2013
Үүрд мөнхийн төлөө амьдрах нь
Морь 2013


Үүрд мөнхийн төлөө амьдрах нь

2007 оны гуравдугаар сарын 20-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль–дээр онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс нь авав. Англи хэл дээрх бүрэн эхийг http://web.byui.edu/DevotionalsAndSpeeches-ээс үзнэ үү.

Зураг
Ахлагч Кейт К.Хилбиг

Би залуучууд та нарыг өөрийн селестиел оршихуй болон үүрд мөнхийн гэр бүлээ үе үе төсөөлөн бодож байхыг хичээнгүйлэн хүсч байна.

Өнөөгийн залуучуудын (гэрлэсэн болон ганц бие) амьдралыг хоёр, гурван үеийнхний өмнөх залуучуудын амьдралтай харьцуулахад маш их ялгаатай бас хүнд хэцүү. Намайг коллежид сурч байхад өнөөгийн олон сорилт байгаагүй эсвэл их сул байсан.

Гэтэл та нар энэ мөчид энд байна. Ахмад үеийнхэн тань мөнхийн амьдрал руу орж байхад харин та нар урагшилж байна. Та нар энэ үед дэлхий дээр тохиолдлоор байгаа бус харин дэлхий бүтээгдэхээс өмнө зохиогдож, хэрэгжсэн бөгөөд өөрсдийн тань зөвшөөрсөн мөнхийн төлөвлөгөөний хэсэг юм.

Сайн мэдээний Сэргээлтийг мэдсэн нь та нарын хувьд хэчнээн азтай хувь тохиол билээ! Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын дэргэд мөнх бус амьдралын өмнөх оршихуй гэж байсныг та нар мэднэ. Та нар сурч боловсрон, соригдож байсан билээ. Та нарт өсч хөгжих боломжийг олгосон хуулиудад та бүгд суралцаж, тэдгээр хуулиудыг дагадаг байсан учраас дэлхийд ирэх эрхтэй болсон юм. Энэхүү эрх нь та нарыг өргөмжлөл, эзэмшил, бурханлаг байдлыг олох зам дээр гаргасан билээ.

Та нар дэлхий дээрх мөнх бус амьдралын зорилгыг ойлгодог мөн мөнх бус амьдралын дараах боломжуудын тухай заалгасан байгаа. Дүгнэж хэлбэл, та нар өнгөрсөн үеэ эргэж хараад ирээдүйгээ цэгнэн дүгнэх мөнхийн боломжтой юм.

Танай залуучуудын дийлэнх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд биш байна, мөн дэлхий даяар ч ийм байгаа бөгөөд эдгээр бодит байдлын тухай бага мэдэж байна. Тэд төрөлт ба үхэл гэсэн хоёр үйл явдлаар тодорхойлогдох хайрцагт байгаа юм шиг амьдардаг. Тэд шийдвэр гаргахдаа ирээдүйгээ боддоггүй бөгөөд зан байдал нь ч мөн ийм байдаг. Тэд үнэн хэрэгтээ төрөхөөс үхэхийн хооронд буюу үүрд мөнхийн үүднээс авч үзвэл маш богинохон хугацаанд амьдардаг. Тэд мөнх бус амьдралын өмнөх оршихуйн тухай юу ч мэддэггүй, мөнх амьдралын тухай бага мэддэг.

Та нарын мөнхийн боломж

Харин та нар үүрд мөнхийн өөрсдөдөө амлагдсан боломжийг мэднэ. Их Эзэн Ариун сүмүүдэд лацдан холбуулсан хосуудад дараах амлалтуудыг өгсөн юм:

“Та нар эхний амилуулалтад урагш гарах болно; … мөн хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, эзэгнэлүүд, бүх өндөрлөгүүд хийгээд гүнүүдийг өвлөх болно хэмээн тэдэнд хэлэгдэх аваас, … мөн хэрэв та нар миний гэрээг дагах аваас, мөн үүгээр гэмгүй цусыг урсгахаар аллага үйлдэхгүй байх аваас, тэдэн дээр энэ амьдралд болон бүх үүрд мөнхөөр дамжуулан миний үйлчлэгч тэдэн дээр юуг ч тавилаа гэсэн бүх зүйлд энэ нь хийгдэх болно; мөн тэднийг дэлхийгээс гадна байхад бүрэн хүчтэй хэвээр байх болно; мөн, тэдний тэргүүн дээр лацдагдсан тэрхүү алдар суу нь бүрэн дүүрэн мөн үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэл байх өөрсдийн өргөмжлөл хийгээд бүх зүйл дэх алдар суу тийш тэнд буй тэнгэр элчүүд мөн бурхдын дэргэдүүр өнгөрөх болно.”

