2013
Та ийшээ орж болохгүй
Морь 2013


Та ийшээ орж болохгүй

Бонни Маршалл, Юта, АНУ

Миний нөхөр Жон том биетэй, 1 метр 90 см өндөр, бараг 91 кг жинтэй хүн байлаа. Түүний хувьд нисэх онгоцоор энгийн суудлаар аялна гэдэг зөөлнөөр хэлэхэд эвгүй, хатуугаар хэлэхэд зовлонтой зүйл байлаа.

Бид хоёр 2006 оны 8-р сард бид Хавай дахь Бригам Янгийн Их Сургуульд сүмийн боловсролын системийн үйлчлэлийн номлолд дуудагдав. Номлолоо дуусгаад гэртээ харих болсон үед эх газар руу нисэх аяллыг нөхөр минь хэрхэн давна даа гэдэг бодол бидний санааг зовоож байлаа. Тийз бичүүлэх үед нэгдүгээр зэрэглэлийн нэг суудал олдсонд бид баярлаж, энгийн суудлын тийзэн дээр нэгдүгээр зэрэглэлийн тийзний үнийн зөрүүг нэмж төлөв. Тэр ийнхүү зай ихтэй тохилог суудалд тухлан нислэгийн үеэр урт хөлөө жийн явах боломжтой боллоо.

Нислэг замынхаа тал дунд ороход би нөхрөө ямархуу явааг очиж харья гэж бодоод нэгдүгээр зэрэглэлийн хэсэгт дөхөж очтол босгон дээр зогсож байсан онгоцны үйлчлэгч намайг зогсоож,

“Би танд тусалж болох уу?” гэлээ.

“Тэгээч, би нөхрөө ямархуу явааг нь харах гэсэн юм” гэж би хариуллаа.

“Уучлаарай. Та ийшээ орж болохгүй” гэж тэр эелдэгхэн атлаа хатуухан хэллээ.

“Миний нөхөр энд яваа юм аа. Би ганцхан хором л түүнийг яаж явааг нь хармаар байна.”

Онгоцны үйлчлэгч хаалган дээр хөндлөн зогсоод, “Уучлаарай, та ийшээ орж болохгүй. Харин би нөхөрт чинь таны хэлэх үгийг дамжуулж болно. Хэрэв тэр хүсвэл гарч ирээд тантай уулзаж болно. Энэ хэсэгт зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн тийзтэй зорчигчид л явдаг” гэж дахин хэллээ.

Би хормын төдийд гайхаж, урам хугарсан ч, түүний хөдлөх янзгүй байгааг хараад, чимээгүйхэн энгийн суудал руугаа буцав.

Тэгээд би судруудад болон бошиглогчдын үгсэд дурдагддаг алдар суугийн гурван зэрэглэлийн тухай бодов. Христ террестриел хаант улс дахь хүмүүс дээр (С ба Г 76:77-г үзнэ үү), харин үйлчлэгч тэнгэр элчүүд телестиел хаант улс дахь хүмүүс дээр айлчлан очих боловч (С ба Г 76:88-ыг), доод зэрэглэлийн хаант улсууд дахь хүмүүс хэзээ ч селестиел хаант улсад орж чадахгүй гэдгийг бид уншдаг билээ (С ба Г 76:112-ыг үз; мөн С ба Г 88:22–24-ийг үзнэ үү). Би өөртөө тохиолдсон явдлыг тунгаан бодоод, доод хаант улсууд дахь хүмүүс ямаршуухан байдгийг зэрвэсхэн хараад авсан юм шиг санагдлаа. “Уучлаарай, та ийшээ орж болохгүй!” гэсэн үгсийг сонсоод тэд юу гэж бодох бол?

Таван сар орчмын дараа миний нөхөр хорт хавдраар нас барлаа. Нисэх онгоцонд надад тохиолдсон явдал наанадаж л хөшигний нөгөө талд “Та ийшээ орж болохгүй” гэсэн үгсийг дахин хэзээ ч сонсохгүйгээр амьдрах нэмэлт эрч хүчийг надад өгсөн юм.