2013
Үнэнч шударга байдал
Морь 2013


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Үнэнч шударга байдал

Зураг
Ахлагч Бага Кристоффел Голден

Христийн шавь хүний хувьд зан төлвийн эдгээр чанарууд таныг чухам хэн бэ? гэдгийг илэрхийлдэг.

Америк хөл бөмбөгийн коллежийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Жoзеф Б.Вөртлин шийдвэрлэх тоглолтын үед “баримтлах дүрмийг” тогтоосон ажээ.

Зураг

Зураг чимэглэлийг Бен Совардс

“Өрсөлдөгч багаасаа илүү оноо авахын тулд би өөртөө ирсэн бөмбөгийг талбайн голд хүргэхээр өрсөлдөгч багийн тоглогчдын шугамыг чиглэн хар хурдаараа гүйх шаардлагатай болов. Гоолын шугам ойрхон байгааг мэдсэн ч, чухам хэр зэрэг ойрхон байгааг би мэдэхгүй байв.Гоолын шугам 5 см хол байлаа.

“Би тэр мөчид бөмбөгийг шидэхээр уруу татагдав. Үнэхээр тэгж болох байв. … Гэвч ‘Жозеф, үр дагавар нь ямар байх нь хамаагүй, зөв зүйлийг л хийж бай. Зөв зүйлийг хийвэл бүх юмс сайн болно’ гэж ээжийнхээ байнга хэлдэг үгийг саналаа.

“Би өрсөлдөгч багаасаа илүү оноо авахыг туйлын их хүсч байлаа. Гэвч би найз нарынхаа нүдэнд баатар болохоос илүүгээр ээжийнхээ нүдэнд баатар болохыг хүссэн. Тиймээс би гоолын шугамаас хоёр см зайнд бөмбөгийг орхисон юм” хэмээн тэр ярьжээ.1 Ахлагч Вөртлин хожим нь (1917–2008) Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилж байв.

Зөв зүйлийг хийх нь

Ахлагч Вөртлиний шийдвэр нь ямар ч нөхцөлд зарчимч байдлаасаа ухардаггүй хүний онцгой сайхан жишээ юм. Үнэнч шударга байдал нь бидний зан төлвийн шалгуур болдог бөгөөд ямар ч нөхцөлд эсвээс бусад хүмүүс юу гэж бодох бол гэдгийг үл харгалзан үргэлж зөв зүйл хийх буюу хэлэхийг хүнээс шаарддаг.

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийн нэг нь үнэнч шударга байдал юм. Хожмын Үеийн Гэгээнтэн, Христийн дагалдагчид та нараас “өөртөө, бусдад болон Бурханд бүх цаг үед чин шударга хандахыг хүсэн хүлээдэг билээ. Шударга байна гэдэг нь ямар нэгэн байдлаар худлаа хэлэх, хулгай хийх, хууран мэхлэхгүй байна гэсэн үг юм. …

Зарчимч байдал нь шударга зан чанартай нягт холбоотой юм. Зарчимч байна гэдэг нь үр дагавар нь ямар байхаас үл хамааран үргэлж зөв зүйлийг бодож, зөв зүйлийг хийх ёстой гэсэн үг юм. Та зарчимч байснаар хэн ч хараагүй үед өөрийн итгэл болон жишгүүдийн дагуу амьдрах хүсэлтэй байх болно.”2

Шавь болох нь

Энэхүү мөнх бус сорилтын амьдрал дахь бидний зорилго бол “Христийн цагаатгалаар дамжин гэгээнтэн” (Moзая 3:19) болох явдал мөн. Гэгээнтэн болох нь Христийн жинхэнэ шавь болохоос өөр зүйл биш. Энэ бол таны бодож байгаагаас илүү хэцүү зүйл биш. Магадгүй та хэрхэн жинхэнэ гэгээнтэн болохыг аль хэдийнээ мэдсэн ч байж болно. Гэвч, үүнд хүч чармайлт шаардлагатай, заримдаа энэ нь биднээс маш шаргуу ажиллахыг шаарддаг. Гэвч ийнхүү шаргуу ажиллах боломжтой юм.

Мормоны Номонд, “Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрт тэрээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно” (Moронай 7:16) хэмээн заасан байдаг.

Та Христийн шавийн хувьд энэ тохиолдолд “Есүс юу хийх байсан бол?” гэсэн асуултыг өөрөөсөө асууснаар хэрхэн ярих, хэрхэн үйлдэхээ мэдэж болно. Ийм асуултын дараа төрсөн мэдрэмжийн дагуу үйлдсэнээр таны үйлдэл зөв гэсэн гэрчлэлийг хүлээн авах болно. Гэвч зарим үед та шударга үйлдлийнхээ үр дагавар буюу адислалуудыг харахын тулд нэлээд удаан хүлээх хэрэгтэй болж мэднэ.

Төгс шударга байх нь

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол: “Шударга бус байдал нь та нарын болон бусдын сэтгэл санааг сэвтээдэг. Та худлаа ярьж, хулгай хийж, хууран мэхлэх аваас өөрсдийнхөө сүнсийг мөн бусадтай харилцах харьцаагаа гэмтээдэг. Шударга байх нь та нарт шинэ боломжуудыг нээж, Ариун Сүнсээр удирдагдах чадварыг тань өсгөх болно.”3

Тууштай зарчимч байдал ба төгс шударга зан төлвийн жинхэнэ шалгуур нь таны юу хийж, юу хэлж байгааг хэн ч хараагүй үе дэх таны үйлдэл, үг хэл, бодол санаа юм. Бид Их Эзэн Есүс Христийн үнэнч шавь нарын хувьд Аврагчийн зааснаас доогуур байж болохгүй. Юутай ч зүйрлүүлшгүй үнэ цэнэтэй Ариун Сүнсний бэлэг бидэнд байдаг билээ. “Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно” (Иохан 14:26) хэмээн Аврагч заасан юм.

Бидний Аврагч өдөр тутмын залбирал, судар судлах болон амьд бошиглогчид, төлөөлөгчдийн хэлсэн үгийг уншихаас ирдэг агуу хүч чадлыг бас бидэнд өгсөн юм. Өдөр тутмын эдгээр чухал хэвшил нь бидэнд үнэнч шударга байдлыг төлөвшүүлдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн, Христийн шавь таны шударга зан төлөв бол таны зарчимч байдлын хийгээд таны үнэхээр хэн бэ гэдгийн илэрхийлэл мөн.

Эшлэл

  1. Жозеф Б.Вөртлин, “Амьдралаас авсан сургамжууд,” Лиахона, 2007 оны 5-р сар, 46.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 19.

  3. Залуучуудын бат бөх байдлын төлөө, 19.