Семинар
6-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 21–23


6-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 21–23

Оршил

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь 1830 оны 4-р сарын 6-нд албан ёсоор зохион байгуулагдсан байна. Бараг 60 хүн анхны шүтэн бишрэх цуглаанд ёслолд оролцжээ. Цугларалт нь залбирал, дэмжин батлалт, томилгоо, ариун ёслол, гишүүний баталгаа зэргээс бүрдсэн байв. Энэ цуглаан дээр бошиглогч Иосеф Смит одоо Сургаал ба Гэрээ 21-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Хэдэн хоногийн дараа Их Эзэн баптисмыг зохих санваарын эрх мэдлээр хийж гүйцэтгэх ёстой хэмээн тодруулсан байна (С ба Г 22-ыг үзнэ үү). Түүнчлэн Тэрээр өөрсдийн үүргийг мэдэхийг хүссэн таван хүнд зөвлөгөө өгчээ (С ба Г 23-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 21

Их Эзэн Иосеф Смитийг Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн анхны бошиглогч, үзмэрчээр томилсон байна.

“Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя”(Сумийн дуулал, 36-р хуудас) дууллыг сонсож эсвэл уншиж болно. Та нар ямар шалтгаанаар Бурханд бошиглогч өгсөнд талархалтай байдаг вэ? Та өнөөдрийн хичээлийг судлахдаа бошиглогчдод талархах талархлыг нэмэгдүүлэх үнэнүүдийг олж мэд.

Сургаал ба Гэрээ 21:1-ийг уншаад, бошиглогч Иосеф Смитийн өөр хэргэм цолыг олж мэд. Та эдгээр үнэнийг судартаа тэмдэглэх юм уу судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон А.Видцоу “бошиглогч, үзмэрч ба илчлэгч” хэргэм цолын утгыг, мөн үүнд хэрхэн өөр хэргэм цолууд ордог талаар заасан.

Зураг
Ахлагч Жон А.Видцоу

“Бошиглогч бол багш юм. Энэ нь энэ үгийг илэрхийлэх хамгийн чухал үг мөн. Тэрээр Их Эзэнээр хүмүүнд илчлэгдсэн үнэн ба сайн мэдээг хүмүүсийн ойлголтод тохируулан, илчлэлтээр заадаг. …

Бошиглогч бол Их Эзэнээс илчлэлтүүд хүлээн авдаг ‘үзмэрч ба илчлэгч’. Гэхдээ эдгээр нэр нь ‘бошиглогч’ гэдэг илүү том, илүү өргөн цар хүрээтэй нэрийн зөвхөн өчүүхэн нэг л хэсэг нь. …

Үзмэрч бол сүнсний нүдээр хардаг хүн юм. Тэрээр бусдын ойлгож чадахгүй байгаа зүйлсийг ойлгож чаддаг. Тиймээс тэр бол мөнхийн үнэний тайлбарлагч буюу хэлмэрч юм. Тэрээр өнгөрсөн, ирээдүйг мөн одоог урьдчилан хардаг. Үүнийг тэрээр өөрөөр нь шууд дамжуулах Их Эзэний хүч чадлаар эсвэл Урим ба Туммим гэх зэрэг бурханлаг хэрэгслийн тусламжтайгаар хийдэг. Товчхоноор хэлэхэд, тэр бол хардаг мөн Их Эзэний гэрэлд нүдээ нээн алхдаг хүн юм. [Moзая 8:15-17-г үзнэ үү.]

Илчлэгч бол урьд өмнө нь мэддэггүй байсан ямар нэг зүйлийг Их Эзэний тусламжтайгаар бусдад мэдүүлдэг хүн юм. Энэ нь шинэ юм уу мартагдсан үнэн эсвэл мэдэгдсэн үнэний шинэ юм уу мартагдсан аргачлал байж болох юм . …

Дүгнэхэд: Бошиглогч бол мэдэгдсэн үнэний багш, үзмэрч бол нуугдмал үнэнийг мэдэгч, илчлэгч бол шинэ үнэнийг атгагч юм. Бошиглогч гэдэг энэ үгийг багш, ухуулагч ба үнэнийг мэдүүлэгч хэмээн нэрлэх нь элбэг байдаг” (Evidences and Reconciliations, Хомэр Дурхам, 3-р боть, [1960], 257–258).

Судрын удирдамжаас бид бошиглогч бол “Бурханаар дуудагдаж, Түүний өмнөөс ярьдаг хүн. Бошиглогч нь Бурханы элчийн хувьд Бурханаас ирдэг зарлиг, бошиглол, илчлэлтүүдийг хүлээн авдаг. Түүний үүрэг хариуцлага бол Бурханы хүсэл зориг хийгээд үнэн мөн чанарыг хүн төрөлхтөнд таниулж, тэдэнтэй харилцах харилцааны утга учрыг харуулах явдал мөн. Бошиглогч нүглийг буруушаан зэмлэж, үр дагавруудыг нь угтан хэлдэг. Бошиглогч бол зөв шударга ёсыг номлогч мөн. Зарим тохиолдолд бошиглогчид хүн төрөлхтний ашиг тусын тулд ирээдүйг угтан хэлэхэд сүнслэгээр нөлөөлөгддөг байна. Гэвч түүний анхдагч үүрэг хариуцлага бол Христийн тухай гэрчлэх явдал мөн” гэдгийг сурдаг (“Prophet,” scriptures.lds.org).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Сургаал ба Гэрээ 21:1-д цэдэглэгдсэн Иосеф Смитийн эдгээр хэргэм зэрэг нь Есүс Христийн Сүмийг дэлхийд сэргээхийн тулд үүрч байсан янз бүрийн үүрэг, хариуцлагынх нь ач холбогдлыг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?

Сургаал ба Гэрээ 21:2–3-ыг уншаад, Бурхан Иосеф Смитийн Есүс Христийн Сүмийг сэргээлгэхээр сүнлэгээр нөлөөлсөн гэдгийг нотолсон үг, хэллэгийг олж мэд. Та эдгээр үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно.

  1. Та яагаад Иосеф Смитийг Есүс Христийн Сүмийг сэргээж, удирдуулахаар Бурханаар дуудагдсан гэдгийг мэдэх нь чухал гэж бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ тайлбарла.

Сургаал ба Гэрээ 21:4–5-ыг уншаад, Их Эзэний Сүмийг зохион байгуулсан өдөр өгсөн чухал захиасуудыг олж тогтоо.

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич. Яагаад заримдаа бошиглогчийн үгсийг хүлээн авахад “тэвчээр хийгээд итгэл” шаардагддаг вэ?

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф бид Эзэний бошиглогчид үргэлж итгэж болно гэдгийг баталж өгсөн. Тэрээр: “Та нарын замыг алдагдуулахыг надад ч, энэ Сүмийн ерөнхийлөгч болох өөр хэнд ч Их Эзэн хэзээ ч үл зөвшөөрөх болно. Энэ нь хөтөлбөрт байхгүй. Энэ нь Бурханы оюунд байхгүй. Хэрэв би тэгэхийг завдах аваас Их Эзэн намайг энэ байрнаас зайлуулах болно” (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 199).

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит үүнтэй адил гэрчлэлийг хуваалцсан. “Хэрэв [Сүмийн ерөнхийлөгч] итгэлээ алдвал Бурхан түүнийг байрнаас нь авч хаяна. Би та нарт Израилын Бурханы нэрээр гэрчилж байна. Тэрээр Сүмийг тэргүүлүүлэхээр сонгосон тэр хүн Өөрийнх нь хуулийг зөрчин, урваж, буруу замаар алхах болсон яг тэр мөчид Бурхан түүнийг холдуулна. Яагаад? Учир нь нүгэлт хүнийг уг албанд байлгаж, байх боломж олгох юм бол тэр эх булгийг бузарлана. Харин Тэрээр ийм зүйл болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй” (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 227).

Сургаал ба Гэрээ 21:6-г уншаад, бошиглогчдын үгсийг тэвчээр хийгээд итгэлтэйгээр хүлээн авдаг хүмүүст өгөгддөг гурван адислалыг судар дээрээ дугаарал.

