Семинар
1-р бүлэг: 2 дахь өдөр, Их урвалт


1-р бүлэг: 2 дахь өдөр

Их урвалт

Оршил

Есүс Христ энэ дэлхий дээр Өөрийн Сүмийг байгуулсан. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг тайлбарлахдаа: “Христийг дээшлэн одсоны дараа төлөөлөгчид Түүний үлдээсэн түлхүүрүүдийг үргэлжлүүлэн ашигласаар байсан юм. Гэвч гишүүдийн дуулгаваргүй байдал, итгэл сул байснаас болж төлөөлөгчид түлхүүрүүдийг хойч үедээ өвлүүлэн өгч чадалгүйгээр нас барсан билээ. Энэхүү эмгэнэлт үйл явцыг бид ‘Урвалт’ гэж нэрлэдэг” гэжээ (“The True and Living Church,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 21). Энэхүү өргөн цар хүрээ хамарсан урвалтын улмаас санваарын эрх мэдэл хүмүүсийн дундаас татан авагдсан юм. Их урвалтын тухай ойлгох нь бидэнд хожмын энэ өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээг сэргээх шаардлагатай байсан гэдгийг илүү сайн ойлгоход маань тусалдаг.

Есүс Христ энэ дэлхий дээр Өөрийн Сүмийг байгуулсан

Дараах зурган дээрх эд анги, хэсгүүдийг тохирох төхөөрөмж хэрэгслүүдэд нь тавь: Тухайлбал:

Зураг
компьютер, дугуй, машин

Таны саяны тохируулсан эд ангигүйгээр эдгээр хэрэгсэл хэр ашигтай байх вэ? Үүнийг Их Эзэний Сүмтэй харьцуул. Хэрэв Есүс Христийн Сүмээс салган авчихвал Сүмд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох эсвэл бүр оршин тогтнохгүй байх тийм чухал бүрэлдэхүүн хэсгүүд байдаг уу?

  1. Есүс Христийн Сүмийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэсэн гарчгийг судрын тэмдэглэл дээрээ бич. Энэ гарчгийн доор хичээлийн туршид олж мэдсэн зүйлээ жагсаан бич.

Ефес 2:19–22-ыг уншаад, Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Өөрийн Сүмийг байгуулсан үндэс суурийг тэмдэглэ. Яагаад төлөөлөгч, бошиглогчдыг Сүмийн “үндсэн суурь” хэмээн үздэг гэж та бодож байна вэ? Булангийн чулуу нь хэн бэ?

Судрын тэмдэглэл дээрх Есүс Христийн Сүмийн чухал бүрэлдэхүүн хэсгийн жагсаалтад дараах үгсийг бич. Төлөөлөгч, бошиглогчид Есүс Христийн Сүмийн суурийг тавьдаг.

Дараах зурган дээр ямар үйл явдал болж байна вэ?

Зураг
Есүс төлөөлөгчдөө томилсон нь

Иохан 15:16-г уншаад, Бурханы хүүхдүүдийн авралд зайлшгүй хэрэгтэй Есүс Христийн Сүмийн өөр нэгэн чухал бүрэлдэхүүн хэсгийг олж мэд.

Аврагч тэнгэрт дээшлэхийнхээ өмнөхөн Өөрийн төлөөлөгчдөд Сүмийг удирдан, хүүхдүүдийнх нь авралын төлөө Бурханы нэрийн өмнөөс үйлдэх эрх мэдлийг олгосон. Энэхүү санваарын эрх мэдэлд Сүмийг удирдах мөн авралд шаардлагатай ёслолуудыг хийж гүйцэтгэх санваарын эрх, түлхүүрүүд ордог. Судрын тэмдэглэл дээрх жагсаалтдаа дараах үнэнийг нэмж бич. Авралын ёслолууд болон гэрээнүүдийг хийхэд санваарын эрх мэдэл зайлшгүй шаардлагатай.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон үнэн Сүмийн бас нэгэн чухал хэсгийн талаар тайлбарласан. Тэрээр: “Бидний хүлээн авсаар буй үнэнүүд болон сургаалууд нь бурханлаг илчлэлтээр ирж байгаа мөн цаашид ирэх болно. Зарим сүсэг бишрэлд … сургаалын талаар санал бодлын зөрөлдөөн гардаг. … Бид ч бас өөрсдийн ойлголт, мэдлэгийг тэлэх эрдэм мэдлэгийг үнэлдэг. Гэхдээ Сүмд өнөөдөр яг л эрт үеийнхтэй адил, Христийн сургаалыг тодотгож эсвэл сургаалын зөрчилтэй байдлыг залруулах явдал нь төлөөлөгчийн эрх мэдлийг Их Эзэнээс хүлээн авсан хүмүүст ирдэг бурханлаг илчлэлтээр шийдэгддэг” хэмээн хэлжээ (“Христийн сургаал,” Ensign, 2012 оны 5-р сар, 86 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 93).

Ахлагч Кристоффэрсоны хэлснээр төлөөлөгч, бошиглогчдын хамгийн чухал нэг үүрэг юу вэ?

Сургаал бол Есүс Христийн сайн мэдээний үндсэн, мөнхийн үнэн юм. Яагаад Их Эзэний Сүмд үнэн сургаалыг зөв ойлгуулж заах нь чухал гэж та бодож байна вэ?

Судрын тэмдэглэл дээрх жагсаалдаа дараах үнэнийг оруулж бич. Төлөөлөгч, бошиглогчид бурханлаг илчлэлтээр дамжуулан зөв сургаалын үндсийг тавьдаг.

Есүс Христийн сайн мэдээний олон сургаал байдаг ч, энэхүү семинарын хичээлийн туршлагаар дамжуулан та дараах үндсэн сургаалын талаар гүнзгий мэдлэг олж авах болно. Энэ нь та бүхний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, сайн мэдээг бусдад заахад тань бэлтгэдэг. Тухайлбал:

  • Бурхан Тэргүүтэн

  • Авралын төлөвлөгөө

  • Есүс Христийн Цагаатгал

  • Эрин үе, Урвалт ба Сэргээлт

  • Бошиглогчид ба илчлэлт

  • Санваар ба санваарын түлхүүрүүд

  • Ёслолууд ба гэрээнүүд

  • Гэрлэлт ба гэр бүл

  • Зарлигууд

  1. Доорх үндсэн сургаалуудын нэгийг сонго. Яагаад энэ сургаал танд чухал болох тухай судрын тэмдэглэл дээрээ тайлбарлан бич.

Сургаал ба Гэрээг энэ жилийн туршид судалж байхдаа эдгээр сургаалын талаарх мэдлэг болон ойлголтоо гүнзгийрүүлэхийг хичээ.

Их Эзэний Сүмийн өөр нэгэн чухал бүрэлдэхүүн хэсгийг олж танихад туслах дараах зургуудыг ажиглан, тэдгээрт ямар нийтлэг зүйл байгааг олж мэд.

Зураг
Ёслолууд

Ёслол нь санваарын зохих санваарын эрх мэдэлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр хийгддэг албан ёсны, ариун нандин зан үйл юм. Яагаад ёслолууд нь Есүс Христийн Сүмийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж та боддог вэ? (Энэ асуултад хариулахад тань туслах Иохан 3:5-р шүлгийг уншина уу. Дараа нь хэрэв та баптисм ба гишүүний баталгааны ёслолуудыг, мөн Ариун Сүнсний бэлгийг хүлээн аваагүй байсан бол юу болох байсан талаар бод.)

Гэрээ гэдэг нь “Бурхан хүн хоёрын хоорондох тохиролцоо боловч тэрхүү тохиролцоонд хоёр тал тэгш эрхтэй байдаггүй. Бурхан гэрээний нөхцөлүүдийг өгч, хүн түүний хүссэн зүйлсийг хийхийг зөвшөөрдөг. Хүмүүний дуулгавартай байдлын хариуд Бурхан зарим нэг адислалуудыг амладаг” (Сулруудын удирдамж, “Гэрээ,” scriptures.lds.org) Ёслол гэдэг нь бидний Бурхантай гэрээ хийж, үүнийгээ сахисанаар ирэх адислалуудыг хүлээн авах арга хэрэгсэл юм.

Санваарын бүх авралын ёслолыг Бурхантай хийх нандин гэрээнүүд дагалддаг. Судрын тэмдэглэл дээрх жагсаалтдаа дараах үнэнийг нэмж бич. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бид аврагдахад шаардлагатай ёслолуудыг хүлээн авч чадна.

Есүс Христ дэлхий дээр байхдаа Түүний Сүмийн чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн та нарын суралцсан бүх зүйлийг үүсгэн зохион байгуулсан юм. Тэрээр нас барсныхаа дараа амилсан бөгөөд тэнгэрт дээшлэн одож, Өөрийн төлөөлөгчдийг илчлэлтээр дамжуулан үргэлжлүүлэн удирдсаар байсан. Төлөөлөгчдийнх нь удирдлаган доор эртний Сүм хурдан тархаж, олон мянган хүн баптисм хүртсэн билээ. Гэгээнтнүүдийн цуглаанууд нь Ромын Эзэнт гүрэн даяар зохион байгуулагдсан (энэ нь одоогийн Испани, Турк, Грек, Итали, Сири болон Европ, Ази, Африкийн бусад хэсэг болно). Ахлагч, бишоп, дикон, прист, багш, евангалистуудыг (патриархууд) дуудаж, төлөөлөгчид зохих санваарын эрх мэдлийг өгч байв.

Их Эзэний мөнх бус амьдрал дахь тохинууллын дараа Их урвалт олон зууны туршид тохиосон юм.

Төлөөлөгчид хичээл зүтгэл гаргасан ч эртний Сүм дотроосоо мөн гаднаас аюулд өртөх болсон. Дараах судрын хэсгүүдийг уншаад, тэдгээр аюулын заримыг олж мэд. Тухайлбал:

Үйлс 12:1-3

Үйлс 20:29–30

2 Тимот 4:1–4

2 Петр 2:1–2

  1. Яагаад эдгээр аюул занал Сүмд тийм аюултай байсан гэж та бодож байна вэ? Бодол санаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Шинэ Гэрээний үеийн Сүмд тухайн үед учирсан агуу хохирлын талаар ярьсан.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Иаковыг Херод Иерусалимд алсан. Петр, Паул хоёр Ромд нас барсан. Филип зүүн зүг рүү явсан гэсэн яриа байдаг. Бид үүнээс илүү зүйл мэдэхгүй.

Тэд тарж явсан, заасан, гэрчилж байсан бөгөөд Сүмийг үүсгэн байгуулсан юм. Мөн тэд итгэдэг зүйлийнхээ төлөө амиа өгсөн бөгөөд тэдний үхэлтэй хамт урвалтын харанхуй эрин зуун ирсэн юм” (“The Twelve,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 84).

Хэрэв суурь нь нурвал барилга яах вэ?

Эртний Сүмийн уналтыг Их урвалт хэмээн нэрлэдэг. Хүмүүс сайн мэдээний үнэнүүдээс нүүр буруулан, Их Эзэний эрх мэдэл бүхий үйлчлэгчдээс татгалзах үед урвалт тохиодог.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

Ерөнхийлөгч Пакэр Их урвалтаас үүдэн гарсан хамгийн ноцтой хор хохирлыг тайлбарласан. Тэрээр: “Урвалтын үр дүнд алдагдсан хамгийн үнэт зүйл бол Арван хоёрын эрх мэдэл—санваарын түлхүүрүүд юм. Сүмийг Түүний Сүм байлгахын тулд түлхүүрүүдийг нь атгаж, тэдгээрийг бусдад дамжуулдаг Арван хоёрын чуулга байх ёстой” гэжээ (“The Twelve,” 84).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Санваарын эрх мэдэл алдагдсан нь Сүмийн бусад чухал бүрэлдэхүүн хэсэгт хэрхэн нөлөөлсөн бэ?

    2. Яагаад бошиглогч, төлөөлөгч, санваарын эрх мэдэл, Есүс Христийн үнэн зөв сургаалгүйгээр Сүмийг засаж залруулах өөр зам байгаагүй вэ?

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

Энэ түүхэн үеийн тухай ерөнхийлөгч Пакэр дараах зүйлийг хэлсэн. Тэрээр: “Олон зуун улиран өнгөрөхөд, галын дөл нь унтарч бөхсөн. Ёслолууд өөрчлөгдөн эсвэл устан үгүй болсон. Шугам тасарч мөн Ариун Сүнсийг бэлэг болгон өгөх эрх мэдэл нь алга болсон байв. Урвалтын харанхуй үе дэлхийд ноёлох болов” гэжээ (“The Cloven Tongues of Fire,” Ensign, 2000 оны 5-р сар, 8).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Яагаад Их урвалт болон үүний үр дагаврыг ойлгож, санаж байх нь чухал гэж та боддог вэ?

Энэ жил семинарын хичээлээр та бүхэн Сургаал ба Гэрээ, Иосеф Смитийн—Түүхийг судалснаар Их урвалтын үр дагаврыг даван гарахад үнэн болон санваарын эрх мэдлийг зайлшгүй сэргээх шаардлагатай байсан гэдгийг ойлгож мэдэх болно. Бурхан Өөрийн сайн мэдээний үнэн болон ёслолуудыг дэлхий дээр хүн төрөлхтний дунд дахин зохион байгуулсан явдлыг Сэргээлт гэдэг. Есүс Христийн сайн мэдээ нь Христийн эртний төлөөлөгчдийн дэлхий дээрх тохинууллын дараа болсон урвалтаас хойш дэлхийд байхаа больсон байлаа. Тэрхүү урвалт сайн мэдээг сэргээх шаардлагыг бий болгосон юм” (Судруудын удирдамж, “Сайн мэдээний сэргээлт,” scriptures.lds.org).

Та нар судалж байхдаа Есүс Христийн Сүмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд хэрхэн бошиглогч Иосеф Смитээр дамжин дэлхий дээр сэргээгдсэн талаар мэдэж авах болно. Их Эзэн дэлхийд авралыг авчрахын тулд Өөрийн Сүмийг дахин нэг удаа зохион байгуулсан билээ.

  1. Есүс Христийн Сүмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд болон хэрхэн эдгээр нь эртний Сүмд алдагдсан тухай гэр бүлийнхээ нэг гишүүнд эсвэл найздаа (хэн нэгэнд) ярьж өг. Яагаад Их урвалтын талаар ойлгох нь чухал гэж та бодож байгаагаа тайлбарла. Яриа тань хэрхэн өрнөсөн, найз эсвэл гэр бүлийн тань гишүүн юу гэж хариулсан тухай судрын тэмдэглэл дээрээ бич.

  2. Судрын тэмдэглэл дээрээ дараах өгүүлбэрийг өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би “Их урвалт” хичээлийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: