байж, Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагавал зөв шударга байдлын үр жимс ‘өмнө нь [түүний] амссан бүхнээс дээгүүр тэргүүн амтат’ (1 Нифай 8:11) болохыг би мэдсэн билээ.”

Сургаалт Үгс 3:5–6-гаас бид:

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэрээр чиний замыг шулуун болгоно” хэмээн уншдаг билээ.

Бурханд болон Түүний төлөвлөгөөнүүдэд итгэх итгэлийг төлөвшүүлэх нь үргэлж амар хялбар байдаггүй. Бид бүгдэд сорилт бэрхшээлүүд тулгардаг. Тойрог буюу салбарт тань болзохоор тохиромжтой хүн байхгүй байж болох юм. Гэрлэсэн ч хүүхэд төрөхгүй байж мэднэ. Магадгүй гэр бүл салах асуудал танд тулгарч мэднэ. Эсвэл өнгөрсөн үеийн туршлага тань таныг болгоомжлоход хүргэж байж магадгүй. Их Эзэн таны тэмцлийг мэддэг бөгөөд таныг Өөртөө итгэдэг байхыг хүсдэг. Та Тэнгэрлэг Эцэгт итгэж сурвал амар амгалан ба удирдамж танд ирэх болно.

Эшлэл

  1. Эзра Тафт Бенсон, “The Great Commandment—Love the Lord,” Ensign, 1988 оны 5-р сар, 4.