Та бошиглогчийн үгсэд анхаарал тавих хүмүүст өгсөн амлалтуудыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Энэ зарчмыг дараах байдлаар илэрхийлж болно. Хэрэв бид бошиглогчийн үгсэд анхаарлаа хандуулах юм бол дайсныхаа эсрэг хамгаалагдах болно.)

  1. Та өөрөө эсвэл өөр хэн нэгэн амьд бошиглогчийн зөвлөгөө болон үгсэд анхаарлаа хандуулснаар адислагдаж байсан үеийн талаар судрын тэмдэглэл дээрээ бич. Үүнд ерөнхий чуулганаар болон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр өгсөн зөвлөгөөг дагах зэрэг орж болно.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст амьд бошиглогчийг дэмжихийн ач холбогдлын талаар ярьсан. “Сүмийн гишүүд дэлхий дээрх амьд бошиглогч, Сүмийн ерөнхийлөгчийг дэмжихгүйгээр Аврагчийг бүрэн дагаж чадна гэдэгт би итгэдэггүй. Хэрэв бид амьд бошиглогчийг, хэн ч байсан гэлээ, дэмжихгүй юм бол сүнслэг байдлынхаа хувьд үхнэ. Гэхдээ зарим нь зуун зууны өмнөх нас барсан бошиглогчдыг дагаснаар сүнслэг байдлыг хувьд үхдэг нь харамсалтай. Харин зарим нь амьд бошиглогчдын дэмжих үүргээс мултрахын тулд, амьд бошиглогчдыг муулан өөрсдийгөө дөвийлгөх гэж оролддог” (“Continuing Revelation,” Ensign, 1996 оны 8-р сар, 5).

Сургаал ба Гэрээ 21:6 дээр амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд та юу хийх ёстойгоо тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 22

Их Эзэн баптисмыг зохих эрх мэдлээр хийж гүйцэтгэх ёстой хэмээн илчлэв

1830 оны 4-р сард Сүмд нэгдэхийг хүссэн зарим хүн өмнө нь бусад сүмд баптисм хүртсэн байсан учраас яагаад дахиад баптисм хүртэх хэрэгтэй гэдгээ ойлгохгүй байв (С ба Г 22-р хэсгийн оршлыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит дахин баптисм хүртээх шаардлагатай эсэхийг Их Эзэнээс асуусан байна. Их Эзэн хариуд нь сайн мэдээний Сэргээлтийн талаар чухал сургаалыг заасан.

С ба Г 22-ыг унш. Яагаад баптисмыг зохих эрх мэдлээр хүртээх хэрэгтэй талаар Их Эзэн юу гэж хэлсэн бэ?

Сургаал ба Гэрээ 22:1-д Их Эзэн “шинэ бөгөөд үүрдийн гэрээ”-ний талаар ярьсан. Өгөгдсөн тайлбараас дараах хэллэгийг ойлгоход тань туслах үгийг тэмдэглэ.

Шинэ бөгөөд үүрдийн гэрээ бол “сайн мэдээний бүрэн дүүрэн байдал” юм (С ба Г 66:2). Гэрээ урвалтын дараа илчлэгдсэн бол шинэ гэрээ болдог. Энэ нь Бурханы гэрээ гэсэн утгаараа үүрдийнх бөгөөд энэ гэрээнд орох хүсэлтэй хүмүүсийн байсан эрин үе болгонд хүмүүс үүний ашиг тусаас хүртдэг байсан. Шинэ бөгөөд үүрдийн гэрээг Есүс Христ бошиглогч Иосеф Смитээр дамжуулан дэлхий дээрх хүмүүст дахин илчилсэн. Үүнд хүмүүнд аврал, мөнх амь, мөнх амьдралын авчирдаг баптисм, ариун сүм гэх мэт санваарын эрх мэдлээр хийж гүйцэтгэдэг ариун ёслолууд ордог (Судруудын удирдамж, “Шинэ бөгөөд үүрдийн гэрээ,” scriptures.lds.org).

Бид шинэ бөгөөд үүрдийн гэрээний эдгээр үнэний талаар ойлгох юм бол Бурханаас эрх мэдэл хүлээн авсан нэгэн баптисмыг гүйцэтгэх ёстой гэдэг нь тодорхой болдог. Сургаал ба Гэрээ 22:2–4-ийг уншаад, Их Эзэн санваарын зохих эрх мэдэлгүйгээр гүйцэтгэгдсэн баптисмыг хүлээн авдаггүй гэдгийг илэрхийлсэн хэллэгүүдийг олж тогтоо. 2-р шүлэгт Их Эзэн баптисмын ёслолд “шулуун хаалгаар” орж байгаагаар дурдсан (2 Нифай 31:17-г үзнэ үү).

  1. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм гэх мэт амин чухал ёслолуудыг гүйцэтгэхэд шаардлагатай санваарын эрх мэдэл бий. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Та Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүн болсноор хэрхэн адислагдсан бэ?

Сургаал ба Гэрээ 23

Таван шавийг Сүмийг хүчирхэгжүүлэхээр дуудав

Сургаал ба Гэрээ 23 дээрх дараах нэрсийг тэмдэглэ. Оливер, Хайрум, Самуел, Иосеф болон Иосеф Найт. Хэсгийн оршлыг уншиж энэ эрчүүд Их Эзэнээс юу хүссэнийг олж мэд.

Их Эзэн эхлээд Оливер Каудерид хандсан. Оливер нь Сэргээлтийн эхэн үеийн үйл явдлын үеэр Мормоны Номыг урагш авчрах, Сүмийг зохион байгуулах гэх мэт бошиглогч Иосеф Смитэд ихээхэн тус болсон билээ. Түүнд олон авьяас бэлэг, зөв шударга хүсэл байсан. Тэр Сүмийн хоёр дахь ахлагчаар дуудагдаж (С ба Г 20:3), Давид Витмертэй хамт арван хоёр төлөөлөгчийг сонгоход туслахад томилогдсон байна. Харамсалтай нь эхэн үед Оливерт өгөгдсөн эдгээр онцгой эрх нь түүнийг бардамнахад хүргэж, тэр хэсэг хугацаанд Сүмийг орхин явсан юм. Тэр хожим нь алдаагаа ухаарч, дахин баптисм хүртсэн билээ.

  1. Сургаал ба Гэрээ 23:1–2-ыг уншаад, Их Эзэний Оливер Каудерид өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд. Дараа нь судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Бардамнал нь хэрхэн уруу таталт руу хөтөлж болох вэ?

    2. Таны бодлоор биднийг уруу таталт руу хөтлөх бардамналаас зайлсхийх ямар ямар арга зам байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 23:3–5-ыг уншаад, Их Эзэний Хайрум Смит, Самуел Смит болон Ахмад Иосеф Смит нарт өгсөн заавруудын адил төстэй байдлыг олж мэд.

Ухуулах дуудлага гэдэг нь бусдад сайн мэдээг заах үүрэг хариуцлагыг хэлж байгаа болно. Тэдний талаарх дараах мэдээллийг уншаад, Хайрум, Самуел болон Ахмад Иосеф Смит нар хэрхэн энэ үүргээ биелүүлснийг анхаар.

Хайрум Смит хэвлэгчтэй шууд харьцаж ажилласнаар Мормоны Номын хэвлэлтийн үйл явцад тусалсан. Тэр 1829 оны 6-р сард, санваар сэргээгдсэний дараахан баптисм хүртсэн байна. Тэрээр Нью-Йоркийн Колесвилл дэх Сүмийн анхны салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байжээ. Даруу байдал, үнэнч гэдгээрээ олонд танил болсон Хайрум амьдралынхаа туршид Их Эзэнд болон Сүмд үнэнч байсан. Тэр дүү Иосефтэйгээ хамт Иллинойгийн Картейжийн шоронд алуулсан юм.

Бошиглогчийн дүү Самуел Смит 1829 оны 5-р сард, Аароны санваар сэргээгдсэний дараахан баптисм хүртжээ. Түүнийг Сүмийн анхны номлогч гэдгээр нь сайн мэддэг. 1830 оны 6-р сард тэрээр номлолд явж, Мормоны Номыг тараасан ба энэ нь эцэстээ Бригам Янг болон түүний гэр бүлийн олон гишүүнийг хөрвөлт рүү хөтөлжээ. Самуел амьдралынхаа туршид гэр бүлдээ болон Сүмд үнэнч байсан юм.