“Тэгээд тэд бурхад байх болно, учир нь тэдэнд төгсгөл гэж үгүй; тиймийн тул, тэд үүрдээс үүрдэд байх болно, учир нь тэд үргэлжилсээр байх болно; тийнхүү тэд бүхний дээр байх болно, учир нь бүх зүйл тэдэнд захирагддаг бөлгөө. Тийнхүү тэд бурхад байх болно, учир нь бүх зүйл тэдэнд буй, мөн тэнгэр элчүүд тэдэнд захирагддаг болой” (С ба Г 132:19–20).

Гэр бүлтэйгээ хамт үүрд амьдрах ирээдүйн селестиел оршихуйгаа үе үе эргэцүүлэн бодож байхыг би та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Энэхүү хэмжээлшгүй алдар суу болон давуу байдлыг бид бүрэн дүүрэн ойлгох боломжгүй юм. Гэвч бидний төгс ойлгож байгаа зүйл бол та бүгд өөрсдийн “анхны байдлыг” (Aбрахам 3:26), хадгалж, мөнх бус амьдралын өмнөх бүх сорилтыг биеэр туулан, итгэлээ ашигласнаар мөнх бус биеийг хүлээн авч, энэ дэлхийд ирэх онцгой боломж та бүхэнд тохиосон билээ.

Тиймээс, та нар цаг зуурдын зорилгуудын төлөө биш, харин үүрд мөнхийн зорилгуудын төлөө амьдар. Хэрэв та бас таны нөхөр буюу эхнэр, хэрэв хараахан гэрлээгүй бол ирээдүйн нөхөр буюу эхнэр тань дуулгавартай байх юм бол та нарт “тэргүүн дээр тань алдар суу үүрд мөнх нэмэгдэж” (Aбрахам 3:26) хүүхэд бүртээ өгсөн Бурханы агуу амлалт хэрэгжих болно.

Хэрэв та нар Бурханы зарлигуудад дуулгавартай байх юм бол Түүний амлалтууд бүрэн биелэгдэх болно. Тохиолдох бэрхшээл зовлон гэвэл хүмүүний бодгалийн дайсан тэдний оюун ухааныг харалган болгохоор хичээнэ. Хэрэв хүмүүс зөв бурууг ялган таних чадвараа алдагдуулах боломжийг Сатанд олгох юм бол тэд дэлхийн зүйлсээр харалган болно.

Та нарыг мөнхийн зүйлсийн тухай юу мэддэгийг Христийн ертөнцийн шашны онолчид болон эрдэмтэд мэддэггүй, харин Сатан мэддэг! Тэр мөнх бус амьдрал дахь та нарын бэлтгэл, дэлхий дээрх та нарын зорилго, түүгээр ч барахгүй та нарын мөнхийн боломжийг мэддэг.

Чөтгөр гэдэг үгийн еврей хэлний орчуулга нь хорлон сүйтгэгч” юм.1 Үүрд мөнх рүү хийх бидний аяныг чөтгөр хорлон сүйтгэхийг хүсдэг. Тэр энэ амьдрал дахь, мөн энэ амьдралын дараах бидний боломжид саад учруулахыг хичээдэг. Тэр та нарыг сонгох эрхээ буруу ашиглаасай хэмээн хүсэн хүлээдэг. Зарим залуу хүмүүс сонгох эрхээ ашиглан буруу зүйл хийхээр сонгох нь бие даасан байдлаа нотлон харуулах хамгийн сайн арга гэж боддог. Мунхаг хүн ингэдэг, бүр бүлэг хүмүүс ч ийнхүү үйлдэж болно.

Хэрэг дээрээ, бие даасан байдал бол үнэн бодитой эрх чөлөө бөгөөд үргэлж зөвийг сонгосноор харагдаж, биеллээ олдог. Бурхан та нарт зөвхөн сайн, муу хоёрын дундаас сонгох эрхийг төдийгүй харин хэзээ ч мууг биш зөвхөн сайныг сонгох хүчийг өгсөн юм! Бурхан үүгээр та нарт Сатан болон түүнийг дагалдагчдад байдаг хүчнээс илүү их хүчийг өгсөн юм. Эцсийн эцэст, Сатан биш, харин та өөрөө шийдвэр гаргадаг шүү дээ.

Тэнгэрлэг Эцэг энэхүү мөнх бус туршлагыг чухал зорилгын тулд бид соригдож, нүгэл хилэнцийг ялахын тулд бий болгосон юм. Тэрбээр гай зовлон, уруу таталтуудыг тусгайлан төлөвлөх нь ховор ч, мөнх бус амьдралд эдгээр нь элбэг тохиолддогийг мэддэг. Биднийг дэлхий дээр байгаа үедээ “эгэл хүмүүнээ” (Moзая 3:19-ийг үзнэ үү), даван туулахад суралцаж, дэлхийн шинж чанараас татгалзан, зохистой байдлаа нотлон харуулахыг Тэрээр хүсдэг. Сатан үүнээс өөр бодолтой байдаг. Тэр бидний өсөлт хөгжилтийг тасалдуулахын тулд чадах бүхнээ хийх болно.

Дэлхийн уруу таталтууд

Энэ дэлхий Сатаны зальжин, ичгүүр сонжуургүй өөгшүүлэл хийгээд тусламжтайгаар бусад хүмүүсийн хүлээн зөвшөөрөх зүйлийг хийдэг байх, үе тэнгийнхнийхээ олонхийн хийдэг зүйлийг хийх, зохисгүй кино, видео тоглоомноос түр зуурын сэтгэл хөөрлийг олох, ёс суртахуунгүй явдал (түүний дотор порнограф), бүдүүлэг үг хэлэх, шударга бус байхад уруу татагдахыг танд санал болгодог. Гэрлэлтийг Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд томилдог бөгөөд эцэг эх хоёр нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийн тухай гэр бүлийн бурханлаг төлөвлөгөөний талаарх ойлголтыг тань Сатан бусниулахыг хичээх болно.2

Хэрэв та санамсаргүйгээр ч гэсэн Люсиферийн урилгыг хүлээж авбал, тэр таны мөнхийн адислалуудыг дээрэмдэх болно. Сатанд үүрд мөнхийн аз жаргалын төлөө хөгжин цэцэглэх боломж байхгүй. Тэр тэнгэр дэх дайн гэрчлэлээр тулалддаг дайнд тэр ялагдсаныг санагтун (Илчлэлт 12:11-ийг үзнэ үү). Тэр дайнд Христийн итгэлтэй дагалдагчид түүнийг дагалдагчдынх нь хамт ялсан юм. Энэхүү сүйрлийн үр дагавар гашуун байлаа: Сатаны бүх дагалдагчид буюу тэнгэрийн түмний гуравны нэг нь тэнгэрээс хөөгдсөн билээ. Тэд хэзээ ч бие махбодтой болохгүй эсвээс мөнх амьдралын боломж тэдэнд байхгүй юм.

Лихай хүү Иаковтаа хандан ийн хэлжээ:

Мөн би, Лихай, уншсан зүйлүүдийнхээ дагуу, Бурханы нэгэн тэнгэр элч, бичигдсэний дагуу тэнгэрээс унасан хэмээн бодох ёстой болов; иймийн тул, тэрээр Бурханы өмнө хорт мууг эрэлхийлсний учир чөтгөр болсон бөлгөө.

“Мөн тэрээр тэнгэрээс унасан, мөн үүрд зовлонт болсны учир, тэрээр түүнчлэн бүх хүн төрөлхтний зовлонг эрэлхийлсэн болой” (2 Нифай 2:17–18).

Мөн Лихай ийн заасан юм: “Иймийн тул, хүмүүн нь бие махбодын дагуу чөлөөт болой; мөн хүнд шаардлагатай бүх зүйл тэдэнд өгөгдсөн билээ. Мөн тэд бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл чөтгөрийн хүч мөн боолчлолын дагуу, боолчлол болон үхлийг сонгох эрхтэй; учир нь тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө” (2 Нифай 2:27).

Өнөө үед мансууруулах бодисын наймаачид, порнографыг дэлгэрүүлэгчид, хилэнцэт үзвэр цэнгүүнийг болон худал хуурмаг зүйлсийг хөхиүлэн дэмжигчид, даруу бус хувцаслахыг өөгшүүлэн зөвлөгчид, ёс суртахуунгүй явдалд уруу татагчид, уламжлалт гэр бүлийг шүүмжлэгчид бүгд сүнслэг амьдралыг бууруулж, бүр Бурханы хөвгүүд, охидыг сүнсний үхэлд хүргэх буруу сонголтуудыг өөгшүүлж байна.

Эдгээр уруу таталтуудад урхидуулсан золгүй хүмүүсийг хараад Сатан инээд алдан хөхөрдгийг санагтун (Moсе 7:26-г үзнэ үү). Түүний арга олон янз боловч, зорилго нь адилхан: дуулгаваргүй байдал ба үүний улмаас адислалуудаа алдах явдал юм.

Дуулгавартай байснаас ирдэг адислалууд

Дуулгавартай байдал адислалуудад үүд хаалгаа нээж, амар амгаланг авчирдаг. Бурууг хийх уруу таталт хүчтэй байсан ч зөв зүйлийг хийхийн тулд ухамсартайгаар хийсэн сонголтынхоо тухай бод. Магадгүй энэ нь зохимжгүй санаа бодлыг зайлуулахад эсвээс худал хэлэхэд их ойрхон байсан ч үнэнийг хэлсэн тухай байж болно. Эсвэл хүлээн зөвшөөрөхүйц гэж зар сурталчилгаагаар сурталчилж байсан ч хэрэг дээрээ зохистой бус нь нотлогдсон киноноос (эсвэл өөр ямар нэг ариун бус газраас) гарч явах шийдвэр гаргасан тухай байж болох юм.

Зөв шийдвэр гаргасан тухайгаа эргэн харахад санаа сэтгэл тань ямар байдаг вэ? Баяртай байдаг уу? Үйлдлээ хянах сэтгэлийн тэнхээтэй байгаагаа мэдэрдэг үү? Их Эзэний өмнө итгэл үнэмшил тань өсөн нэмэгдсэнийг мэдэрдэг үү? Нүгэл хилэнцийг эсэргүүцэх чадвар тань өсөн нэмэгддэг үү? Энэ бол хүч юм; энэ бол эрх чөлөө юм!

Хэрэв та нар уруу таталтыг тууштай эсэргүүцвэл, эсэргүүцэж байгаа зүйлийн мөн чанар өөрчлөгддөггүй, харин түүнийг эсэргүүцэх та нарын хүч чадал өсөн нэмэгддэг.3 Энэ тохиолдолд та тулгарсан ямар ч уруу таталтыг даван туулж чадна (1 Коринт 10:13-ыг үзнэ үү).

Та нар бурханлаг гарал үүслээ мэднэ. Та нар бурханлаг хувь тавилангаа мэднэ. Би та нарыг зуурдын зорилгоор амьдрахад бус харин үүрд мөнхийн зорилгуудын төлөө “өөрийнхөө доторх бурханлаг байдалд тэнцэхээр” амьдрахад урьж байна.4

Та нар бол гайхалтай сайхан залуучууд. Бурханы хаант улсын болон нийгмийн ирээдүйн удирдагчид та нар энэхүү эцэс төгсгөлгүй тулалдаанд ялагдах ёсгүй. Та нар тэнгэр дэх дайнд ялсан юм; газар дээрх дайнд ялж чадна. Цаг зуурдын зорилгоор бус, харин үүрд мөнхийн зорилгоор амьдар.

Зарлигуудыг биелүүлэхэд та нарын хүч чармайлт чухал болохыг анхаарагтун, учир нь селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд Бурханы оршихуйд буцаж очих нь та нарын шагнал юм.

Эшлэл

  1. Bible Dictionary, “Devil.”

  2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү.

  3. Teachings of Presidents of the Church: Heber J. Grant (2002), 35.

  4. Гордон Б.Хинкли, “Each a Better Person,” Лиахона, 2002 оны 11-р сар, 99.