Семинар
21-р бүлэг: Дөрөв дэх өдөр, Сургаал ба Гэрээ 101:17–42


21-р бүлэг: Дөрөв дэх өдөр

Сургаал ба Гэрээ 101:17–42

Оршил

1833 оны 12-р сарын 16, 17-нд бошиглогч Иосеф Смит харгис хэрцгий хавчлагаас болж гэр орноо орхин зугтахаас өөр аргагүй болсон Миссури дэх гэгээнтнүүдийн талаар илчлэлт хүлээн авав. Уг гэгээнтнүүдийн олон нь бүх өмч хөрөнгөө орхин хүчээр хөөгдөн гарсан юм. Бошиглогчийн хүлээн авч, Сургаал ба Гэрээ 101-д цэдэглэгдсэн уг илчлэлтийг гурван хичээлээр авч үзнэ. Энэ хоёр дахь хичээлд Мянган жилийн зарим нөхцөл байдлыг дүрсэлсэн Их Эзэний үгс агуулагддаг. Түүнчлэн энэ хэсэгт Миссури дэх гэгээнтнүүдэд өгсөн тайвшралын үгс болон зөвлөгөө агуулагддаг.

Сургаал ба Гэрээ 101:17–34

Их Эзэн Мянган жилийн зарим нөхцөл байдлыг тайлбарлав

Та одооноос бэлтгэж байгаа, ирээдүйд болох ямар нэг үйл явдлын талаар бодоорой. Тэдгээр үйл явдалд бэлдэхийн тулд та яагаад хичээл зүтгэл гаргадаг вэ?

Сургаал ба Гэрээ 101 нь Есүс Христийн Хоёр дахь ирэлт болон Мянган жилд (Христ дэлхий дээр өөрийн биеэр захирахаар буцаж ирэх үед эхлэх амар амгалангийн үе) бэлтгэх заавруудыг агуулдаг. Сургаал ба Гэрээ 101:17–21-ээс бид, Миссуригийн Жаксон гүнлэг дэх Сионы хотод гэгээнтнүүдийг цуглуулах Их Эзэний амлалт нь “агуу тэр бэлгийн төлөө, холбогдох үүрэг хариуцлагаа мэдэж, хүмүүс нь бэлтгэгдэх хүртэл хэсэг хугацаагаар хойшлогдсон тухай мэдэж авдаг. Энэ хооронд зүрх сэтгэлээрээ зөв шударга хүмүүс нь Хадат уулсын хөндийд болон [дэлхий даяарх гадаснууддаа] цугларцгааж байна. … Ариун сүмүүд сүндэрлэн боссоор байна. … Харин Сион сонгогдсон газарт байгуулагдах болно” (Жэймс Э.Талмэйж, Articles of Faith, 12 дахь хэвлэл [1924 он], 353).

Сургаал ба Гэрээ 101:22–23-ыг уншаад, Их Эзэн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхээр хий хэмээн гэгээнтнүүдэд хэлсэн ямар нэгэн зүйлийг олж мэд. (23-р шүлэг дэх “ирэх илчлэлт” гэсэн үгс нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг хэлж байгаа юм. Хөшиг авагдах гэдэг нь бас Хоёр дахь Ирэлттэй хамаатай буюу дэлхий дээрх бүх оршин суугч Аврагчийг харах үеийг хэлсэн.)

Зураг
Амилсан Есүс Христ

Сургаал ба Гэрээ 101:22–23 дээр үндэслэн, дараах өгүүлбэрийг гүйцээ. Дараах зүйлсийг хийснээр бид Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна. Тухайлбал: Түүний нэрийг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарч, хамтдаа мөн ариун газруудад .

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та ариун газар байна гэдгээ хэзээ мэдэрч байсан бэ?

    2. Бусад хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамт ариун газарт цугларах нь Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд танд хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 101:24–34-т Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн үед тохиох хилэнцэт хүмүүсийн устгалын талаар мөн Мянган жилийн туршид дэлхий ямар байдалтай байх тухай өгүүлдэг. Жишээлбэл, 32–34-р шүлгээс Их Эзэн дэлхийн нуугдмал зүйлсийн тухай, үүний бүтээлт болон тэнгэрүүдийн талаар илчлэх болно гэдгийг бид уншиж мэддэг. (26-р шүлэг дэх дайсагнал гэдэг үг нь үзэн ядах эсвэл өширхөх гэсэн утгатай.)

  1. Судрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 101:24–34 дэх нөхцөл байдлуудаас та өөрийн мэдрэхийг онцгойлон их хүсэж байгаа хоёр гурван нөхцөл байдлаа жагсааж бичнэ үү. Эдгээр нөхцөл байдал яагаад таны хувьд чухал болохыг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 101:35–38

Их Эзэн Миссури дэх гэгээнтнүүдэд итгэлдээ тэвчээртэй үлдэх аваас, эцэст нь Өөрийнх нь алдар сууг хүлээн авах болно хэмээн батлав

Их Эзэн Сургаал ба Гэрээ 101:24–34-т цэдэглэгдсэн илчлэлтийг өгөх үед Миссури дэх гэгээнтнүүд бие махбодын хүчирхийлэл, гэр орон болон эд хөрөнгөө алдах, тэсгэм хүйтэн цаг агаар гэх мэт маш хүнд, хэцүү бэрхшээлтэй тулгарсан байв.

Сургаал ба Гэрээ 101:35–38-ыг уншаад, Их Эзэний Миссури дэх гэгээнтнүүдийг зовлон бэрхшээлд нь тайвшруулж мөн хүчирхэгжүүлэхээр өгсөн зарчмууд болон зөвлөгөөг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ 35–38-р шүлэгт Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн нэг зөвлөгөөг бич. Дараа нь уг зөвлөгөө нь Миссури дэх гэгээнтнүүдийг хэрхэн тайвшруулах байсныг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 101:35-аас сурсан зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээ. Аврагчийн нэрийн төлөө мөн хүмүүс Бурханы алдар сууг хүртэх болно.

Есүс Христийн үнэн шавь нар Түүнийг үргэлжид, бүр итгэлийнхээ төлөө хавчигдсан үед ч дагадаг. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст 20-р зууны эхээр Мексикт амьдарч байсан хоёр хожмын үеийн гэгээнтний талаар дараах түүхийг хуваалцсан. 1915 онд тэд харгис цэргийн бүлэгт баригджээ. Та энэ түүхийг уншихдаа, хожмын үеийн гэгээнтэн энэ хоёр эрийн итгэл хэрхэн мөрдлөг хавчлагыг тэвчихийн үлгэр жишээ болсныг анхаар.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Рафаэл Монрой бол Мексикийн Сан Маркос гэдэг жижигхэн салбарын ерөнхийлөгч, харин Висенте Моралэс түүний нэгдүгээр зөвлөх байжээ. … Хэрэв тэднийг зэр зэвсгээ хураалгаж өөрсдийнхөө гаж буруу шашнаас татгалзах юм бол амь хэлтрүүлнэ хэмээн тэдэнд хэлсэн аж. Монрой ах өөрт нь ямар ч зэвсэг байхгүй гэж өөрийг нь барьсан хүмүүст хэлээд, халааснаасаа Библи болон Мормоны Номыг гаргаж ирэв. Тэрээр ‘Ноёд оо, энэ хоёр ном бол миний авч явдаг цорын ганц зэвсэг юм. Эдгээр нь гэм буруугийн эсрэг үнэний зэвсэг’ гэж хэлжээ.

“Ямар ч зэр зэвсэг олдохгүй болохоор нь тэд ах нарыг зэр зэвсгээ хаана нуусныг нь хэлүүлэхээр улам ихээр тамлажээ. Харин тэдэнд ямар ч зэр зэвсэг байсангүй. Тэднийг жижиг хотхоны зах руу харгалзагчаар харуулан аваачиж, буудан хороох ялыг гүйцэтгэдэг хорооны өмнө том үйсэн модны дэргэд зогсоосон аж. Ахмад нь тэдэнд өөрсдийн шашныг орхиж мөн [цэргүүдтэй] нэгдэх юм бол тэдний амийг хэлтрүүлнэ гэж хэлсэн ч Монрой ах ‘Миний шашин бол амь наснаас минь илүү эрхэм чухал зүйл, иймээс би үүнийг орхиж чадахгүй’ гэж хариулжээ.

Тэгэхэд нь тэр хоёрыг буудаж алах гэж байгаагаа хэлээд, тэднээс өөр ямар нэгэн хүсэлт байна уу гэж асуусан гэдэг. Рафаэл ах буудуулахынхаа өмнө залбирахыг зөвшөөрөөч гэж хүссэн байна. Тэнд, амийг нь хороогчдын өмнө, тэрээр өвдөг сөгдөн, мөн бүгдийн сонсож чадах чанга дуугаар, өөрийнх нь хайртай хүмүүсийг адислан, хамгаалалт, удирдагчгүй ард нь үлдэх гэж байгаа жижиг салбарыг нь харж хандахыг Бурханаас гуйн залбирчээ. Залбирлынхаа төгсгөлд тэр Аврагч загалмай дээр цовдлогдохдоо өөрийг нь цовдолсон цэргүүдийн төлөө залбиран хэлсэн үгийг давтаж, ‘Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна’ хэмээн хэлжээ. [Лук 23:34.] Үүний дараа Монрой ах, Моралэс ах хоёрыг галт зэвсэгтэй бүлэг буудсан ажээ” (“Discipleship,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 21–22; Рэй Л.Праттын түүхээс үндэслэв, “A Latter-day Martyr,” Improvement Era, 1918 оны 6-р сар, 720–726).

Есүс Христ болон Түүний Сүмд итгэх итгэлээсээ болж хавчигдаж (шоолуулж эсвэл дээрэлхүүлж) байсан үеийнхээ талаар бод.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Хүмүүс Есүс Христ болон Түүний Сүмд итгэх итгэлийнхээ төлөө хавчигдах үед итгэлээр хариулахын тулд тэд юу хийж болох вэ?

Зураг
Цэвэр давс

Давсыг юу юунд хэрэглэдэг талаар бод. Жишээ нь, хоолыг хадгалж, амтлахад мөн шархыг халдваргүйжүүлэхэд ашиглаж болно. Сургаал ба Гэрээ 101:39-ийг уншаад, Их Эзэний давстай зүйрлэсэн хүмүүсийг олж тогтоо.

Сайн мэдээнд ирж мөн Их Эзэнтэй гэрээнд ордог хүмүүсийг яагаад “газрын давс” хэмээн нэрлэдэг талаар тунгаан бод.

39-р шүлэгт Их Эзэн Сүмийн гишүүдийг бас “хүмүүний амт” гэж нэрлэснийг ажигла. Амт гэдэг нь бусдаас ялгарах амт буюу чанартай гэдгийг хэлж байгаа юм. Хүмүүний амт байна гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Зураг
Ахлагч Карлос И.Эсэй

Далын ахлагч Карлос Э.Асайгийн хэлсэн дараах үг нь хүмүүний амт байна гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгоход тань тусална. “Их Эзэн ‘хүмүүний амт’ хэмээх үгийг хэрэглэж байхдаа Өөрийг нь төлөөлдөг хүмүүсийн талаар ярьж байсан юм. Тэрээр наманчилсан, баптисмын усанд угаагдан цэвэршигдсэн, Өөрийнх нь нэрийг болон үйлсийг өөрсөд дээрээ авахаар гэрээлсэн хүмүүсийг хэлж байсан юм. Түүнчлэн өөрийнх нь санваарын хүчийг гэрээгээр хуваалцах хүмүүсийг хэлж байв. Тэр та бидний талаар ярьж байсан юм” (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, 1980 оны 5-р сар, 42).

“Газрын давс” мөн “хүмүүний амт” гэсэн үгс нь биднийг Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд дэлхийн бүх хүнд Бурханы адислалуудыг хүлээн авахад туслах үүрэгтэй хэмээн заадаг (Aбрахам 2:8–11-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 101:40–42-ыг судлаад, Их Эзэний сэрэмжлүүлэг, амлалтуудыг олж мэд.

Зураг
Давс болон шороо

40-р шүлэгт “хэрэв газрын тэр давс амтаа алдах юм бол” гэдэг үг байгааг анхаар. Давс удлаа гээд амтаа алддаггүй. Харин өөр зүйлстэй холилдож, бохирдсоноос болж амтаа алддаг. Ахлагч Асай: “Хүн оюун санаагаа цэвэр бус бодлоор бохирдуулан, үнэнийг үл ярьснаар амаа бузарлаж, ёс бус зүйл хийн хүчээ буруу ашигласнаас болж амт буюу чанараа алддаг“ гэж заасан (“Salt of the Earth,” 42).

Сургаал ба Гэрээ 101:40–42 нь бидэнд Бурханы адислалуудыг хүлээн авахад дэлхийнхэнд туслахын тулд нүглээ наманчилж мөн даруухан байх ёстой гэдгийг бидэнд сурахад тусалдаг. Та энэ үнэнийг судартаа бичиж болно.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 101:39–42 дахь Их Эзэний сургаал Түүний танаас юуг хүсэн хүлээдгийг ойлгоход хэрхэн тусалж байна вэ?

    2. Дэлхийн хүмүүсийг адислахад бидэнд нүгэл саад болдог ямар ямар жишээ байна вэ?

    3. Нүглээр бохирдохоос зайлсхийхийн тулд та юу хийх вэ?

Нүглүүд амьдралыг тань бохирдуулж байгаа эсэхийг бод. Та Их Эзэний өмнө цэвэр ариун болж мөн Түүний адислалуудыг хүлээн авахад нь бусдад илүү үр дүнтэй туслахын тулд тэдгээр нүглээ наманчил.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 101:17–42-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: