2023
Итгэлтэйгээр үргэлжлүүлсээр бай
2023 оны 5-р сар


Итгэлтэйгээр үргэлжлүүлсээр бай

Аврагч Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх нь ямар ч саад тотгортой тулгарсан бай биднийг зориг мохохгүй байхад тусалдаг.

Хүнд хэцүү цаг үед төлөөлөгч байсан ахлагч Жорж А.Смит бошиглогч Иосеф Смитээс дараах зөвлөмжийг хүлээн авчээ. “Тэр намайг тойрон хүрээлэх ямар ч хүнд бэрхшээлээс болж зориг мохож болохгүйг хэлээд, хэрэв Нова Скотын хамгийн гүнзгий нүхэнд унаж мөн Роки Маунтэнс тэр чигээрээ нуран, дээрээс минь овоолж орхисон байлаа ч би зориг мохох ёсгүй, харин үргэлжлүүлэн тэвчиж, итгэлээ хөгжүүлэн, эр зоригоо чангалж, овооны дээр гарч зогсох ёстой шүү гэж билээ.”1

Бошиглогч Иосеф зовж шаналж буй хүнд үүнийг яаж хэлж чадав аа? Учир нь тэр үүнийг үнэн гэдгийг мэдэж байсан! Тэр үүнийхээ дагуу амьдарсан юм. Иосефын амьдралд маш хүнд зүйл олон удаа тохиож байсан. Гэсэн хэдий ч Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хэрэгжүүлэн, цааш үргэлжлүүлэн явснаар тэр дааж давшгүй мэт саад тотгорыг даван гарч чадсан юм.2

Өнөөдөр би сэтгэл гонсойлгож, зовлон дагуулсан явдал, өөрсдийн сул тал болон өөр бусад сорилт бэрхшээлтэй тулгарахдаа бүү урам хугарч, цөхрөөрэй гэсэн Иосефын гуйлтыг дахин хэлмээр байна.

Урам хугарах гэж хэлэхдээ би клиникийн сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэг, тусгай эмчилгээ шаарддаг өөр бусад өвчний талаар хэлсэнгүй.3 Би зөвхөн амьдралын алдаа, оноог дагалдан ирдэг энгийн урам хугарах явдлыг ярьж байна.

Юу ч тохиолдсон байсан итгэлтэйгээр үргэлжлүүлдэг баатруудаасаа би урам зориг авдаг.4 Мормоны Номоос бид Лебений зарц Зорамын тухай уншдаг. Нифай гуулин ялтаснуудыг авах үед Зорам Нифай болон түүний ах нарыг дагаж аглаг буйд тийш одох уу аль эсвэл амиа алдах уу гэсэн сонголттой тулгарчээ.

Ямар хүнд сонголт вэ! Зорам эхлээд зугтахыг завдсан ч Нифай түүнийг барьж, хэрэв өөрсөдтэй нь хамт явбал чөлөөт хүн болохоос гадна өөрсдийнх нь гэр бүлд түүнийг багтаах зай гарах болно гэж амлажээ. Зорам зориг гарган тэдэнтэй хамт явсан юм.5

Зорам шинэ амьдралдаа олон зовлон зүдгүүрийг амссан ч итгэлтэйгээр урагшилсан. Зорам өнгөрсөн амьдралтайгаа зууралдаж, Бурханд эсвэл бусдад атаа хорсол тээж явсангүй.6 Тэрээр бошиглогч Нифайн үнэнч анд байсан ба үр удмаараа амлагдсан нутагт эрх чөлөөтэй, хангалуун сайхан амьдарсан юм. Зорамын замд хөндөлдсөн том саад бэрхшээл нь яваандаа түүний итгэлтэй байдал, үргэлжлүүлэн явах хүслийн улмаас арвин адислал руу хөтөлсөн билээ.7