Бошиглогчийн аав Ахмад Иосеф Смит Сүм зохион байгуулагдсан өдөр Сүмд нэгдсэн. Тэрээр дараагийн зун нь өөрийн хүү Дон Карлосын хамт Нью-Йорк дахь хамаатан садандаа номлохоор явсан юм. Тэрээр дээд прист болсон ба эцэст нь Сүмийн анхны патриарх болжээ. Түүний оршуулгын үеэр “өөрт нь тулгаран ирэх ямар ч нөхцөл байдалд Бурханд болон Сүмд үнэнч хүн байсан” гэж дурдсан аж (Робэрт Б.Томпсон, History of the Church, 4:192-т).

Их Эзэний Сургаал ба Гэрээ 23-т хамгийн сүүлд дурдсан хүн бол Бага Иосеф Смитийн дотны найз байсан Ахмад Иосеф Найт байсан бөгөөд тэр түүнд маш сайхан сэтгэлээр ханддаг байсан. Тэрээр бошиглогчийг Мормоны Номын орчуулга дээр ажиллаж байх хооронд цаас, хоол хүнс гээд хэрэгцээт зүйлсээр нь хангадаг байжээ. Сургаал ба Гэрээ 23-ыг хүлээж авах үед Иосеф Найт баптисм хараахан хүртээгүй байсан юм. Тэрээр Сүм зохион байгуулагдсан өдөр бусадтай хамт баптисм хүртэхийг хүссэн боловч Мормоны Номыг үргэлжлүүлэн судлахыг хүсэж байсан тул баптисм хүртэхээс татгалзжээ. Тэрээр хожим нь “Хэрвээ би тэр үед баптисм хүртэхээр урагшилсан бол хавьгүй дээр байх байсан” гэж бичсэн аж (Ларри Портэрийн эш татсанаар, “The Joseph Knight Family,” Ensign, 1978 оны 10-р сар, 40; зөв бичгийн дүрэм, том үсгийг стандартчилсан болно).

Сургаал ба Гэрээ 23:6–7 дахь Их Эзэний Ахмад Иосеф Найтад өгсөн зөвлөгөөг судлаад, Тэрээр түүнд юу хийхийг зарлигласныг олж мэд. “Загалмайгаа үүрэх” хэмээх хэллэг энд орсон агуулгын хүрээнд өөрийн тань хувьд хүнд зүйлийг хийх гэсэн утгатай болно.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад Их Эзэн зарим үед бидэнд хийхэд таагүй зүйлийг хий хэмээн зааварладаг вэ?

    2. Их Эзэн Ахмад Иосеф Найтыг адислахыг хүссэн гэдэг ямар нотолгоог Сургаал ба Гэрээ 23:7-оос та харж байна вэ?

Энэ илчлэлтийг хүлээн авснаас хойш удалгүй Ахмад Иосеф Найт баптисм хүртэхээр болжээ. Тэрээр бошиглогч Иосеф Смитийг хувьдаа мөн олон нийтэд өмгөөлж хамгаалан, амьдралынхаа туршид Сүмд үнэнч үлджээ. Бошиглогч хожим нь Ахмад Иосеф Найтыг “итгэлтэй, шударга үнэнч, үлгэр жишээч, эелдэг найрсаг, ариун журамтай, чигч шулуун, баруун тийшээ ч, зүүн тийшээ ч хазайдаггүй байлаа” гэж дүрсэлсэн (Сүмийн Ерөнхийлөгчийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 524).

Сургаал ба Гэрээ 23-аас бид Их Эзэнд үйлчлэхийг хүссэнээр Түүнээс хувийн удирдамж хүлээн авч чадна. Түүнчлэн бид Их Эзэний өгсөн удирдамжийг дагах юм бол Тэрээр биднийг адисална гэдгийг сурдаг. Та Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан Их Эзэний удирдамжийнхаа талаар тунгаан бод. Хүлээн авсан удирдамжийнхаа дагуу үйлдэх төлөвлөгөө гарга.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 21-23-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: