2013
Хар тэмдгийг ч арилгаж болно
Морь 2013


Хар тэмдгийг ч арилгаж болно

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Бидний алдаа дутагдлын ул мөр арилшгүй биш юм. Цэвэр ариун гартай байх нь амаргүй ч гэсэн ингэх хэрэгтэй.

Зураг

Би ахлах сургууль төгссөнөөсөө хойш долоо хоногийн дараа намар нь коллежид орохоосоо өмнө улсынхаа нөгөө талд амьдардаг эгчийндээ очиж зуныг тэндээ өнгөрүүлэхээр явж билээ.

Би хэдэн найзтай болсноос ихэнх нь коллежид сурдаг байлаа. Бас арай ахмад найз нар ч байсан. Нэг хагас сайн өдрийн орой миний шинэ найз нараас хоёр нь орон нутгийн нэг клубт тоглодог хөгжмийн сайн хамтлагийн тоглолтыг үзнэ үү гээд намайг авахаар ирлээ.

Биднийг машинаа зогсоолд тавих үед миний санаа бага зэрэг зовсон ч тэр үдэш надад тийм эвгүй зүйл тохиолдоно гэж бодсонгүй. Биднийг клубт ороход лангууны ард зогсож байсан хүн миний жолооны үнэмлэхийг шалгаад юу ч хэлэлгүйгээр, арилдаггүй бэхтэй хар үзгээр миний хоёр гарын хуруунуудын үен дээр тэмдэг тавьчихав.

Би гайхсандаа доошоо харлаа. Тэр хүн намайг баарнаас архи худалдаж авах насанд хүрээгүйг нотлохын тулд ийнхүү тэмдэг тавьсан ажээ.

Тэр даруй миний дотор эвгүй оргиод явчихав. Хүмүүс архи ууж, тамхи татаж байлаа.

Тэр дороо гараад явчих зориг дутсандаа би харамссанаа хэлэх ёстой. 30 орчим минутын дараа найз нарын маань нэг надаас бие зүгээр үү гэж асуув. Чанга хөгжим, тамхины утаанаас болж толгой өвдөөд байна гэж би түүнд хэллээ. Тэр намайг гэрт хүргэж өгье гэхэд би дуртай зөвшөөрлөө.

Би эгчийндээ ирээд угаалгын өрөө рүү харайлган орж, арилдаггүй хар үзгээр тавьсан тэмдгүүдийг арилгах гэж гарынхаа арьсыг шалбарч, өвдтөл нь үрлээ. Маргааш нь ийм гартай ариун ёслол түгээх гэж үү гэж бодоод гараа цэвэрлэхийг цөхрөлтгүй оролдсон ч, миний зөөлхөн, ягаан арьсан дээр хоёр хар зураас үлдлээ.

Унтахаасаа өмнө би залбирч, клубээс тэр даруй гарч явах зориг дутсаныхаа төлөө, тийм газарт огт орохгүй байх зориг дутсаныхаа төлөө уучлал гуйлаа. Би өөрийгөө иймэрхүү эвгүй байдалд дахиад хэзээ ч оруулахгүй гэж Тэнгэрлэг Эцэгт амласан.

Маргааш өглөө нь би хар тэмдгийн үлдсэн ихэнх хэсгийг арилгаж чадсан бөгөөд ариун ёслол түгээх үед миний гар бараг бүрэн цэвэрхэн болсон байлаа. Нүгэл хар тэмдэгтэй хэрхэн адилхан болохыг би тэр үед ойлгосон. Нүглийг арилгах нь хүч чармайлт шаардах бөгөөд сэтгэл эмзэглэм хэцүү байж болох ч хэрэв бид наманчилбал Цагаатгалаар дамжуулан амьдрал дахь хар тэмдгүүдээс цэвэршиж чадна.