2023
Сүнслэг хөрсөө бэлтгэ
2023 оны 1-р сар


“Сүнслэг хөрсөө бэлтгэ,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

Сүнслэг хөрсөө бэлтгэ

Тариачны сургаалт зүйрлэл нь энэ жил Шинэ Гэрээг судлах Ирээд, Намайг дага гарын авлагаа судлахаар бэлдэхэд маань тусалж чадна.

Шинэ Гэрээн дээрх миний дуртай сургаалт зүйрлэлүүдийн нэг бол Матай 13:3–23 дээрх тариачны сургаалт зүйрлэл юм (мөн Марк 4:3–20; Лук 8:5–15-ыг үзнэ үү). Энэ сургаалт зүйрлэлд үгийг (үрийг) хүлээж авч буй хүмүүсийн байдлыг янз бүрийн хөрстэй харьцуулсан байдаг. Хөрс бүр сайн, муу гэсэн чухал шинж чанаруудтай байдгийг бид мэднэ.

Бид энэ сургаалт зүйрлэлийг уншаад, энэ нь хүмүүсийн сайн мэдээг хүлээн авах болон үүнийг дагаж амьдрах хүсэлтэй эсэхийг дүрсэлдэг гэж олонтоо боддог. Энэ нь үнэн боловч бидний итгэл болон сайн мэдээний мэдлэг нэмэгдэх тусам хувийн хөгжлийг маань энэ сургаалт зүйрлэл дүрсэлж болох юм гэж би боддог. Өөрөөр хэлбэл, бид итгэл үнэмшлийн нэг түвшинд эсвэл нэг хэлбэрт байнга байгаад байдаггүй. Бид итгэл, хичээл зүтгэлээрээ дамжуулан сүнслэг хөрсөө улам сайжруулснаар илүү үржил шимтэй жимс гаргах болно.

Энэхүү сургаалт зүйрлэлийг илүү сайн ойлгоход тусалсан бодлоо би та нартай хуваалцмаар байна. Бид энэ жил үзэх Шинэ Гэрээний Ирээд, Намайг дага гарын авлагаас судлахаар бэлтгэх үедээ, тариачны сургаалт зүйрлэлийг давтан харснаар зүрх сэтгэлээ сайн мэдээний үнэнийг хүлээн авахад бэлтгэхэд тусална гэдэгт би итгэлтэй байна.

Сайн мэдээний үрийг хүлээн ав

Сургаалт зүйрлэлд тариачин үр суулгасан тухай бид үздэг.

  • Зарим үр нь замын хажуугаар унахад шувууд тэднийг иддэг.

  • Зарим нь чулуурхаг газарт унадаг. Тэд нахиалсан боловч наранд хатдаг.

  • Зарим нь хогийн ургамлын дунд унаж, тэдгээрт баригдав.

  • Зарим нь сайн хөрсөнд суулгагдаж, үр жимсээ өгчээ.

Их Эзэн ийн тайлбарласан.

“Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч эс ойлговол ёрын муу нэгэн ирж, зүрхэнд нь юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм.

Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод, тэр даруйдаа баяртайгаар хүлээн ававч,

харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр шууд л бүдрэн унадаг.

Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог.

Сайн хөрсөнд суусан нь үгийг сонсдог бас ойлгодог нэгэн бөгөөд тэрээр үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг гаргах болно” (Матай 13:19–23; тодотгол нэмэгдэв).

Төрөл бүрийн хөрсийг нэг бүрчлэн авч үзэж, сайжруулахын тулд юу хийж болохыг харцгаая.

Зураг
Үр ба шувууд

Зургийг Дэвид Грийн

Зам хавиарх хөрс

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “‘зам хавиар унасан’ (Марк 4:4) үрнүүд нь ургах боломж олгодог мөнх бус амьдралын хөрсөнд унаагүй гэсэн үг. Тэд зүрх сэтгэлээ хатууруулсан юм уу бэлтгэгдээгүй нэгэнд сургаал танилцуулахтай адил юм”1 хэмээн хэлсэн.

Мөн зүрх сэтгэл маань бэлтгэгдээгүй байдаг тул бид заримдаа судраас уншиж, сонсож буй зүйлсээ ойлгодоггүй. Ийм үед бид юу хийх хэрэгтэй вэ?

Бид ойлгож буй хүмүүсээс тайлбарлаж өгөхийг хүсэж болно. Бид номлогчдоос, Ням гаргийн ангийн багшаас, санваарын эсвэл туслах байгууллагын удирдагчдаас, институт, семинарын багш, бидэнд тохинуулдаг хүмүүс болон итгэлтэй эцэг эх, гэр бүлийн гишүүдээс асууж болно. Бид Ерөнхий чуулганы үгсийг судалж болно. Gospel Library апп дээр бидэнд илүү ихийг ойлгож авахад туслах олон эх сурвалж байдаг.

Бид бас залбирч, Бурханаас илүү их гэрэл гуйж болно. Чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэх итгэлтэй байх аваас бид сайн мэдээний үнэнүүдийн тухай мэдлэгийг хүлээн авах болно (Моронай 10:4–5-ыг үзнэ үү). Их Эзэн ийн хэлсэн.

“Гуй, тэгвэл энэ нь та нарт өгөгдөх болно; эрэлхийл, тэгвэл та нар олох болно; тогш тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.

Учир нь гуйсан болгон хүлээн авдаг; мөн эрэлхийлэх тэр нь, олдог; мөн тогшсон түүнд энэ нь нээгдэх болно” (3 Нифай 14:7–8).

Зураг
Үр ба чулуунууд

Чулуурхаг газрын хөрс

Зарим хүн сэргээгдсэн сайн мэдээг номлогчдоор дамжуулан сонсоод, Христийн хайрыг мэдэрч, Сүмийн цуглаануудад оролцож, баяр баясгаланг мэдэрдэг. Гэвч цаг хугацааны явцад амьдралд хүнд хэцүү зүйлс тохиолдсоор байдаг. Тэд амьдрал нь хэзээ ч дуусашгүй адислалын урсгал болон хувираагүйг олж мэддэг. Тэдний итгэл буурч, тэд хөндийрч холддог.

Зарим нь цуглаанд эсвэл чуулганд оролцохдоо “чулуурхаг газруудыг” олж хардаг ба тэр мөчөөс эхлэн бүхий л зөв зүйлийг хийх урам зориг авдаг. Гэвч даваа гараг болоход тэд ердийн үүрэг хариуцлагууд дээрээ буцаж ирдэг. Ажлынх нь асуудлууд хэцүү хэвээрээ л байна. Уруу таталтууд дэндүү сэтгэл татам санагддаг. Тиймээс тэдний сүнслэгээр өсөж хөгжих хүсэл багасаж эсвэл үгүй болдог байна.

Биднийг салхинд тогтоон барих, өлссөн үед хооллох, нар шатах үед сэргээдэг сүнслэг гүн үндэсгүйгээр бид сүнслэг байдлын хувьд мөхөж болдог гэдгийг бид бодит байдалд сурдаг.

Чулуурхаг хөрсийг сайжруулахын тулд бид юу хийж болох вэ? Чулуунуудыг зайлуулж, сүнслэг үндсээ торд.

Чулуунуудыг зайлуулахад хэцүү байж болно. Энэ нь итгэлийг дэмжих орчныг бүрдүүлэхийг шаардаж магадгүй. Энэ нь шинэ нөхөрлөлийг үүсгэж, муу муухайн аливаа хэлбэрээс цээрлэхийг шаардаж болно (1 Тесалоник 5:22-ыг үзнэ үү).

Зураг
Чулуунуудыг барьж байгаа нь

Чулуунуудыг зайлуулах хүч чадалтай байхын тулд бидэнд Аврагчийн тусламж хэрэгтэй. Түүний санал болгодог гэрээнүүдийг хүлээн авах үед хүч ирдэг. Энэ нь баптисм хүртэх урилга хүлээн авснаар эхэлдэг. Энэ нь гишүүнээр батлагдаж мөн Ариун Сүнсний бэлэг хүлээн авна гэсэн үг. Энэ нь бид санваар хүлээн авах, ариун сүмд орох гэх мэт дутуу байгаа гэрээнүүдээ хүлээн авна гэсэн үг юм. Энэ нь сүмдээ явж, долоо хоног бүр ариун ёслол хүртсэнээр гэрээнүүдээ шинэчилнэ гэсэн үг.

Сорилт, уруу таталтууд ирэхэд бид Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээсээ зууран барьж чадна. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Бид хүлээн зөвшөөрсөн үүрэг амлалтаа итгэлтэйгээр санаж, эдгээрийг дагаж амьдрахын төлөө чадах бүхнээ хийснээр Аврагчтай бат холбогддог. Түүнтэй холбогдсон энэ холбоос амьдралын ямар ч үед сүнслэг хүч чадлын эх сурвалж болдог юм”2 хэмээн хэлсэн.

Зураг
Үр ба хогийн ургамал

Хогийн ургамлын дундах хөрс

Энэ хөрс ургамлуудад тэр дундаа хогийн ургамлуудад ургах боломж олгодог. Хогийн ургамлууд нь “өнөөгийн амьдралын баялаг мөн тааламжууд” бөгөөд энэ нь биднийг “үр жимс боловсрохгүй” (Лук 8:14) байхад хүргэж болно.

Бид гэрээнүүд хүлээн авсан боловч гэрээний замаараа илүү удаан явахгүй бол яах вэ? Эсвэл ариун ёслолоос хүртсэн ч алдаа дутагдлынхаа талаар боддоггүй тул өршөөл гуйдаггүй бол яах вэ? Эсвэл бид өршөөл гуйдаг ч бусдыг уучлахаас татгалздаг бол яах вэ? Бид ариун сүмийн гэрээнүүдийг хүлээн авсан ч тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулдаггүй бол яах вэ? Бид сайн мэдээг тохиромжгүй эсвэл ичмээр зүйл гэж айсандаа эсвэл юу хэлэхээ мэдэхгүй гээд хуваалцах боломжуудаа хойшлуулдаг байж магадгүй.

Шийдэл нь “гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир” (Мозая 18:9) баптисм хүртэхдээ байгуулсан гэрээнийхээ дагуу амьдрах явдал юм.

Бид өдөр бүр наманчилж, жижиг том гэлтгүй засваруудыг хийж, гэрээнийхээ шулуун бөгөөд нарийн зам дээр эргэн гарах үедээ зэрлэг өвснүүдийг зулгаадаг.

Бид амьдралын зэрлэг өвсөнд өөрсдийгөө боомилон бариулах боломж олгодоггүй. Бид үүнийг гэр орноо итгэлийн ариун газар болгон өөрчилснөөр хийдэг. Бид Сүнсний нөлөөг урьдаг бүх зүйлийг эрэлхийлдэг. Бид энэ нөлөөг холдуулдаг бүх зүйлээс татгалздаг. Мөн бид Бурханы хаант улс, өөрсдийн дуудлага, ариун сүм, номлолын ажил зэрэгт мөн гэр бүлдээ үйлчилдэг.

Сайн хөрс

Үгийг сонсож, ойлгож мөн зүрх сэтгэлдээ ургуулдаг олон хүн бий. Их Эзэн тэдэнд хандан “Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон” (Иохан 15:16) гэж хэлдэг. Ийм хүмүүст өгөх хариулт бол итгэлээр урагшил, сайн үйлүүддээ эцсээ хүртэл тэвч гэсэн хариулт юм.

Ерөнхийлөгч Өүкс “Бид өөрсдийн замналаар амьдрахдаа Аврагчийн сургаалуудыг хэр дагадаг вэ?3 гэж асуусан. Энэ жил бид Шинэ Гэрээг судлахаар бэлтгэхдээ Аврагчид илүү ойртож мөн үгийг хүлээн авахын тулд сүнслэг хөрсөө сайжруулах болтугай. Тэгснээр бид Түүн рүү ойртуулдаг гэрээнүүдийг хүлээн авч, шинэчилснээр мөн Бурханд болон хайрт хөршүүддээ үйлчилж, биднийг хэзээ нэгэн өдөр тэнгэрлэг гэрт минь буцаан авчрах тэр гэрээний зам дээр өсөж хөгжсөнөөр Түүний биднээс авчрахыг хүсдэг үр жимсийг авчирч чадна.