2023
Есүс Христ бол тайтгарал
2023 оны 5-р сар


Есүс Христ бол тайтгарал

Бид Аврагчтай хамтран тусламж хэрэгтэй нэгэнд материаллаг болон сүнслэг тайтгарлыг өгөхөд тусалж мөн энэ үйл явцдаа өөрсдийн тайтгарлыг олж чадна.

Нэгэн саа өвчтэй эрийг халамжлагчид нь Есүс Христэд итгэж, Түүний гайхамшгуудын талаар сонссон зүйлдээ найдан, Есүс дээр авчирчээ. Тэд түүнийг авчрахдаа санаачилгатай байсан ба Есүсийн зааж байсан газрын дээврийг нээж, түүнийг дэвсгэртэй нь доош буулгав. Есүс “тэдний итгэлийг хараад, [саа өвчтөнд], нүгэл чинь уучлагдсан гэв.”1 Дараа нь “Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь”2 гэв. Тэр даруй тэр тэдний өмнө босоод, хэвтэж байсан юмаа авч “Бурханыг алдаршуулсаар”3 гэрийн зүг явжээ.

Бид саа өвчтэй хүнийг асарч байсан нөхдийн талаар өөр юу мэдэх вэ? Аврагч тэдний итгэлийг олж харсан гэдгийг бид мэднэ. Түүнчлэн Аврагчийг харж, сонсож, гайхамшгуудынх нь гэрч болсноор тэд “гайхан цочирдож”, “Бурханыг алдаршуулсан.”4

Архаг хүнд өвчний хор уршиг, өвдөлт зэргээсээ эдгэрнэ гэж найдаж байсан хүмүүсийг Есүс Христ эдгээж, бие махбодын тайтгарлыг тэдэнд өгчээ. Аврагч саа өвчтөнийг нүглээс нь ангижруулахдаа түүнд мөн сүнслэг тайтгарлыг өгсөн юм.

Харин тусламж хэрэгтэй нэгнийг халамжлахыг хичээсэн тэдгээр халамжлагч тайтгарлын эх үүсвэрийг олж авсан ба Есүс Христийг олсон юм.

Есүс Христ бол тайтгарал гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид нүглийнхээ үр дагавар, ачаа дарамтаас чөлөөлөгдөж, сул дорой байдалдаа тусламж авч чадна.

Бид Бурханд хайртай мөн Түүнд үйлчлэхээр гэрээнд орсон учир бид Аврагчтай хамтран тусламж хэрэгтэй нэгэнд материаллаг болон сүнслэг тайтгарлыг мөн энэхүү үйл явцад Есүс Христ дотор өөрийн гэсэн тайтгарлыг олж чадна.5

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ертөнцийг ялж, амралтыг ол хэмээн биднийг урьсан.6 Тэрээр “жинхэнэ амралт”-ыг “тайтгарал ба амар амгалан” гэж тодорхойлсон. Ерөнхийлөгч Нэлсон “Аврагч Өөрийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан бидний хүн нэг бүрийг сул дорой байдал, алдаа, нүглээс гэтэлгэж мөн зовлон шаналал, санаа зовнил, ачаа дарамт бүрийг туулсан учраас хэрэв та үнэхээр наманчилж, Түүний тусламжийг эрэлхийлбэл өнөөгийн аюултай ертөнцийг ялж чадна”7 хэмээн хэлсэн. Энэ нь Есүс Христийн бидэнд санал болгодог тайтгарал юм!

Бидний хүн нэг бүр төсөөллийн үүргэвч үүрсэн байдаг. Энэ нь таны толгой дээрээ тэнцвэртэй тавьсан сагс, цүнхэлж эсвэл даавуунд ороож, мөрөндөө үүрсэн зүйл байж болно. Гэхдээ бүгдээрээ үүнийг үүргэвч гэж төсөөлж нэрлэе.

Энэхүү төсөөллийн үүргэвч бол унасан дэлхийд бидний үүрдэг амьдралын ачаа юм. Бидний ачаа үүргэвч доторх чулуутай адил юм. Тэдгээр нь ерөнхийдөө гурван төрөл байдаг:

  • Гэм нүглийн улмаас бидний өөрсдийн хийсэн чулуунууд.

  • Бусдын дутмаг шийдвэр, буруу үйлдэл, эелдэг бус байдлаас болж үүргэвчдээ хийсэн чулуунууд.

  • Мөн саад бэрхшээлтэй нөхцөл байдалд амьдарч буйгаас болоод үүрч буй чулуунууд юм. Үүнд: өвчин эмгэг, өвдөлт, архаг өвчин, харуусал, гомдол, ганцаардал, байгалийн гамшиг зэргээс үүссэн чулуунууд багтаж болно.

Бидний зуурдын ачаа, төсөөллийн үүргэвч дэх чулуунууд маань хүнд байх шаардлагагүй гэдгийг би баяртайяа тунхаглаж байна.

Есүс Христ бидний ачааг хөнгөлж чадна.

Есүс Христ бидний ачааг өргөж чадна.

Есүс Христ бидэнд гэм нүглийн хүнд ачаанаас чөлөөлөгдөх арга замыг өгнө.

Есүс Христ бол бидний тайтгарал.

Тэрээр:

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая [энэ нь тайтгарал, амар амгалан юм].

“Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Буулга минь аятай, ачаа минь хөнгөн”8 гэсэн.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэдэг нь бид Аврагчтай хамт буулгад орж, ачаагаа Түүнтэй хуваалцаж, Түүгээр өөрсдийн ачааг өргүүлнэ гэсэн үг юм. Энэ нь ерөнхийлөгч Нэлсоны тайлбарласнаар, “амьдралын бүх зүйлийг амар хялбар болгодог” Бурхантай гэрээт харилцаанд орж, гэрээгээ сахихыг хэлнэ. Тэрээр “Аврагчийн буулгад орсноор та Түүний хүч чадал, гэтэлгэх хүчнээс хүртэх боломжтой болно гэсэн үг юм”9 гэж хэлсэн.

Тэгвэл бид яагаад чулуунуудаа харамладаг вэ? Бэйсболын тоглоомыг дуусгах туслах шидэгч бэлэн байхад ядарсан шидэгч яагаад талбайгаа орхихоос татгалзана вэ? Туслах шидэгч надтай хамт үлдэхээр бэлэн байхад би яагаад ганцаараа талбайдаа үлдэхээр зүтгэнэ гэж?

Ерөнхийлөгч Нэлсон “Есүс Христ мутраа дэлгэн биднийг эдгээж, өршөөн, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг”10 хэмээн заасан.

Тэгвэл бид яагаад чулуунуудаа ганцаараа үүрэхээр зүтгэдэг вэ?

Та нарын хүн нэг бүр энэхүү хувийн асуултыг тунгааж үзээрэй.

Миний хувьд, энэ нь он удаан жил байсан бардам зан юм. “Би чадна”, “Зүгээр ээ; Би өөрөө хийчихнэ” гэж би хэлдэг. Энэ нь намайг Бурханаас нуугдан, Түүнээс нүүр буруулж, ганцаараа алхахыг хүсэж буй агуу хууран мэхлэгчийн хүсэл юм.

Ах эгч нар аа, би ганцаараа явж чадахгүй, тэгэх ч шаардлагагүй бөгөөд тэгэх ч үгүй. Бурхантай хийсэн гэрээнүүдээрээ дамжуулан Аврагч Есүс Христтэй ойр байхыг сонгосноор “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.”11

Гэрээгээ сахигчид Аврагчийн тайтгарлаар адислагддаг.

Мормоны Номон дахь энэ жишээг авч үзье: Алмагийн хүмүүс хавчлагад байсан ба “тэдэнд үүрэг ажил өгч, … мөн тэднийг харгалзах хянагчдыг томилжээ.”12 Тэдний чанга залбирахыг хориглосон байсан ч тэд “зүрх сэтгэлээ [Бурханд] юүлж байсан болой; мөн тэрээр тэдний зүрх сэтгэл дэх бодлуудыг мэдэж байв.”13

Ингээд “Их Эзэний дуу хоолой тэдний зүдгүүрт үед ирж, өгүүлсэн нь: Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ; мөн өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно би.

Мөн би та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол түүнчлэн хөнгөлнө”14 гэв.

Ингээд тэд “ачаагаа амархан дааж” чадахын тулд “Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой.”15

Эдгээр гэрээгээ сахигч нь илүү их тэвчээр, урам зориг, дэмжлэг хүлээн авснаар тайтгарлыг хүртсэн ба эцэст нь ачаа нь хөнгөрч, чөлөөлөгдсөн билээ.16

Харин одоо өөрсдийн төсөөллийн үүргэвч рүүгээ эргэн очъё.

Наманчлал нь биднийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэм нүглийн чулуунаас хөнгөлж чөлөөлдөг. Энэхүү төгс төгөлдөр бэлгээр Бурханы нигүүлсэл биднийг хүнд ачаанаас чөлөөлдөг ба өөрөөр хэлбэл шударга ёсны дааж давшгүй шаардлагаас чөлөөлдөг.17

Мөн Есүс Христийн Цагаатгал бусдын зүй бус харьцаанаас болж үүрдэг хүнд ачааг маань хөнгөлж, тэднийг уучлах хүч чадлыг хүлээн авах боломжийг бидэнд олгодог.18

Тэгэхээр унасан ертөнцөд гуниг харуусал, өвчин зовлонд өртдөг мөнх бус биднийг Аврагч хэрхэн хүнд ачаанаас чөлөөлдөг вэ?

Тэр ихэвчлэн биднээр дамжуулан тайтгаруулдаг. Түүний Сүмийн гэрээний гишүүдийн хувьд бид “гашуудах тэдний хамт гашуудаж, … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг.”19 Бид “Бурханы хороонд орж”, мөн “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд” мөн “түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн бай[сны]”20 учир буюу.

Есүс Христтэй хамтран Бурханы бүх хүүхдэд материаллаг болон сүнслэг тайтгарлыг өгөх нь бидний гэрээний адислал юм. Түүнээс ирдэг тайтгарлын дамжуулагчид нь бид юм.21

Саа өвчтэй эрийн нөхөдтэй адил бид “сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгодог.”22 Бид “нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж, тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлдэг.”23 Ингэснээр бид Түүнийг танин мэдэж, Түүн шиг болж, Түүний тайтгарлыг олдог.24

Тайтгарал гэж юу вэ?

Энэ нь өвдөлт, санаа зовнил, ачаа дарамтыг хөнгөлж, холдуулах эсвэл эдгээрийг тэвчих хүч чадал юм. Энэ нь хэн нэгний байрыг орлож буй хүн юм. Энэ нь бурууг хууль ёсоор засах засвар юм.25 Хуучин франц үгээс гаралтай англи-франц үг болох relever гэдэг нь “өргөх” харин латин үг болох relevare гэдэг нь “дахин өргөх”26 гэсэн утгатай.

Ах эгч нар аа, Есүс Христ бол тайтгарал. Тэрээр гурав дахь өдрөө амилсан бөгөөд хязгааргүй хийгээд хайраар дүүрэн Цагаатгалыг гүйцэлдүүлснээр мутраа дэлгэн зогсож, амилж, аврагдан, Түүнтэй адил болж, мөн өргөмжлөгдөх боломжийг бидэнд олгосон. Түүний бидэнд санал болгодог тайтгарал бол үүрдийнх юм.

Христ амилсан эхний өглөө тэнгэр элчийн зочилсон эмэгтэйн адил би “хурдан очиж”, Тэр амилсан хэмээх үгийг “баяртайяа” хүргэхийг хүсэж байна.27 Бидний Аврагч Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Лук 5:20

  2. Марк 2:11

  3. Лук 5:25

  4. Лук 5:26

  5. “Үндсэндээ бид Бурханы хамтрагчийн хувьд Түүнтэй хамт Түүний хүүхдүүдийг харж халамжилдаг учраас Бурханыг гэх бидний хайр бусдыг илүү бүрэн дүүрэн, төгс хайрлах чадварыг маань өсгөн нэмэгдүүлдэг юм” (тодотгол нэмсэн), D. Todd Christofferson, “The First Commandment First” (Brigham Young University devotional, Mar. 22, 2022), 2, speeches.byu.edu-г үзнэ үү.

  6. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,”Лиахона 2022 оны 11-р сар, 95–98.

  7. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” 96.

  8. Матай 11:28–30

  9. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” 97.

  10. Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

  11. Филиппой 4:13

  12. Мозая 24:9

  13. Мозая 24:12

  14. Матай 24:13–14; тодотгол нэмсэн.

  15. Мозая 24:15

  16. Мозая 24:13–14-ийг үзнэ үү.

  17. Алма 34:14–16; мөн Мозая 15:8–9-ийг үзнэ үү.

