2023
Гэр бүлийн амин чухал яриа
2023 оны 1-р сар


“Гэр бүлийн амин чухал яриа,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Гэр бүлийн амин чухал яриа

Амин чухал яриа хүүхдүүдэд маань юунд, ямар учраас итгэдгээ мэдэхэд тусална.

Зураг
Ууланд авирч буй аав, хүү хоёр

Зураг чимэглэлийг Ноа Рэган

Хүү аавдаа ууланд авирахыг зааж өгөөч гэжээ. Аав нь төлөвлөлт, аюулгүй байдал, бэлтгэл ажил, авиралтын тоноглол гээд бүхий л шаардлагатай зүйлсийг зааж өгөв. Яаралтай үед юу хийх талаар хэзээ ярилцах вэ гэж хүүг асуухад, аав нь хүүгээ айлгахыг хүсээгүй тул энэ яриаг шаардлагатай цаг нь болтол түр хүлээе гэжээ.

Тэд сургалтаа дуусгаад, Вашингтоны Сиаттл хотын ойролцоох Рэйниэр ууланд авирах анхны экспедицдээ гарав. Эхлээд туршлага болон нөхцөл байдал гайхалтай байсан ч цаг агаар муудан, удалгүй тэд ойртон ирж буй цасан нурангийг харан зогсож байлаа.

Энэ тухай ярилцаагүй тул тэд юу хийхээ мэдэхгүй байв. “Би одоо яаралтай тусламжийн үед юу хийх тухай ярилцахад бэлэн болсон уу, аав аа?” гэж хүү нь ааваасаа асуужээ.

Гэр орныхоо аюулгүй байдалд өрнөсөн амин чухал яриа биднийг амьдралын цасан нурангид бэлтгэлтэй байхад тусалж чадна.

“Орчлон ертөнцийн хамгийн анхны агуу үнэн бол Бурхан биднийг хайрладаг явдал” хэмээн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд хэлсэн.1 Түүний хэлсэн үгс хайр бол үүрд мөнхийн болон бидний өдөр тутмын амьдралын үндэс гэдгийг бидэнд сануулдаг. Энэхүү хайранд үндэслэн бид гэр бүлийнхэнтэйгээ ярилцах, харилцаа холбоо тогтоох нь амин чухал юм.

Би эр нөхөр, эцэг, сургуулийн зөвлөх, мэргэжлийн сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөхийн хувьд гэр бүлийн ярилцлага чухал бөгөөд хойшлуулшгүй зүйл гэдгийг олж мэдсэн. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жой Д.Жөүнс “Бид хүүхдүүдээ жам ёсоороо хөрвөгдөг гээд орхиж болохгүй. … Есүс Христийн сайн мэдээний тухай гэр бүлийн ярилцлага буюу амин чухал яриа нь … Ариун Сүнсийг урьж чадна”2 хэмээн хэлсэн билээ.

Амин чухал яриа гэж юу вэ?

Жөүнс эгч амин чухал яриаг “энгийн, санаа тавьсан харилцан яриа хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь хүүхдүүдийг болон [бид бүгдийг] юунд итгэдгээ төдийгүй яагаад итгэдгээ олж мэдэхэд хөтлөх болно.”3 Энэ тодорхойлолтоос хамгийн их таалагдсан үг бол энгийн гэдэг үг юм. Бидний харилцан яриа гүн гүнзгий, нарийн төвөгтэй эсвэл бүр урьдчилан төлөвлөгдсөн байх шаардлагагүй. Үнэндээ хамгийн сайн харилцан яриануудын заримыг, бидэнд туслах Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж бэлтгэхээс өөрөөр төлөвлөж болдоггүй.

Жөүнс эгч цааш нь “Тохиолдлоор хөрвөгдөхийг хүлээж суух нь Есүс Христийн сайн мэдээний зарчим биш юм. Зүгээр байж байгаад л Аврагчтай адилхан болох боломжгүй”4 хэмээн заасан. Энэ нь шат шатаар, зориулсан цаг хугацаа, хүчин чармайлтаар тохиодог.

Амин чухал яриа хэр ойрхон байвал зүгээр вэ?

Бид хүүхдүүдтэйгээ өдөр бүр ярилцдаг байвал сайн. Амин чухал яриа ойрхон байх тусмаа илүү энгийн, албадсан биш, сэнхрүүлэхүйц болдог.

Амин чухал яриаг өрнүүлэхгүй байх нь хамгийн муу нөлөөтэй. Бид ихэнхдээ одоо тохиромжтой үе нь биш, хэтэрхий төвөгтэй эсвэл хүүхдүүд ойлгохгүй гэх мэтчилэн боддог. Бид хэн нэгнийг гомдоож, буруу зүйл хэлэхийг эсвэл хэн нэгнийг эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй байж болно. Гэвч ядаж л ярилцах гэж хичээх нь юу ч хэлэхгүй байснаас дээр.

