2013
Өөрийгөө уучлахуй
Морь 2013


Өөрийгөө уучлахуй

Бид наманчилж, Их Эзэн биднийг өршөөсөн гэдгийг мэдрэх үедээ өөрсдийгөө уучлах нь яагаад заримдаа ийм их хэцүү байдаг вэ?

Зураг

Нэг удаа нэг алхмаар сайжрах нь

Өнөө үед амьдардаг олон хүмүүсийн хувьд цахилгаан гэрэлгүйгээр амьдарна гэдгийг төсөөлөхөд бэрх юм. Унтраалга дээр дармагц харанхуй өрөөнд гэрэл цэлсхийн асдаг. Энгийн ажлуудыг хийхийн тулд үүр цайхыг хүлээх буюу лааны сүүмгэр гэрэлд хийдэг байсан үе тийм ч эрт үед тооцогддоггүй. Зохион бүтээхэд маш хэцүү байсан цахилгаан гэрлийн ачаар эдүгээ тэдгээр ажлуудыг маш амархан хийж байна.

Зураг

Америкийн зохион бүтээгч Томас Альва Эдисон (1847–1931) удаан хугацаагаар асч, гэрэл өгч чадах чийдэнгийн утсыг (чийдэнгийн шилний маш нарийхан төмөр утас) гаргаж авахын тулд хэдэн жил хөдөлмөрлөж, 1000 гаруй материалыг туршиж үзжээ. Үргэлж өөдрөг үзэлтэй байдаг Эдисон чийдэнгийн утсанд тохирохгүй материал бүрийг туршсанаар тохирох материал олоход нэг алхам дөхдөг байжээ. Тэгээд тохирох материалыг олсноор дэлхий тэр чигээрээ өөрчлөгдсөн юм.

Дотоод сэтгэлээ шинжихүй

Тамирчид, сэтгэгчид, зураачид ба алдаанаасаа хэрхэн суралцвал зохихыг мэдсэн бусад хүмүүсийн тухай сүнслэг нөлөө бүхий үй түмэн түүх байдаг. Оролд, оролд, бас дахин оролд, тэгвэл амжилт олно гэсэн түүхийн өрнөлийг сонсох нь хэзээ ч уйтгартай байдаггүй. Харин тэрхүү түүхийн баатар нь бид өөрсдөө байдаг юм.

Биднээс олонх нь хүн зарлигуудыг сахих нь өөрийгөө тасралтгүй төгөлдөржүүлэх шаардлага гэж үздэг. Энэ нь төслийн анхны үзэл баримтлалд шаардлагатай зохицуулалт хийхгүйгээр сая долларын үнэтэй зохион бүтээлт хийхийг хүсэн хүлээх эсвэл аварга шалгаруулах том тэмцээнд бэлтгэх тоглолтуудад ганц ч хожигдолгүйгээр ялалт байгуулна гэж итгэхтэй адил юм. Бид нүгэл үйлдэж, төгөлдөржилтөд хүрэхгүй байгаа бол энэ нь өөрийгөө уучилдаггүй, хичээл зүтгэл гарган чармайдаггүйтэй олонтоо холбоотой юм.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф ийн сургажээ: “Их Эзэн биднээс бүх хүмүүсийг, түүний дотор өөрсдийгөө уучлахыг шаарддаг. Заримдаа дэлхий дээрх бүх хүмүүсээс уучлах нь хамгийн хэцүү нэгэн нь, бас магадгүй уучлах нь хамгийн хэрэгтэй байгаа тэр хүн нь, өнгөрсөн үеэ эргэж харвал бид өөрсдөө байж болно.”1

Өөрчлөгдсөн бодгаль

Харин бид хэрхэн үүнийг хийж чадах вэ? Мормоны Номын бошиглогч Аммоны амьдралыг судалбал энэ тухай ойлголт авч болно.

Леменчүүдийн дунд хийсэн Аммоны номлолын туршлага тэдний хувьд сүнслэг урам хайрласан гайхамшиг байлаа. Хааны сүргийг хамгаалахаас эхлээд Хаан Лемонайд номлож, бүхэл үндэстэнд сайн мэдээг авчрахад тусалсан нь Аммоны амьдрал ба үйлчлэл сүнслэг нөлөө бүхий судрын агуу түүхүүдийн нэг болж үлдсэн юм.

Леменчүүдэд хүч эрх мэдлээр номлосон, итгэлээр дүүрэн Аммон үргэлж зөв шударга байгаагүй. Тэр ноцтой алдаа гаргасан юм. Мозаягийн хөвгүүдийн нэг Аммон нэгэн үе “сүмийг устгахыг, мөн Их Эзэний хүмүүсийг буруу замаар удирдахыг эрэлхийлэн, Бурханы зарлигуудыг эсэргүүцдэг” (Moзая 27:10) хүмүүсийн дунд тоологддог байлаа.

Аммон өөрийн ах нар болон бага Алматай хамтран Бурханы ажлыг тасалдуулахыг хичээж байсан учир Их Эзэний тэнгэр элч тэдэн дээр хүрч ирэн, тэднийг наманчлалд дуудаж, “тэдний дээр нь зогсож байсан газрыг доргиход хүргэсэн аянгын дуу лугаа адил дуу хоолойгоор ярьсан юм” (Moзая 27:11).

