2023
Христийн талаар гэрчлэх боломжоо хэзээ ч битгий алдаарай
2023 оны 5-р сар


Христийн талаар гэрчлэх боломжоо хэзээ ч битгий алдаарай

Христэд илүү их ойртож, өөрсдөдөө гэрчлэхэд бэлэн байх хүсэл маань жинхэнэ баяр хөөрийг авчирдаг.

Таван жилийн өмнө энэ өдөр бид хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр буюу өсөлт, илчлэлийн энэхүү гайхамшигт үе дэх Их Эзэний үгийг дамжуулагчаар дэмжин гараа өргөсөн. Түүгээр дамжуулан бид тоймгүй олон урилга хүлээн авсан бөгөөд хэрэв амьдралаа Аврагч Есүс Христэд төвлөрүүлбэл гайхамшигт адислалууд амлагдсан билээ.

2011 онд манай нөхөр, бид хоёрыг Бразил улсын үзэсгэлэнт Күричибад номлолын удирдагчаар үйлчилж байхад нэгэн цуглааны үеэр миний утас дуугарав. Дууг нь яаран хаах үедээ аав минь залгаж байгааг би анзаарлаа. Цуглаанаас хурдхан гарч, утсаа аваад, “Сайн уу, аав аа” гэхэд,

гэнэтхэн түүний хоолой чичрэн, “Сайн уу, Бонни. Би чамд нэг зүйл хэлэх гэсэн юм. Намайг Амиотрофик хажуугийн склерозтой гэж оношилжээ” гэлээ.

“Юу? Амиотрофик хажуугийн склероз гэж ямар өвчин юм бэ?” гээд ойлгож ядан асуухад,

аав маань “Оюун санаа минь соргог хэвээрээ байх ч бие минь яваандаа хөдлөхөө болино” гээд аль хэдийн тайлбарлаж байв.

Энэ гашуун мэдээний цаад үр дагавруудыг бодож эхэлмэгц миний ертөнц орвонгоороо эргэхийг би мэдэрсэн. Гэхдээ тэр мартагдашгүй өдөр аавын минь сүүлд хэлсэн үгс зүрх сэтгэлээс ер гардаггүй юм. Хайртай аав минь “Бонни, Христийн талаар гэрчлэх боломжоо хэзээ ч битгий алдаарай” хэмээн чухалчлан захисан юм.

Би аавынхаа өгсөн зөвлөгөөг тунгаан бодож, залбирдаг байсан. Би Есүс Христийн талаар гэрчлэх боломжоо хэзээ ч алдахгүй байна гэдэг нь юу гэсэн утгатайг бүрэн мэддэг эсэхээ өөрөөсөө олонтоо асуудаг байсан.

Та бүхний адил, би үе үе сарын эхний ням гарагт босож зогсоод, Христийн талаар гэрчилдэг байлаа. Би хичээлийн нэг хэсэг болгон, сайн мэдээний үнэний талаар олон удаа гэрчилж байсан. Би номлогч байхдаа үнэнийг зоригтой зааж, Христийн бурханлаг байдлыг тунхагладаг байсан.

Гэхдээ түүний гуйлт надад илүү их хувийн чанартай санагдсан юм. Бонни, дэлхийнхэнд чамайг дийлэх боломжийг бүү олго! Аврагчтай байгуулсан гэрээнүүддээ үнэнч үлд. Өдөр бүр Түүний адислалуудыг мэдрэхийг эрэлхийл. Ариун Сүнсээр дамжуулан өөрийн амьдрал дахь Христийн хүч, оролцооны талаар гэрчлэх чадвартай бай! гэж хэлж байгаа мэт байв.

Бид унасан дэлхийд амьдардаг бөгөөд анхаарал сарниулдаг зүйлс бидний хараа, зүрх сэтгэлийг тэнгэрийн зүг биш харин доош нь хууран татаж байна. 3 Нифай 11 дэх нифайчуудын адил, бидэнд Есүс Христ хэрэгтэй. Та өөрийгөө их үймээн самуун, устгалыг туулсан энэ хүмүүсийн дунд байгаагаар төсөөлж чадах уу? Их Эзэний өгдөг хувийн урилгыг сонсоход ямар байх бол?

“Босогтун мөн хавирган талын сорвинд минь та нар гараа хүргэж болохын тулд, мөн түүнчлэн миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг та нар тэмтэрч болохын тулд над дээр нааш ирэгтүн, тиймээс би бол … бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болно.

[Мөн] цугласан олон урагшилж … нэг нэгээрээ явж, мөн нүдээрээ үзэж мөн гараараа тэмтэрч, … мэдэж … өөрсдөө үзэ[в].”1

Уг нифайчууд Түүнийг үнэхээр Христ мөн гэдгийг өөрсдөө гэрчлэхээр Түүний хавирган талын сорвинд гараа хүргэж, гар хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзэхийг хүсэн урагшилсан. Үүний адил, энэ жил Шинэ Гэрээнээс бидний судалсан итгэлтэй олон хүн Христийн ирэхийг тэсэн ядан хүлээж байсан. Тэгээд тэд өөрсдийн талбай, ажлын байр, хоолны ширээг орхин Түүнийг дагаж, Түүнийг тойрон бүчиж, шахан, Түүнтэй хамт сууцгаасан. Судрууд дахь цугласан олны адил бид өөрсдийн биеэр үзэж гэрчлэхийг тэсэн ядан хүлээдэг үү? Бидний эрэлхийлж байгаа адислалууд тэднийхтэй адил чухал биш гэж үү?

Христ өөрийн биеэр нифайчууд дээр ариун сүмд ирэхдээ тэднийг хол зогсоод, Өөрийг нь зайнаас харахад уриагүй, харин Өөрт нь хүрч, хүн төрөлхтний Аврагчийн үнэн бодит байдлыг өөрсдөө мэдэрч үзэхэд урьсан. Бид Есүс Христийн талаар өөрийн гэсэн гэрчлэл олж авахуйц хангалттай зайд хэрхэн ойртож чадах вэ? Энэ нь аавын маань надад заахыг хичээж байсан зүйлийн нэг байж болох юм. Христийг дэлхий дээр тохинуулж байх үед түүнтэй хамт алхаж байсан тэдний адил биеэрээ дэргэд нь байх боломж бидэнд байхгүй ч Ариун Сүнсээр дамжуулан бид Түүний хүчийг өдөр бүр мэдэрч чадна! Бүр хүссэн хэмжээгээрээ мэдэрч чадна!

Дэлхий даяарх залуу эмэгтэйчүүд надад Христийг эрэлхийлж, Түүний талаар өдөр бүр хувийн гэрчлэл олж авах тухай маш ихийг заасан. Тэдний хоёрынх нь мэргэн ухаанаас хуваалцъя.

Ливви амьдралынхаа туршид Ерөнхий чуулганыг үзсээр ирсэн. Үнэндээ түүний гэрийнхэн гэр бүлээрээ таван хуралдааныг бүгдийг нь үздэг уламжлалтай байжээ. Өмнө нь Ерөнхий чуулган Ливвигийн хувьд дэвтэр дээрээ зураг сараачих, санамсаргүй байдлаар дуг хийх гэсэн утгатай байв. Харин өнгөрсөн 10-р сарын Ерөнхий чуулган өөр байлаа. Энэ нь хувийн чанартай болсон.

Ливви энэ удаад идэвхтэй хүлээн авагч байхаар шийджээ. Тэр утасныхаа мэдэгдлүүдийг унтраагаад, Сүнснээс ирэх өдөөлтүүдийг тэмдэглэж авав. Тэр Бурханы өөрийг нь сонсож, хийгээсэй гэсэн тодорхой зүйлсийг мэдэрсэндээ гайхширчээ. Энэ шийдвэр нь түүний амьдралд бараг тэр даруй өөрчлөлт авчирсан байна.

Хэдхэн өдрийн дараа найзууд нь түүнийг зохисгүй кинонд хамт явахыг урив. Тэрээр “Би Ерөнхий чуулганы үгс болон сүнс зүрх сэтгэлд минь эргэн ирэхийг мэдэрснээс гадна тэдний урилгыг авахгүй гэдгээ хэлсэн” гэж дурсжээ. Тэр бас тойрогтоо Аврагчийн талаар гэрчлэлээ хуваалцах зориг гаргажээ.

Эдгээр үйл явдлын дараа, тэрээр ярихдаа: “Гайхалтай нь, намайг Есүс Христийг гэрчлэн ярих үед Ариун Сүнс надад үүнийг дахин батлахыг би мэдэрсэн” гэв.

Ливви Ерөнхий чуулганы өдрүүдийг усны мандал дээр ойх чулуу адил өнгөрүүлээгүй, харин оюун ухаан, сүнсээрээ шумбан орж, тэндээс Аврагчийг олсон.

За одоо, Маддигийн тухай ярья. Гэр бүлийнхэн нь сүмд явахаа болих үед Мадди төөрөлдөж, юу хийхээ сайн мэдэхгүй байлаа. Тэрээр ямар нэгэн онцгой зүйл дутагдаад байгааг ухаарчээ. Тиймээс 13 настайдаа Мадди сүмд ганцаараа явж эхэлсэн байна. Ганцаараа байх нь заримдаа хэцүү, эвгүй байдаг байсан ч, тэрээр Сүмээс Аврагчийг олж чадна гэдгээ мэдэж байсан төдийгүй Түүний байгаа газарт байхыг хүсэж байв. Тэрээр: “Сүм дээр байхад бодгаль маань гэртээ байгаа мэт санагддаг байсан” гэж хэлсэн юм.

Гэр бүлийнхэн нь үүрд мөнхөд лацдан холбогдсон явдал түүнийг тайтгаруулж байлаа. Мадди сүм дээр эрэгтэй дүү нараа авчирч, гэртээ тэдэнтэй хамт судраас суралцаж эхлэв. Яваандаа ээж нь тэдэнтэй нэгдэж эхэлжээ. Мадди ээждээ номлолд үйлчлэх хүсэлтэй байгаагаа хэлж, өөртэй нь хамт ариун сүмд ороход бэлтгэх эсэхийг асуусан байна.

Мадди өнөөдөр Номлогч бэлтгэх төвд байгаа. Тэр үйлчилж, Христийн талаар гэрчилж байгаа. Түүний үлгэр жишээ аав ээжийг нь хоёуланг нь ариун сүм рүү мөн Христ рүү буцаан хөтөлсөн юм.

Ливви, Мадди хоёрын адил бид Христийг эрэлхийлэхээр сонгох үед Сүнс өөр өөр нөхцөл байдалд Түүнийг гэрчлэх болно. Сүнсний эдгээр гэрч нь биднийг мацаг барьж, залбирч, хүлээж, үргэлжлүүлэн урагшлах үед тохиодог. Ариун сүмд ойр ойрхон шүтэн биширч, өдөр бүр наманчлан, судраас судалж, сүмд болон семинарт оролцон, патриархын адислалынхаа талаар тунгаан бодож, ёслолуудыг зохистой хүлээн авч, ариун гэрээнүүдээ хүндэтгэн сахиснаар бид Христэд улам илүү ойртох болно. Энэ бүхэн нь бидний оюун санааг гэгээрүүлэхэд Сүнсийг урьдаг бөгөөд илүү амар амгалан, хамгаалалтыг авчирдаг. Гэхдээ бид эдгээрийг Христийн тухай гэрчлэх ариун нандин боломж гэж хүндэтгэдэг үү?

Би ариун сүмд олон удаа орж байсан ч, Их Эзэний өргөөнд шүтэн бишрэх нь намайг өөрчилдөг. Заримдаа би мацаг барьж байхдаа зүгээр л өлсөж байгаагаа мэдэрдэг бол, зарим үед би Сүнсэнд зорилготой найрладаг. Заримдаа би байнга хэлдэг залбирлаа л давтан хэлдэг бол, заримдаа бас залбирлаараа дамжуулан Их Эзэнээс зөвлөгөө авахыг эрмэлздэг.

Эдгээр ариун нандин дадлыг хийх зүйлсийн жагсаалт гэхээс илүү гэрчийн хувьд үйлдэх үед хүч бий болдог. Энэ үйл явц нь өдөр бүр, идэвхтэй оролцон, Христтэй холбоотой туршлагыг зориуд бий болгох үед аажмаар өсөн нэмэгдэх болно. Бид Түүний сургаалыг амьдралдаа байнга хэрэгжүүлэх үедээ Түүний талаар гэрчлэлтэй болж, Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбоо харилцаа тогтоодог. Бид Тэдэнтэй адилхан болж эхэлдэг.

Дайсан маш их чимээ шуугиан үүсгэдэг учраас Их Эзэний дуу хоолойг сонсоход хэцүү байж болно. Манай дэлхий, бидний бэрхшээл, нөхцөл байдал дахь шуугиан намжихгүй ч, бид илүү тод “Түүнийг сонсохын” тулд Христийн зүйлсийн төлөө өлсөж, цангавал зохино.2 Бид өдөр бүр Аврагчдаа төвлөрөхөд анхаарлыг маань хандуулах дадлыг суулгаж, шавийн хандлагыг бий болгох хэрэгтэй.

Аав минь өөд болоод 11 гаруй жил болж байгаа ч “Бонни, Христийн талаар гэрчлэх боломжоо хэзээ ч битгий алдаарай” гэх түүний үгс зүрхэнд минь оршсоор байдаг. Би та бүхнийг аавын минь урилгыг надтай хамт хүлээн авна уу гэж урьж байна. Христийг газар бүрээс хай. Тэр тэнд байгаа гэдгийг би амлаж байна!3 Христэд илүү их ойртож, өөрсдөдөө гэрчлэхэд бэлэн байх хүсэл маань жинхэнэ баяр хөөрийг авчирдаг.

Эцсийн өдрүүдэд “өвдөг бүхэн сөхөрч, хэл бүхэн”4 Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрөх болно гэдгийг бид мэддэг. Есүс Христ амьд! гэж баяр хөөртэйгөөр гэрчлэх боломж бүрийг ашиглахын сацуу энэхүү гэрчлэл маань одоо бидний хувьд энгийн, аяндаа ундран гардаг туршлага болох болтугай гэж би залбирч байна.

Би Түүнд маш их хайртай. Аврагчийн маань Цагаатгал бүх хүнд мөнх амьдралыг боломжтой, үхэшгүй байдлыг бодитой болгосон”5 явдалд бид маш их талархдаг. Би Түүний сайн сайхан, агуу алдар сууг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.