2023
Үлгэр жишээний хүч
2023 оны 1-р сар


“Үлгэр жишээний хүч,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Итгэлийн хөрөг

Үлгэр жишээний хүч

Би үлгэр жишээгээрээ эхнэрээ Сүмд авчрах нь цорын ганц арга зам гэдгийг мэдэж байлаа. Би зан авираа өөрчилснөөр Бурханы Сүнсийг мэдэрч эхлэв.

Зураг
Эхнэр, нөхөр хоёр залбирч байгаа нь

Гэрэл зургийг Коди Бэлл

Нэг өдөр би ажилдаа явж байхдаа, хоёр залууг гудамжинд Бурханы үгийг номлож байгааг харав. Тэд над дээр ирээд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар илүү ихийг мэдмээр байна уу гэж асуув. Тэр үед гэр бүлээ хааш зүглэж байгааг би мэдэхгүй байлаа. Бидэнд зүг чигээ олох сүнслэг луужин байсангүй.

Би тэр өглөө архи уусан байсан болохоор номлогчдын ярьсан ихэнх зүйлийг санадаггүй. Гэвч тэд надад Мормоны Ном болон бошиглогч Иосеф Смитийн товхимлыг утасны дугаарын хамт өгсөн. Тэр оройдоо би уншиж эхэлсэн юм. Мормоны Номыг уншиж эхлэхэд нэг зүйл сэтгэлийг минь хөндөж, 14 настай хүү яаж ийм гайхалтай үзэгдэл үзсэн юм бол гэж гайхсан.

Би үнэнийг хайж байсан тул номлогчидтой уулзаж эхлэв. Ихэнх хичээлээ заалгасныхаа дараа би баптисм хүртэх хэрэгтэйгээ ойлгосон. Гэвч баптисмын өдөр дөхөх үеэр сонсоход ч бэрх нэг хичээл оров. Уг хичээл Мэргэн ухааны үгийн талаар байв.

Архи их уудаг байсан болохоор энэ хичээл надад хүнд байсан. Ажлын маань орчин амаргүй. Хамт ажилладаг хүмүүс маань архи уудаг тул би ч бас уудаг байв. Би ихэнхдээ ажлаа тараад, архи ууж байгаад, гэртээ шөнө дунд ирдэг байсан.

Гэхдээ номлогчид маш сайн ажилласан. Би тэдэнд үүнд нь одоо ч талархаж явдаг. Бурхан биднийг хүчтэй байгаасай гэж хүсдэг бөгөөд Тэр биднийг адислахын тулд Мэргэн ухааны үгийг өгсөн гэж тэд надад заав. Надад энэ хуулийг дагах үнэхээр хэцүү байсан ч би аажмаар дагаж эхлэв. Би өдөр бүр номлогчид руу залгаад, өөрийн ахиц дэвшлийн талаар, тэр өдөр уугаагүйгээ хэлдэг байснаа санадаг. Тэд миний ахиц дэвшилд баярладаг байв.

Тэдний тусламжтайгаар би баптисм хүртэж, Есүс Христийн сүрэгт нэгдэн оров. Би тэр гайхалтай өдөр Сүнсийг мэдэрсэн! Гэвч би Сүмд орохдоо ганцаараа байсан ба гэр бүлээ надтай нэгдээсэй гэж хүсэж байлаа.

Эхнэр Клиримтэй Сүмийн тухай ярилцахад тэр эхэндээ сонсдоггүй байв. Түүний өвөө өөр шашинтай байсан ба Албанид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм яагаад ирсэнд тэр гайхдаг байлаа. Миний үлгэр жишээ түүнийг сайн мэдээнд авчирч болох цорын ганц арга зам гэдгийг би мэдэж байлаа. Үйлдлээр маань дамжуулан хүмүүс бидний жинхэнэ төрхийг харж байдаг.

Намайг архи уухаа больж, ажлаа тараад эрт харьдаг болсноор Клирим миний өөрчлөлтүүдийг анзаарч эхлэв. Миний гаргасан өөрчлөлтүүдийн ачаар намайг Сүмийн тухай ярихад тэр Бурханы Сүнсийг мэдэрч эхэлсэн. Би ч гэсэн баптисм хүртмээр байна гэж түүнийг хэлэхэд мэдэрсэн баяр хөөрөө би үгээр илэрхийлж чаддаггүй. Тэр удалгүй номлогчдоор хичээл заалгаж эхэлсэн ба би номлогчдод хичээлээ заахад нь тусалдаг байлаа. Тэр намайг баптисм хүртсэнээс хойш зургаан сарын дараа баптисмын өдрөө товлосонд би бүр их баярласан.

Эхнэрийн баптисмын дараа хоёр хүүхдээ найм хүрээд баптисм хүртэхэд нь бид мөнхийн гэр бүл болж чадна гэж надад санагдсан. Гэхдээ баптисм бол зүгээр л эхлэл байсан. Бид ариун сүм явахаар бэлтгэж байхдаа зарлигуудыг сахиж, сүмдээ явж, ариун ёслолоос хүртэж, дуудлагадаа үйлчилж, судруудаа уншиж, гэрээнүүд болон авралын төлөвлөгөөний талаар илүү ихийг мэдэж авснаар амьдралынхаа эцсийг хүртэл Бурханыг дагах ёстой гэдгээ мэдэж байв.

Бидний Германы Франкфурт ариун сүмд гэр бүлээрээ лацдан холбогдсон өдөр бол өөр нэгэн гайхалтай өдөр байв. Ариун сүм дотор би Бурханы бидэнд өгсөн аз жаргалын төлөвлөгөөний тухай илүү их зүйл ойлгож, Түүний хайрыг мэдэрсэн.

Би одоо ч гэсэн Клирим бид хоёрын ариун сүмд авсан амлалтуудаа санадаг. Асуудал үүсэхэд эсвэл бидэнд хүнд үе тулгарахад би энэ амлалтуудаа санадаг юм.

Бид ариун сүмд эв нэгдлийг мэдэрсэн болохоор бие биетэйгээ гэр бүлийн хувьд эвтэй сайхан амьдрахыг эрхэмлэдэг. Би ариун сүмийн талаар бодох тоолондоо аз жаргал, адислал мэдэрдэг. Бурхан байдаг, Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэгийг би мэднэ.