2023
Илүү агуу мэдлэгээр тохинуулах нь
2023 оны 1-р сар


“Илүү агуу мэдлэгээр тохинуулах нь,” Лиахона, 2023 оны 1-р сар

Тохинууллын зарчим

Илүү агуу мэдлэгээр тохинуулах нь

Та бүх хариултыг мэдэхгүй байж болох ч Түүнийг илүү сайн мэддэг болох нь Аврагчтай адил тохинуулахад бидэнд туслах болно.

Зураг
Есүс хүү ариун сүмд

Христ ариун сүмд, Хэйнрих Хофманн

Есүс бидэнд суралцах загварыг үзүүлсэн

Аврагч “өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы таалал Түүн дээр байсан юм” (Лук 2:40). Боловсорсоор гэдэг нь сарын туршид томорсоор дүүрдэг сар шиг аажмаар өсөж томрохыг хэлдэг. “Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа” (Лук 2:52) хэмээн Лук нэмж хэлсэн. Есүс бүрэн мэдлэгийг гэнэт хүлээн авсан нь үгүй, харин цагаас цагт олж авсан (Сургаал ба Гэрээ 93:12–14-ийг үзнэ үү).

Есүсийг 12 настай байхад эцэг эх нь Түүнийг Иерусалим дахь шүтлэг бишрэлийн төв болсон ариун сүмээс—багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ” (Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:46 [Лук 2:46, зүүлт тайлбар в]). Суралцах нь Түүний өсөлтийн чухал хэсэг байсан тул ариун сүмд байсан хүмүүст заах боломж гарахад Тэр бэлэн байв. Тэр тэнд зааснаар тэнд байсан хүмүүст болон эцэг эхдээ гайхалтай нөлөө үзүүлэв.

Мэдлэгээ тохинуулалд ашиглах

Христтэй адил мэдлэгт хандах зан чанараа хөгжүүлснээр тохинуулалд маань тус болох гурван арга замыг энд дурдав.

  1. Бид Аврагчийг таньж, Түүний зан чанаруудын тухай суралцсанаар Тэр бидний оронд хэрхэн тохинуулах байсныг илүү сайн мэдэж авна.

  2. Бид сайн мэдээний мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлснээр Ариун Сүнс бидэнд хэрэгтэй үед, хэрэгтэй зүйлсийг маань сануулах илүү сайн нөхцөлд байх болно (Иохан 14:26-г үзнэ үү). Энэ нь тохинуулдаг хүмүүсийнхээ хэрэгцээг ойлгож, тэдний асуулт болон асуудлын хариултыг олоход туслах болно.

  3. Бид суралцах чадвараа сайжруулснаар бусадтай холбогдож, тэдэнд үйлчлэх боломж илүү их бүрдэнэ. Бид аль нэг сэдвийг дэлгэрүүлэн судалснаар, энэ талаар сонирхдог найзтайгаа харилцаа үүсгэж болно. Эсвэл аливаа хэрэгцээг хангахын тулд тодорхой ур чадварт суралцаж болох юм.

Мэдлэг олж авах нь тохинуулалд маань олон арга замаар тусалж чадна. Мөн “Бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босох болно” (Сургаал ба Гэрээ 130:18).

Зураг
Судраас судалж буй залуу хүн

Мэдлэгээ хөгжүүлэх

Бид Христтэй адил мэдлэгт хандах зан чанараа хэрхэн хөгжүүлж болох вэ? Санаа авч болох зарим нэг жишээг өгөв.

  1. Есүс Христ цагаас цагт, аажим аажмаар сурсан гэдгийг санаарай. Хичээнгүй бай, гэвч өөртөө тэвчээртэй ханд. Суралцах нь “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) бий болдог.

  2. Мэдээллийн найдвартай эх сурвалжийг тодорхойлж сур. (See “Finding Truth in the Misinformation Age” in the October 2022 digital Liahona.)

  3. Сониуч бай. Өдөр бүр эргэн тойрондоо болж буй бүхнээс суралц. Aсуулт тавь. Сайн ном уншиж, мэдээлэл ав. (Сургаал ба Гэрээ 88:79, 118; 90:15-ыг үзнэ үү.)

  4. Судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралц (Сургаал ба Гэрээ 88:118-ыг үзнэ үү). Аливаа сэдвээр үнэнийг ойлгох чадвар тань оюуны болон сүнслэг аль аль тал дээрээ хичээж зүтгэсний тань үр дүнд сайжрах болно. Ариун Сүнсний тусламжийг хүлээн авахуйц амьдар.