2023
Чи хаана байв?
2023 оны 1-р сар


“Чи хаана байв?,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Чи хаана байв?

Би эмээгээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрладагтай адил хайрлаж сурснаар Бурханы цаг хугацаа, зорилгыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон.

Зураг
Эмээ, ач хүү хоёр инээлдэж байгаа нь

Эмээ маань өвдсөн ч намайг хайрласандаа миний төлөө бүхнийг хийдэг.

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Намайг хаалга тогшиход эмээ минь хаалгаа нээн, “Хүү минь, чи хаана байв?” гэж асуулаа. Би Эль Сальвадорт хийсэн бүрэн цагийн номлолоосоо дөнгөж ирж байв. Эмээ намайг дахин хараад, нүдэнд нь баяр баясгалан тодров. Эмээг хүзүүгээр минь тэврэхэд түүний гар зөөлөн, дулаахан санагдлаа.

Түүнийг номлолын минь талаар асуухад, би хариулж, бид хөгжилтэй яриа өрнүүлж байв. Би түүнд хүмүүсийн тухай, хоол, хэцүү байсан ажил, номлолын гайхамшгууд зэргийн талаар ярьж байхдаа сэтгэл хөдөлж байлаа. Намайг ярьж дуустал тэр гэнэт дуугаа хураан, “Хүү минь, чи хаана байв?” гэж асуув.

Тэр сонсоогүй нь илт байлаа. Тэгээд бид эхнээс нь ярьж эхлэв. Хориод минутын дараа тэр гурав дахь удаагаа “Хүү минь, чи хаана байв?” гэж асуусан юм.

Ямар нэг зүйл буруу байгаа нь тодорхой байлаа. Намайг номлолдоо явснаас жил орчмын дараа эмээ Алцхаймэр өвчнөөр оношлогдсоныг би удалгүй мэдсэн юм.

Надад эмээдээ туслах юм сан гэсэн их хүсэл төрөв. Би хоёр жилийн турш Бурханы хүүхдүүдэд Түүнийг хайрыг номлосон байсан ба одоо энэ бүх сургаалаараа амьдрах боломж нээгдсэн байв. Би үүнийг хэцүү гэдгийг мэдэж байсан ч түүнд туслахын тулд гэрт нь нүүж очих санал тавьсан.

Эхний хэдэн сар хамгийн хэцүү байв. Номлолын талбарт байгаа юм шиг байнга тэвчээртэй байж, уураа барих нь байнгын ажил болсон. Номлолдоо байсан шиг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил эмээгээ хайрлаж сурснаар би Бурханы цаг хугацаа, зорилгыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон юм.

Эмээтэйгээ амьдрах нь заримдаа гурван өөр хүнтэй амьдарч байгаа мэт санагддаг байв. Заримдаа тэр гэртээ хэнийг ч оруулахыг зөвшөөрдөггүй. Заримдаа тэр надаас анхаарал, халамж нэхэж, ганцаараа амьдардаггүйдээ талархана. Заримдаа тэр дөнгөж номлолоосоо буусан ач хүүгээ хооллоход хамаг анхаарлаа хандуулна. Нэг бол “Үүнийг хийж болохгүй,” эсвээс “Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ?” гэнэ.

Гэвч эмээ маань миний хамгийн том адислал болсон юм. Эмээ өвчнөөсөө үл хамааран, намайг хайрласандаа миний төлөө бүхнийг хийдгийг би мэднэ.

Хичээл, ажлаа тараад харих болгондоо эмээгийнхээ хамгийн сайхан, чин сэтгэлийн үгсийг би сонсдог байв. Тэр эелдэг харцаар намайг харж, тэвэрч, хацар дээр минь үнсэж, “Хүү минь, чи хаана байв?” гэж хайрласан сэтгэлээр асуудаг.