Семинар
28-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 132:1–33


28-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 132:1–33

Оршил

Сургаал ба Гэрээ 132 нь гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээний талаарх илчлэлтийг агуулдаг. Энэхүү илчлэлт нь 1843 оны 7-р сарын 12-нд цэдэглэгдсэн ч энэ илчлэлт дэх зарим үнэн 1831 оны эхээр бошиглогч Иосеф Смитэд мэдэгдэж, түүгээр заагдсан байдаг. Энэ хичээлээр та гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээний нөхцөл болон үүнийгээ хүндлэн дээдэлсэн хүмүүст ирэх амлалтуудын талаар сурах болно.

Сургаал ба Гэрээ 132:1–18

Их Эзэн шинэ бөгөөд үүрдийн гэрээний нөхцөлийг танилцуулав

Зураг
холбогдсон гарууд

Сургаал ба Гэрээ 132:1–2-оос бид бошиглогч Иосеф Смит Абрахам, Исаак, Иаков болон Хуучин Гэрээний бусад бошиглогч яагаад олон эхнэртэй байсныг Их Эзэнээс асуусныг уншдаг. Уг асуулт нь олон эхнэр авах ёсны талаарх заавруудыг агуулсан Сургаал ба Гэрээ 132-т цэдэглэгдсэн илчлэлтийг авахад хөтөлсөн юм. Библи, Мормоны Ном хоёр Бурхан өөрөөр тунхаглаагүй л бол гэрлэлтийн жишгийг нэг эрэгтэйг нэг эмэгтэйтэй гэрлэхээр тогтоосон гэдгийг заадаг (2 Самуел 12:7–8; Иаков 2:27, 30-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 132 нь 1840 оны эхээс 1890 он хүртэл буюу Их Эзэн гэгээнтнүүдэд олон эхнэр авах ёсыг цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй гэж илчлэх хүртэл Сүмийн гишүүдийн дунд олон эхнэр авах ёсыг тогтоосон илчлэлтийг агуулдаг.

Та Сургаал ба Гэрээ 132-ыг судлахдаа дараах асуултуудын хариултыг олж мэд.

  • Мөнхийн гэрлэлт нь хэрхэн энэ амьдралд болон үүрд мөнхөд таныг адислах вэ?

  • Яагаад ариун сүмийн гэрлэлтийн гэрээ тийм чухал байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 132:3–6-г уншаад, гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орсноор ирэх үр дүн мөн гэрээгээ зөрчсөнөөр ирэх үр дагаврыг олж мэд. 4 болон 6-р шүлэг дэх яллагдах гэдэг үг нь мөнхөд өсөлт хөгжихгүй болно гэсэн үг юм.

6-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэний гэрлэлтийн хуулийг дагаж, сахидаг хүмүүс ямар адислалыг хүлээн авдаг вэ?

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “шинэ бөгөөд үүрдийн гэрээний” утга учрын талаар заахдаа Сургаал ба Гэрээ 132:7-г дурдсан. Тэрээр: ”[Сургаал ба Гэрээ 132:7-д] шинэ бөгөөд үүрдийн гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий товч тодорхойлолт байдаг. Энэ бол бүх зүйл буюу сайн мэдээний бүрэн байдал юм. Есүс Христийн сайн мэдээнд хамаарагдах зохих ёсоор гүйцэтгэгдсэн гэрлэлт, баптисм, санваарын томилгоо, бүх гэрээ, хэлцэл, гүйцэтгэл энд өгөгдсөн түүний хуулийн дагуу Амлалтын Ариун Сүнсээр лацдуулсан бол шинэ бөгөөд үүрдийн гэрээний нэг хэсэг болдог” (Doctrines of Salvation,. Брүс Р.Макконки, 3-р боть, (1954–56), 1:47158.]

