2023
Хувийн амар тайвныг олох нь
2023 оны 5-р сар


Хувийн амар тайвныг олох нь

Та нар амар амгаланг олж, олон хүнд үүнийг олж цааш нь бусдад түгээхэд нь туслаасай хэмээн би залбирч байна.

Хайрт ах эгч нар аа, бид энэхүү Ерөнхий чуулганы нээлтийн хуралдаанаар сэтгэл хөдөлгөсөн сүнслэг сургаал, эгшиглэнт сайхан дуу хөгжмийг сонсох боломжоор адислагдлаа. Та бүхний оролцоо болон итгэлд бид талархаж байна.

Өнөөдөр би нөхцөл байдлаасаа үл шалтгаалан хувь хүний хувьд амар амгаланг олохын гайхамшгийн талаар сурч мэдсэнээ хуваалцана. Аврагч маань Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд амар амгаланг эрмэлздэгийг мэдэх бөгөөд Тэрээр үүнийг бидэнд өгч чадна хэмээн хэлсэн. Иоханы номд цэдэглэгдсэн Есүс Христийн дараах үгийг та нар санаж байгаа байх. Тэрээр “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ”1 гэжээ.

Түүний хэлсэн амар амгалан гэдэг нь юу болохыг мөн үүнийг Тэрээр хэрхэн өгөхийг эдгээр үгийг хэлэхийг нь сонссон хүмүүсийн нөхцөл байдлаар дамжуулан илчилсэн. Христийн тохинууллын оргил үеийн талаар Иоханы ном дахь тэмдэглэлд анхаарлаа хандуулцгаая. Муу ёрын аймшигт хүч Түүнийг зогсоохыг хичээж байсан ба удалгүй шавь нар дээр нь ирэх байв.

Аврагчийн үгийг энд дурдъя:

“Хэрэв та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь.

Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.

Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ.

Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.

Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно.

Би Эцэг дотроо, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно.

Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.

Иудас (Искариотын биш) Түүнд —Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэхэд

Есүс —Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна.

Намайг эс хайрлагч нь үгийг минь сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.

Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ.

Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.

Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.”2

Би Аврагчийн энэхүү сургаалаас наанадаж таван үнэнийг мэдэж авсан.

Нэгдүгээрт, амар тайвны бэлэг нь Түүний зарлигуудыг дагах итгэлтэй болсны дараа өгөгддөг. Их Эзэний Сүмийн гэрээт гишүүдийн хувьд бид аль хэдийн дуулгавартай байна хэмээн амласан.

Хоёрдугаарт, Ариун Сүнс ирж бидэнтэй хамт байх болно. Их Эзэн биднийг үргэлжлүүлэн итгэлтэй байвал Ариун Сүнс бидний дотор оршино хэмээн хэлсэн. Ариун ёслолын залбиралд Ариун Сүнс бидний хамтрагч байж, бид зүрх сэтгэл, оюун ухаандаа Түүний тайтгарлыг мэдрэх болно гэж амласан байдаг.

Гуравдугаарт, бид гэрээнүүдээ сахиснаар Эцэгийн, мөн Хүүгийн биднийг болон бусдыг гэх хайрыг мэдрэх боломжтой хэмээн Аврагч амласан. Бид Тэдэнтэй мөнхөд байхаар адислагдсан шиг Тэдэнтэй ойр байгаагаа мөнх бус амьдралдаа мөн мэдэрч чадна.

Дөрөвдүгээрт, Их Эзэний зарлигийг сахихад зөвхөн дуулгавартай байх хангалтгүй. Бид Бурханыг бүх зүрх, сэтгэл, оюун, мөн чадлаар хайрлах ёстой.3

Түүнийг хайрладаггүй хүмүүс зарлигуудыг нь сахидаггүй. Мөн тэд энэ болон ирэх дэлхийд амар тайвны бэлгийг хүлээн авахгүй.

Тавдугаарт, Их Эзэн биднийг хайрладаг тул нүглийн маань төлөөсийг төлсөн ба бид Түүнд итгэх итгэл, наманчлал, Түүний цагаатгалын нөлөөгөөр дамжуулан энэ болон Түүнтэй хамт мөнхөд орших амьдралдаа “бүх оюун ухааныг давах” амар тайвны бэлгийг хүлээн авах боломжтой.4

Магадгүй та нарын зарим нь Их Эзэний амласан амар амгаланг мэдрэхгүй байж болох юм. Магад та нар хувийн амар амгалан, сүнслэг тайтгарлын төлөө залбирсан байж болох юм. Гэсэн ч тэнгэр та нарын амар амгалан хүссэн гуйлтад хариу өгөхгүй байгаа мэт санагдаж болно.

Та нарт болон та нарын хайртай хүмүүст амар амгаланг мэдрүүлэхийг хүсдэггүй бодгалийн тань дайсан бий. Тэр үүнийг хүлээн авах боломжгүй. Тэр бүр Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрын та нарыг хүлээн аваасай хэмээн хүсдэг амар тайвныг олж авах хүслийг төрүүлэхгүй байхын тулд ажилладаг.

Бидний эргэн тойронд үзэн ядалт, зөрчилдөөнийг өдөөх гэсэн Сатаны хүчин чармайлт өсөн нэмэгдсээр байна. Энэ нь улс үндэстэн, хот хөдөө, хөрш айл, мэдээллийн цахим хэрэгсэл гээд бүх дэлхий даяар явагдаж байгааг бид харж байна.

Гэсэн ч өөдрөг байх шалтгаан байна. Энэ нь мэндэлж буй хүүхэд бүрд орших Христийн гэрэл юм. Энэхүү бүгдэд өгөгддөг бэлэгтэй хамт юу зөв гэдгийг мэдэх мэдрэмж, бусдыг хайрлах, бусдад хайрлагдах хүсэл ирдэг. Мөнх бус амьдралд ирэх Бурханы хүүхэд бүрд төрөлхийн заяагдсан шударга ёсны мэдрэмж бий.

Энэ хүүхдүүдийн хувь хүний амар амгалан тэднийг хайрлаж халамжлах хүмүүсийн гарт оршдог гэдэгт бид итгэн өөдрөгөөр хардаг. Тэднийг өсгөж, тэдэнд үйлчилж буй хүмүүс Аврагчаас амар амгалангийн бэлгийг хүлээн авахын төлөө хөдөлмөрлөсөн бол тэд хувийн үлгэр жишээ, хичээл зүтгэлээрээ дамжуулан хүүхдүүдээ амар тайвны тэнгэрлэг бэлгийг хүлээн авахуйц итгэлтэй болгон төлөвшүүлнэ.

Судруудад “явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй”5 хэмээн амласан байдаг. Хүүхдүүдийг халамжилж, өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй хүн нь амар тайвны бэлгийг хүлээн авахуйц зохистой байх шаардлагатай.

Харамсалтай нь зарим сүнслэг эцэг эхийн, зарим тохиолдолд ганц бие эцэг эхийн өсгөсөн хүүхдүүд амьдралынхаа туршид итгэл, амар амгалангийн замаар явсныхаа дараа харууслын замыг сонгосон шаналлыг бид бүгд мэдэрч байсан.

Ийм харамсалтай зүйл тохиосон ч Их Эзэний өөр нэгэн бэлэг байгаа учир би өөдрөг байдаг. Энэ нь Тэрээр өөрийн үнэнч шавь нарын дундаас олон амар тайвныг тогтоогчийг гаргаж ирдэг явдал юм. Тэр хүмүүс Бурханы амар амгалан, хайрыг мэдэрсэн байдаг. Тэдний зүрх сэтгэлд Ариун Сүнс оршдог ба Их Эзэн тэднийг төөрсөн хоньдыг олоход чиглүүлдэг.

Үүнийг би амьдралынхаа турш, дэлхийн өнцөг булан бүрээс олж харсан. Та нар ч мөн үүнийг харсан. Заримдаа хэн нэгнийг аврахаар хөтлөгдөхөд энэ нь танд санамсаргүй тохиолдол мэт санагдаж болох юм.

Нэг удаа би аялалд явж байхдаа танилцсан нэг хүнээс “Та надад гэр бүлийнхээ талаар жаахан яриач” гэж асуусан юм. Энэ яриа цааш өрнөж, тэрээр охин нь хүнд бэрхшээл туулж байгааг хэлсэн ба намайг түүнээс уг насанд хүрсэн охиных нь зургийг харж болохыг асуухад хүргэсэн. Охиных нь нүүр царай, нүднээс цацрах сайхан сэтгэл намайг гайхшируулж билээ. Надад охиных нь э-мэйл хаягийг авъя гэсэн мэдрэмж төрөв. Тухайн үед охин нь төөрөлдөж, өөрт нь зориулсан ямар нэг захиас Бурханд байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байж. Бурханд захиас байсан. Тэр нь “Бурхан чамд хайртай. Тэр үргэлж чамайг хайрладаг байсан. Тэр чамайг буцаж ирэхийг хүсэж байна. Чамд өгөхөөр амласан адислалууд чамайг хүлээсээр байна” гэсэн захиас байлаа.

Дэлхий даяарх Сүмийн гишүүд Бурханы бэлэг болох хувийн амар амгаланг мэдэрч байсан. Тэрээр хүн бүрийг бусдад Өөрт нь ирж, яг тэр амар амгаланг өөрөө хүлээн авах боломжийг олгоход туслахыг уриалсан. Хариуд нь тэд энэ бэлгийг цааш хэрхэн бусдад түгээж болох талаар сүнслэг өдөөлтийг эрэлхийлнэ.

Өсөж буй үеийнхэн дараагийн үеийнхнийг өсгөн хүмүүжүүлэх болно. Үржүүлэн нэмэгдэх нөлөө гайхамшгийг бүтээнэ. Энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам өсөн нэмэгдэж, тархах бөгөөд дэлхий дээрх Их Эзэний хаант улс Түүнийг Хосанна хэмээн уулзахад бэлтгэгдэж, бэлэн болсон байна. Дэлхий дээр амар амгалан байх болно.

Есүс Христ амьд бөгөөд энэ Сүмийг удирддаг гэдгийг би гэрчилж байна. Би Түүний хайрыг өөрийн амьдралд мэдэрсэн бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдээ гэх хайр, халамжийг ч гэсэн мэдэрсэн. Аврагчийн Түүнд ирэх урилга нь амар амгалангийн бэлэг юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол бүх дэлхий дэх Бурханы амьд бошиглогч мөн. Тэрээр “Дэлхийн байдал, хувь хүний нөхцөл байдал тань ямар байхаас үл хамааран ирээдүйг эерэг, баяр хөөртэй угтан авах боломжтой гэдгийг би батлан хэлж байна”6 гэж хэлсэн.

Би та нарт хайртай. Та нарын агуу итгэл хийгээд хайр бусдад хүрч, Их Эзэнд зүрх сэтгэлийг өөрчлөх боломжийг олгож байгаа тул бүх оюун ухааныг давах амар тайвны бэлгийг бусдад өгөх хүсэлтэй болоорой.

Та нар амар амгаланг олж, олон хүнд үүнийг олж цааш нь бусдад түгээхэд нь туслаасай хэмээн би залбирч байна. Их Эзэнийг дахин ирэхэд амар амгалан бүхий гайхалтай мянган жил болно гэдгийг би гэрчилж байна. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр баяртайяа гэрчилж байна, амен.