Саяхан би нэгэн зоригтой эгчийн хүнд хэцүүг хэрхэн даван туулснаа ярихыг сонссон юм.8 Түүнд хэд хэдэн асуудал байсан ба тэрээр нэгэн ням гарагт Халамжийн нийгэмлэгийн ангид өөрөөс нь тэс ондоо, өндөг шиг өөгүй төгс амьдралтай гэж боддог багшийнхаа ярихыг сонсоод сууж байв. Тэр ядарч, урам нь хугарсан байлаа. Тэр өөрийгөө хангалттай сайн биш, тэр ч бүү хэл тэдний дунд байх ёсгүй гэж бодсон тул босоод сүмд хэзээ ч эргэж ирэхгүй гэж шийдэн гарч явжээ. Машин руугаа алхаж байхад нь түүнд “Сүмийн байр луу буцаж очин ариун ёслолын цуглаан дээр үг хэлэгчийг сонс” гэсэн онцгой мэдрэмж төрсөн байна. Тэр уг өдөөлтөд эргэлзсэн ч дахин хүчтэй мэдэрсэн тул цуглаан руу явлаа.

Тэр яг хэрэгтэй байсан захиасаа сонсоод, Сүнсийг мэдэрчээ. Их Эзэн түүнийг Өөртэй нь хамт үлдэж, шавь нь байж, сүмд яваасай гэж хүсэж байсныг нь тэр мэдсэн тул хүслийг нь дагасан юм.

Түүний юунд талархаж байсныг та мэдэх үү? Тэр бууж өгөөгүйдээ талархаж байсан. Түүнд амар байгаагүй ч тэр Есүс Христэд итгэн, итгэлээр цааш үргэлжлүүлэн явсан бөгөөд урагшлан явахдаа тэр өөрөө төдийгүй гэр бүлийнхэн нь харамгүй адислагдсан байлаа.

Хэрэв бид тэнгэр, газрын Бурхан руу харж, Ариун Сүнсний өдөөлтийг даган,9 итгэлээр үргэлжлүүлэн явах аваас Тэрээр бидэнд ямар ч саад бэрхшээл, урам хугарах зүйл тохиолдсон бай даван туулахад тусална.

Аз болоход, бидний сул дорой, хүч мөхөстсөн үед Их Эзэн бидний итгэлийг хүчирхэгжүүлж, чадавхыг байгаагаас маань илүү нэмэгдүүлж чадна. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн. 20 гаруй жилийн өмнө би Бүсийн далаар гэнэт дуудагдахдаа өөрийгөө хангалтгүй гэж бодож байж билээ. Сургалтад суусныхаа дараа би анхны гадасны чуулганаа тэргүүлэх болов.10 Гадасны ерөнхийлөгч бид хоёр бүх зүйлийг нарийн чамбай төлөвлөсөн юм. Чуулганы өмнөхөн тухайн үед ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч байсан Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр утасдаж, надтай хамт явж болох уу гэж асуусан. Би гайхсан ч мэдээж зөвшөөрөв. Тэр тэргүүлэх учраас ямар байдлаар тэргүүлэн удирдахыг нь би лавлалаа. Тэр төлөвлөгөөгөө дагалгүй Сүнсийг дагахад бэлдэхийг санал болгосон. Аз болоход, надад судалж, залбирч, бэлдэх 10 өдөр үлдсэн байв.

Нээлттэй хөтөлбөрийн дагуу бид удирдагчдын цуглаан эхлэхээс 20 минутын өмнө индэр дээрх суудлаа эзэлсэн байлаа. Намайг гадасны ерөнхийлөгч рүү налсхийн “Гайхалтай гадас байна” гэж шивнэхэд,

ерөнхийлөгч Пакэр намайг зөөлөн нудраад, “Битгий яриад бай” гэв.

Ярихаа болих үед надад Ерөнхий чуулган дээр түүний хэлсэн “Бишрэл хүндэтгэл нь илчлэлтийг урьдаг”11 гэх үг санаанд орсон юм. Ерөнхийлөгч Пакэрыг судрын эшлэлүүд бичиж байгааг би анзаарав. Тэр цуглаанд зориулан сүнсний удирдамж хүлээн авч байгааг Сүнс надад баталсан юм. Миний суралцах туршлага дөнгөж эхэлж байв.

Ерөнхийлөгч Пакэр эхний 15 минутад үг хэлээд, бүх хуралдааныг Ариун Сүнсний удирдамжийн дагуу хөтлөхийн ач холбогдлыг онцолсон юм.12 Дараа нь тэр “Бид одоо ахлагч Күкийн үгийг сонсоно” гэв.

Индэр лүү явах замдаа хэр удаан ямар сэдвээр яриасай гэж хүсэж байгааг нь би түүнээс асуулаа. Тэр “15 минутад багтаан, сүнсээр өдөөгдсөнөө ярь” гэв. Би толгойд орж ирснээ бүгдийг нь 14 орчим минутад хуваалцлаа.

Ерөнхийлөгч Пакэр дахин гарч ирээд, дахиад 15 минут ярихдаа дараах судрыг хуваалцав.

“Зүрх сэтгэлд тань миний тавих бодлуудыг яригтун, мөн та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй.

… Та нар юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно.”13

Дараа нь тэрээр “Бид одоо ахлагч Күкийн үгийг сонсоно” гэх нь тэр.

Би мэл гайхав. Нэг цуглаан дээр надаас хоёр удаа үг хэлэхийг хүснэ гэж би зүүдэлж ч явсангүй. Миний санаанд ярьчих зүйл ч байсангүй. Дотроо хүчтэй залбирч, Их Эзэний тусламжид найдсаны ачаар би санаанд минь адислал болон орж ирсэн бодол, судраа хуваалцаж, дахин 15 минут ярьж чадсан юм. Би ядарч туйлдсан байдалтай суудалдаа суув.

Ерөнхийлөгч Пакэр дахин 15 минут Сүнсийг дагах талаар ярин, бид “хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин [Ариун] Сүнсний сургасан үгээр яр[их]”14 ёстой гэсэн Паулын сургаалыг хуваалцлаа. Түүнийг “Бид одоо ахлагч Күкийн үг хэлэхийг сонсоно” гэж гурав дахь удаагаа хэлэхэд, миний хэчнээн их сандарч тэвдсэнийг та нар төсөөлж байгаа байх.

Миний ярих зүйл шавхагдаж, юу ч үгүй болсон байв. Одоо л итгэлээ хэрэгжүүлэх цаг ирсэн гэдгээ би мэдэж байв. Индэр лүү удаан гэгч алхахдаа би Бурханаас тусламж хүсэн гуйж байлаа. Микрофон дээр очих үед Их Эзэн намайг гайхамшигтай адисалж, би ахин 15 минут ярьж чадав.15

Цуглаан эцэст нь өндөрлөсөн ч насанд хүрэгчдийн цуглаан цагийн дараа эхлэх гэж байгааг би гэнэт ухаарав. Өө, үгүй ээ! Зорам шиг зугтаахыг үнэхээр хүссэн ч түүний Нифайд баригдсан шиг ерөнхийлөгч Пакэрт баригдана гэдгээ би мэдэж байлаа. Насанд хүрэгчдийн цуглаан яг ижил маягаар явагдаж, би дахин гурван удаа үг хэлсэн юм даг. Дараагийн өдөр ерөнхий хуралдааны үеэр би нэг л удаа үг хэлсэн.

Чуулганы дараа ерөнхийлөгч Пакэр “Дараа дахин ингэж хийцгээе” гэж хайраар дүүрэн хэлж билээ. Би ерөнхийлөгч Боид К.Пакэрт хайртай, түүнээс сурсан бүхэндээ талархдаг.

Та нар намайг юунд талархдагийг мэдэх үү? Бууж өгөн, сөрөөгүйдээ би талархдаг. Хэрэв би тэдгээр цуглаанаас зугтаж гарах хүслээ дагасан бол итгэлээ нэмэгдүүлэх, Тэнгэрлэг Эцэгээсээ харамгүй цутган ирэх хайр, дэмжлэгийг хүлээн авах боломжоо алдах байсан. Би Түүний нигүүлсэл, Есүс Христийн болон Түүний Цагаатгалын гайхамшигт боломж олгогч хүч, Ариун Сүнсний хүчирхэг нөлөөний талаар олж мэдсэн юм. Би сул дорой байсан ч,16 хэрэв итгэлээр цааш үргэлжлүүлбэл үйлчилж чадахаа мөн Их Эзэн миний дэргэд байсан цагт хувь нэмэр оруулж чадахаа мэдсэн.

Амьдралд тохиох сорилт бэрхшээлийн хэр хэмжээ, хязгаар, хэр ноцтой байхаас үл хамааран бид бүгдэд болимоор, орхимоор, зугтмаар, бүр шантармаар цаг үеүд байдаг. Харин Аврагч, Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх нь ямар ч саад тотгортой тулгарсан бай биднийг зориг мохохгүй байхад тусалдаг.

Аврагч өгөгдсөн ажлаа дуусгасан шиг, бидэнд даалгасан ажлыг хийж дуусгахад туслах хүч Түүнд бий.17 Гэрээний зам хэчнээн бартаатай байсан ч бид урагшилж, эцэст нь мөнх амьдралыг хүлээн авахаар адислагдах болно.18

Бошиглогч Иосеф Смитийн хэлсэнчлэн, “Бурханы Гэгээнтнүүд та нар итгэлээ хадгалан арай удаан тэс, тэгвэл амьдралын бэрхшээл өнгөрч, та нар Бурханаас шагналаа авна. Та нар Түүний үйлчлэгчид билээ.”19 Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Жорж А.Смит, Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 240.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, х. 231–242-ыг үзнэ үү.

  3. Урам хугарах тухай ярихдаа би “Христэд итгэлтэйгээр үргэлжлүүлсээр байх” нь клиникийн сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэг болон өөр бусад өвчнөөр шаналж буй хүмүүсийн гаргах шаардлагатай хичээл зүтгэлийн тухай яриагүй юм шүү. Найз нөхөд, гэр бүлийн гишүүд болон бусад сонсож буй хүмүүст хандан би Их Эзэнд найдахын сацуу эмчийн болон сэтгэлзүйн мөн сүнслэг тусламж аваарай гэсэн Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дахин хэлмээр байна. Эдгээр өвөрмөц сорилттой тулгарсан хүн нэг бүрийн зовлонг би сэтгэл зүрхнийхээ гүнээс ойлгож байна. Бид та нарын төлөө чин сэтгэлээсээ залбирдаг.

  4. Орчин үеийн баатруудаас гадна судрууд дахь баатруудын зарим нь Калеб (Тооллого 14:6–9-ийг үзнэ үү), Иов (Иов 19:25–26-г үзнэ үү), Нифай (1 Нифай 3:7-г үзнэ үү) нар юм.

  5. 1 Нифай 4:20, 30–35, 38-ыг үзнэ үү.

  6. Дэйл Г.Рэнланд, “Уур хүрмээр шударга бус байдал,” Лиахонa, 2021 оны 5-р сар, 20–21-ийг үзнэ үү.

  7. 2 Нифай 1:30–32-ыг үзнэ үү. “Хэдийгээр Зорамыг чанга гараар удирдах хэрэгтэй байсан ч түүний орсон урхи Бурхан түүнийг адислах болсон яг тэрхүү нөхцөл шалтгаан нь байсан юм. Хэдийгээр тэр төрсөн нутгаа орхих ёстой байсан ч Бурхан түүнд илүү сайхан газрыг бэлдсэн байсан” (David B. Paxman, “Zoram and I: Getting Our Stories Straight” [Brigham Young University devotional, July 27, 2010], 8, speeches.byu.edu).

  8. Энэ эгчийн гэрчлэлийг би Ривэрдэйл Юта гадасны тойрогт 2022 оны 12-р сарын 11-нд сонссон юм. Түүний хуваалцсан түүх өмнөх тойрогт нь болсон явдал байв.

  9. Сургаал ба Гэрээ 11:12–13-ыг үзнэ үү.

  10. Би Бэнсон Юта гадсанд 2001 оны 11-р сарын 3–4-нд томилогдсон байв. Ерөнхийлөгч Жэрри Түмс гадасны ерөнхийлөгч байсан.

  11. Boyd K. Packer, “Reverence Invites Revelation,” Ensign, Nov. 1991, 21–23-ыг үзнэ үү.

  12. Сургаал ба Гэрээ 46:2-ыг үзнэ үү.

  13. Сургаал ба Гэрээ 100:5–6; мөн 7–8-р шүлгийг үзнэ үү.

  14. 1 Коринт 2:13

  15. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та сүнслэг байдлаараа урьд урьдынхаасаа ч илүү урагшаа тэмүүлбэл Аврагчийн хүч чадал танд ирэх болно” гэж хэлсэн (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 27).

  16. Ифер 12:27-г үзнэ үү.

  17. Иохан 17:4-ийг үзнэ үү.

  18. 2 Нифай 31:20; Мозая 2:41; Алма 36:3-ыг үзнэ үү.

  19. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 240.