Семинар
14-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 60–62


14-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 60–62

Оршил

1831 оны 8-р сарын 8-нд бошиглогч Иосеф Смит болон өөр 10 ахлагч Миссуригийн Индепенденсээс Огайо руу буцаж очихоор бэлдэж байлаа. Их Эзэн ахлагчдад аялах замдаа сайн мэдээг номлохыг зааварчилсан ба энэ заавар нь эдүгээ Сургаал ба Гэрээ 60 дээр цэдэглэгдсэн байдаг. Аяллынхаа гурав дахь өдөр тэд Миссури гол дээр аюултай тулгарав. Дараагийн хоёр өдөр буюу 8-р сарын 12, 13-нд бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс хоёр илчлэлт хүлээн авсан. Эдгээр илчлэлт нь эдүгээ Сургаал ба Гэрээ 61 болон 62-т цэдэглэгдсэн байдаг. Эдгээрт зааварчилгаа, анхааруулга, тайтгарал, урамшууллын үгс багтдаг.

Сургаал ба Гэрээ 60

Их Эзэн ахлагчдад Миссуригээс Огайо руу аялахдаа сайн мэдээг номлохыг тушаав

Зураг
Сургуулийн автобусанд судар уншиж буй өсвөр үеийнхэн

Бусдад шашин шүтлэгийнхээ талаар ярихаас эргэлзэж эсвэл сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцахаас халширч байсан үеэ бод.

Их Эзэн Миссуригийн Индепенденс рүү аялсан зарим ахлагчийг зэмлэсэн. Сургаал ба Гэрээ 60:1–2-ыг уншаад, Их Эзэн зарим ахлагчид яагаад сэтгэл хангалуун байгаагүйг олж мэд. Та сурсан зүйлээ тэмдэглэж болно.

1–2-р шүлэгт нэр нь дурдагдсан ахлагчид Огайогаас Миссуригийн Индепенденс рүү газар болон ариун сүмийн барилгын талбайг онцгойлон адислах ёслолд оролцохоор явж байв. Их Эзэн тэдэнд Миссури рүү аялах замдаа бусдад сайн мэдээг номлохыг зарлиглажээ (С ба Г 52:9–10-ыг үзнэ үү). Хэдий тийм ч, тэдний зарим нь уг зарлигийг дагасангүй. Их Эзэн “тэд амаа нээх нь үгүй, харин … тэдэнд миний өгсөн авьяас билгийг тэд нуух ажээ” (C ба Г 60:2) хэмээжээ. Өөрөөр хэлбэл, тэд сайн мэдээний тухай гэрчлэлээ бусадтай хуваалцаагүй аж.

Сургаал ба Гэрээ 60:2-т цэдэглэгдсэнээр, яагаад зарим ахлагч бусадтай гэрчлэлээ хуваалцаагүй вэ?

Сургаал ба Гэрээ 60:3-ыг уншаад, хэрэв бид гэрчлэлээ хуваалцахгүй бол юу болохыг олж мэд.

Та дараах зарчмыг судар дээрээ бичиж болно. Бид гэрчлэлүүдээ хуваалцахгүй бол тэдгээрийг алдах болно. Гэрчлэлээ хуваалцах нь зөвхөн Сүмийн цуглаан дээр албан ёсоор гэрчлэлээ хуваалцахыг хэлдэггүй. Сүмийн цуглаан дээр бараг хэзээ ч ярьж байгаагүй юм уу тун цөөн ярьдаг Сүмийн зарим гишүүн амьдарч байгаа байдлаараа гэрчлэлээ хуваалцдаг. Зарим нь өвчин зовлон юм уу бусад бэрхшээлийг даван туулснаар сайн мэдээг гэрчилдэг. Зарим нь гэр бүлийнхээ гишүүд болон найз нөхдөдөө найдвар, итгэлийн талаарх үг хэлээрээ гэрчлэлээ албан бусаар хуваалцдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр гэрчлэлээ хуваалцахын чухлыг заасан.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Христийн Сүнс болон гэрчлэл ихэнхдээ гэрчлэлээ хуваалцахад ирж мөн гагцхүү хуваалцсанаар л тантай хамт үлддэг. Энэ үйл явц нь сайн мэдээний амин судас мөн.

Энэ нь Христийн шашинтан гэдгээ таниулах төгс арга зам биш гэж үү? Гэрчлэлээ өөрийн хүслээр хуваалцах хүртэл та нар үүнийг олж, хадгалж мөн өсгөн нэмэгдүүлж чадахгүй. Мөн та гэрчлэлээ өгөөмрөөр хуваалцсанаар энэ нь таных болно” (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 55.)

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та хэзээ гэрчлэлээ хуваалцсанаар өсөж байгааг мэдэрсэн бэ?

    2. Танд дараагийн долоо хоногт юм уу ойрын үед гэрчлэлээ хуваалцах боломж гарч ирэх үү?

Сургаал ба Гэрээ 60-ын үлдсэн хэсгээс та Их Эзэн тэдгээр ахлагчид Огайо руу буцах замдаа сайн мэдээг тунхаглахыг зарлигласан гэдгийг уншина. Та уншиж байхдаа “миний үгийг тунхагла” эсвэл “номлох” гэх мэт гэрчлэлээ хуваалцахтай холбоотой үг, хэллэгийн доогуур зурж болно.

Сургаал ба Гэрээ 61

Их Эзэн бошиглогч Иосеф Смит болон бусад ахлагчид Огайо руу аялах замд нь зааварчилгаа өгөв

Бошиглогч Иосеф Смит 10 ахлагчтай хамт Миссури мөрний хүчтэй урсгалаар завиар аялж явахдаа аюулд орсноо мэджээ. Дараах түүхийг уншихдаа хэрэв та тэнд байсан бол хэрхэх байсныг бодно уу.

Зураг
Миссури мөрөн, Макилвейны тохой

Миссури мөрөн, Макилвейны тохой

Иосеф Смит аяллынхаа гурав дахь өдөр “өрнөд зүгийн гол мөрний усанд элбэг тохиолддог олон аюултай нүүр тулсан бөгөөд биднийг мөрний эрэгт буудалласны дараа … [Виллям В.] Фелпс ах өдрийн цагаар нэгэн үзэгдэл үзсэн ба их усны гадаргуу дээр өөрийн аймшигт сүр хүчээр давхигч устгагчийг харсан аж. Бусад нь шуугиан сонссон ч үзэгдэл хараагүй юм” хэмээн дурссан (History of the Church, 1:203-т). Энэ үзэгдлийн өмнө, “ах нарын дунд зарим нэг үл ойлголцол, гомдол үүссэн байжээ (Б.Х. Робертс, A Comprehensive History of the Church, 1:262–63). Тэр орой нь ах нар өөрсдийн бэршээлийг ярилцаад ихэнх нь бие биенээ уучилсан байна. Маргааш өглөө нь Иосеф залбиран, Сургаал ба Гэрээ 61-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээ 61:2, 20, 36–37-г уншаад, эдгээр ахлагчийг тайвшруулсан байж болох хэллэгүүдийг тэмдэглэ.

Их Эзэн ахлагчдын гэм нүглийг уучлахын зэрэгцээ “олон устгалууд” хожмын өдрийн их усан дээр гарч ирэхийг заасан (С ба Г 61:5, 14–19-ийг үзнэ үү). Түүнчлэн Их Эзэн Өөрийн хүч чадлын тухай ярьсан аж. Сургаал ба Гэрээ 61:1, 6, 10-ыг уншаад, Их Эзэн хүч чадлынхаа тухай юу заасныг олж мэд.

Виллям В.Фелпс их усны гадаргуу дээр устгагчийг үзсэн үзэгдлийн учир зарим нь Сатаныг усыг захирах хүчтэй гэж бодов. Гэвч Сургаал ба Гэрээ 61:1 Их Эзэнийг бүх хүчтэй гэдгийг баталсан. Үүнд их усыг захирах хүч ч бас багтдаг байна. 6, 10-р шүлэг нь Их Эзэн биднийг хамгаалах чадвартай болохыг баталдаг. Та дараах зарчмыг судартаа бичиж болно. Их Эзэнд бүх хүч байдаг бөгөөд Тэрээр биднийг хамгаалах чадвартай.

Сургаал ба Гэрээ 61-ийн үлдсэн хэсэгт тэдгээр ахлагчид Огайод очих замыг нь чиглүүлсэн Их Эзэний зааврууд агуулагддаг.

Сургаал ба Гэрээ 62

Их Эзэн Миссуригийн Индепенденс рүү аялж явсан ахлагчдын итгэлтэй байдлыг сайшаав

Дараах хүснэгтэд, Их Эзэнд чухал гэж бодож байгаа асуултынхаа хажууд “Х” бич. Тухайлбал:

Би ням гарагт Сүмд явах хэрэгтэй юү?

Би Сүм рүү явахдаа хар банзал өмсөх үү эсвэл ногоон банзал өмсөх үү? Би улаан зангиа зүүх үү эсвэл хөх зангиа зүүх үү?

Би номлолд үйлчлэх хэрэгтэй юү? Хэрэв тийм бол хэзээ үйлчлэх ёстой вэ?

Хэрэв ээж дуртай хоолыг маань хийж өгье гэвэл би алийг нь сонгох хэрэгтэй вэ?

Нөхцөл байдлаас шалтгаалан бидний гаргах олон шийдвэр Их Эзэнд чухал байхад зарим нь чухал байдаггүй. Сургаал ба Гэрээ 60–62 дээр цэдэглэгдсэн илчлэлтүүдэд Их Эзэн Сүмийн ахлагчдад тэдний гаргах хэрэгтэй зарим шийдвэр Түүнд бусдаас илүү чухал гэдгийг ойлгоход тусалсан байна. Та эдгээр илчлэлтийг үргэлжлүүлэн судлахынхаа хэрээр шийдвэр гаргахад тань чиглүүлэх ойлголтуудыг олж авах болно.

Сургаал ба Гэрээ 62-ын нөхцөл байдлыг ойлгохын тулд хэсгийн оршлыг унш.

Хэсгийн оршил дээр дурдагдсан ахлагчид замдаа сайн мэдээг хичээнгүйлэн номлож байсан тул Миссуригийн Индепенденс рүү бусдаас удаан аялж байв. Иймээс тэд газар болон ариун сүмийн барилгын талбайг онцгойлон адислах чуулганаас хоцорсон аж.

Сургаал ба Гэрээ 62:1–3-ыг уншаад, сайн мэдээг номлож, гэрчлэлээ хуваалцдаг хүмүүст ирдэг зарим адислалыг олж мэд.

Дараах хүснэгтийн зүүн багананд жагсаасан судрын хэсгүүдийг судал. Их Эзэнд чухал мөн чухал бус байсан зүйлсийг зохих багананд бич.

Их Эзэнд юу чухал байсан бэ?

Түүнд юу чухал бус байсан бэ?

С ба Г 60:5

С ба Г 61:21–22

С ба Г 62:5–7

  1. Судрын тэмдэглэл дээрээ хүснэгтээс суралцсан судруудын тухай дараах асуултанд хариулж бич. Их Эзэнд чухал болон чухал бус зүйлсийн хооронд ямар ялгаа байгааг та олж харсан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдэлд Их Эзэн Өөрт нь зарим зүйл чухал байхад зарим нь чухал бус байдаг хэмээн хэлснээрээ ахлагчдад яг юу заасныг ойлгоход туслах үг, хэллэгийн доогуур зур.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Аврагч тэдгээр номлогчийн хийж байгаа зүйлийг сонирхохгүй байна гэж хэлээгүй нь тодорхой. Харин Тэрээр чухал зүйлээ нэгд тавьж, зөв зүйл дээр төвлөрөхийн чухлыг онцолж байжээ. … Амин чухал зүйл нь тэдний хийж гүйцэтгэ хэмээн дуудагдсан ажил байсан ба яаж хийх нь чухал хэдий ч амин чухал байгаагүй юм (“A Reservoir of Living Water,”[Сүмийн Боловсролын Системийн залуучуудад зориулсан галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4], 4; LDS.org).

  1. Дараах асуултын хариултыг судрын тэмдэглэлдээ бич. Их Эзэнд чухал зүйлс болон чухал бус зүйлсийн загвар танд шийдвэр гаргахад хэрхэн чиглүүлдэг вэ?

Сургаал ба Гэрээ 62:8-ыг уншаад, шийдвэр гаргахдаа тулгуурлаж болох хоёр зүйлийг олж тогтоо. Дараа нь хоосон зайг бөглөн дараах зарчмыг гүйцээж бич: Бид шийдвэр гаргахдаа … болон … тулгуурладаг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад өөрийн тунгаан бодох чадвар болон Сүнсний удирдамжинд найдах нь чухал гэж та бодож байна вэ?

    2. Та хэзээ өөрийн тунгаан бодох чадвар болон Сүнсний удирдамжинд тулгуурлан шийдвэр гаргаж байсан бэ? Ийнхүү хийснээр та хэрхэн адислагдаж байсан бэ?

Та Сургаал ба Гэрээ 60–62-ыг суралцсан зарчмуудынхаа нэг юмуу хоёрын дагуу хэрхэн үйлдэж болох талаар бодож үз.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба гэрээ 60–62-р хэсгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: