2023
Харилцаан дахь асуудлуудаа зохицуулах нь
2023 оны 1-р сар


“Харилцаан дахь асуудлуудаа зохицуулах нь,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Харилцаан дахь асуудлуудаа зохицуулах нь

Бид өөрчлөгдөж, сайжрахын тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэх хүсэлтэй байвал гэр бүлийн сорилт бэрхшээлийг даван туулж чадна.

Зураг
Эвдэрхий гүүрэн дээр өөд өөдөөсөө харсан эрэгтэй, эмэгтэй хоёр

Зураг чимэглэлийг Ale+Ale

Гэр бүлийн харилцаан дахь сорилт бэрхшээлийг зохицуулах нь бидний сэтгэл хөдлөлийн хязгаарыг шалгаж болно. Эмч хүний хувьд би олон сэтгэл эмтрэм нөхцөл байдлуудыг харж байсан. Гэвч гэр бүлийн сорилт бэрхшээлтэй тулгарахдаа харилцаагаа сайжруулах, илүү их хайрлах, ойлголцох мөн чухал өөрчлөлтүүд гаргахаар хамтарч ажиллахад Их Эзэний тусламжийг эрэлхийлж буй хүмүүсийн амьдрал адислагдаж байсныг бас харж байсан. Тэд Их Эзэний тусламжтайгаар өөрсдийн асуудлуудаар дамжуулан өсөж хөгжих хүч чадлыг олсон юм.

Христийнхтэй адил харилцаа нь хайрлаж, ойлголцоход хүргэдэг.

Том, Жоан (нэрсийг өөрчлөв) хоёр хоёул хань ижилгүй амьдарч байв. Томын эхнэр хорт хавдраар нас барж, Жоаны нөхөр донтолтоос болоод өөр харилцааг сонгосон байв. Том, Жоан хоёр ганц биечүүдийн чуулган дээр танилцаж мөн хоёул гэрлэх хүсэлтэй байжээ.

Тэд 15 ба түүнээс доош насны хүүхдүүдтэй байсан. Том, Жоан хоёр хэд хэдэн удаа гэр бүлүүдээ авч гадуур гарахдаа, гэр бүлүүдээ нийлүүлэхэд үүсэж болох асуудлуудыг олж харсан байна. Тэд амьдралынхаа шинэ бүлгийг авч явахын тулд хэрхэн эрүүл аргаар харилцаа үүсгэх талаар зөвлөгөө хүсэн ирсэн юм.

Би тэдэнд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллардын гэр бүлийн зөвлөлийн талаар хэлсэн үгийг судлахыг зөвлөсөн. “Хүүхдүүдэд нь чин сэтгэлээсээ сонсох эцэг эхчүүд хэрэгтэй бөгөөд гэр бүлийн зөвлөл нь гэр бүлийн гишүүдийг бие биеэ ойлгож, хайрлах цаг хугацааг өгдөг”1 гэж тэр заасан.

Гэр бүлийн зөвлөлөөр тэд дараах зүйлс дээр ажиллахаар шийджээ. Үүнд:

  1. Асуудлыг тодорхойлох

  2. Шийдлүүдээ жагсааж бичих

  3. Төлөвлөгөөгөө сонгох

  4. Төлөвлөснөө үйлдэл болгох

  5. Дараагийн долоо хоногт нь төлөвлөгөөнийхөө амжилтыг дүгнээд, шаардлагатай бол дахин авч хэлэлцэх зэрэг юм.

Гэр бүлээрээ хамтдаа зөвлөлдөхөөс гадна Том, Жоан хоёр харилцаа нь дарамттай санагдах үед хоёр биетэйгээ харилцаагаа хэрхэн сайжруулах талаар суралцах хэрэгтэйг ойлгожээ.

Том, Жоан хоёр өөр хоорондоо болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа сайжруулахад тусалсан хэд хэдэн аргачлалд суралцсан байна.

  • Эцэг эхийн хувьд тэд хүүхдүүддээ тулгарсан асуудлын гарцыг хамтдаа хайдаг байв.

  • Хэрэв хүүхдүүдийнх нь нэг тухайн өдрийн даалгасан ажлыг хийж дуусгаагүй бол эцэг эхийнх нь аль нэг тэдэнд туслангаа өдрөө хэрхэн өнгөрүүлснийг нь ярилцдаг байв.

  • Тэд хүүхэд бүртэйгээ харилцаагаа сайжруулахын тулд долоо хоног бүр цаг гаргаж байлаа.

  • Тэд “сэтгэл хөдлөлийн” (хашхирах) оюуны чадавх нь “ухаалгаар” буюу шийдэлд төвлөрөх (ярилцах) оюуны чадавхаа давсан үед түр завсарлага авч байхаар урьдчилан тохиролцов.

  • Эцэг эх, хүүхдийн дунд эрх мэдлийн тэмцэл үүсэх тоолонд эцэг эх нь мэдрэмжээ даган, асуудлыг түр орхиод, дараа нь өөр шийдэлд хүрэхээр эргэн ярилцдаг байв.

Энэ гэр бүл бэрхшээлтэй харилцааны асуудлуудаа итгэлтэй, эрүүл арга замаар шийдэх гэж чадах чинээгээрээ хичээж, асуудлаа ярилцаж шийдэхийн тулд хамтдаа ажилласнаар Том, Жоан хоёр хүүхдүүдээсээ гадна өөрсөд дээр нь ч чухал ахиц дэвшил гарч байгааг анзаарчээ.

Ойлголцол болон хайр биднийг улам ойртуулдаг

Хүүхдүүд нас биед хүрэхээрээ, бидний тэднээс хүссэн сонголтуудыг үргэлж хийгээд байдаггүй. Ийм нөхцөлд бид яах ёстой вэ? Бид тэдний амьдралд дэмжлэг үзүүлэгч, зөв шударга нөлөөгөө хэвээр байлгахын тулд харилцаагаа хэрхэн хадгалж эсвэл хүчирхэгжүүлж болох вэ?

Тэрри утсаар хүү Сэттэйгээ муудалцсаны дараа, нөхөр Брүстэйгээ хамт миний өрөөнд орж ирэв. Сэт сургуульд яваад, гурван жил гэртээ байгаагүй. Тэр ноцтой өвчин тусаж, эмчийн хяналтад байсан тул өвчнийхөө улмаас номлолд үйлчлээгүй байв. Тэрри, Брүс хоёр хүүгийнх нь гэрчлэл хэр байгааг, түүний сүмдээ явж байгаа эсэхийг ч мэдэхгүй байсан. Сэтийн шинэ найз охин Жолин, хүүгийнх нь амьдралд хүсэн хүлээж буй нөлөөг үзүүлэхгүй байгаад эцэг эх нь сэтгэл зовниж байлаа. Эцэг эх нь хүүгийнхээ замнаж байгаа замналд санаа зовж байв.

Бид тэдний хийж болох зүйлсийг ярилцахдаа, алдагдсан хонины сургаалт зүйрлэлийг авч үзсэн. Хоньчин хургаа олохын өмнө түүнийг хайрлаж, хонин сүрэгтээ буцааж авчрахынхаа өмнө түүний майлахыг сонсохыг хичээдэг болов уу (Лук 15:6-г үзнэ үү). Тэрри, Брүс хоёр Сэтийг өөрчилж чадахгүй гэдгээ ойлгосон. Гэвч тэд түүнийг сонсохыг хичээж, хайрлаж, гэртээ урихаар шийдсэн юм. Тэд хүүгийнхээ өмнөөс эхнэрийг нь эсвэл амьдралынх нь замыг сонгож чадахгүй ч гэр бүлээрээ хүүдээ ч мөн сайн мэдээнд ч хайртай гэдгээ түүнд сануулж чадах байв.

Тэрри Сэттэй утсаар ярьж, маргасандаа уучлал гуйжээ. Хүү нь номлолд үйлчлээгүйдээ ичдэгээ хэлэхэд, ээж нь түүнийг зүгээр л сонссон. Тэр сүмийн охинтой хэрхэн болзох арга замаа мэдэхгүй байв. Тэд Сэт, Жолин хоёрыг сургуулийнх нь амралтаар гэртээ урьжээ.

Тэд ирэв. Сэтийн эмэгтэй дүү нар тэр хоёрт найрсаг хандаж байв. Эцэг эх нь Сэтийг гэртээ ирсэнд баярлаж, энэ тухайгаа ч хэлэв. Тэрри, Брүс хоёр Сэттэй илүү ойр ойрхон холбоо барьж, Тэрри ч долоо хоногт хэд хэдэн удаа мессеж бичжээ. Тэд гэр бүлээрээ ням гараг бүр видео уулзалт хийдэг болж, Сэтийн аав хүүтэйгээ гольф тоглож бас хамтдаа загасчилж байв. Сэт гэр бүлдээ аажмаар эргэн уусаж байлаа. Эцэст нь Жолины сонгосон зам өөрийнх нь биш байсныг Сэт ойлгожээ. Тэр хожим нь өөрийн баптисм хүртээсэн гайхалтай эмэгтэйтэй гэрлэсэн юм.

Тэрри, Брүс хоёр хүүгээ сонсож, хайрлаж мөн сүрэгтээ дахин урьснаар алдагдсан хургаа олжээ.

Зураг
Хамтдаа гүүр засаж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

Өөрчлөгдөхийн тулд хамтдаа ажиллах нь харилцааг хүчирхэгжүүлж, өсөлт хөгжлийг авчирдаг.

Мари, нөхөр Дэйвидтэйгээ гэрлээд олон жилийн нүүр үзсэн ба тэд орон нутагтаа хүндлэгдсэн гишүүд байв. Гэвч нэг өдөр Мари Дэйвидийг өөр эмэгтэйтэй харилцаатай болсныг нууцхан мэдээд,

уур, гуниг, харуусал тээсээр манай өрөөнд орж ирсэн юм. Тэр түүхээ яриад уйлж байхдаа, Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд Дэйвидэд мэдрэмжээ уурлахгүйгээр хэлэх хэрэгтэй гэж мэдэж байлаа.

Тэр залбирч бэлдсэнийхээ дараа, би чамд хайртай ч өөр эмэгтэйтэй холбоотой болсныг чинь мэдээд зүрх сэтгэл минь эмтэрсэн гэж Дэйвидэд хэлжээ. Тэд бишоптой уулзаж, гэрлэлтийнхээ хувь заяаг авч хэлэлцэхээр болов. Дэвид эхнэрээ ч гэр бүлээ ч алдахыг хүссэнгүй. Тэр бишопын тусламжтайгаар наманчлалын үйл явцаа эхлүүлжээ.

Мари хувь хүнийхээ хувьд төдийгүй хосын хувьд эдгэрэхийн тулд ямар нэгэн зүйл хийх ёстойг мэдэж байв. Мари сэтгэл санаагаа цэгцлэхийн тулд Дэйвидээс хэсэг хугацаанд эцэг эх дээрээ байхыг хүссэн байна. Тэр ариун сүмд очиж, Их Эзэнээс тусламж хүсэж байлаа. Тэр харилцааны чадваруудаа сайжруулж, зохих хил хязгаарыг тогтоож суран, эмчилгээгээ үргэлжлүүлж байв.

Мари, Дэвид хоёр хамтдаа:

  • Орой бүр судраас уншиж,

  • Залбирч,

  • Өдрийнхөө болсон зүйлсийг бие биедээ ярьж,

  • Долоо хоногт нэг удаа болзоонд явж,

Хоорондоо илүү нээлттэй харилцдаг болсон байлаа. Мариг бодлоо хуваалцахад Дэвид сонсдог байв. Тэд анх гэрлэж байхдаа хоорондоо ярилцдаг байсан шигээ ярилцаж эхлэв.

Дэйвидээс гадна би ч бас өөрчлөгдсөн гэж Мари хэлсэн. Мари илүү хүчтэй, өөртөө илүү итгэлтэй болсон байлаа. Дэвид наманчилж, гэртээ эргэн иржээ.

Их Эзэнийг өдөр тутмын амьдралдаа оролцуулснаар харилцаандаа илүү их итгэл, хайрыг бий болгосон юм. Тэд Их Эзэний тусламжтай энэ сорилтыг даван туулахыг хичээснээр хоёулаа хүчтэй болсноо мэдсэн.

Христийн үгс биднийг удирдах болно.

Бид гэр бүлийн хэцүү харилцаан дээрээ Их Эзэнтэй зөвлөлдөхөө санаж байгаасай. Заримдаа Тэр бидэнд юу хийх ёстойг хэлж өгнө. Заримдаа бид өөрсдөө сонголтоо хийнэ. “Бүх зүйлд би зарлиглах нь тохирохгүй бөлгөө” (Сургаал ба Гэрээ 58:26). Гэвч зарим үед Их Эзэн рүү өөрсдийгөө эргүүлэх хэрэг ч гардаг. Хэрэв бид мөнхийн хэтийн төлөвтөө үнэнч байх аваас мөнхийн баялгууд биднийх болж, “бүх зүйл [бидний] сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно” (Сургаал ба Гэрээ 90:24).