2023
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн 5 жилийн тохинууллыг эргэн харахуй
2023 оны 5-р сар


Сүмийн мэдээ

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн 5 жилийн тохинууллыг эргэн харахуй

Тав орчим жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгчийн хувиар олон нийтэд хандан, анх удаа үг хэлэхдээ бусдын анхаарлыг өөртөө бус Есүс Христ рүү хандуулж, ирээдүйг бошиглогч хүний нүдээр харсан юм.

“Их Эзэн Өөрийн бошиглогчдыг ямагт зааварлаж, сүнсээр чиглүүлж ирсэн бөгөөд тэгсээр ч байх болно. Их Эзэн залуур дээр байна. Түүний ариун нэрийг дэлхийд гэрчлэхээр томилогдсон бид Түүний тааллыг мэдэж, дагахаар үргэлжлүүлэн хичээх болно” хэмээн тэрээр тунхагласан.

Сүмийг удирдан залах илчлэлт хүлээн авсан нь

Ерөнхийлөгч Нэлсон 35 үндэстнээр зочилж, Сүмийн бүтцийг өөрчилж, сайн мэдээг хуваалцах шинэ арга барил нэвтрүүлэн, цар тахлын турш Сүмийг удирдаж, түүхэнд байгаагүй урилгуудыг өгч, ойлголтын үндэс суурийг тавьснаар Их Эзэний чиглүүлгийн дагуу үйлдсэн аж.

Сүмийн удирдагчийн алба хашиж байх хугацаандаа ерөнхийлөгч Нэлсон олон зуун мянган хожмын үеийн гэгээнтэнд хандан ярьж, хаад, ерөнхийлөгчид, ерөнхий сайд нарыг уриалж ирсэн. Тэрээр гэмт хэргийн хохирогчдыг болон гашуудаж буй хүмүүсийг тайтгаруулж, Өнгөт Арьстай Хүмүүсийн Хөгжлийн Үндэсний Холбооны (ӨАХХҮХ) тэргүүлэх удирдагчидтай харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, АНУ-ын Мишиган мужийн Дэтройт хотод болсон ӨАХХҮХ 2019 ээлжит чуулга уулзалтад үг хэлэх урилга хүлээн авчээ.

Тэрээр илчлэлтээр болон Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бүрэн дэмжлэгтэйгээр Сүмд бодлогын маш олон өөрчлөлт оруулсан.

Түүний сүнслэг чиглүүлэг доор хожмын үеийн гэгээнтэн удирдагчид гэрийн болон айлчлагч багшлалтыг тохинууллаар сольж, Ням гаргийн цуглааны хуваарийг гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сайн мэдээг судлах цаг болгон өөрчилсөн ба гишүүдэд Сүмийн бүтэн, зөв нэрийг хэрэглэхийг уриалсан. Сүм иргэний гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн хосууд бэлэн болсон даруйдаа ариун сүмд лацдан холбуулж болох бодлого баримтлах болж, аравны нэгийн тайлан хэлэлцүүлэг гэсэн нэршлийг аравны нэгийн мэдүүлэг болгон өөрчилж, эмэгтэйчүүдийг ариун сүмийн лацдан холболтын гэрчээр үйлчлэх мөн Сүмийн зохистой эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг баптисмын ёслолд гэрчээр үйлчлэх журмыг баталсан.

2018 оны 4-р сард Сүмийн Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон “Намайг Сүмийн ерөнхийлөгчийн шинэ дуудлагаа хүлээн авснаас хойш Сүнс миний оюун бодолд удаа дараа ойлгуулж байгаа зүйлсийн нэг бол Их Эзэн Өөрийн бодол, хүслийг илчлэхдээ хэзээд бэлэн байдаг тухай юм” хэмээн хэлсэн (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт”, 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

2020 онд Сүмийн удирдагчид Иосеф Смитийн анхны үзэгдлийн хоёр зуун жилийн ойг өргөн хүрээнд бус харин дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдэд Их Эзэний дуу хоолойг илүү сайн, илүү тогтмол сонсож сурахад урилга өгч тэмдэглэв. 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинд өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг” хэмээх түүхэн тунхгийг танилцуулсан (“Түүнийг сонс”, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган-ыг үзнэ үү).