  18. Рассэлл М.Нэлсон, “Есүсийн танд барьж буй дөрвөн бэлэг” (Тэргүүн зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт, 2018 оны 12-р сарын 2), broadcasts.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү. “Аврагчийн танд барьж буй хоёр дахь бэлэг бол уучлах чадвар юм. Түүний хязгааргүй Цагаатгалаар дамжуулан та өөрийг тань гомдоосон мөн танд таагүй хандсаныхаа хариуцлагыг хэзээ ч хүлээхгүй байж мэдэх хүмүүсийг уучилж чадна.

    Танаас чин сэтгэлээсээ, даруухнаар өршөөл эрсэн хүнийг уучлах нь харьцангуй амархан. Гэвч янз бүрийн байдлаар тантай зүй бус харьцсан ямар ч хүнийг уучлах чадварыг Аврагч танд өгнө. Ингэснээр тэдний буруу үйлдэл таны бодгалийг зовоож чадахгүй.”

  19. Мозая 18:9

  20. Мозая 18:8

  21. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эмэгтэйчүүдийн байгууллага болох Халамжийн нийгэмлэгийг 1842 оны 3-р сарын 17-нд бошиглогч Иосеф Смит байгуулж, “санваарын хавсралт болгон тэнгэрлэгээр зохион байгуулагдсан”(Даллин Х.Өүкc, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,”2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70). Энэхүү шинэ байгууллагын нэрийг сонгоход сайн үйл гэдэг үгийг бодолцож үзсэн ч халамж гэдэг үг нь эмэгтэйчүүдийн таалалд илүү нийцжээ. Тус байгууллагын анхны ерөнхийлөгч Эмма Смит, дараа нь Халамжийн нийгэмлэгийн хоёр дахь ерөнхийлөгч болсон нарийн бичиг Элайза Р.Снөү нар сайн үйл гэдэг үг нь тухайн үеийн нийгэмлэг дунд нийтлэг үг байсан гэхдээ нийтлэг байх нь “бидний хөтөч байх ёсгүй” хэмээн тайлбарласан. Халамж гэдэг үг нь тэдний зорилгыг илүү сайн тодорхойлсон гэж Эмма тайлбарлажээ. “Бид нэгэн ер бусын онцгой зүйлийг хийх гэж байна … онцгой ер бусын үйл явдал, ачаа бүхий дуудлага тохионо гэж бодож байна” гэж Эмма тайлбарлажээ (Emma Smith, in Nauvoo Relief Society Minute Book, Mar. 17, 1842, 12, josephsmithpapers.org). Халамжийн нийгэмлэг нь үргэлж материаллаг хийгээд сүнслэг тайтгарлыг хангах ёстой нь үнэхээр зайлшгүй байсан. Иосеф Смит “Халамжийн нийгэмлэг бол зөвхөн ядууст туслах төдийгүй бас бодгалиудыг аврахын төлөө бий болсон” гэж заасан (Nauvoo Relief Society Minute Book, June 9, 1842, 63, josephsmithpapers.org). Энэхүү Халамжийн нийгэмлэг “ядууст туслах, өвчтөнийг халамжлах, эргэлзээг тайлах, харанхуй бүдүүлэг байдал гээд эмэгтэй хүний баяр баясгалан, хөгжил дэвшилд саад болох бүхий л зүйлээс ангижрахад туслахад оршино” хэмээн тодорхойлжээ [John A. Widtsoe, Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham,] G. Homer Durham, 3 vols. in 1 [1960], 308).

  22. Сургаал ба Гэрээ 81:5; Еврей 12:12-ыг үзнэ үү.

  23. Галат 6:2

  24. Бошиглогчийн ээж Лүси Мак Смит шинэхэн байгуулагдсан Халамжийн нийгэмлэгийн анхны хурлуудын үеэр “Бид бүгд тэнгэрт хамтдаа зэрэгцэн суухын төлөө бие биеэ дэмжиж, анхаарч халамжлан, тайтгаруулж, заавар зөвлөгөө өгдөг байх ёстой” хэмээн хуваалцжээ. Түүхч Жэннифэр Рийдэр энэ талаар “Эмэгтэйчүүд тайтгарлыг бусдад өгөхөөр нэгдсэн шалтгаанаар Христтэй хамтарсан ба ингэснээр Түүний тайтгарлыг олж авсан” гэж бичжээ (First: The Life and Faith of Emma Smith [2021], 130).

  25. Merriam-Webster.com Dictionary, “relief” хэсгийг үзнэ үү.

  26. Dictionary.com-оос “relief” гэдэг үгийн тодорхойлолтыг үзнэ үү.

  27. Матай 28:1–8-ыг үзнэ үү.