Семинар
27-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 127; 128:1–11


27-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 127; 128:1–11

Оршил

Сургаал ба Гэрээ 127-д 1842 оны 9-р сарын 1-нд Иосеф Смитийн нас барагсдын төлөө хүртээж буй баптисмуудынхаа цэдгийг хөтлөхийг гэгээнтнүүдэд зааварлан бичсэн захидал агуулагддаг. Долоо хоногийн дараа Иосеф нас барагсдын төлөөх баптисмын талаар өөр нэг захидал бичжээ. Сургаал ба Гэрээ 128 нь бид яагаад гүйцэтгэгдсэн авралын ёслолуудын цэдгийг хөтлөх ёстойг заасан энэхүү захидлыг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 127:1–4

Иосеф Смит мөрдлөг хавчлага хийгээд гай зовлонд алдаршина

Сургаал ба Гэрээ 127:1-ийг уншаад, бошиглогч Иосеф Смит 1842 онд Иллинойгийн Наувуд ямар зовлон зүдгүүрийг туулж байсныг олж мэд.

1842 оны 5-р сард гэгээнтнүүдийн эсрэг устгах тушаалыг буулгасан Миссури мужийн захирагч асан Лилбурн В.Боггсыг үл мэдэх алуурчин шархдуулжээ. Миссуригийн эрх мэдэлтнүүд бошиглогч Иосеф Смитийг Боггсыг алуулах хүн явуулсан гэж сэжиглэн, Миссуригийн шүүхэд авчрахыг завджээ. Тэр үед Иосеф Смит Миссуригээс яваад нэг жил болж байсан ба Иллинойгийн Наувуд амьдарч байлаа. Бошиглогч хэрвээ Миссури рүү буцаж явбал алуулна гэдгээ мэдэж байсан учраас хууль бусаар баривчлагдахгүйн тулд Миссуригийн албан хаагчдаас зугтаж байсан юм. 1843 оны 1-р сард Иосеф Смитийг баривчилж, Миссурид авчрах үйл ажиллагааг хууль бус гэж шийдвэрлэжээ.

Сургаал ба Гэрээ 127 нь 1842 оны 9-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смитийн Миссуригийн албан хаагчдад хилс хэргээр баривчлагдахаас зугтаж байхдаа гэгээнтнүүдэд бичсэн захидал юм. Науву дахь гэгээнтнүүд энэ захиаг хэдэн өдрийн дараа уншжээ.

Сургаал ба Гэрээ 127:2-ыг уншаад, Иосеф Смит гай зовлонд хэрхэн хандсаныг олж мэд. Таныг унших үед дассан зүйл гэдэг нь ямар нэгэн зүйлийг хийж хэвшсэн гэсэн үг гэдгийг мэдэх нь тустай.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Иосеф Смит гай зовлонд хэрхэн хандсан бэ?

    2. Түүний үлгэр жишээ бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Бошиглогч Иосеф Смитийн гэгээнтнүүдэд бичсэн зүйлс дээр тулгуурлан бид Тэнгэрлэг Эцэгт итгэх нь гай зовлонг тэвчихэд тусалдаг гэдгийг сурдаг. Сургаал ба Гэрээ 127:2-ыг уншаад, энэ үнэнийг зааж буй үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.

  1. Тэнгэрлэг Эцэгт итгэсэн учраас гай зовлонг тэвчиж чадсан өөрийнхөө таньдаг (эсвэл олж мэдсэн) хэн нэгэн хүний нэрийг судрын тэмдэглэл дээрээ бич. Тэнгэрлэг Эцэгт итгэх нь хэрхэн энэ хүнд гай зовлонг тэвчихэд тусалсан бэ?

Зураг
Залбирч байгаа залуу эмэгтэй

Бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдэд “Израилын Бурхан тэдний Бурхан” (С ба Г 127:3) учраас баяртай байж болно гэж хэлжээ. Сургаал ба Гэрээ 127:4-ийг уншаад, Их Эзэн мөрдлөг хавчлагыг тэсвэрлэх хүмүүст юу гэж амласныг олж мэд.

Мөрдлөг хавчлагад дарлагдаж байсан ч Науву ариун сүмийг үргэлжлүүлэн барьсан гэгээнтнүүдийн итгэлийн талаар тунгаан бод. Тэдний үлгэр жишээ хэрхэн зовлон зүдгүүрийг туулах үед танд туслах вэ?

Сургаал ба Гэрээ 127:5–12

Бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдэд нас барагсдын төлөө гүйцэтгэж буй баптисмуудынхаа цэдгийг хөтлөхийг зөвлөв

Бошиглогч Иосеф Смитийг Сургаал ба Гэрээ 127-д цэдэглэгдсэн захиаг бичихээс жил хагасын өмнө Их Эзэн гэгээнтнүүдэд нас барагсдын төлөөх баптисмын ёслол нь ариун сүмд хамаарагддаг хэмээн хэлснийг сана (С ба Г 124:30-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч, Их Эзэн ариун сүмийн баптисмын усан сан бэлэн болох хүртэл ойролцоох гол, горхинд нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэхийг зөвшөөрчээ. Харин усан сан бэлэн болсны дараа нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг зөвхөн ариун сүмд гүйцэтгэхийг зөвшөөрсөн байна. Гэгээнтнүүд 1841 оны 11-р сард Наувугийн ариун сүмд нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэж эхэлжээ.

Зураг
Ариун сүмийн карт

Та ариун сүм рүү явж, нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэж байсан уу? Хэрэв тийм бол баптисмын усан сангийн хажууд хэн нэгэн сууж байгааг анзаарсан уу?

Сургаал ба Гэрээ 127:5–9-ийг уншаад, нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэх үед хэн төлөөлөх ёстойг олж мэд.

7–р шүлэгт цэдэглэснээр, цэдэг хөтлөгч баптисмуудын гэрч болох нь яагаад чухал вэ?

Цэдэг хөтлөгчөөс гадна бид 7-р шүлгээс дэлхий дээр бидний гүйцэтгэдэг ариун сүмийн ёслолууд нь тэнгэрт холбогддог гэдгийг сурдаг. Та энэ сургаалыг зааж буй үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно. Тэнгэрт холбогдоно гэдэг нь ёслолууд Тэнгэрлэг Эцэгийн мэлмийд хүчин төгөлдөр гэсэн үг юм.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Нас барагсдын төлөөх ёслолуудад оролцож байх үед энэ сургаал танд хэрхэн нөлөөлөх вэ?

Сургаал ба Гэрээ 127:10–12-оос бид Иосеф Смит нас барагсдын төлөөх баптисмын талаар илүү олон зүйлийг гэгээнтнүүдэд заахыг хүссэн гэдгийг сурдаг. Тэр үед тэр нуугдаж байсан учраас урьд нь заах боломжгүй байжээ. Тэрээр гэгээнтнүүдэд нас барагсдын төлөөх баптисм болон бусад чухал сэдвийн талаар илүү олон захидал бичнэ гэж амлажээ.

Сургаал ба Гэрээ 128:1–11

Иосеф Смит бид яагаад авралын ёслолуудын талаар цэдэг хөтөлдгийг тайлбарлав

Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 127-д цэдэглэгдсэн захидлыг бичсэнийхээ дараа нас барагсдын төлөөх баптисмын талаар өөр нэг захидлыг гэгээнтнүүдэд бичсэн юм. Энэ захидлын агуулга нь Сургаал ба Гэрээ 128-д цэдэглэгдсэн байдаг.

Сургаал ба Гэрээ 128:1–5-д Иосеф Смит орон нутгийн цэдэг хөтлөгчдөд нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг гэрчилж, цэдгийг нь хөтлөх ёстой гэж заажээ. Тэрээр мөн ерөнхий цэдэг хөтлөгчид орон нутгийн цэдгүүдийг Сүмийн ерөнхий цэдэгт эмхэтгэн нэгтгэх ёстой гэж заав.

Та өмнө нь паспорт харж байсан уу? Паспорт эзэмшигчид ямар эрх олгогдсон байдаг вэ? Яагаад өөр хүний паспорт танд өөр улс орон руу орох эрхийг олгохгүй вэ? Хэрэв та өөр улс руу орох гэтэл паспорт дээрх мэдээлэл тань дутуу байвал юу болох вэ?

Сургаал ба Гэрээ 128:6–7-г уншаад, бид Бурханы оршихуй руу ороход тэнцэх үү үгүй юү гэдгийг ямар цэдгүүд тодорхойлохыг олж мэд. Төлөөлөгч Иохан, бошиглогч Иосеф Смит хоёр нэгээс илүү цэдгийг дурдсан гэдгийг анзаар. Тэд “өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм” гэж хэлжээ (С ба Г 128:6; мөн Илчлэлт 20:12-ыг үзнэ үү). Иоханы хэлсэн эхний ном нь дэлхийд хадгалагддаг цэдэг бөгөөд амийн ном нь тэнгэрт хадгалагддаг цэдэг юм. Эдгээр ном нь бидний ажлын цэдгийг агуулдаг.

Хүн өөр улс руу нэвтрэн орохын тулд паспортон дээрээ тодорхой мэдээлэлтэй байх хэрэгтэй байдгийн адил Бурханы оршихуй руу орох зөвшөөрлийг авахын тулд эдгээр номонд тодорхой мэдээлэл цэдэглэгдсэн байх хэрэгтэй.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Бид энэ амьдралдаа ямар иргэншил эсвэл арьс өнгөтэй, эрэгтэй эсвэл эмэгтэй, мэргэжил, боловсролтой мөн ямар эрин үед амьдарч байгаагаас үл хамааран амьдрал бол бидний хувьд Бурханы селестиел хаант улсад Түүний оршихуй руу буцан очих аялал юм.

Ёслолууд болон гэрээнүүд нь Бурханы оршихуйд орох зөвшөөрлийн жуух бичиг юм. Уг ёслолуудыг хүлээн авах зохистой байна гэдэг нь амьдралын зорилго билээ. Харин хүлээн авсныхаа дараа хадгална гэдэг нь мөнх бус байдлын сорилт болдог” (“Covenants,” Ensign, 1987 оны 5-р сар, 24).

Сургаал ба Гэрээ 128:8 дээрх “та нар дэлхий дээр юуг ч холболоо гэсэн, тэнгэрт холбогдох болно” гэсэн хэллэгийг тэмдэглэ. Дараа нь Сургаал ба Гэрээ 128:8-ыг дахиж уншаад, Иосеф Смитийн энэ мэдэгдэлд өгсөн “орчуулгын өөр талыг” олж мэд. Та мөн энэ хэллэгийг тэмдэглэж болно.

Таныг 8-р шүлгийг уншихдаа өөрсдийнхөө зохих хүнээр гэдэг нь өөрийнхөө төлөө үйлдэх гэсэн утгатай бөгөөд өөрсдийнхөө төлөө баптисм хүртсэн хүмүүсийг хэлдэг гэдгийг мэдэх нь тустай байж болно. “Өөрсдийгөө төлөөлсөн тэдний” гэдэг нь мөнх бус байдалдаа баптисмын авралын ёслолыг хүлээн авах боломжгүй байсан мөн тэдний өмнөөс баптисм хүртэх төлөөлөгч буюу өөр хүн хэрэгтэй байгаа хүмүүсийг хэлдэг.

Сургаал ба Гэрээ 128:8-д цэдэглэснээр, ёслолуудыг газарт мөн тэнгэрт холбохын тулд ямар хоёр зүйлийг хийх хэрэгтэй вэ? Энэ асуултад хариулахын тулд дараах сургаалын хоосон зайг гүйцээж бич. Ёслол нь санваарын мөн зохих гүйцэтгэгдсэн үед цэдэглэгдэж, газарт мөн тэнгэрт холбогддог.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Ёслол тэнгэрт холбогдоно гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

    2. Та сүнсний дэлхий дэх хүмүүсийг адислахын тулд ариун сүмд баптисмын болон гишүүний баталгааны ёслолд оролцож байснаа бодох үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?

Сургаал ба Гэрээ 128:9-ийг уншаад, Иосеф Смит энэ зарчмын талаар юу гэж хэлснийг олж мэд.

Бид 9-р шүлгээс санваарын бүх эрин үед Их Эзэн санваарын лацдан холбох түлхүүрүүдийг эзэмшиж, ашиглах эрх мэдлийг доод тал нь нэг үйлчлэгчид олгодог гэдгийг сурдаг.

Зураг
Юта Прово ариун сүмийн урд буй залуу гэр бүл

Сургаал ба Гэрээ 128:10–11-ийг уншаад, Аврагч Петрт юу өгснийг олж мэд.

Аврагч санваарын лацдан холбох түлхүүрүүдийг Петрт өгсний адил бидний өдрүүдэд ч гэсэн түлхүүрүүдийг дахин өгсөн юм.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Нас барагсдын төлөөх баптисм зэрэг ёслолуудыг зохих эрх мэдлээр гүйцэтгэх нь яагаад чухал байдаг вэ?

    2. Та өнөөдрийн сурч мэдсэн зүйлийнхээ үр дүнд юуг хийх вэ?

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 127; 128:1–11-ийг судалсан ба энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: