2023
Таны патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгээс өгсөн сүнслэг удирдамж юм
2023 оны 5-р сар


Таны патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгээс өгсөн сүнслэг удирдамж юм

Миний патриархын адислал надад өөрийгөө үнэхээр хэн байсан, хэн болж чадах талаарх мөнхийн үнэн мөн чанараа ойлгоход тусалсан.

Хүүхдүүдээ хайрлаж, тэдэнд сайн мэдээг итгэлтэйгээр заадаг байсан гайхалтай эцэг эх намайг өсгөсөн. Харамсалтай нь тэдний гэрлэлт олон жилийн турш асуудалтай байсан юм. Би Хүүхдийн хэсэгт явдаг байхдаа тэднийг хэзээ нэгэн цагт сална мөн ах эгч дүү маань тэдний хэнтэй нь хамт амьдрахаа шийдэх хэрэгтэй болно гэдгийг сонссон юм. Үүний улмаас удаан хугацааны турш би сэтгэлдээ гүн түгшүүртэй явсан хэдий ч Тэнгэрлэг Эцэгийн минь өгсөн нэгэн бэлэг болох патриархын адислал миний амьдралыг бүхэлд нь бүрмөсөн өөрчилсөн.

Би 11 настай байхдаа эцэг эхийнхээ харилцааны тухайд улам ихээр санаа зовох болж, патриархын адислалаа авахыг ихэд хүсэж байлаа. Тэнгэрлэг Эцэг минь намайг болон миний нөхцөл байдлыг төгс мэддэг гэдгийг би мэдэж байлаа. Бас Түүнээс удирдамж авах болно гэдгээ би мэдэж байв. Би 12 нас хүрмэгцээ, патриархын адислалаа хүлээн авав. Өдгөө хагас зуу гаруй жил өнгөрсөн ч би тэр ариун сэтгэгдлийг маш тодорхой санадаг.

Талархууштай нь, бидэнд патриархын адислалын талаарх сүнслэг удирдамжийг Сүмийн Ерөнхий гарын авлагаар дамжуулан өгсөн байдаг.

“Баптисм хүртсэн, зохистой гишүүн бүр патриархын адислал хүлээн авах эрхтэй. Энэ адислал Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг удирдамж хүлээн авах боломжийг олгодог.”

Гишүүн нь “энэхүү адислалын ач холбогдол, ариун нандин чанарыг ойлгох хэмжээнд төлөвшсөн” мөн “сайн мэдээний үндсэн сургаалыг ойлгодог” байх ёстой.

“Уг гишүүн хойшдын амьдралдаа олон чухал шийдвэр гаргах насны залуу хүн байх нь нэн тохиромжтой. Патриархын адислал авах гишүүний насны доод хязгаарыг санваарын удирдагчид тогтоох ёсгүй.

Патриархын адислал бүр ариун нандин, нууц, хувийн шинж чанартай.

Патриархын адислал авах хүн адислалын үгсийг нандигнаж, тэдгээрийг тунгаан бодож, амласан адислалуудыг энэ болон мөнх амьдралд хүлээн авахаар зохистой амьдрах ёстой.”1

Бидний хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон патриархын адислалын чухал ач холбогдлын талаар олонтоо заасан2 ба энэ адислал нь хүртэгч бүрийн “Абрахам, Исаак, Иаков хүртэлх өөрийн уг гарал”-ыг мэдүүлж мөн адислал бүр нь “танд зориулсан судар”3 болдог хэмээн заасан.4

Залуу байхад минь патриархын адислал надад олон шалтгааны улмаас онцгой ач холбогдолтой байсан юм. Нэгт, Ариун Сүнсний хүчээр миний патриархын адислал надад өөрийгөө үнэхээр хэн байсан, хэн болж чадах талаарх мөнхийн үнэн мөн чанараа ойлгоход тусалсан. Ерөнхийлөгч Нэлсоны заасанчлан, адислал минь надад өөрийгөө “Бурханы хүү,” “гэрээний хүүхэд,” “Есүс Христийн шавь5 гэдгээ ойлгоход тусалсан юм. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр минь намайг мэддэг, хайрладаг, миний амьдралд оролцдог гэдгийг би мэдэж байв. Энэ нь надад Тэдэнтэй ойртож, Тэдэнд тавих итгэл, найдвараа өсгөх хүсэлтэй болоход тусалсан.

Залуу насандаа Сүмд нэгдсэн нэгэн найз маань ийнхүү хуваалцсан юм. “Патриарх миний толгой дээр гараа тавьж, нэрийг минь хэлэх үед бүх зүйл зөвхөн тэрхэн мөчид бус бүхий л амьдралын минь туршид өөрчлөгдсөн. Тэд намайг дотно таньдаг гэдгийг би түүний ярьж буй хүчээр дамжуулан тэр даруй мэдэрсэн. Түүний хэлсэн үгс миний бүхий л зүрх сэтгэлийн гүнд нэвтэрч, Тэнгэрлэг Эцэг минь намайг бүрэн дүүрэн мэддэг гэдгийг би ойлгосон юм.”

Өөрийгөө үнэхээр хэн гэдгийг мэдэх нь Бурханы надаас юу хүсдэгийг ойлгож, хийх хүсэлтэй болоход минь тусалсан.6

Энэ нь намайг өөрийн байгуулсан гэрээний талаар мөн Абрахамтай байгуулсан Бурханы гэрээний амлагдсан адислалуудын талаар судлахад хөтөлсөн билээ.7 Энэ нь надад гэрээгээ илүү бүрэн дүүрэн сахихад нөлөөлсөн мөнхийн үзэл бодлыг суулгаж өгсөн.

Би патриархын адислалаа өсвөр насандаа тогтмол, ихэвчлэн өдөр бүр судалдаг байсан. Ингэх нь надад Ариун Сүнсний тайтгаруулагч, чиглүүлэгч хүчийг мэдрэхэд тусалж мөн өдөөлтийг нь дагаснаар Ариун Сүнс надад сэтгэлийн түгшүүрээ багасгахад тусалж байсан. Энэ нь өдөр бүр судруудаасаа судалж, залбирч мөн Бурханы бошиглогч, төлөөлөгчдийн зааврыг хичээнгүйлэн дагаж, судлахыг хичээснээр гэрэл, үнэн, Ариун Сүнсийг идэвхтэй урих миний хүслийг нэмсэн юм. Түүнчлэн миний патриархын адислал надад Тэнгэрлэг Эцэгийн таалалд илүү хүлцэнгүй хандах хүсэлтэй байхад төдийгүй үүнд төвлөрөх нь өөрийн хэцүү бэрхшээлтэй нөхцөл байдлаас үл хамааран агуу баяр хөөрийг мэдрэхэд тусалсан.8

Би патриархын адислалаа судлах болгондоо сүнслэг хүч чадал хүлээн авч байв. Эцэст нь эцэг эхийгээ салах үед миний патриархын адислал надад ерөнхийлөгч Томас С.Монсоны заасанчлан “үнэлж баршгүй үнэ цэнтэй эрдэнэ,” бүр “хувийн Лиахона” минь болж билээ.9

Намайг битгий буруугаар ойлгоорой. Би төгс төгөлдөр байгаагүй. Би бүх төрлийн алдаа гаргаж байсан. Одоо ч алдаа гаргадгийг маань миний мөнхийн хамтрагч батлах байх. Гэсэн ч миний патриархын адислал надад илүү сайныг үйлдэж, илүү сайн байхыг хүсэхэд тусалсан ба тусалсаар ч байгаа.10 Патриархын адислалаа тогтмол судлах нь уруу таталтыг ялган таньж, эсэргүүцэх хүслийг минь нэмэгдүүлсэн. Энэ нь надад наманчлах хүсэлтэй, зоригтой байхад тусалж, наманчлал миний хувьд улам илүү баяр хөөрт үйл явц болсон.

Залуу мөн гэрчлэл минь дөнгөж өсөн нэмэгдэж байхад патриархын адислалаа хүлээн авах нь надад нэн шаардлагатай байсан юм. Миний хүсэл намайг патриархын адислалаа авахад бэлэн гэдгийг илтгэж байгааг эцэг эх болон бишоп маань ойлгож байсанд би мөнхөд талархаж явдаг.

Намайг 12 настай байхад дэлхий ертөнц өнөө үетэй адил ийм их будлиантай, төөрөлдөм байгаагүй. Ерөнхийлөгч Нэлсон өнөө үеийг “дэлхийн түүхэн дэх хамгийн адармаатай цаг үе,” “гэм нүгэлд нэвчсэн,” “хувиа хичээсэн” ертөнц гэж тодорхойлсон.11 Азаар өнөө үед манай өсвөр үеийнхэн миний 12 настай байсан үеийнхээс хамаагүй илүү төлөвшсөнөөс гадна тэдэнд ч мөн залуу насандаа гаргах нэн чухал шийдвэрүүд бий! Мөн тэд өөрсдийгөө үнэхээр хэн гэдгийг, Бурхан тэдэнд хайртай бөгөөд тэднийг маш сайн мэддэг гэдгийг ойлгож авах хэрэгтэй байна!

Хүн бүрд надтай адил патриархын адислалаа авах хүсэл төрөхгүй. Патриархын адислалаа хараахан хүлээн аваагүй гишүүд хэзээ бэлэн болсноо мэдэхийн тулд залбиран байж эрэлхийлээсэй гэж би залбирч байна. Хэрэв та нар сүнслэгээр бэлтгэх аваас та нарын сэтгэгдэл та нарт минийх шиг ариун нандин байх болно гэдгийг би амлаж байна. Патриархын адислалаа аль хэдийн хүлээн авсан хүмүүсийг адислалаа судалж, нандигнаасай гэж би залбирч байна. Залуудаа патриархын адислалаа нандигнах нь намайг шантарсан үед зоригжуулж, айдастай үед тайтгаруулж, сэтгэл түгшсэн үед амар амгаланг өгч, найдвараа алдсан үед найдвар төрүүлж, бодгальд минь хамгийн хэрэгтэй үед баяр хөөрөөр адисалж байв. Миний патриархын адислал Тэнгэрлэг Эцэг болон Аврагчдаа итгэх итгэл найдвар, Тэднийг хайрлах хайрыг минь өсөхөд тусалсан бөгөөд одоо ч тусалсаар байна.12

Патриархын адислал нь Тэнгэрлэг Эцэгээс ирэх сүнслэг удирдамжийг өгдөг гэдгийг би гэрчилж байна. Биднийг мэддэг, хайрладаг, адислахыг хүсдэг Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү бидний Аврагч Есүс Христ хоёр бодитой оршдог гэдгийг би гэрчилж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол өнөөгийн дэлхий дээрх Бурханы бошиглогч мөн гэдгийг би баттай мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 10.1, 11.3.4, ChurchofJesusChrist.org

  2. Рассэлл М.Нэлсон, “Thanks for the Covenant” (Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1988 оны 11-р сарын 22), speeches.byu.edu; “A More Excellent Hope” (Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх цугларалт, 1995 оны 1-р сарын 8), speeches.byu.edu; “Identity, Priority, and Blessings” (Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх цугларалт, 2000 оны 9-р сарын 10), speeches.byu.edu; “Roots and Branches,” Liahona, May 2004, 27–29; “Гэрээ,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган; “Youth of the Noble Birthright: What Will You Choose?” (Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 2013 оны 9-р сар), broadcasts.ChurchofJesusChrist.org; “The Book of Mormon, the Gathering of Israel, and the Second Coming,” Лиахона, 2014 оны 7-р сар, 24–29Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган; “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 1–6-г тус тус үзнэ үү.

  3. Russell M. Nelson, “Covenants,” 88.

  4. Russell M. Nelson, “Thanks for the Covenant,” speeches.byu.edu.

  5. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 12), ChurchofJesusChrist.org; тодотгол нэмсэн.

  6. Russell M. Nelson, “Covenants,” 86–89-ийг үзнэ үү.

  7. Эхлэл 17:1–10-ыг мөн Рассэлл M.Нэлсон, “Children of the Covenant”, Ensign, 1995 оны 5-р сар, 32–34-ийг үзнэ үү.

  8. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84-ийг үзнэ үү.

  9. Thomas S. Monson, “Your Patriarchal Blessing: A Liahona of Light”, Ensign, Nov. 1986, 65–66.

  10. Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80-ыг үзнэ үү.

  11. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 95–96 .

  12. Inspired by James E. Faust, “Priesthood Blessings,” Ensign, Nov. 1995, 62–64.