Хүмүүс бие биетэйгээ ихэвчлэн гэрээ, хэлэлцээр хийдэг. Сургаал ба Гэрээ 132:7-г уншаад, биднийг нас барсны дараа хүмүүсийн хооронд хийгдсэн гэрээнд юу тохиолддогийг олж мэд. Нас барсны дараа ч гэрээг хүчинтэй байлгах хоёр нөхцөлийг олж мэд.

Бид 7-р шүлгээс дараах үнэнийг сурдаг. Гэрээ нь зохих санваарын эрх мэдлээр хийгдэж, Амлалтын Ариун Сүнсээр лацдуулах аваас үүрд мөнхөд байх болно.

“Амлалтын Ариун Сүнсээр лацдуулах” гэдэг нь юу гэсэн утгатайг та гайхаж байж болох юм. Судруудын удирдамж дараах тайлбарыг өгдөг. “Ариун Сүнс бол Амлалтын Ариун Сүнс юм (Үйлс 2:33). Тэрээр Бурханд хүлээн зөвшөөрөгдөхүйц зөв шударга үйл, ёслол, гэрээнүүдийг баталдаг. Авралын ёслолууд зохих ёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүд сахигдаж байгааг амлалтын Ариун Сүнс Эцэгт гэрчилдэг” (Судруудын удирдамж, “Амлалтын Ариун Сүнс,” scriptures.lds.org).

  1. Сургаал ба Гэрээ 132:15–18-ыг уншаад, эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтэд хамтдаа орж болох хоёр өөр арга замыг олж мэд. Дараа нь доорх жишээнүүдийг бодож үзээд, уншсан шүлгүүдийнхээ талаарх ойлголт дээрээ тулгуурлан асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич.

    1. 1-р жишээ: Эрэгтэй, эмэгтэй хүн бие биедээ дурлаж, ариун явдлын хуулийг сахиж, орон нутгийн захирагчаараа дамжуулан аз жаргалтай гэрлэжээ. Тэд ариун сүмд лацдан холбогдоогүй. Тэдний гэрлэх ёслол дээр “үхэл та хоёрыг салгах хүртэл” гэх хэлжээ. Хэдэн жилийн дараа нөхөр нь ослоор нас барсан байна. Сургаал ба Гэрээ 132:15–17-д цэдэглэснээр, нөхөр нь нас барах үед гэрлэлт нь яах вэ?

    2. 2-р жишээ: Эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэжээ. Тэд бие биенээ үргэлж хайрлаж, хамтдаа байх болно гэж амласан боловч ариун сүмд лацдан холбогдоогүй. Тэд бие биедээ хайртай учраас Бурхан тэднийг үүрд хамтдаа байхыг зөвшөөрнө гэдэгт итгэдэг. Сургаал ба Гэрээ 132:18-д цэдэглэснээр, тэдний аль нэг нь нас барах үед тэдний гэрлэлт яах вэ?

    Та эдгээр жишээг бодож үзэхдээ, бид санваарын аврах ёслолуудыг хүлээн авалгүйгээр нас барсан хүмүүсийн төлөө ёслолуудыг ариун сүмд гүйцэтгэдэг гэдгийг сана. Та нас барсан хүмүүсийн төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлагдсан байж болно. Хишиг хүртсэн Сүмийн зохистой гишүүд хишиг хүртэх болон лацдан холбуулах ёслолуудыг хүлээн авалгүйгээр нас барсан хүмүүсийн төлөө тэдгээр ёслолыг гүйцэтгэж болдог.

Сургаал ба Гэрээ 132:19–33

Их Эзэн селестиел гэрлэлтийн хуулийг дагадаг хүмүүст адислалуудыг амладаг

Далын ахлагч Энрикэ Р.Фалабэлла дараах туршлагыг хуваалцжээ. Та үүнийг уншихдаа тэр яагаад эхнэрийнхээ хамт гашуудсан мөн яагаад баяртай байсныг тэмдэглэ.

Зураг
Ахлагч Энрикэ Р.Фалабэлла

“Номлолоосоо буцаж ирээд би … нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйтэй учирсан юм. … Түүнийг анх харсан мөчөөс л тэр миний сэтгэлийг татсан.

Тэр үед хамгийн ойрхон ариун сүмд очиход 6400 км аялах шаардлагатай байсан ч эхнэр маань ариун сүмд гэрлэх зорилго тавьсан байлаа.

Бидний гэрлэх ёслол нь аз жаргалтай бас гунигтай байсан нь энэ гэрлэлт маань зөвхөн энэ л амьдралын турш үргэлжлэх байв. Ордны ажилтан ‘Би, та хоёрыг эхнэр нөхөр болсныг батлан тунхаглаж байна’ гэж хэлсний дараахан ‘Үхэл л та хоёрыг салгана’ гэлээ.

Тиймээс бид золиослол гарган мөнгөө цуглуулж Мэса Аризонагийн ариун сүмд очих нэг талын тасалбар л авсан юм.

Ариун сүмд, тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөн сууж байхад эрх мэдэлтэй үйлчлэгч миний хүсэн хүлээсэн үгс буюу биднийг энэ амьдрал болон ирэх амьдралд мөнхөд эхнэр нөхөр гэдгийг тунхаглан хэлсэн юм“ (“Гэр бол амьдралын сургууль,” Ensign, 2013 оны 5-р сар, 102 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).

Зураг
Ахлагч Фалабэлла болон Фалабэлла эгч

Яагаад Фалабэллагийнхан иргэний гэрлэлтэд сэтгэл хангалуун бус байсан бэ?

  1. Сургаал ба Гэрээ 132:19–21-ийг судлаад, гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд үнэнч байх хүмүүст амласан Их Эзэний адислалуудыг олж мэд. Эдгээр шүлгийн талаарх санал бодлоо судрын тэмдэглэл дээрээ бич.

Таныг эдгээр шүлгийг судлах үед дараах мэдээлэл тус болж болно. Дагах гэдэг нь хүлээн зөвшөөрөх эсвэл үргэлжлүүлэх гэсэн утгатай учраас “миний гэрээг дагах” (19-р шүлэг) мөн “хуулийг дагах” (21-р шүлэг) гэдэг хэллэгүүд нь Их Эзэний гэрээ болон хуульд үнэнч үлдэх гэсэн утгатай. Та эдгээр шүлгийг тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 132:19 нь хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн ”шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр [гэрлэж] … амлалтын Ариун Сүнсээр … лацдагдаж” чадах юм бол тэд “гэрээг дагаж, … үүгээр гэмгүй цусыг урсгахаар аллага үйлдэхгүй байх аваас” “эхний амилуулалтад урагш гарах болно … хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд”-ийг хүлээн авах болно гэсэн амлалтыг агуулдаг (С ба Г 132:27-г үзнэ үү).

“Үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь үргэлжлэл байх” (19-р шүлэг) мөн “үргэлжилсээр байх болно” (20-р шүлэг) гэдэг хэллэгүүд нь бидний гэр бүл, үр удам мөнхөд үргэлжлэх болно гэсэн амлалтыг хэлдэг.

Сургаал ба Гэрээ 132:19–21-ээс бид дараах зарчмуудыг сурдаг. Тухайлбал:

  • Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг дагах аваас өргөмжлөл болон алдар сууг хүлээн авах болно.

  • Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг дагах аваас үр удам нь мөнхөд өсч үржих болно.

  • Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг дагах аваас тэдний гэрлэлт үүрд мөнхөд хүчтэй байх болно.

  • Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг дагах аваас Бурхантай адил болох болно.

Дараах жишээг эргэцүүлэн бод. Сургаал ба Гэрээ 132:19–21-ийн талаарх ойлголтоороо асуултад хариул.

Зураг
Солт Лэйкийн ариун сүмийн урд буй атгасан гарууд

3-р жишээ: Эрэгтэй, эмэгтэй хоёр санваарын эрх мэдлээр ариун сүмд лацдан холбогджээ. Тэд хоёулаа итгэлтэй амьдардаг ба гэрээнүүдээ сахидаг. Тэднийг нас барсны дараа тэдний гэрлэлт яах вэ?

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Эхнэр, нөхөр хоёр гэрлэлтийн гэрээгээ дагахын тулд юу хийх ёстой гэж та бодож байна вэ? (Энэ асуултад хариулахдаа тэдний хоорондын харилцаа болон Бурхантай харилцах харилцааных нь тухай бод.)

Сургаал ба Гэрээ 132:22–25-ыг уншиж байхдаа өргөмжлөл рүү хөтлөх “хаалга” мөн “зам”-ын тухай Их Эзэний тодорхойлолтод онцгойлон анхаарлаа хандуул. (22-р шүлэг дэх шулуун гэдэг үг нь замаасаа гажих боломж олгохгүй давчуу эсвэл чанд гэсэн утгатай.

  1. Сургаал ба Гэрээ 132:22–25-д тодорхойлсон хаалга мөн замуудын зургийг судрын тэмдэглэл дээрээ зураад, дараах асуултуудад хариул. Тухайлбал:

    1. Өргөн зам болон өргөн хаалга нь хосуудын харилцаа болон гэрлэлтийн талаарх өнөөгийн нийгмийн үзэл бодлыг төлөөлдөг.

    2. Эдгээр үзэл бодол нь хэрхэн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээтэй зөрчилддөг вэ?

22 болон 25-р шүлэгт цэдэглэгдсэнээр, олон хүн Есүсийг хүлээн авч, мөнхийн гэрлэлтийг оролцуулсан Түүний хуулийг дагаагүйгээс өргөмжлөл рүү хөтлөх нарийн замаар орж чаддаггүй.

Зураг
Айдахо дахь Рэксбургийн ариун сүм

Эдгээр шүлгээс бид өргөмжлөл болон мөнх амьдралыг хүлээн авахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мэдэх ёстой ба Тэдэнтэй адил болж, Тэдний хуулийг дагах ёстой гэдгийг сурдаг. Сургаал ба Гэрээ 132:29–33-аас бид энэ зарчмыг сурдаг. Абрахам Их Эзэний мөнхийн гэрлэлтийн хуульд итгэлтэй мөн дуулгавартай байсан ба үр удам нь мөнхөд өсч үржих адислалыг хүлээн авсан гэж бид уншдаг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад мөнхийн гэрлэлтийн хууль танд чухал байдаг вэ?

    2. Та ариун сүмд орж, энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэхэд өнөөдрөөс эхлэн өөрийгөө бэлтгэхийн тулд юу хийх вэ?

    3. Ариун сүмд лацдан холбогдох Бурханы хуулийг дагадаг хүмүүст энэ амьдралд ямар адислалууд ирэх вэ?

Тэнгэрлэг Эцэгийн танд бэлтгэсэн адислалуудыг хүлээн авч болохын тулд та одооноос эхлэн өөрийгөө ариун сүмд орж, мөнхөд гэрлэх зохистой байхад бэлтгэ.

Та энэ долоо хоног Сургаал ба Гэрээ 132:34–66-г багштайгаа хамт судлах болно. Эдгээр шүлэг нь олон эхнэр авах ёсны сургаалыг заадаг. Та өнөөдөр багштайгаа хамт “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан” хэмээх Их Эзэний гэрлэлтийн жишгийн тухай ярилцана (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Түүнчлэн та тодорхой цаг үед Их Эзэний зарим хүнд олон эхнэр авах хуулийн дагуу амьдрах зарлигийг өгч байсан талаар ярилцах болно (Иаков 2:27, 30-ийг үзнэ үү). Та хожмын өдрүүд дэх олон эхнэр авах хуулийн дагуу амьдрах Их Эзэний зарлиг нь “бүхнийг сэргээх”-ийн (Үйлс 3:21) нэг хэсэг байсан бөгөөд сүүлд нь уг хуулийг цуцалсан зарлигийн талаар (Албан Тунхаг 1)-аас суралцах болно.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 132:1–33-ыг судалсан ба энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: