Семинар
26-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 123; Наувугийн суурьшил


26-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 123; Наувугийн суурьшил

Оршил

Бошиглогч Иосеф Смит 1838 оны 12-р сараас 1839 оны 4-р сар хүртэл Миссуригийн Либерти дэх Либерти шоронд хоригдож байхдаа гэгээнтнүүдэд тайтгарал, зөвлөмжийн захидал бичжээ. Сургаал ба Гэрээ 123-т 1839 оны 3-р сарын 20-нд бошиглогч Иосеф Смитийн гэгээнтнүүдэд бичсэн захидлын зарим хэсэг агуулагддаг. Энэ хэсэгт Иосеф Миссуригээс хөөгдсөн гэгээнтнүүдэд зөвлөгөө өгсөн юм. Иосеф Смит шоронгоос гарсныхаа дараа гэгээнтнүүдтэй эргэн нэгдэж, тэдэнтэй хамт Иллинойн Науву хотыг үндэслэн байгуулахаар ажиллажээ.

Сургаал ба Гэрээ 123:1–6

Иосеф Смит гэгээнтнүүдэд өөрсдийнхөө хавчлага дарамт, зовлон зүдгүүрийн түүхийг цуглуулаад, хэвлэж гаргахыг зөвлөв

1839 оны 3-р сард гэгээнтнүүд Миссури дэх хүнд хэцүү хавчлага дарамтыг туулж байлаа. Бошиглогч Иосеф Смит Сүмийн бусад удирдагчийн хамт Миссуригийн Либерти шоронд хоригдсон ба гэгээнтнүүд захирагч Лилбурн В.Боггсын устгах тушаалаас болж өвлийн тэсгэм хүйтэнд Миссури мужаас зугтаж гарчээ.

Гэгээнтнүүдэд үйлдсэн зарим буруу үйлдлийг дүрсэлсэн дараах мэдэгдлийг унш. “Энэ нь Дэлиа Рийд миний бие 1836 онд Миссури рүү нүүснийг гэрчлэх болно. Биднийг энд ирсний дараахан нөхөр маань нас барж, намайг долоон бяцхан хүүхэдтэй маань орхин одсон юм. Би Калдвэлл гүнлэг рүү нүүн, тэндээ фермтэй болж, 1838 оны намар хүртэл тэндээ амьдарсан. Оршин суугчид болон гэгээнтнүүдийн дунд асуудал үүсч эхлэхэд бид мужийг орхихоор албадуулагдсан билээ. … Би өмч хөрөнгөнийхөө ихэнхийг золиослохоор албадуулагдаж, гэр бүл маань тараагдсан ба би танихгүй хүмүүс дундаас өчүүхэн бага өдөр тутмын хэрэгцээгээ цуглуулж байлаа” (Дэлиа Рийд, Mormon Redress Petitions: Documents of the 1833–1838 Missouri Conflict, Кларк В.Жонсон [1992], 523-ыг үзнэ үү; тэмдэглэгээ, том үсэг, зөв бичгийн дүрмийг стандартын дагуу өөрчилсөн болно).

Рийд эгч уг албан ёсны мэдэгдлийг шүүхийн ажилтанд авчирч өгчээ. Тэр яагаад энэ мэдэгдлийг өгснийг тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 123:1-5-ыг уншаад, бошиглогч Иосeф Смит хавчлагад өртсөн гэгээнтнүүдэд юу гэж зөвлөснийг олж мэд. 5-р шүлэг дэх “чөтгөрийн санаат луйвар” гэдэг нь бүхий л ёс бус худал хуурмагийг мөн “бусармаг хийгээд алан хядах ажиллагааны бүхий л хоорондоо холбоотой байдал” гэдэг нь хилэнцэт мөн харгис хэрцгий үйлдлүүдийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно.

Сургаал ба Гэрээ 123:6-г уншаад, гэгээнтнүүдэд яагаад хавчлага дарамт, зовлон зүдгүүрийнхээ түүхийг цуглуулахыг зөвлөснийг олж мэд. (Таныг унших үед “бидний талаар тавьсан” гэдэг нь “биднээс шаардсан” гэсэн үг гэдгийг мэдэх нь тустай байж болно.)

Олон гэгээнтэн бошиглогчийн зөвлөгөөнд дуулгавартай байж, гэр орон, мал сүрэг, бусад өмч хөрөнгөө алдах; бие махбодын хүчирхийлэл; амиа насаа алдах зэрэг хавчлага дарамтуудынхаа талаарх түүхүүдийг цуглуулжээ. Гэгээнтнүүдийн хувьд яагаад Бурхан бүх асуудлыг шийдэж өгнө гэж найдаж хүлээхийн оронд түүхүүдээ цуглуулан, засгийн газарт хүргэх нь чухал байсан гэж та бодож байна вэ? Бидний Сургаал ба Гэрээ 123:6-аас сурч болох нэг үнэн бол биднийг өөрсдийнхөө хийх ёстой зүйлсийг хийсний дараа Их Эзэн амлалтаа биелүүлдэг явдал юм. Их Эзэн яагаад амлалтаа биелүүлэхээсээ өмнө биднээс өөрсдийн хийх ёстой зүйлсийг хийхийг хүсдгийг тунгаан бод.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Та хэзээ энэ үнэн таны амьдралд эсвэл таны мэддэг хэн нэгний амьдралд биеллээ олж байгааг харсан бэ?

Сургаал ба Гэрээ 123:7–17

Иосеф Смит гэгээнтнүүдэд худал хуурмагт хууртсан нэгэндээ тусал гэж зөвлөжээ

Та сургуулийнхаа нэг найздаа Сүмийн тухай захидал бичих даалгавар хүлээж авсан гэж төсөөлөн бод. Үүнийг бичихэд танд доод тал нь гурван эх сурвалж ашиглах шаардлага тавьсан байна. Та хэрхэн дараах асуултуудад хариулах байснаа тунгаан бод.

  • Та ямар эх сурвалжуудыг ашиглах байсан бэ?

  • Сүмийн тухай бичихэд ямар эх сурвалж ашиглах нь яагаад чухал байдаг вэ?

  • Та аль эх сурвалж Сүмийг үнэн зөв тодорхойлдог гэдгийг хэрхэн мэддэг вэ?

Сургаал ба Гэрээ 123:7–10-ыг унш. Бошиглогч Иосеф Смитийг энэ захидлыг бичих үед Сүмийн талаар маш олон худал хуурмаг мэдээлэл газар авсан байсан юм. Гэгээнтнүүдэд уг худал хуурмагийн эсрэг өөрсдийн хавчлага дарамт, зовлон зүдгүүрийн түүхийг цуглуулах нь “заавал биелүүлэх үүрэг” (С ба Г 123:7, 9) гэж хэлжээ.

Сургаал ба Гэрээ 123:11–12-ыг уншаад, гэгээнтнүүд яагаад эдгээр түүхийг цуглуулж, хэвлэх болсон шалтгаануудыг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 123:12-т цэдэглэгдсэнээр, зүрх сэтгэлдээ цэвэр ариун олон хүн хэрхэн үнэнийг харахгүй харалган болсон бэ?

    2. Гэгээнтнүүдийн хавчлага дарамт, зовлон зүдгүүрийн тухай хэвлэх нь хэрхэн тэр үед бусдад сайн мэдээний үнэнийг олоход тусалсан бэ?

    3. 12–р шүлэгт цэдэглэгдсэнээр яагаад дэлхий дээрх олон хүн үнэнийг хардаггүй харалган байдаг вэ? Дараах үнэнийг гүйцээж бичсэнээр уг асуултад хариул. Маш олон хүн үнэнийг хардаггүй харалган байдаг учир нь …

Өнөөдөр ч гэсэн маш олон хүн “хүмүүний овжин заль мэхээр харалган болж”, хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг (С ба Г 123:12).

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын дараах хэлсэн үгийг уншихдаа бидний өдрүүдэд Сүмийн тухай үнэнийг мэдэхэд нь хүмүүст саад болж буй зүйлсийн доогуур зур. “Дэндүү олон хүн ихэнхдээ бидний талаарх мэдээллээ үзэл бодлын зөрчилтэй хэвлэл мэдээллийн нийтлэлээс олж авдаг тул Сүмийн талаар тун ядмаг ойлголттой байдаг. Эдгээр санал зөрөлдөөнд хэт их анхаарал хандуулах нь хүмүүсийн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэндээ юу болох талаарх ойлголтод сөрөг нөлөө үзүүлж байна” (“Sharing the Gospel Using the Internet,” Ensign, 2008 оны 7-р сар, 62).

1839 оны гэгээнтнүүдтэй адил бид Сүмийн гишүүд, удирдагч, итгэл бишрэл, түүх, сургаал болон дэг жаягуудын талаар зөв ойлголттой болоход нь бусдад туслах үүрэгтэй.

  1. Сүмийн талаар зөв ойлголттой болж, мөн хаанаас үнэнийг олж мэдэж болохыг бусдад олж мэдэхэд нь туслахын тулд юу хийж чадахаа судрын тэмдэглэл дээрээ жагсааж бич.

Та ахлагч Баллардын хэлсэн дараах үгийг уншихдаа Сүмийн талаар зөв ойлголттой болоход нь хүмүүст тусалж болох нэг арга замыг олж мэд.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Сүмийн талаарх ярианууд үргэлжлэн гарсаар л байх болно. Бид эдгээрт оролцож эсвэл оролцохгүй байхаас үл шалтгаалан ярианууд үргэлжилсээр л байх болно. Биднийг шүүмжилдэг хүмүүс болон бусад хүн Сүмийн сургаалыг өөрсдийнхөөрөө тодорхойлох гэж оролдож байхад бид юу ч хийхгүй зүгээр сууж болохгүй. Хэдийгээр зарим яриа мянга мянган эсвэл бүр сая сая хүмүүсийн сонорт хүрч байхад зарим нь маш бага цар хүрээтэй байдаг. Гэвч яриа бүр оролцох хүндээ ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Сүмийн талаарх ойлголтууд яриа өрнөх болгонд бий болж байдаг. …

Харин одоо би та бүхнээс интернэт дэх ярилцлагуудад нэгдэн, сайн мэдээг хуваалцаж, Сэргээлтийн захиасыг тодорхой мөн энгийнээр тайлбарлана хэмээн хүсэж байна. … Та үүнийг хийхийн тулд мэдээж сайн мэдээний үндсэн зарчмуудыг ойлгодог байх шаардлагатай. Сайн мэдээний үнэнүүдийн тодорхой мөн зөв гэрчүүдийг та хуваалцах нь чухал юм” “Sharing the Gospel Using the Internet,” 61–62).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий. Тухайлбал:

    1. Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Сүмийн тухай бусдад ойлгоход нь тусалж байсан туршлагаас бич.

    2. 3 дахь даалгаварт жагсаасан арга замуудаас нэгийг сонгоод, та хэрхэн Сүм болон сайн мэдээний тухай үнэнүүдийг суралцаж мөн олоход нь бусдад туслахаа бич.

Сургаал ба Гэрээ 123:13–16-г уншаад, туулсан туршлагуудынхаа талаарх үнэн зөв түүхийг бусдад танилцуулахын тулд гаргаж буй хичээл зүтгэлийнх нь тухай гэгээнтнүүдэд юу гэж хэлснийг олж мэд. 15–р шүлэгт цэдэглэгдсэнээр, тэдэнд яагаад хичээл зүтгэлээ “жижиг зүйлүүд” гэж тооцохгүй бай хэмээн хэлсэн бэ?

Бидний Сургаал ба Гэрээ 123:15-аас сурч болох нэг үнэн бол Их Эзэний жижиг мэт санагдах зарлигуудыг дуулгавартай дагахаар гаргасан шийдвэрүүд маань ирээдүйд бидний амьдралд агуу нөлөө үзүүлэх явдал юм.

Зураг
залуур ба хөлөг онгоц

Сургаал ба Гэрээ 123:16-д цэдэглэгдсэнээр, хөлгийн залуур шиг жижигхэн зүйл (жолоодлогыг удирддаг хүрд) хэрхэн асар том хөлөг онгоцонд хүртэл нөлөөлж болох вэ? (Энэ шүлэг дэх “салхи хийгээд давалгаатай зохицолдон” гэдэг нь шуурга гарах үед тэнцвэрээ барьж, хөмрүүлэхгүйн тулд хөлөг онгоцыг эргүүлэх боломжтой байхыг хэлдэг.)

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Жижиг шийдвэрүүд нь яагаад хөлөг онгоцны залууртай адилхан байдаг вэ?

    2. Эдгээр шийдвэр нь хэрхэн амьдралын шуурганы үеэр тэнцвэрээ олоход тань туслах вэ?

    3. Таны өнөөдөр гаргаж буй жижиг шийдвэрүүд хэрхэн амьдралд тань чухал нөлөө үзүүлэх вэ?

Сургаал ба Гэрээ 123:17-г уншаад, энэ шүлэг нь 6-р шүлгээс олж тогтоосон зарчимтай хэрхэн холбогдож байгааг олж мэд. Биднийг өөрсдийнхөө хийх ёстой зүйлсийг хийсний дараа Их Эзэн бидэнд туслах амлалтаа биелүүлдэг.

Хэрэв бид Их Эзэнд дуулгавартай байхын тулд өөрсдийн чадах бүхнээ хийх юм бол Бурхан Өөрийнхөө хүсэл болон цаг хугацаанд бидэнд туслахаар Өөрийн хүчийг ашиглах болно гэдэгт бид итгэлтэй байж болно гэдгийг бид бошиглогч Иосеф Смитийн бичсэн зүйлээс сурдаг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад Бурхан бидэнд туслах болно гэсэн баталгааг авахын тулд бид “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг” (С ба Г 123:17) хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

    2. Яагаад өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийх нь чухал гэж та бодож байна вэ?

Таныг Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахын тулд та чадах бүхнээ хийх юм бол Тэрээр амлалтуудаа биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байж болно.

Наувугийн суурьшил

Гэгээнтнүүд Миссуригээс хөөгдсөнийхөө дараа Иллинойгийн Квинсид болон Иллиной, Айова дахь жижиг суурингуудад хоргодох газар олжээ. Судрууд дээрх Сүмийн түүхийн газрын зураг 5, “АНУ-ын Миссури Иллинойс болон Айова нутаг”-аас Квинсиг ол.

1839 оны 4-р сард Миссуригийн Либерти дэх шоронгийн хамгаалагчид Иосеф Смитийг зугтахыг зөвшөөрч, тэрээр Иллинойгийн Квинсид буй гэр бүлтэйгээ нэгджээ. Бошиглогчийн удирдлагаар Сүм Квинсигийн хойд зүгт байрлах Миссури мөрний хоёр талд газар худалдаж авсан байна. Мөрний баруун тал нь Айовагийн нутаг дэвсгэр байсан ба зүүн тал нь Иллиной мужийн хэсэг байсан юм. Гэгээнтнүүд Иллиной дахь Коммэрс хэмээх газар Сүмийн шинэ удирдах газрыг байгуулсан ба үүнийгээ Науву гэж нэрлэжээ. Науву гэдэг нь “үзэсгэлэнтэй” гэсэн утгатай еврей үг юм.

Зураг
Миссури мөрний дэргэдэх Науву

Гэгээнтнүүдийг Науву дахь удирдах газрыг зохион байгуулж байх зуур бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийг үүсгэн байгуулах сүнслэг удирдамжийг хүлээн авсан юм. Их Эзэн нас барагсдын төлөөх баптисм, ариун сүмийн хишиг, гэрлэлтийн лацдан холболтын ёслолуудыг илчилсэн ба номлогчийн ажил дэлхий даяар түгэв.

  1. Халамжийн нийгэмлэгийн нэг гишүүнээс (гэр бүлийн гишүүн эсвэл найз) Халамжийн нийгэмлэг өөрт нь Их Эзэний ажилд оролцох боломжийг олгон, амьдралыг нь ямар арга замаар адисалсан болохыг хэлэхийг хүс. Түүнээс сурсан зүйлсээ судрын тэмдэглэл дээрээ бичээд, бичсэн зүйлээ бусад гэрээр суралцагчтайгаа хуваалцахад бэлд.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 123 болон “Наувугийн суурьшил” сэдвийг судалж, энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: