2023
Тамара В.Рүниа эгч
2023 оны 5-р сар


“Тамара В.Рүниа”, Лиахона, 2023 оны 5-р сар.

Тамара В.Рүниа эгч

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Тамара (Тамми) В. эгч амьдралынхаа турш гадасны судрын ангийн зааварлагч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөх, нөхрийн хамт Австралийн Сидни номлолын удирдагч зэрэг олон дуудлагад үйлчилж байсан хэдий ч үйлчлэлийнхээ ихэнх хугацааг залуу эмэгтэйчүүдэд зориулжээ.

Мөн гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Рүниа эгч: “Би үйлчилсэн дуудлага бүрдээ хайртай байсан” гээд, “Би залуу эмэгтэйчүүдтэй хамт байхдаа гэртээ байгаа мэт байдаг гэдгээ хэлэх нь зүйтэй байх аа” гэж хэлсэн юм.

Рүниа эгч Залуу эмэгтэйчүүдийн зугаалгад 20-иос дээш удаа оролцож байжээ. Тэрээр нэг жилд нь бүр зугаалгын удирдагчаар явах санал хүлээн авсан аж.

Тэр бүх залуу эмэгтэйг Тэнгэрлэг Эцэг өөрсдөд нь хэр их хайртайг мэдээсэй гэж хүсдэг. Тэр хайр нь “тэнгэр мэт уудам, далай мэт гүнзгий” бөгөөд Тэнгэрлэг Эцэг “тэднийг бүгдийг нь гэртээ ирээсэй гэж хүсдэг” гэсэн юм.

Тэрхүү холбоог мэдрэх нь залуу эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилнө. “Учир нь тэр нь миний амьдралыг өөрчилсөн” гэж хэлэв.

Рүниа эгч 1961 оны 3-р сарын 2-нд АНУ-ын Калифорниа мужийн Конкорд хотод Винсэнт Алма Вүд, Гэйл Хилтон Вүд нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Калифорнийн Волнат Крикт өсөж торнисон.

Рүниа эгч Р.Скотт Рүниатай танилцах үедээ Бригам Янгийн Их Сургуульд өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байсан бөгөөд тэд 1981 оны 5-р сард Калифорниагийн Өүкланд ариун сүмд гэрлэсэн. Тэд одоо долоон хүүхдийн эцэг эх бөгөөд Юта мужийн Прово хотод амьдардаг.

4 дүгээр сарын Ерөнхий чуулган дээр Рүниа эгч шинэ Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд нэгдүгээр зөвлөхөөр шинээр дэмжин батлагдав. Тэрээр үйлчлэлээ 8-р сарын 1-нээс эхэлнэ.

Сүм дэх үйлчлэлийнхээ зэрэгцээ тэрээр орлого бага, гэр оронгүй хүмүүст тусалдаг Хүнс, халамжийн холбооны удирдах зөвлөлд 20 жил ажилласан аж.