Семинар
12-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 50


12-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 50

Оршил

Бошиглогч Иосеф Смит Огайогийн Көртландад хүрч ирээд, зарим гэгээнтний дунд “зарим этгээд болон хуурамч сүнснүүд орж ирснийг” ажиглажээ. Тэрээр эдгээр зүйлийг давахын тулд “болгоомжтой мөн … мэргэн ухаан”-аар зааж эхэлсэн (History of the Church, 1:146-г үзнэ үү). Ахлагч Парлей П.Пратт номлолоосоо буцаж ирээд, Көртландын гаднах Сүмийн салбаруудад байдал мөн адил байгааг олж харав. Тэрээр удирдамж авахаар өөр хэдэн ахлагчийн хамт Иосеф дээр ирсэн аж (History of the Church, 1:170-ыг үзнэ үү). 1831 оны 5-р сард, бошиглогч Их Эзэнээс асуун, Сургаал ба Гэрээ 50-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн сайн мэдээг үнэний Сүнсээр зааж мөн хүлээн авахыг гэгээнтнүүдэд зааварчилсан.

Сургаал ба Гэрээ 50:1–9

Их Эзэн хуурамч сүнснүүдийн талаар Сүмийн ахлагчдад сэрэмжлүүлэв

Хэн нэгнийг сэнхрүүлэх гэдэг нь ямар утгатай үг болохыг та мэдэх үү? Энэ нь хэн нэгнийг хөгжүүлж, ялангуяа сүнслэг байдал эсвэл сэтгэл санааных нь хувьд хүчирхэгжүүлэх эсвэл хэн нэгэнд зааж, сургах гэсэн үг юм. Хэн нэгнийг сайн мэдээний зарчмуудыг заахад нь та сэнхрэн сурч байсан үе бий юу? Та хэзээ бусдад сэнхэрч, гэгээрэхэд нь тусалсан бэ?

Энэ хичээлийн оршлыг эргэн сана. Көртланд бүсийн Сүмийн шинэ гишүүд шүтлэг бишрэлийн цуглаандаа этгээд, чанга, ойлгомжгүй үйл ажиллагааг оруулж байжээ. Эдгээр үйл ажиллагаа нь хүмүүсийн сэтгэлийг хөрүүлдэг байсан ч сэнхрүүлдэггүй байв.

Зураг
Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смит хуурамч сүнснүүдийг дагаснаас үүдэн гарах нөлөөний талаар бичихдээ: “Көртландад Сайн мэдээний суурь тавигдсаны дараа, Сүмийн эрх мэдэлтнүүдийг эзгүй байх үед олон хуурамч сүнс орж ирэн, олон этгээд үзэгдэл үзэгдэж, идэвхтэй бөгөөд эмх замбараагүй үзэл бодол тархаж байсан. Хүмүүс энэ сүнсний нөлөөгөөр гэр гэрээсээ гарч гүйн, модны хожуул дээр гарч зогсоод хашгирдаг байсан бөгөөд янз бүрийн хэрээс хэтэрсэн байдал тэднээс үзэддэг болов. Нэгэн эр агаарт нисэх бөмбөгийг харсан гэж хэлсэн ба араас нь хөөж байгаад, хавцлын ирмэг дээрээс үсэрч модны оройд буусан тулдаа арай гэж амьд үлджээ. Ийм олон жигтэй явдлууд нь Бурханы Сүмийг ичгүүрт байдалд оруулан, Бурханы Сүнсийг зайлуулж, хүн төрөлхтний авралын төлөө боловсруулсан тэдгээр гайхалтай зарчмыг арилган устгах хүслийн үүднээс тохиов” хэмээжээ (History of the Church, 4:580).

Сүмийн зарим ахлагч юу болж байгааг ойлгохгүй байсан болохоор Иосеф Смитээс зөвлөгөө авахыг хүсэв. Тэрээр Их Эзэнээс асуун, нэг нэгэндээ сайн мэдээний үнэнүүдийг зааж мөн суралцах үедээ гэгээнтнүүдэд бие биенээ сэнхрүүлэхэд туслах нэгэн илчлэлтийг хүлээн авсан.

Сургаал ба Гэрээ 50:1–3-ыг уншаад, гэгээнтнүүдийг сэнхрүүлэхийн эсрэг зүйлсийг үйлдэхэд хүргэж байсан нөлөө юу болохыг олж мэд. 3-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Сатан яагаад гэгээнтнүүдийг хуурч мэхлэхийг хүссэн бэ?

Сургаал ба Гэрээ 50:4–9-ийг уншаад, Огайо дахь Сүмийн гишүүдийн дунд байсан зарим хүний талаар Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд. Хоёр нүүртэн гэж хийж байгаа үйлдэл нь итгэдэг гэж ярьдаг зүйлээс нь зөрдөг эсвэл ариун журамгүй мөртлөө ариун журамтай мэт царайлдаг хүнийг хэлдэг (Матай 6:2, зүүлт тайлбар 2 а-г үзнэ үү). Сургаал ба Гэрээ 50:6–8 дээр Их Эзэн тэдэнд юу тохиолдоно хэмээн хэлснийг тэмдэглэ.

Сургаал ба Гэрээ 50:10–36

Бид Сүнсээр зааж мөн суралцах ёстой хэмээн Их Эзэн тунхаглав

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сайн мэдээний сайн багш байхад юу шаардагдах вэ?

    2. Сайн мэдээний сайн суралцагч байхад юу шаардагдах вэ?

Сургаал ба Гэрээ 50:13–20-ийг уншаад, эдгээр асуултын хариултыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ судар дээрээ тэмдэглэн, судрын тэмдэглэл дээрх жагсаалтдаа нэмж бич. Их Эзэн сайн мэдээг заахад мөн үүнээс суралцахад Ариун Сүнсний хэрэгцээ хэчнээн чухал болохыг хэлснийг анхаар.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 50:14-т Ариун Сүнсний ямар үүргүүд дурдагдсан байна вэ?

    2. Сайн мэдээг “Сүнсээр” заана гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ (С ба Г 50:14)? Үүнийг “ямар нэг өөр замаар” заах гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ (С ба Г 50:17)?

    3. “[Үнэний үгийг] үнэний Сүнсээр хүлээн авах” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ (С ба Г 50:19)? “Өөр ямар нэг замаар” хүлээн авна гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ (С ба Г 50:19)?

Судруудын удирдамжинд “Ариун Сүнс” гэсэн үгсийн доор жагсаасан судрын эшлэлүүдийг унш. Үнэний Сүнсээр үнэнийг зааж мөн хүлээн авах (заалгах) гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг ойлгоход тань туслах хэсгүүдийг олж тогтоо.

Сайн мэдээг заах эсвэл үүний талаар гэрчлэх боломж гарч байсан нөхцөлүүдийг дугуйл. Тухайлбал:

Гэр бүлийн үдэш

Найзуудтайгаа

Семинар

Сүмийн цуглаан

Гэрийн багшийн айлчлал

Сайн мэдээг заах боломж гарах үед Ариун Сүнсний талаарх ойлголт тань хэрхэн таны бэлтгэж, заах арга барилд нөлөөлдөг вэ?

Дараах нөхцөлүүдээс өөрөө суралцагч байсан нөхцөлүүдийг дугуйл. Тухайлбал:

Гэр бүлийн үдэш

Найзуудтайгаа

Семинар

Сүмийн цуглаанууд

Гэрийн багшийн айлчлал

Гэртээ ярилцаж байх үед

  1. Өмнөх жагсаалтаас дугуйлсан нөхцөлөөсөө Сүнсээр заасан эсвэл заагдсан нэг нөхцөлийг сонго. Энэ туршлагынхаа талаар судрын тэмдэглэл дээрээ бичиж, сурсан зүйлээ гэр бүлийн гишүүнтэйгээ эсвэл найзтайгаа хуваалцах талаар бодож үз.

Эдгээр нөхцөлд та Сүнсээр суралцахын тулд гаргах хичээл зүтгэлээ хэрхэн сайжруулж болох талаар тунгаан бод.

Далын ахлагч Жак Х.Гөүслинд үйл хөдлөл, хандлага нь Сүнсээр суралцах чадварт нь нөлөөлж байсныг ухааран ойлгосон нэгэн залуугийн туршлагыг хуваалцсан.

Зураг
Ахлагч Жак Х.Гөүслинд

“Та нарын хэд нь ариун ёслолын цуглааны үеэр ‘уйдсан байдалтай сууж’ байсан бэ? Ямархуу байрлалтай гэдгийг та нар мэдэж байгаа. Тухайлбал: бүсэлхийгээрээ урагш тонгойгоод, тохойгоо өвдөг дээрээ тавиад, гараараа эрүүгээ тулан, хоосон шал руу ширтэн суудаг шүү дээ. Уг цуглаан сонирхолтой байх эсэх нь таны сонголт гэж танд бодогдож байсан уу? …

Ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл сүсэг бишрэл нь хувь хүний үүрэг хариуцлага бөгөөд хэрэв тухайн хүн Их Эзэнийг сүнсэнд мөн үнэхээр бишрэхийг хүсэх юм бол индэр дээрээс юу хэлж байгаагаас үл хамааран, шүтэн биширч чадна. … Хэрвээ уг цуглаан таны сэтгэлд хүрээгүй байвал, та өөрийн хийх ёстой зүйлээ хийгээгүй байна гэсэн үг. Хэн ч таны өмнөөс шүтэн биширч чадахгүй бөгөөд та өөрөө Их Эзэнд хандан хүлээх хэрэгтэй’ хэмээн хэлсэн юм. (Ensign, 1978 оны 1-р сар, х. 5.)

Өсвөр үеийн нэгэн хөвгүүн шүтлэг бишрэлийн сүнсийг анх удаа хэрхэн мэдэрснээ дүрсэлжээ. Тэр Аароны санваарын насаа тийм ч идэвхтэй өнгөрүүлээгүй аж. Тэр ариун ёслолын цуглаанд оролцохдоо, ихэвчлэн хэсэг найзтайгаа хойгуур суудаг байсан ба хүндэтгэл бишрэлийн үлгэр жишээ байгаагүй байв. Гэхдээ нэг өдөр тэр бага зэрэг оройтож ирсэн учир найзуудынх нь хажууд суудал байсангүй. Тэр ганцаараа сууж, амьдралдаа анх удаа залбирлын үеэр нүдээ аньж, дууллыг дуулж, ариун ёслолын залбирлыг сонсож, үг хэлж байгаа хүмүүст анхаарлаа хандуулав. Эхний хүн үг хэлээд дундаа орж байхад, нүдэнд нь нулимс цийлэгнэхийг тэр мэдэрчээ. Ичсэндээ тэр болгоомжлон эргэн тойрноо харав; өөр хэний ч сэтгэл хөдөлж байгаа мэт харагдсангүй. Тэр өөрт нь юу тохиолдож байгааг мэдсэнгүй, гэхдээ уг явдал түүний амьдралыг өөрчилжээ. Үнэндээ яг тэр цуглаанаас эхлэн тэр номлолынхоо сүнслэг бэлтгэлийг хийж эхэлсэн байна. Тэр ямар нэгэн зүйлийг мэдэрсэн ба аз болоход тэр үүнийхээ дагуу үйлдсэнээр тэдгээр мэдрэмжээ хадгалж чаджээ” (“Yagottawanna,” Ensign, 1991 оны 5-р сар, 46).

  1. Сүнсээр суралцахын тул гаргадаг хичээл зүтгэлээ сайжруулах нэг тодорхой арга замыг судрын тэмдэглэл дээрээ бич.

Та Сүнсээр суралцаж мөн зааж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Сургаал ба Гэрээ 50:21–22-ыг уншаад, Сүнсээр суралцаж мөн зааж байгаа эсэхээ хэрхэн тодорхойлох талаар Их Эзэний өгсөн зааврыг олж мэд.

Та эдгээр шүлгэн дээрх Их Эзэний сургамжийг хэрхэн товчилж хэлэх вэ?

Сургаал ба Гэрээ 50:23–25 дээрээс хүмүүсийг Сүнсээр заах үед юу болдог мөн “ямар нэг өөр замаар” зааж мөн суралцах үед юу болдог хоёрын хоорондох ялгааг олж хар (С ба Г 50:17).

Их Эзэн сэнхрүүлэхгүй заах явдлыг хэрхэн дүрсэлсэн байна вэ? Тэрээр “Бурханаас” заах явдлыг хэрхэн дүрсэлсэн байна вэ (С ба Г 50:24)?

Эдгээр шүлгээс бид дараах зарчмыг сурч болно. Бурханаас ирэх тэр нь гэгээрүүлж мөн сэнхрүүлдэг, харин Бурханаас бус тэр нь харанхуй хийгээд будлианыг авчирдаг.

Та хэзээ Бурханаас бус зүйлийг мэдэрч, харж байсан бэ? Бурханаас бус гэдгийг мэдэхэд Сүнс танд хэрхэн тусалсан бэ?

Заримдаа та итгэлийг тань сэвтүүлэх зорилготой мэдээллийг харж, сонсоно. Өнөөдөр таны сурч мэдсэн зарчмууд тэдгээр мэдээллийн эсрэг таныг хүчирхэгжүүлэх болно. Суралцаж байхдаа бүхий л талаараа Сүнсний төлөө залбирч, Сүнсээр заахын нөлөөнд онцгой анхаарал тавь. Сургаал ба Гэрээ 50:13–22-оос Сүнсээр зааж мөн суралцах үедээ бид нэг нэгнээ ойлгож, сэнхэрч, хамтдаа баясдаг гэдгийг сурдаг. Энэ нь хэн нэгэн нь “ямар нэг өөр замаар” заах үед харанхуй, будлиантай зүйл ирдгээс тэс ялгаатай.

Сургаал ба Гэрээ 50:26–36 дахь Их Эзэний санваарын удирдагчдад хандан томилгоог дагаж ирдэг хүч чадал хийгээд үүрэг хариуцлагын талаар өгсөн зөвлөгөөг унш. Тэрээр санваартнуудад бусдад үйлчилж мөн өөрсдийгөө цэвэр ариунаар хадгалах ёстой хэмээн хэлсэн. Хэрэв тэд тийн үйлдэх аваас Их Эзэн тэдэнд зарим гэгээнтний дунд байсан хуурамч сүнсийг ялан дийлэх хүчийг өгөх болно.

Сургаал ба Гэрээ 50:37–46

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг ач ивээл болон үнэнд үргэлжлүүлэн өсөж хөгжихөд урамшуулж мөн тэдэнтэй хамт байгаагаа батлан хэлэв

Зураг
Гэр бүлийн залбирал

Салбар, тойргийнхоо жаахан хүүхдүүдийг өсөж том болоод бүрэн цагийн номлолд үйлчилж байгаагаар төсөөлөн бод. Тэд үйлчлэхэд бэлэн байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? Бид ямар талаараа эдгээр жаахан хүүхэдтэй адилхан бэ?

Сургаал ба Гэрээ 50:37–46-д, Их Эзэн 1831 онд үйлчилж байсан зарим ахлагчид хандан онцгойлон ярьсан. Гэхдээ Түүний үгс бидэнд ч мөн хамаатай. Сургаал ба Гэрээ 50:40–46-г судлаад, тайтгарал болон амлалтын үгсийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэ.

Сургаал ба Гэрээ 50:40-д Их Эзэн “та нар ач ивээлд өсөх ёстой” хэмээн хэлжээ. “Ач ивээлд өснө” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Та энэ асуултын талаар бодохдоо Bible Dictionary эсвэл Итгэлдээ үнэнч байх нь товхимлоос ач ивээл гэсэн үгийн тодорхойлолтыг уншиж болно. Сургаал ба Гэрээ 50:37–46-аас бидний олж мэдсэн зүйл Аврагч биднийг ач ивээл болон үнэний мэдлэгт өсөж, Өөрт нь итгэж найдаасай хэмээн хүсдэг гэдгийг мэдэхэд тусалдаг. Тэдгээр ахлагчид амласны адил, Тэрээр Өөрт нь найдаж мөн хүслийнх нь дагуу хийхийг эрэлхийлэх үед биднийг мөн адил харж хамгаалах болно.

Их Эзэний “та нар минийх” хэмээн хэлсэн үг ямар утгатай үг вэ? Энэ амлалт биднийг “эмээхгүй” байхад хэрхэн тусалдаг вэ (С ба Г 50:41)?

Сургаал ба Гэрээ 50:40–46 дээрх өөр ямар ямар амлалт таны хувьд чухал вэ?

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 50-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: