Семинар
21-р бүлэг: Нэг дэх өдөр, Сургаал ба Гэрээ 98


21-р бүлэг: Нэг дэх өдөр

Сургаал ба Гэрээ 98

Оршил

1833 оны 7-р сарын 20-нд, Миссуригийн 400–500 орчим уугуул оршин суугчид нэгдэн, өөр ямар ч гэгээнтнийг Жаксон гүнлэг рүү нүүж ирэхгүй байхыг мөн одоо амьдарч байгаа хүмүүсийг тэндээс гарч явахыг шаардсан. Миссури дэх гэгээнтнүүдийг энэ шаардлагад нь хариу өгөхөөс өмнө, танхайрагчид эд хөрөнгийг нь устгаж мөн тэдний амь насанд заналхийлж эхлэв. 1833 оны 8-р сарын 6-нд, бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 98-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан бөгөөд үүнд Их Эзэн хавчлагад хэрхэн хандах талаарх гэгээнтнүүдэд зааварчилгаа өгсөн юм. Миссурид гарч буй бэрхшээлийн талаарх зарим мэдээ 900 милийн (1450 км) тэртээ Огайогийн Көртландад байсан бошиглогчид хүрсэн байж болох ч, тэрээр уг нөхцөл хэр ноцтой байсныг зөвхөн илчлэлтээр дамжуулан ойлгох байв. Энэ илчлэлтээр Их Эзэн гэгээнтнүүдийн зовлон зүдгүүрийн талаар дурдаад, тэдэнд уг орон нутгийн үндсэн хуулийг дагахыг зөвлөн мөн гэрээнүүдээ сахихыг зааварчилжээ.

Сургаал ба Гэрээ 98:1–22

Их Эзэн, хүнд хэцүү цаг үед гэрээнүүдээ сахихыг гэгээнтнүүдэд зөвлөв

Сургаал ба Гэрээ 98:1–22-т Их Эзэн зовж зүдэрсэн гэгээнтнүүдэд бүх зүйлд талархал илэрхийлэхийг мөн Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээхийг зөвлөв.

Сургаал ба Гэрээ 98:11–12-ыг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн тушаалыг ол.

Сургаал ба Гэрээ 98:13–15-ыг уншаад, соригдон нотлогдох талаар Их Эзэн гэгээнтнүүдэд юу гэж хэлснийг олж мэд. Дагахад хэцүү байсан ч гэсэн бид гэрээгээ сахиснаар Их Эзэнд өөрсдийгөө нотлон харуулдаг болохыг бид эдгээр шүлгээс мэдэж авдаг.

1833 онд Миссурид амьдарч байсан гэгээнтнүүдэд, хэцүү үед ч гэсэн хийсэн гэрээгээ сахихын чухлыг санах нь яагаад ач холбогдолтой байсан талаар бод. Хэцүү цаг үед гэрээгээ сахихын чухлыг санах нь өнөөдөр бидэнд яагаад зайлшгүй хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 98:23–32

Их Эзэн гэгээнтнүүд дарамт хавчлагад хэрхэн хариулах талаар илчлэв

  1. Судрын тэмдэглэл дээрээ гурван багана зур. Эхний баганыг Хариу авалтын талаарх Их Эзэний Хууль (C ба Г 98:23–32), хоёр дахь баганыг Дайны талаарх Их Эзэний хууль (C ба Г 98:33–38), мөн гурав дахь баганыг Өршөөлийн талаарх Их Эзэний хууль гэж гарчигла (C ба Г 98:39–48). Энэ хичээлээс суралцах явцдаа, олж мэдсэн сургаал болон зарчмуудаа бичих зайг багана бүрд үлдээнэ үү. Хичээлээс суралцах явцдаа, эдгээр багананд юу бичих талаарх зааврыг та олно.

Хэрэв хэн нэгэн танд эсвэл гэр бүлийнхэнд тань хор хөнөөл учруулбал танд ямар санагдах вэ? Өөрсдөд нь хор хөнөөл учруулсан хүний эсрэг зарим хүн яагаад хариу (өшөө) авахыг хүсдэг гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 98:23–27-г уншаад, Их Эзэн өс хонзон болон хариу авах талаар юу гэж хэлснийг олж мэд.

