2023
Амьдралын гэрэл
2023 оны 1-р сар


“Амьдралын гэрэл,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Амьдралын гэрэл

Аврагч Есүс Христ бол өчигдөр, өнөөдөр төдийгүй үүрд мөнх бидний гэрэл, амьдрал, зам юм.

Зураг
Есүс Христийн хөрөг

Баяр баясалд төвлөр зургийн хэсгээс, Майкл Т.Мал

1948 оны нэгэн ням гаргийн орой нар жаргаж байхад би Английн Ноттингхамд Трэнт голын эргээр алхаж явав. Хорин настай номлогч байхдаа би дөнгөж дүүргийн ерөнхийлөгчөөр дуудагдаад байсан юм. Олон хурал, тохинуулал дараалан сунжирсан, хүндхэн өдөр байсан ч би аз жаргалтай, ажилдаа сэтгэл хангалуун байв.

Голын эргээр алхаж байхдаа би зүрх сэтгэлдээ залбирлаа. Их Эзэнээс удирдамж авах болов уу гэсэндээ “Би Таны хүслээр үйлдэж байна уу?” гэж асууж билээ.

Амар амгалан болон ойлголтын гайхалтай мэдрэмжийг мэдрэх яг тэр мөчид би Есүс Христ намайг мэддэг бөгөөд надад хайртай юм байна гэдгийг ойлгосон. Би үзэгдэл үзэж, дуу хоолой сонсоогүй ч Христ өмнө минь зогсоод, намайг нэрээр минь дуудсан шигээр би Түүний бодит, бурханлаг байдлыг тийм хүчтэйгээр мэдэж авсан юм.

Энэхүү эрхэм нандин туршлага амьдралыг минь чиглүүлж, тэр өдрөөс хойш өнөөг хүртэл амьдралдаа гаргасан чухал шийдвэр бүрд Аврагчийн тухай мэдлэг маань нөлөөлсөөр ирсэн билээ. Би дэлхийн ихэнх хэсэгт олон жилийн турш Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд Дэлхийн гэрэл гэдгийг гэрчилж байна. Түүн дээр ирж, Түүнийг дагаж, Түүний гэрлийг амьдралдаа мэдрэх нь бидний хувьд онцгой боломж билээ.

Ертөнцийн Гэрэл

Номлолын энэ туршлагаас хойш олон жилийн дараа миний эхнэр Барбара бид хоёр тэнгэр ширтэн зогсож байв. Ийн зогсож байхдаа би тэр оройг ер бусын, гайхалтайгаар гэрэлтүүлж буй сая сая оддыг бишрэн харж байлаа. Гэтэл Их Эзэний Мосед хэлсэн “Мөн тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн буюу би; мөн тэрчлэн өөрийн хувийн зорилгын учир тэрчлэн тэдгээрийг бүтээсэн болой би; мөн миний Төрсөн Ганц болох Хүүгээр би тэдгээрийг бүтээлгэсэн юм” (Мосе 1:33) гэх үгс рүү бодол минь бэлчиж, гайхширахад хүргэж билээ.

Нар, сар, одод болон дэлхийг бүтээж, гэрэлтүүлж буй энэ хүч Аврагчаас ирсэн байв (Сургаал ба Гэрээ 88:7–10-ыг үзнэ үү). Тэр “Ертөнцийн гэрэл бол би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12; мөн Иохан 9:5-ыг үзнэ үү) хэмээн тунхаглах эрхтэй.

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлснээр, “Есүс Христ бол ‘сансрын хязгааргүй уудмыг дүүргэхийн тулд Бурханы дэргэдээс урагш гардаг’ [Сургаал ба Гэрээ 88:12] гэрлийн эх сурвалж тул ертөнцийн гэрэл юм. Аврагчийн гэрэл бол ‘дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл’” (Сургаал ба Гэрээ 93:2; бас 84:46-г үзнэ үү) мөн. Энэ гэрлээр бид “сайныг хилэнцтээс” (Моронай 7:16) хэрхэн ялгахаа мэдэж болно. Энэ нийтлэг гэрлийг “үнэний гэрэл,” “Христийн гэрэл,” “Христийн Сүнс” (Сургаал ба Гэрээ 88:6; 88:7; Моронай 7:16)1 гэдгээр мэддэг.

Төлөөлөгч Иохан “Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм” (Иохан 1:5) хэмээсэн. Өнөө үед Сатан “дэлхийн гэрэл ба амь, мөн үнэнийг” (Ифер 4:12) хааж, Бурханы хүүхдүүдийг харанхуй тийш удирдахаар улам хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид Аврагчийн гэрэл, үнэнийг алдсан үед Түүнийг болон Түүний сайн мэдээг бүрэн ойлгож, үнэлэхээ больдог. Гэсэн ч бид наманчилж, дуулгавартай байж, үйлчилж мөн Түүнийг шүтэн биширснээр харанхуйг ялан дийлдэг. Түүний гэрэл эргэн ирснээр бидний дундаас мөн бидний оюун ухаанаас дэлхийн сүүдрийг арилгадаг.

Гэрлээр адислагдсан минь

Дэлхий ертөнц харанхуй, үймээн самуунд автахын хэрээр Их Эзэний гэрлийг амьдралдаа мэдрэх нь сорилт мэт санагдаж байж болно. Гэвч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Гай зовлон дагуулсан харанхуй ихсэх нь Есүс Христийн гэрлийг улам тод гэрэлтэхэд хүргэдэг”2 гэж сануулсан.

Тэр нэгэн орой Барбаратайгаа хамт чимээгүй, нам гүм байдалд Сүнсний зүйлсэд цаг гаргаснаар Түүний гэрэл бодгальд минь улам тод асдаг гэдгийг би мэдэж авсан. Энэ мөчид бидэнд сүнслэг өдөөлт, удирдамж, гэрэл ирдэг. Энэ л цаг мөчид бид Аврагчтай хамт байхаар хэчнээн их адислагдсан гэдгээ ойлгодог.

Дэлхийн гэрлийн хувьд Аврагч Өөрийн үлгэр жишээ болон сургаалаар бидний мөнх бус амьдралын замыг гэрэлтүүлдэг (Иохан 8:12-ыг үзнэ үү). Тэр Өөрийн хайр, нигүүлслээр бидний ачааг хөнгөлдөг (Матай 11:28–30-ийг үзнэ үү). Тэр Цагаатгалаараа дамжуулан бидний зүрх сэтгэлийг найдвар болон эдгээлтээр гэрэлтүүлдэг (Моронай 7:41-ийг үзнэ үү). Тэр мөн бидний оюун санааг “үнэний Сүнсээр” (Сургаал ба Гэрээ 6:15; мөн 11:13-ыг үзнэ үү) гэрэлтүүлдэг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Бидний амьдралын турш ямар ч нөхцөл байдалд, ямар ч сорилт тулгарсан Есүс Христ бол айдсыг дарж, удирдамж, найдвар, урт удаан үргэлжлэх амар тайван, аз жаргалыг өгөгч гэрэл билээ”3 хэмээн хэлсэн.

Зураг
М.Рассэлл Баллард залуу байхдаа

Ахлагч Баллард 1948-1950 онд Англид номлолд үйлчилсэн.

Гэрлээ өргө

Аврагчийн гэрлийг бусадтай хуваалцаж, тэднийг Түүнд ирэхэд урьж мөн Түүний тэднийг гэсэн хайрыг мэдрэх завшаан надад үргэлж онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Англид номлолд үйлчлэхдээ би дуртай байсан. Канадад номлолын ерөнхийлөгчөөр үйлчлэхдээ ч би дуртай байсан. Би одоогийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүний дуудлагадаа дуртай. Дуудлага маань надад Есүс Христийг гэрчилж, Сэргээлтийн захиасыг дэлхий даяар хуваалцах боломжийг олгодог.

Эрт үед Аврагч Өөрийн шавь нарт хандан,

“Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. …

Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Maтай 5:14, 16) гэж айлджээ.

Тэрээр нифайчуудад хандан, “Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой” гээд цааш нь “Миний сүмд хийх ёстой зүйлүүдээ та нар мэднэ; учир нь миний хийхийг та нарын харсан тэр ажлуудыг та нар түүнчлэн хийх болно” (3 Нифай 18:24; 27:21) хэмээсэн.

Өнөө үед Аврагч шавь нараа “[өөрсдийн] дундаас харанхуйг үлдэн хөөхийн” (Сургаал ба Гэрээ 50:25) тулд Өөрийнх нь гэрлийг ашиглаасай хэмээн хүсдэг. Бидний гэрэл Есүстэй адил бусдыг хайрласнаар мөн Сэргээлтийн талаарх гэрчлэл болон Христ дэх найдвараа хуваалцсанаар гэрэлтдэг. Бидний гэрэл үнэнийг хамгаалж дуу хоолойгоо өргөснөөр гэрэлтдэг. Бидний гэрэл бусдыг тэр гэрлийн эх үүсвэр өөд татдаг.

Аминч бус үзлээр үйлчил, тэгвэл та Түүний хайрыг зүрх сэтгэлдээ мэдрэх болно. Сайн мэдээг хуваалцах боломжтой байхын төлөө даруухнаар залбир, тэгвэл та Түүний гэрлийг хүлээн авахад бэлэн болсон хүмүүс рүү удирдагдах болно. Та том, жижиг ямар ч арга замаар бусдыг хайрлавал энэ дэлхийг илүү сайн, илүү тод гэрэлтүүлнэ.

Зураг
Есүс Христ зааж байгаа нь

Есүс Христ зургийн хэсгээс, Харри Андэрсон

Эцэс төгсгөлгүй гэрэл

Англид залуу номлогч байхдаа би Есүс бол Христ гэдгийг өөртөө мэдэж авсандаа үргэлж талархдаг. Өнөөг хүртэл амьдралыг сайнтай, муутай нь туулахдаа би үүнийг улам баттай мэддэг болсон.

Сүмд үйлчилснээр би ярьж дуусашгүй, ариун нандин гайхалтай, онцгой сүнслэг туршлагуудаар адислагдсан юм. Өөрийн хүүхдүүд, ач зээ, гуч болон дэлхий даяарх найз нөхөд болох та бүхэнд Есүс бол Христ, Мөнхийн Эцэгийн Хүү, бүх хүн төрөлхтний Аврагч, Гэтэлгэгч хэмээх баттай гэрчлэлээс өөр өгч чадах илүү чухал, үнэтэй бэлэг гэж надад үгүй билээ.

Миний хайрт эхнэр Барбара минь 2018 онд таалал төгссөн. Ариун сүмд лацдан холбуулсны ачаар мөн Есүс Христийн ачаар бид гэр бүлтэйгээ үүрд мөнх дахин хамт байна гэдгийг мэддэгтээ би хэчнээн их талархаж байна гээч.

Заримдаа би ядардаг. Тэр үедээ би түр зогсоод, Аврагчийн зургийг хардаг. Би Гетсеманид Түүний хэрхсэн тухай бодсоноор, нэг л мэдэхэд ядрахаа больсон байдаг. Тэр дэлхийг ялсан учраас “харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийнээ гийгүүлж байгааг” (1 Иохан 2:8) би зүрх сэтгэлээрээ мэднэ.

Би Есүс Христ амьд гэдгийг мэднэ. “Тэр бол хэзээ ч харанхуйлагдахгүй төгсгөлгүй тэрхүү гэрэл” (Мозая 16:9). Тэр бол өчигдөр, өнөөдөр, үүрд мөнх бидний гэрэл, амьдрал, зам юм. Бид Түүнийг дагаж, Түүний гэрлийг дэлхийд тууштай гэрэлтүүлж байх болтугай.

Эх сурвалж

  1. Dallin H. Oaks, “The Light and Life of the World,” Ensign, Nov. 1987, 63–64 үзнэ үү.

  2. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108.

  3. Дэвид А.Бэднар, “Дэлхийн гэрэл ба амь” (Тэргүүн зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт, 2015 оны 12-р сарын 6), broadcasts.ChurchofJesusChrist.org.