2023
Тэрээр усыг дарс болгон хувиргасан бол …
2023 оны 1-р сар


Тэрээр усыг дарс болгон хувиргасан бол …, Лиахона, 2023 оны 1-р сар.

Есүсийн гайхамшгууд

Иохан 2:4–11

Тэрээр усыг дарс болгон хувиргасан бол …

Ихэнхдээ үл анзаарагддаг энэ гайхамшгаас миний сурсан гурван зүйл

Зураг
Ус болон дарстай шил

Иохан бол Аврагчийн усыг дарс болгон хувиргасныг тэмдэглэсэн сайн мэдээний цорын ганц бичээч билээ (Иохан 2:1–11-ийг үзнэ үү). Тэр энэ туршлагыг Аврагчийн “гайхамшгуудын эхлэл” (Иохан 2:11) гэж хэлэхүйц итгэлтэй байв.

Соёл уламжлал талаасаа, дарс дуусвал оролцож буй хүмүүсийн нийгмийн байр сууринд муугаар нөлөөлж болохоор байсан.1 Гайхамшиг амьдралыг өөрчлөхүйц байхын тулд анхаарал татсан байх ёстой гэж би боддоггүй ч Иохан яагаад энэ гайхамшгийг анхаарал татсан, амьдрал өөрчилсөн гайхамшгууд дундаас илүү чухалд тооцсон юм бол гэж би боддог.

Яагаад гайхамшгууд гэж?

Гайхамшгууд Аврагчийг тохинуулж байх үед яагаад тийм чухал байсан юм бол? Үнэндээ Тэр тусламж хэрэгтэй хүмүүст нинжин сэтгэлээр ханддаг байсан тул гайхамшгууд чухал байдаг байсан (Марк 1:41-ийг үзнэ үү). Бас гайхамшгууд нь Түүний бурханлаг хүч, эрх мэдлийн чухал нотолгоо болдог байв (Марк 2:5, 10–11-ийг үзнэ үү). Гайхамшигт үйл явдал нь итгэлийг хүчирхэгжүүлж, Түүний захиаст анхаарал хандуулахад хүргэдэг (Иохан 2:11; 6:2-ыг үзнэ үү).

Дараа нь нэг хүн надад Аврагчийн гайхамшгууд хүмүүст захиасыг сонсгоод зогсохгүй, захиасыг заахад тусалсан2 гэж онцлон хэлж билээ. Би усыг дарс болгон хувиргасан явдлаас Есүс Христийн тухай болон Түүний бурханлаг номлолын тухай юу сурч болох талаар өөрөөсөө асууснаар шинэ зүйлсийг ойлгож эхэлсэн.

Би Кана дахь гайхамшгаас Аврагчийн талаар болон Түүний аврах хүчний талаар гурван зүйл сурсан.

1. “Миний цаг хараахан болоогүй байна”

Мариаг Есүсээс тусламж хүсэхэд Тэр “Миний цаг хараахан болоогүй байна” (Иохан 2:4) гэв. Нэмэлт тайлбар тавихгүй бол Мариа юу хүссэн болоод эсвэл Есүс яагаад Миний цаг хараахан болоогүй байна гэж хариулсан нь Иоханы бичээс дээр тодорхойгүй байна.

Энэ хэлц надад чухал санагддаг. Есүс удахгүй болох зарим үйл явдлыг, жишээ нь Өөрийн хүмүүст тохинуулах тохинууллынхаа эхлэлийн талаар дурдсан байж магадгүй. Энэ хэлц Иоханы бичээс дээр хэд хэдэн удаа давтагдаж, Түүний цагаатгагч золиосны сүүлчийн гайхамшгийг заадаг (Иохан 4:21–23; 5:25–29; 7:30; 8:20-ийг үзнэ үү). Хамгийн сүүлд энэ хэлц Есүс энэ ертөнцөөс одож, Эцэг өөдөө очих цаг нь болсныг мэдэх үед буюу Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллын төгсгөлд дахин нэг удаа давтагддаг (Иохан 13:1, тодотгол нэмэгдсэн; мөн Иохан 12:23, 27; 16:32). Гетсеманид очихоосоо өмнө Тэр “Аав аа, цаг нь ирлээ. Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач” (Иохан 17:1, тодотгол нэмэгдсэн) хэмээн залбирсан.

Иохан энэ хэлцийг цэдэг даяар давтсанаар эхнээс нь төгсгөл хүртэл харахад надад тусалсан юм. Эхлээд Есүс бие махбодын цангааг тайлахын тулд усыг дарс болгон хувиргасан. Эцэст нь Тэрээр мөнх амьдралыг боломжтой болгогч Түүнд итгэдэг хэнийг ч дахин хэзээ ч цангахгүй болгох Өөрийн цагаатгагч цусыг төлөөлүүлэхийн тулд ариун ёслолын дарсыг ашигласан (Иохан 4:13–16; 6:35–58; 3 Нифай 20:8-ыг үзнэ үү).

2. “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий”

Есүсээс тусламж хүссэнийхээ дараа Мариа зарц нарт “Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд” (Иохан 2:5) гэв. Энэ мэдэгдлээс сурах зүйл байгаагаас гадна энэ түүх болон Египетийн Иосефын түүх хоёрт гайхалтай ижил төстэй зүйлс агуулагддаг.

“Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран талх тариа нэхсэнд Фараон бүх египетчүүдэд —Иосеф дээр очицгоо, түүний та нарт хэлснийг үйлд гэв” (Эхлэл 41:55, тодотгол нэмэгдсэн).

Мариа төдийгүй Иохан ч мөн адил ийн холбохыг зориогүй байж болно. Гэвч адил төстэй зүйлсийг ажиглах үед надад хоёр санаа төрсөн.

Эхлээд би Иосеф болон Хуучин Гэрээний бусад хүн Есүс Христийг болон Түүний номлолыг зөгнөсөн өөр нэг арга замыг олж харсан. Гэхдээ хамгийн чухал нь Египет, Кана хоёрын түүх Есүс Христ талх болон дарсаар төлөөлүүлсэн Өөрийн Цагаатгалаар дамжуулан биднийг нүгэл, үхлээс авраад зогсохгүй бие махбодын болон нийгмийн, түүнчлэн бусад сорилт бэрхшээлээс аврах болно гэдгийг надад сануулсан юм. Хүмүүсийнх нь талх дуусахад Фараон Иосефын хэлсэн болгоныг хий гэсэн. Тэднийг хийхэд талх өгөгдөж, тэд бие махбодын зовлонгоос аврагдсан. Зарц нарын дарс дуусахад Мариа тэдэнд Есүсийн хэлсэн болгоныг үйлд гэсэн. Тэднийг үйлдэхэд дарс өгөгдөж, тэнд байсан хүмүүс үүргээ биелүүлээгүйн шийтгэлээс аврагджээ.

Зураг
Есүс нэгэн эрэгтэй болон нэг хүүхдийн хамт

Хэрэв бид Есүсийн хэлсэн болгоныг хийхэд бэлэн байвал Тэрээр бидний амьдралд гайхамшгуудыг үйлдэх болно.

Гилеад дахь Гавар, Энни Хэнри Нэйдэр, хуулбарлахыг хориглоно

Хэрэв бид Есүсийн хэлсэн болгоныг үйлдэх хүсэлтэй байх аваас Тэр бидэнд адил зүйлийг үйлдэж мөн бидний амьдралд гайхамшгуудыг үйлдэх болно (Еврей 10:35–36-г үзнэ үү). Аврагдах нь Түүний бүх гайхамшгаас хамгийн агуу нь бөгөөд энэ нь биднээс дуулгавартай байдлыг шаарддаг (Сургаал ба Гэрээ 14:7; Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү).

3. “Тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв”

Аврагч зарц нарыг зургаан чулуун торхыг усаар дүүргэ гэж айлдсанд “Тэд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргэв” (Иохан 2:6–7).

Эрдэмтэд янз бүрийн хэмжээс хэлдэг ч торх бүрд хэд хэдэн галлон ус орно гэж үзэх нь хамгийн зөв байх. Нэг галлон юм уу 100 галлон усыг дарс болгон хувиргахад аль нь хэцүү эсэхийг би мэдэхгүй. Есүст нэг зүйлийг шал өөр зүйл болгон өөрчлөх хүч байдаг нь миний амьдралд өөрчлөлт авчирсан. Тэр зөвхөн усыг дарсны амттай болгоогүй, харин энгийн молекул бүтэцтэй усыг авч, үүнийг олон зуун химийн нэгдлээс бүтсэн дарс болгон хувиргасан.

Хэрэв Тэр үүнийг хийж чадсан юм бол, Тэр миний зовлон бэрхшээлийг адислал болгон хувиргаж, шуурганд сайн тал нэмээд зогсохгүй, бас бэрхшээлийн чанарыг намайг адислах зүйл болгон хувиргаж чадна (Ром 8:28; 2 Нифай 2:2).

Хэрэв Тэр үүнийг нэг бэрхшээл дээр гүйцэтгэж чадсан бол бүгдэд дээр нь чадна гэсэн үг. Амьдралын сорилт амсартаа хүртэл дүүрсэн санагдвал Тэр усыг дарс болгож чадна гэдгийг санаарай. Тэр үнсийг гоёл чимэг болгож чадна (Исаиа 61:3-ыг үзнэ үү). Тэр хилэнцийг сайн болгож чадна (Эхлэл 50:20-ийг үзнэ үү). Тэр миний алдаа дутагдлыг өсөлт хөгжил болгож, гэм нүглийг минь авч, тэдгээрийг буруутгалаас дэвшил болгон өөрчилж чадна.3

Миний хувьд үүнийг ойлгосон нь хамгаас чухал. Өмнө нь миний анзаардаггүй байсан энэ гайхамшиг нь, хэрэв бид Түүний хүчээр дамжуулан Түүний хүссэн зүйлийг хийх итгэлтэй байвал Тэр биднийг өмнөх байдлаас маань Өөртэй нь адил болж чадах хүмүүс болгон өөрчилж чадна гэдгийг заасан.

Эх сурвалж

  1. Peter J. Sorensen, “The Lost Commandment: The Sacred Rites of Hospitality,” BYU Studies, vol. 44, no. 1 (2005), 4–32.

  2. Bible Dictionary, “Miracles”.

  3. Брүс С.Хэйфэн, “The Atonement: All for All,” Liahona, May 2004, 97.