Та эдгээр шүлэг дэх “бүү зүх” болон “хүлээцтэйгээр тэвч” гэсэн үгсийг тэмдэглэж болно.

Их Эзэний Миссури дэх гэгээнтнүүдэд заасан зүйл дээр үндэслэн, хэрвээ бид бусдын буруу харьцааг тэвчиж, хариу авахгүй байх аваас, Их Эзэн биднийг шагнах болно гэдгийг мэдэж авдаг. Судрын тэмдэглэл дээрээ “Хариу авах талаарх Их Эзэний хууль” гэсэн гарчгийн доор энэ зарчмыг бич.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Хариу авах эсвэл өс санах нь ямар ямар хор хөнөөлтэй гэж та бодож байна вэ?

    2. Буруу харьцааг тэвчиж мөн өс хонзон саналгүйгээр тэвчээртэй хандсан өөрийн мэдэх (эсвэл уншсан) хэн нэгний талаар бод. Өөртэй нь ёс бусаар харьцаж байсан ч тэвчээртэй байдлаа харуулж энэ хүн юу хийсэн бэ?

1833 оны 7-р сарын 20-ны бямба гарагт Миссуригийн Жаксон гүнлэгт танхайрагчид бүлэглэн эд хөрөнгийг нь устгаад зогсохгүй, Сүмийн удирдагчдыг гэмтээхийг оролджээ. Дараах түүх нь, бишоп Эдвард Партриж болон шинэхэн хөрвөгч Пеннсильванийн 27 настай Чарлез Аллен хоёр Миссури дэх танхайрагчдын хавчлагад хэрхэн хандсан талаар өгүүлдэг.

Зураг
Миссури дэх танхайрагчдын бүлэг

Танхайрагчдын бүлэг Миссуригийн Жаксон гүнлэгт Сүмийн удирдагчидтай халз тулав.

“Танхайрагчид бишоп Эдвард Партриж, Чарлез Аллен хоёрыг барьсан бөгөөд тэднийг нийтийн талбай тийш хөтлөх замын дагуу улангассан олны дундуур чиржээ. Тэгэхэд уг цугларсан олон тэднийг доромжилж мөн дээрэлхэж байв. Энд тэдэнд хоёр сонголт өгөгдсөний нэг нь Мормоны Номд өгүүлсэнчлэн итгэх итгэлээсээ татгалзах, нөгөө нь гүнлэгээс зайлан явах сонголт байв. Тэд Мормоны Номыг үгүйсгэсэнгүй, бас гүнлэгээс нүүж явахыг ч зөвшөөрсөнгүй. Бишоп Партриж ярих зөвшөөрөл өгснийх нь дараа, гэгээнтнүүд дэлхийн бүх л үеүдэд хавчигдаж байсан бөгөөд өмнөх үеийнхний гэгээнтнүүдийн адил тэр өөрөө Христийн төлөө зовоход бэлэн байгаа гэдгээ; бас тэр хэн нэгнийг гомдоох юу ч хийгээгүй бөгөөд хэрвээ тэд өөрийг нь дээрэлхэх аваас гэм зэмгүй хүнийг гэмтээх болно хэмээн хэлжээ. Түүний үгс цугларсан олны үймээний чимээнд дарагдсан бөгөөд тэдний олон нь ‘Өөрийгөө чөлөөлөөч гэж тэр Бурханаасаа гуй … !’ гэж хашгирцгааж байв. Партриж, Аллен хоёрын хувцсыг нь тайлж, шохой юм уу үнс эсвэл өөр ямар нэгэн бие түлдэг хүчилтэй хольсон давирхайг биед нь түрхэн, бас дээр нь баахан өд цацжээ. Тэд энэ зэрлэг доромжлол, хүчирхийллийг маш даруухнаар, хүлцэнгүйгээр хүлээн авсан бөгөөд цугларсан олон өөрсдийн харж байгаа зүйлдээ гайхширан, дуугүй болцгоосон байна. Тэд дараа нь чимээгүйхнээр уг ах нарыг явуулав” (Б.Х.Робэртс, A Comprehensive History of the Church, 1:333; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага], 2003 он, 133-ыг үзнэ үү ).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Бишоп Партриж, Чарльз Аллен хоёр өөрсдөд нь тохиолдсон хавчлагад хэрхэн хандсан тухай энэ түүхийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ?

    2. Энэ тал дээр Аврагчийн зөвлөгөөг дагахдаа та юуг илүү сайн хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 98:28–32-т, хэрэв дайсан нь Бурханы шийтгэлд өртөлгүйгээр гурван удаа өөрсдийг нь гэмтээх аваас, тэд дахин гэмтээхгүй байхыг Их Эзэний нэр дээр дайснууддаа сэрэмжлүүлэх хэрэгтэй хэмээн Их Эзэн гэгээнтнүүдэд зөвлөв. Их Эзэн үргэлжлүүлэн, хэрвээ дайсан нь энэ сэрэмжлүүлгийг авчихаад тэднийг зовоохоо болихгүй бол тэгвэл гэгээнтнүүд “түүнд ажлуудынх нь дагуу хариуг нь өгөхөд” (С ба Г 98:31) зөвтгөгдөх болно хэмээн тайлбарлажээ. Гэхдээ гэгээнтнүүдэд хариу авахад зөвтгөгдөх байсан ч дайснаа чөлөөлөх аваас, шударга байдлынхаа төлөө шагнагдах болно хэмээн хэлсэн байна.

Сургаал ба Гэрээ 98:33–38

Аврагч дайн ямар үед зөвтгөгдөж болохыг тайлбарлав

Улс орныхоо төлөө дайнд явж байсан найз эсвэл хамаатан садан танд байдаг уу? Их Эзэн дайны талаар юу гэж заадаг бол гэж та бодож байсан уу?

Сургаал ба Гэрээ 98:33–34-ийг уншаад, Их Эзэн Өөрийн эртний дагалдагчдад дайны талаар юу гэж хэлснийг олж мэд.

33-р шүлгээс уншсан зүйл дээрээ үндэслэн, дараах өгүүлбэрийг гүйцээ. Тэд аливаа үндэстэн, ястан, хэлтэн буюу хүмүүсийн эсрэг тулалдах … Их Эзэн тэдэнд . Та энэ үнэнийг судрын тэмдэглэл дээрээ “Дайны талаарх Их Эзэний хууль” гарчгийн дор бичиж болно. (Их Эзэн энэ хуулийг өөр цаг үед, өөр соёл иргэншилд амьдарч байсан хүмүүст зориулж өгсөн гэдгийг бүү март. Хэдийгээр энэ хуулийн зарчим нь үнэн хэдий ч, өнөөдөр бид өөрсдийн амьдрах улс орны хуулиудад бас захирагдах ёстой [Итгэлийн тунхаг 1:12-ыг үзнэ үү].)

Сургаал ба Гэрээ 98:34-т цэдэглэгдсэнээр, хэрэв хэн нэгэн өөрсдийнх нь эсрэг дайн зарлах юм бол эртний дагалдагчид эхлээд юу хийх ёстой байсан бэ? (Энэ асуултын хариултыг судрын тэмдэглэл дээрээ “Дайны талаарх Их Эзэний хууль” гэсэн гарчгийн доор бич.)

Сургаал ба Гэрээ 98:35–38-ыг уншаад, Их Эзэн эртний дагалдагчдадаа, хэрвээ тэдний энх тайвны саналыг хүлээж авахгүй бол юу хий хэмээн хэлснийг олж мэд.

Бид эдгээр шүлгээс Их Эзэн зөвлөсөн нөхцөлд дайныг зөвтгөж болно гэдгийг сурдаг. Энэ үнэнийг судрын тэмдэглэл дээрээ “Дайны талаарх Их Эзэний хууль” гэсэн гарчгийн доор бич.

Дэлхийн 2-р дайнд олон улс орон тулалдаж байх үед, ерөнхийлөгч Дэвид О.Маккэй, Их Эзэний дагалдагчид тулалдаанд орох нь зөвтгөгдөх нөхцөлүүдийг тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй

“Дайн нь Христийн сургаалтай нийцдэггүй. Есүс Христийн сайн мэдээ нь амар амгалангийн сайн мэдээ юм. Дайн бол үүний эсрэг шинжтэй бөгөөд үзэн ядалтыг төрүүлдэг.

Гэхдээ Христийн шашинтай хүний хувьд тулалдаанд орохыг зөвтгөх хоёр шалтгаан байж болно—гэхдээ би дайн эхлүүлэх гэж хэлээгүй, харин тулалдаанд орох гэж хэлж байгаа юм шүү. Тухайлбал: (1) [Хэн нэгэн] нөгөөгийнхөө эрх чөлөөг булааж, эзлэхийг оролдох үед, (2) өөрийн улс оронд үнэнчээр зүтгэх үед. Бас гурав дахь шалтгаан байж болох юм, энэ нь хүчирхэг хэрцгий улс орон сул дорой улс орныг шударга бусаар бут цохих үед юм” гэж хэлжээ (Conference Report, 1942 оны 4-р сар, 71–72).

Сургаал ба Гэрээ 98:39–48

Их Эзэн гэгээнтнүүдэд дайснууддаа хэрхэн хандахыг заав

Сургаал ба Гэрээ 98:39–48 дахь өршөөлийн талаарх Их Эзэний хууль нь Их Эзэний дайны талаарх хуультай холбоотой. Дэлхийн 2-р дайны дараа болсон дараах үйл явдал нь өршөөл уучлалын талаарх Их Эзэний хуулийг харуулдаг.

“Дэлхийн 2-р дайны үеэр Голланд улсад, Каспер тен Бумийнхэн нацистуудад мөрдөгдөн мөшгөгдөж байсан хүмүүст туслахын тулд гэр орноо хоргодох газар болгон ашиглуулдаг байжээ. Энэ нь Христийн шашныхаа дагуу амьдрах гэсэн тэдний нэгэн арга зам байлаа. Уг гэр бүлийн 4 гишүүн гэр орноо орогнох газар болгосны улмаас амь насаа алдсан ажээ. Корри тен Бум, түүний эгч Бетси хоёр, Рэйвэнсбрукийн бөөнөөр хорих лагерьт аймшигтай хэдэн сарыг өнгөрүүлжээ. Бетси тэнд нас барж, харин Корри амьд мэнд гарсан.

Бусдыг уучлахад Бурхан бидэнд тусалдгийг Корри Бетси хоёр Рэйвэнсбрукт байхдаа ойлгосон аж. Дайны дараа, Корри тэрхүү захиасыг бусадтай хуваалцахаар шийдсэн юм. Нэг удаа тэр Германд, дайны гамшгаас болж зовж зүдэрсэн хэсэг хүмүүст хандан үгээ дөнгөж хэлж дуусаад байв. Түүний захиас ‘Бурхан уучилж өршөөдөг’ хэмээх сэдэвтэй байв. Яг тэр үед Корри тен Бумын итгэлийн учир нэгэн адислал түүнд ирсэн ажээ.

Нэг эрэгтэй хүн түүн рүү ойртон ирэв. Тэр хүн бөөнөөр хорих лагерийн хамгийн харгис хэрцгий харгалзагчдын нэг байсныг тэр танилаа. ‘Та яриандаа Рэйвэнсбрукийг дурдлаа. Би тэнд харгалзагч байсан хүн. … Гэвч тэр цагаас хойш, … би Христэд итгэгч болсон’ хэмээн тэр хэллээ. Үйлдсэн харгис муу хэргийнхээ төлөө Бурханаас өршөөл эрэлхийлсэн гэж тэр хэлэв. Тэрээр гараа сунган, ‘Та намайг уучлах уу?’ гэж асуулаа.

Коррий тен Бум цааш нь ийн өгүүлэв.

Тэр гараа сунган зогсоод төдий их удаагүй атал надад олон цаг өнгөрөх шиг санагдаж билээ. Учир нь би урьд өмнө нь огт хийж байгаагүй, хамгийн хэцүү зүйлийг хийх эсэхээ шийдэж ядан байлаа.

… Бурхан биднийг уучлан өршөөдөг хэмээх захиас нь … бид өөрсдийг маань гэмтээсэн хүмүүсийг ч уучлан өршөөх ёстой гэсэн нөхцөлтэй.

‘… Надад туслаач!’ Би дотроо залбирав. ‘Би гараа өгч чадна. Би уучилж чадна. Та надад уучлах мэдрэмжийг хайрлаач гэж би чимээгүйхэн залбиран гуйлаа.’

… Би яг л хөшөө шиг, модон гартай юм шиг, гараа сунган түүнд өгч билээ. Тэр агшинд, нэгэн гайхамшигт зүйл тохиох нь тэр. Мөрнөөс минь эхлэн цахилгаан гүйдэл гүйх шиг болж, доошлон, бид хоёрын барьсан гарт хүрэв. Яг тэр агшинд эдгэрэлтийн дулаан бүлээхэн хүч бүхэл биеэр тархаж, нүд дүүрэн нулимс цийлгэнэх нь тэр.

‘Ах минь, би таныг бүх зүрх сэтгэлээрээ уучилж байна!’ гэж нулимс урсган хэллээ.

Өнгөрсөн үед нэг нь шоронгийн харгалзагч, нөгөө нь хоригдол байсан бид хоёр гар гараасаа чанга барилцан удтал зогсож билээ. Тэр үед би Бурханы хайрыг урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр мэдэрсэн юм’ хэмээн тэр ярьжээ. [Коррий тен Бум, Tramp for the Lord (1974), 54–55.]” (Kейт Б.Мкюллин, “Бидний үүрэг хариуцлагын зам,” Ensign, 2010 оны 5-р сар, 13 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий Чуулган, 13).

Энэ түүх танд өршөөл уучлалын талаар юу зааж байна вэ?

Сургаал ба Гэрээ 98:39–40-ийг уншаад, өршөөлийн талаарх Бурханы хуулийг олж мэд.

Эдгээр шүлэгт цэдэглэснээр, хэн нэгэн биднээс уучлалт гуйвал бид юу хийх хэрэгтэй вэ?

40-р шүлэг дэх “далан долоон удаа хүртэл” гэдэг үгс нь биднийг гомдоож, гэмтээснийхээ дараа тэд наманчилж биднээс өршөөж уучлахыг гуйхын хэрээр бид бусдыг уучлах ёстойг хэлж байгаа юм. (Хэдийгээр бидэнд бусдыг уучилж өршөө хэмээн зарлиг болгосон ч, энэ нь бид бусдад өөрсдийгөө үргэлжлүүлэн дээрэлхүүлэх ёстой гэсэн үг биш юм.)

Сургаал ба Гэрээ 98:41–43-ыг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд халддаг мөн наманчилдаггүй дайснуудынх нь талаар заасан нэмэлт үнэнүүдийг хай.

Судрын тэмдэглэл дээрээ “Өршөөлийн талаарх Их Эзэний хууль” гарчгийн доор Их Эзэний өршөөлийн талаарх хуулийн товч дүгнэлтийг бич.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Хэдийгээр хүмүүс биднээс уучлалт гуйхгүй байсан ч бид бусдыг уучлах ёстой гэсэн зарлигийг яагаад бидэнд өгсөн гэж та бодож байна вэ?

    2. Яагаад бидэнд дайснуудаа уучлахыг зарлиг болгосон бэ?

Амьдралдаа Их Эзэний өршөөлийн талаарх хуулийг дагахын тулд та юу хийж болохоо бод.

Сургаал ба Гэрээ 98:44–48-д, Их Эзэн хэрвээ гэгээнтнүүдийн дайснууд наманчилбаас, Түүний өс хонзонгоос аврагдана хэмээн амлажээ.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 98-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: