2013
2013 оны дөрөвдүгээр сарын Чуулганы тэмдэглэлээс
Морь 2013


Чуулганы түүхүүд

Дуулгавартай байж суралцахуй

“Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг” хэлсэн үгнээс Лиахона, 2013 оны 5-р сар, 89–90.

Намайг бага байхад гэрийнхэн маань зун болгон, долоон сарын эхнээс есөн сарын эхэн хүртэл Ютагийн Прово Хавцалын Вивиан Парк дахь байшиндаа зусдаг байж билээ.

Бодох санах зүйлгүй, цагийг хамтдаа өнгөрөөдөг байсан сайн найзуудын маань нэгийг Данни Ларсен гэдэг байсан ба тэднийх ч мөн адил Вивиан Паркт байшинтай байсан юм. Өдөр бүр бид хоёр хөвгүүний хувьд диваажин болох тэр газруудаар хэрэн хэсч, гол горхиноос загас барин, чулуу болон элдэв янзын зүйлс цуглуулж, уул хадаар мацан, цаг мөч бүрийг сайхан өнгөрөөдөг байж билээ.

Нэгэн өглөө Данни бид хоёр ярилцан орой түүдэг асааж зуслангийн бүх найзуудаа урихаар шийдлээ. Тэгээд бидэнд хажуухандаа байсан хөндийд хүүхдүүд цуглаж болох газрыг цэвэрлэх шаардлага гарсан юм. Харин тэр талбай дахь 6-р сарын хуурай хатсан өвс л биднийг санасан зүйлээ хийхэд маань саад болж байв. Хангалттай томоохон газрыг цэвэрлэхийн тулд бид өндөр ургасан өвсийг зулгааж эхэллээ. Хамаг чадлаараа угзарч, татаж байсан ч бид хоёр тэр зөрүүд зэрлэг ургамлаас атгын чинээг л зулгаан авч байсан юм. Энэ чигээрээ үргэлжилбэл тэр талбайг цэвэрлэхэд бүтэн өдөр шаардагдах бөгөөд бид хоёр ядарч мөн цуцаж эхлээд байлаа.

Гэтэл 8 настай миний ухаанд гэнэт нэгэн сайхан санаа орж ирэв. Би Даннид хандан: “Энэ зэрлэг ургамлыг ерөөсөө шатаачихья. Яг тэр хэсэгхэн дугуй газрын өвсийг л шатаачихья!” гэж хэллээ. Тэр ч дуртайяа зөвшөөрөхөд би шүдэнз авахаар гэр рүүгээ гүйв.

Наймхан настай балчир бидэнд шүдэнз ашиглахыг зөвшөөрсөн байж гэж бүү бодоцгоогоорой. Данни бид хоёрт том хүнгүйгээр шүдэнз ашиглахыг хатуу хориглосон байсан юм гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Галын аюулын талаар Данни бид хоёрт зөндөө анхааруулж байсан. Гэсэн ч шүдэнз хаана байгааг би мэдэж байсан бөгөөд бид тэр талбайг цэвэрлэх шаардлагатай байв. Ямар ч эргэлзээгүйгээр би гэр рүүгээ гүйн ороод хэдэн шүдэнзний модыг хэнд ч харагдалгүйгээр халаасандаа нуун авч гарлаа.

Асуудлаа шийдэх зүйл маань халаасанд буй болохоор би Данни руу эргэн их л баяртай гүйж билээ. Бидний тавьсан гал хэрэгтэй газрыг маань цэвэрлэчихээд л илбийн юм шиг өөрөө унтарчих байх гэж бодсоноо би санадаг юм.

Шүдэнзээ чулуунд зурж асаагаад хатсан хуурай өвсөнд аваачиж тавилаа. Бензин асгачихсан юм шиг тэр дороо л гал дүрэлзэн асав. Зэрлэг ургамал шатаж алга болж байхыг хараад Данни бид хоёр эхэндээ их л баяссан, гэвч тэр гал өөрөө унтрах ямар ч шинжгүй ассаар байлаа. Бид яагаад ч тэр галыг унтрааж чадахгүйгээ мэдээд сандарч эхлэв. Дүрэлзэн шатах гал уулын хормойг даган цаашилж юу юугүй хуш моддыг болон замдаа дайралдсан бүхнийг устгах аюул нүүрлэлээ.

Эцэст нь бид яалт ч үгүй тусламж хүсэхээс өөр аргагүй болсон юм. Тун удалгүй Вивиан Паркт байсан бүх л эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийлэн, усанд норгосон шуудайгаар галыг цохиж түймрийг унтраахын тулд нааш цааш гүйлдэж эхлэв. Нилээн хэдэн цагийн дараа сүүлийн ноцож буй цогийг унтраасан юм. Ингэж өндөр настай хуш моднууд болон түймэрт автах байсан гэр орноо авч үлдсэн билээ.

Тэр өдөр Данни бид хоёр хэцүүхэн боловч чухал хэдэн зүйлийг сурсны нэг нь дуулгавартай байхын ач холбогдол байсан юм.

Бидний бие махбодын аюулгүй байдлыг баталгаажуулж байдаг хууль, дүрэм журмууд байдаг. Үүнтэй адил бидний сүнслэг байдлыг хамгаалах заавар болон тушаалуудыг Их Эзэн бэлдэж өгсөн. Эдгээр нь бидэнд энэхүү хувирамтгай, мөнх бус оршихуйд төөрчилгүй Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих боломжийг олгодог юм.