2023
Сүнсний хэл
2023 оны 1-р сар


“Сүнсний хэл,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Сүнсний хэл

Хангалтгүй гэж бодох үед ч, Сүнс бидэнд Тэнгэрлэг Эцэгийн хайртай холбогдоход тусалж чадна гэдгийг би мэдэж авсан.

Зураг
Автобус

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв; зураг чимэглэлийг Жэннифэр М.Поттэр

Гэрэл зургийг Жэннифэр М.Поттэр

Би бүжгийн багийнхантай Европоор зунжингаа аялдаг байв. Бидний үзэгчид, тоглолтууд, энергийн түвшин харилцан адилгүй байсан ч бид очсон орныхоо хэлээр “Биднийг уулзтал Бурхан чамтай байг”1 дууллыг дуулж, тоглолтуудаа хаадаг уламжлалтай байв. Бүжгийн багийнхны маань ихэнх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг байсан тул бид ч энэ уламжлалдаа дуртай байдаг байв. Энэ нь үзэгчидтэйгээ харилцаа үүсгэж, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг хуваалцах гайхалтай арга зам болдог байлаа.

Ийм нэг аялал өндөрлөх үеэр бид Германы хилээр дөнгөж нэвтрээд, удахгүй болох тоглолтууддаа зориулан уг дууг герман хэлээр давтаж байсан. Гэвч ирснийхээ дараа Германы энэ хэсэг сорб хэлээр ярьдаг бөгөөд энэ нь бидний хичээнгүйлэн бэлдсэн дууны хэлээс нэлээд өөр аялгатай хэл болохыг олж мэдэв.

Би маш их ядарч, тоглолтын автобусандаа замын турш унтмаар санагдаж байв. Харин манай удирдаачид өөр бодолтой байсан. Тэд манай хөтөч нараас сүмийн дууллыг сорб хэл руу орчуулахыг хүссэн байв. Тэгээд тэд тоглолт болохоос ердөө хэдхэн цагийн өмнө, автобус дүүрэн хагас унтаа тоглогчдоос дууллыг сурахыг хүсэв.

Бид чадлаараа хичээсэн. Тоглолтын төгсгөлд бид тайзан дээр зогсоод, дуулж эхлэв. Хэдхэн цагийн өмнө миний хооронд нь хольж хутган, мэддэггүй байсан үгс оюун санаанд минь амархан бууж ирж байгааг гайхаж байснаа би санадаг. Үгсийг сануулах Сүнсэнд найдах үед би дуулахад бэлэн эсэхдээ эргэлзэхээ больж байгаагаа мэдэрсэн.

Зураг
Бүжиглэж буй хос

Бүжиглэж дуусаад дуулж эхлэхэд, Сүнс дууны үгсийг надад сануулж байлаа.

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Үзэж байсан гишүүдийн сэтгэл хөдөлж, гайхсан харагдав. Дуулж дуусахад цугласан хүмүүс нам гүм болцгоов. Дараа нь тэд босож зогсоод, бидэнд зориулж дуулж эхэлсэн ба энэ нь ихэвчлэн онцгой тохиолдолд дуулдаг талархлын дуу байсныг дараа нь тайлбарласан.

Би тухайн үедээ тэдний дууг ойлгоогүй ч Сүнсийг хүчтэй мэдэрч байсан. Хангалтгүй гэж бодож байхад минь Их Эзэн Өөрийнхөө хайртай холбож тусалсанд би маш их талархсан. Энэ бүхэн надад Тэнгэрлэг Эцэгийн хайр бол бүгдэд хамаатай захиас гэдгийг сануулсан юм. Бид хэчнээн ялгаатай байж болох ч бүх хүн Сүнсний хэлийг ойлгож чадна.