Аммон ноцтой гэм нүгэл үйлдсэн бөгөөд үүнийхээ төлөө наманчлах шаардлагатай байсан нь тодорхой юм. Тиймээс тэр наманчилсан билээ. Харин тэр өөрийгөө уучлаагүй бол юу болох байсан бол? Хэрэв тэр номлолд явах нь түүний хувьд оройтсон гээд номлолд яваагүй бол юу болох байсан бол? Хэрэв тэр номлолд яваагүй бол леменчүүдийн дунд олсон амжилтынхаа талаар олон жилийн дараа ах дүүстэйгээ баяр баяслыг эдэлж чадахгүй байх байсан биз ээ. “Эдүгээ болгоогтун, бид урагш харж мөн хөдөлмөрийнхөө үр жимсийг харж чадна; мөн тэдгээр нь цөөхөн гэж үү?” хэмээн Аммон ах нараасаа асуужээ. “Би та нарт хэлнэ, Үгүй, тэдгээр нь олон; тийм ээ, мөн бид тэдний чинхүү сэтгэлийг харж чадна, ах дүүстээ хандсан, мөн түүнчлэн бидэнд хандсан тэдний хайрын учир болой” (Aлма 26:31). Тэдний номлолын хүчин чармайлтын ачаар мянга мянган хүмүүс үнэнд ирсэн юм.

Зураг

Tөөрсөн Хурга, нарийвчлал, Дел Парсон, хуулбарлаж болохгүй.

Урам хугарахын аюул

Сүмийн удирдагчдын ийм тодорхой зөвлөгөө, судрын олон жишээ байхад бидний зарим нь аврал тэдний хувьд нэгэнт өнгөрсөн зүйл, Цагаатгал тэдэнд хүртээлгүй гэж боддог. Бид бүр чин сэтгэлээсээ залбираад ч өөрийнхөө гэм буруугийн хүнд ачаа дарамтаас ангижирч чадахгүй. Зарим нь бүр хичээхээ ч больж мэднэ.

Эцсийн эцэст, хэрэв та дахиад унах юм бол яах гэж унасан газраасаа өөрийгөө татаж босгох юм бэ? Наанадаж л, дайсан танд ингэж бодуулах байсан. Ийм бодол санаа нь сүнслэг байдал, сэтгэл санааны хувьд хор уршигтай төдийгүй угаасаа буруу юм.

Аврагчийн Цагаатгал хязгааргүй бөгөөд бүх хүмүүст боломжтойг судрууд бидэнд заадаг. “Нааш ир, Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно” (Исаиа 1:18). Бид амжилт олж чадна. Бид дахин хичээж чадна. Түүнчлэн бид замын дагуу алхам бүртээ Их Эзэнээс тусламж авч чадна.

Хэзээ ч оройтдоггүй

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд бидэнд өөрийгөө голж чамлахгүй байх талаар тодорхой зөвлөгөө өгсөн юм. “Хэчнээн ч олон боломжийг би алдаа вэ? Хэчнээн ч олон алдаа гаргаа вэ? Авьяас чадвар ч гэж надад алга хэмээн та бодлоо ч гэсэн, гэр орон, гэр бүл, Бурханаас хэчнээн ч хол явлаа гэсэн та бурханлаг хайраас холуур тойрон гарч чадахгүйг би гэрчилж байна. Цацран гэрэлтэх Христийн Цагаатгалын хязгааргүй гэрлээс гадна, доод талд нь үлдэх гэдэг таны хувьд боломжгүй зүйл.”2

Ахлагч Холланд Бурханы нинжин сэтгэлд төгс итгэлтэй байхыг бидэнд ийн заасан юм: “Итгэлийн томьёо нь хүлээцтэй байж, хүч чармайлтаа үргэлжлүүлэн, өнгөрсөн үед тохиолдсон зовлон зүдгүүрүүд бодитой байсан уу эсвэл санаанаасаа зохиосон зүйл байсан уу гэдгийг анхааралтай бодож үзвэл тэдгээр нь эцсийн өгөөмөр шагналдаа уусан замхрах болно.”3

Найдвараар жигүүрлэн

Гэм нүгэлд хайхрамжгүй хандахгүй байхад наманчлал чухал юм. Өршөөл бодитой зүйл. Аврагчийн Цагаатгал амьдралаа гэм нүгэлгүйгээр дахин эхлэх боломжийг бидэнд олгодог билээ. Аммон өршөөлийг олсон шиг бид ч бас уучлалыг олж чадна.

Бид гэрэлт ирээдүйдээ итгэлтэй байж болно. “Ариун Сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай” (Ром 15:13) хэмээн Төлөөлөгч Паул заасан билээ.

Бид бүгд наманчлалын бэлгийн ачаар өөртөө дахин итгэлтэй болж чадна.

Эшлэл

  1. Диетер Ф.Угдорф, “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Лиахона, 2012 оны 5-р сар, 75.

  2. Жеффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд,” Лиахона, 2012 оны 5-р сар, 33.

  3. Жеффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд,” 32.