Бид хүүхдүүдтэйгээ яаж амин чухал яриа өрнүүлэх вэ?

Миний мэдэхээр амин чухал яриа өрнүүлэх хамгийн энгийн жор бол хайрлах, сонсох, өөрчлөгдөх явдал. Бид алинд нь ч төгс биш байж болох ч энэ загварыг тууштай дагахыг хичээж чадна.

Хайрлах: Бид хайрыг үндэслүүлэхгүйгээр бас хэрэгжүүлэхгүйгээр хамгийн үр дүнтэй амин чухал яриаг өрнүүлэх боломжгүй. Хайр нь бидний гэр бүлдээ юуг, яагаад, хэзээ, хэрхэн хийдгийн учир шалтгаан юм. Хүүхдүүд бидэнтэй харилцахдаа аюулгүй байдлыг мэдрэх ёстой ба хайр энэ чухал орчныг бүрдүүлдэг. Бид ямагт хайраа харуулж чадна. Есүс Христ бидэнд хэрхэн хайрлахыг харуулсан.

Жөүнс эгч “Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, бэлдэхдээ бид тэдэнд сонгох эрхийг нь өгч, бүх зүрх сэтгэлээсээ хайрлаж, Бурханы зарлиг, наманчлалын бэлгийн талаар зааж, ямар ч нөхцөлд, хэзээ ч тэднийг орхидоггүй. Эцсийн эцэст Их Эзэн биднийг ийн хайрладаггүй гэж үү?”5 хэмээн хэлсэн юм.

Сонсох: Би анхааралтай сонсоно гэдэг нь аливаа амин чухал ярианы чухал хэсэг юм гэдгийг өөрийн алдаанаас мэдэж авсан. Бид эхлээд сонсох мөн хоёр дахин илүү сонсох хэрэгтэй. Есүс Христ хэрхэн амин чухал яриа өрнүүлэх болон анхааралтай сонсохын хамгийн сайн үлгэр жишээг үзүүлдэг. Иохан 8-аас бид завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг фарисайчууд Аврагч дээр авчрахад, Тэр “Эмэгтэй, тэд хаана байна вэ? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу?” (10-р шүлэг) хэмээн эмэгтэйгээс хамгийн түрүүнд асуусан. Тэр амин чухал суралцах үйл явцад нь туслахын тулд заахаасаа өмнө асуулт тавьж, түүнийг сонссон юм.

Өөрчлөгдөх: Бид хайрлаж, сонсож, холбогдсон бол одоо яах вэ? Бид наманчилж, зааж, илүү их сонсож, үйлчилж, уучлал гуйж мөн уучлах ёстой юу? Амин чухал яриа нь биднийг өөрчлөгдөх боломжоор хангадаг байх учиртай. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр, бид “өдөр бүр бага багаар сайжрахын”6 тулд үргэлж хичээдэг гэж найдаж байна.

Зураг
Ярилцаж буй аав, хүү хоёр

Бид амин чухал яриаг хэрхэн илүү тогтмол өрнүүлдэг болох вэ?

Та гэр бүлдээ тохирсон хамгийн сайн арга замыг олж мэдэхийн тулд илчлэлтээр удирдуулах болно. Манай гэр бүлийн туршлагуудаас санаа аваарай.

Гэр бүлээрээ судраас судлах: Бидний хийдэг зүйлсээс юу тэдэнд сайн мэдээний яриа өрнүүлэхэд хамгийн их тусалсныг асуухад, тэд Ирээд, Намайг дага гарын авлагаас орой бүр хамт судраас судлах нь тусалсан гэж хариулсан юм.

Мацгийн ням гараг бүрийн гэр бүлийн гэрчлэлийн цуглаан: Энэ нь албан ёсны гэрчлэлийн цуглаан биш боловч гэр бүлийн гишүүн бүрийн хувьд мэдрэмж, итгэл үнэмшил, асуудал, амжилтаа хуваалцах цаг байдаг. Эхнэр бид хоёр үргэлж Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцахыг хичээдэг. Энэ цуглаан манай гэрийн хамгийн чухал туршлагуудын нэг болсон.

Гэр бүлийн оройн хоол: Оройн хоолон дээр “Цаг хэд болж байна?” гэж асуухад бүх хүний хувьд тухайн өдрийн бүтэмжтэй байсан нэг зүйлээ болон илүү сайн байсан болоосой гэж хүссэн нэг зүйлээ хуваалцах цаг болсныг хүүхдүүд мэддэг байв. Энэ нь ихэнхдээ хайр, талархлаа илэрхийлэх, заримдаа бухимдлаа бас заримдаа өөрөөр боломжгүй байсан сайн мэдээний харилцан яриа өрнүүлэх боломж олгодог.

Ганцаарчилсан ярилцлага: Би мацгийн ням гараг бүр хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн суугаад, тэдний төлөө нэрээр нь залбирч, нүд рүү нь харж, асуулт тавьдаг байсандаа баярладаг. Би тэднийг сонсож, тэдний мэдрэмж, хэрэгцээтэй холбогдохыг хичээдэг. Эхэндээ тэдэнд хачин санагдаж байсан байж магадгүй ч одоо ингэж ярилцахгүй бол тэд санагалздаг болсон. Тэдэнтэй өнгөрүүлж буй цаг хугацаа юу юунаас илүү эрхэм бөгөөд тэд өөрсөдтэй нь өдөр бүр амин чухал яриа өрнүүлэхийг хүсдэгийг маань мэддэг гэж найдаж байна.

Зорилгоо эргэн харах: Бид 1-р сард хувийн, хосын, гэр бүлийн зорилгууд тавьдаг. Бид судраас судлахдаа эсвэл гэр бүлийн үдшийн үеэр сар бүр зорилгууд дээрээ гарч буй өсөлт, ахиц дэвшлээ авч хэлэлцдэг. Үүгээр дамжуулан амин чухал яриа өрнөдөг.

Хосын буюу эцэг эхийн хамтрал: Ням гаргийн орой бүр эхнэр бид хоёр долоо хоногийнхоо хуанлиг харангаа нэг нэгнийхээ сэтгэл санааг, юун дээр хэцүү эсвэл тусламж хэрэгтэй байгааг асуудаг. Бид гэрлэлтийнхээ болон хүүхэд бүрийнхээ талаар мөн Есүс Христийн сайн мэдээг өөрсдийнхөө зүрх сэтгэлд илүү гүн гүнзгий суулгахын тулд юу хийх хэрэгтэй талаар амин чухал яриа өрнүүлдэг.

Эхнэр маань надаас сайн сонсогч бөгөөд гэрээний зам дээрээ тэнцвэртэй, тогтвортой үлдэхэд бидэнд илүү их тусалдаг. Би түүнээс их зүйл сурдаг. Тэр намайг үүрд мөнхөд сонгосноор би адислагдсан юм.

Гэр бүл маань энэ бүхнийг төгс хийдэггүй ч бид бүх хүчээ дайчилж, хичээсээр байгаа.

Цасны нуранги үүсэхээс өмнө бэлэн бол

Гэрлэлт, үр хүүхэд болон бусад харилцаагаа амьдралын цасан нурангид дарагдтал бүү хүлээ. Энэ нь ирэх болов уу гэж биш, харин хэзээ ирэх бол гэж асуухад хүргэнэ. Сайн мэдээний болон амин чухал яриаг тогтмол, зорилготойгоор өрнүүлж байгаа үед л бид хамгийн сайнаараа бэлтгэгддэг.

Эхнэр, үр хүүхэд, гэр бүлтэйгээ мөнхөд хамт байх нь миний хамгийн том зорилго бөгөөд амин чухал яриаг оролцуулаад, хийж буй бүхний маань утга учир юм.

Би бусдын адил бүтэлгүйтдэг ч Есүс Христийн хүч, наманчлалаар дамжуулан урам зоригтой болдог. Аврагч Өөрийн хүч, Цагаатгалаар дамжуулан бидэнд өгсөн найдварын төгс гэрлээрээ биднийг хүчирхэгжүүлнэ хэмээн амладаг. Бид төгс байх шаардлагагүй ч сайжрахын тулд хичээдэг байх учиртай. Бид бүгдэд энэ хүч боломжтой. Та хэзээ ч бүтэлгүйтэхгүй. Амжилт хүч чармайлтаар ирдэг.

“Та амьдралдаа Бурханыг ялуулах сонголтыг хийснээр Бурхан бол “гайхамшгийн Бурхан” [Мормон 9:11]”7 болохыг өөрийн биеэр мэдэж авах болно хэмээн ерөнхийлөгч Нэлсон амласан. Энд амин чухал яриандаа Бурханыг ялуулах нь багтана. Бидний Аврагч, Есүс Христээр мөн эдгээр амин чухал яриагаар дамжуулан бүх зүйл боломжтой. Хайранд үргэлж Түүний хариулт оршдог.

Зохиогч нь АНУ-ын Вашингтон мужид амьдардаг.