2023
Брэдли Р.Вилкокс ах
2023 оны 5-р сар


“Брэдли Р.Вилкокс ах”, 2023 оны 5-р сарын Лиахона

Брэдли Р.Вилкокс ах

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчлэхээсээ олон жилийн өмнө Брэдли Р.Вилкокс ах эхнэрийн хамтаар 14 настай итгэл сул хүүгээ Бригам Янгийн Их Сургуулийн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөөх (ӨҮБББТ) чуулганд явуулсан аж.

Тэд хүүгээ “сүнслэг” биш байгаад санаа зовдог байлаа. Тэгтэл өсвөр насны хүү гэртээ ирэхдээ нэг л өөр, сүнслэг зүйлсэд илүү мэдрэг, анхааралтай ханддаг болчихсон байв. Өдгөө олон жил өнгөрсний дараа хүү нь бишопын зөвлөлд үйлчлэн, тойргийнхоо өсвөр үеийнхэнд зөвлөгөө чиглүүлэг өгдөг болжээ.

Энэ бол Вилкокс ах өнгөрсөн зун Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөөх (ӨҮБББТ) чуулганд оролцсон дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийн хүүхдүүдээс олонтоо ажигласан зүйл байв. Дахин хэлэхэд “гэртээ ирэхдээ итгэлтэй бус байсан” тэр хүүхдүүд өөрчлөгдөн, гэртээ илүү сайн хүүхэд болон ирцгээсэн юм.

2020 оноос хойш Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байгаад 2023 оны 4-р сард Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр дэмжин батлагдсан Вилкокс ах өсвөр үеийнхэнтэй хамт үйлчлэх нь сэтгэл хөдөлгөм хэмээн хэлжээ. Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл нь тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд “ӨҮБББТ чуулган, удирдамж, сэтгүүлүүд нь өмнөхөөс илүү олон өсвөрийн үеийнхэнд хүрч байна”.

Өдгөө 63 настай Брэдли Рэй Вилкокс нь 1959 оны 12-р сарын 25-нд АНУ-ын Юта мужийн Прово хотод Рэй Т.Вилкокс, Вал С.Вилкоксын гэр бүлд мэндэлсэн. Тэр Прово хотод өсөж торнисон хэдий ч хүүхэд насныхаа цөөн хэдэн жилийг Етиоп улсад өнгөрүүлжээ.

Вилкокс ах Чили улсын Виня дэл Мар номлолд үйлчилснийхээ дараа 1982 оны 10-р сард Дэбора Ганнэллтэй Ютагийн Прово ариун сүмд гэрлэсэн. Тэд одоо дөрвөн хүүхдийн эцэг эх бөгөөд Юта мужийн Прово хотод амьдардаг.

Вилкокс ах бакалаврын болон магистрын зэргээ Бригам Янгийн Их Сургуулиас (БЯИС) авсан бол харин докторын зэргээ боловсролын чиглэлээр Вайомингийн Их Сургуульд хамгаалжээ. Тэрээр одоо Бригам Янгийн Их Сургуулийн Эртний судар судлалын тэнхимийн профессор юм. Тэр 1985 оноос хойш амьдралынхаа ихэнх зуныг Бригам Янгийн Их Сургуулийн Өсвөр үеийнхний хөтөлбөрт зориулсаар иржээ.

Вилкокс ах бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, Чилийн Сантиаго зүүн бүсийн номлолын ерөнхийлөгчөөр мөн Ням гаргийн ангийн ерөнхий хороонд тус тус үйлчилж байсан.