КОВИД-19 цар тахлын үеэр Сүмийг удирдсан нь

Зүрхний анхны мэс засалчийн туршлагаар, түүнээс илүүтэйгээр Их Эзэний бошиглогч, дэлхийг хамарсан шашны удирдагчийн хувьд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2020 онд эхэлсэн КОВИД-19 цар тахлын турш Сүмийг удирдсан юм.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хүмүүнлэгийн байгууллага Ковид-19 цар тахалд зориулж 150 гаруй оронд тусламж үзүүлсэн нь Сүмийн өнөө үеийн түүхэнд хамгийн томд тооцогдож байна.

2020 оны 5-р сард Church News (Сүмийн мэдээ)-т өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч Нэлсон: “Ямар ч хэцүү зүйлд сайн тал бий” хэмээн хэлжээ (in Sarah Jane Weaver, “Video: President Nelson Talks about the ‘Painful’ Decision to Close Temples amid COVID-19,” Church News, July 27, 2020, thechurchnews.com). Цар тахлын сайн тал нь онгоцонд суулгүйгээр хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамт байж сурсан явдал юм хэмээн тэр хэлэв. Ерөнхийлөгч Нэлсон технологийн тусламжтайгаар Венесуэл, Европ, Калифорниа, Канад, Оклахома зэрэг газрууд дахь хожмын үеийн гэгээнтнүүдэд хандан үг хэлсэн. Тэрээр мөн дэлхий даяарх залуучуудад хандан үг хэлсэн юм.

2020 оны 3-р сард цар тахал ихэссэнээс хойш ерөнхийлөгч Нэлсон 2022 оны 8-р сард Ютагаас анх удаа гарч, шинэчлэн засварласан Вашингтон Ди Си ариун сүмийн онцгойлон адислалд оролцохоор аялав.

Ганди-Кинг-Мандэлагийн нэрэмжит энх тайвны шагнал хүлээн авсан нь

Жоржиа муж дахь өнгөт арьстнуудын түүхт Моорхаус коллеж нь Ганди-Кинг-Мандэлагийн нэрэмжит энх тайвны анхны шагналаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд гардуулах болсон гэдгээ зарлалаа. 2023 оны 4-р сарын 13-ны өдөр Атланта хот дахь Бага Мартин Лүтэр Кингийн Олон Улсын Сүмд зохион байгуулагдсан Дэлхийн шашин хоорондын болон Христийн Шашны урсгал хоорондын уулзалт дээр энэхүү шинэ шагналыг өдгөө 98 настай бошиглогчид гардуулав.

Уг шагнал нь Махатма Ганди, Бага Мартин Лүтэр Кинг, Нэлсон Мандэла нарын нэрэмжит шагнал юм. Хүчирхийллийн бус арга замаар нийгмийн эерэг өөрчлөлт, энх тайвныг идэвхтэй урамшуулан дэмжиж, дэлхий дахиныг манлайлан дагуулах ур чадвараараа дамжуулан энх тайван, шударга ёс, ялгаатай байдал, олон ургалч үзлийг хамгаалан дуу хоолойгоо өргөдөг хүмүүст энэхүү шагналыг олгодог хэмээн тус сургууль мэдэгджээ.

Ерөнхийлөгч Нэлсон уг шагналыг видео бичлэгээр дамжуулан хүлээн авсан бөгөөд Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид тоглолтоо цахимаар толилуулав.

Бошиглогчийн таван жилийн тохинуулал хүн бүрийг хайрлах, хүндэтгэх уриалгаар дүүрэн байдаг. Бүх үндэстэнд санваар хүртээх 1978 оны илчлэлтийн 40 жилийн ойд зориулан 2018 онд зохион байгуулагдсан үйл ажиллагааны үеэр бошиглогч хожмын үеийн гэгээнтнүүдэд “тусгаарлах ханын оронд хамтын ажиллагааны гүүр барь” хэмээн заасан (“Building Bridges”, New Era, Aug. 2018, 6).