Семинар
29-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 133:1–35


29-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 133:1–35

Оршил

Их Эзэн 1831 оны 11-р сард Иосеф Смитэд Зарлигуудын номыг хэвлүүлэх заавар өгснөөс хойш хоёр хоногийн дараа (С ба Г 1-р хэсгийн толгой гарчгийг үзнэ үү) бошиглогч Сургаал ба Гэрээ 133-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна. Энэ илчлэлт нь Сургаал ба Гэрээний 1835 оны хэвлэлд хавсралт болон орсон бөгөөд хожим нь уг хэсгийг дугаарласан аж. Эх гар бичмэл дээр ажиллаж байсан хүмүүс уг илчлэлтийг 1835 оны хэвлэлд орсон илчлэлтүүд дээр нэмж, 1-р хэсгийн төгсгөлд оруулахаар төлөвлөж байв. Сургаал ба Гэрээ 133-ыг хоёр хичээлээр авч үзэх болно. Энэ хичээл нь Их Эзэний Өөрийн хүмүүс өөрсдийгөө болон бусдыг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэ хэмээсэн зарлигийг авч үзнэ. Түүнчлэн энэ хичээлээр Түүний Хоёр дахь ирэлт болон Мянган жилийн засаглалтай холбоотой үйл явдлуудын талаарх бошиглолуудыг авч үзнэ.

Сургаал ба Гэрээ 133:1–15

Их Эзэн Өөрийн хүмүүсийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийг зарлиглав

Зураг
Есүс Христ

Та сургуульдаа ирээд шалгалтандаа бэлдэхээ мартсанаа гэнэт санаж байсан уу? Танд ямар мэдрэмж төрж байсан бэ эсвэл танд ямар мэдрэмж төрнө гэж та бодож байна вэ?

Та шалгалтандаа сайн бэлдсэн гэдгээ мэдэхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ?

Одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй ирээдүйн чухал үйл явдлуудынхаа талаар бод.

Сургаал ба Гэрээ 133:1–3-ыг уншаад, бидний бэлтгэх ёстой нэгэн үйл явдлыг мөн яагаад үүнд бэлтгэх ёстой шалтгааныг олж мэд.

“Шүүлтийн тулд дэлхий дээр зүхэлтэйгээр доош бууж ирэх” (С ба Г 133:2) гэсэн нь Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлтээр ёс бусчуудад шийтгэл оногдуулна гэдгийг төлөөлж байгаа гэдгийг мэдэх нь тустай байж болно. “Ариун мутраа ил гаргах болно” (С ба Г 133:3) гэсэн нь Их Эзэн хүч чадал болон хүчээ дэлхийд илчилж байгааг төлөөлж байна. “Мөн дэлхийн бүх хязгаар Бурханыхаа авралыг харах болно” (С ба Г 133:3) гэсэн нь Өөрийг нь дагадаг хүмүүст Бурханы авчрах чөлөөлөлтийг бүх хүн харах болно гэсэн утгатай юм.

Та Сургаал ба Гэрээ 133-ыг судалж байхдаа яагаад Есүс Христийн Хоёр дахь ирэлт мөн түүнд бэлдэх бидний бэлтгэл ийм чухал байдаг талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 133:2-т цэдэглэснээр, Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр бурхангүй эсвэл ёс бус хүмүүст юу тохиолдох вэ? Энэ шүлгээс мэдсэн нэг зүйлээрээ энэ асуултад хариулан дараах зарчмыг гүйцээж бич. Хоёр дахь ирэлтээрээ Есүс Христ залран ирэхдээ .

Эдгээр шүлгээс бид ёсон бус, бурхангүй хүмүүсийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлэн бус байна гэдгийг сурдаг. Бид хангалттай бэлтгэхийн тулд юу хийж болох вэ?

  1. Дараах үйл ажиллагаануудыг судрын тэмдэглэл дээрээ гүйцээж хий.

    1. Доорх өгүүлбэрийг бич. биднийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг. Сургаал ба Гэрээ 133:4–16-г уншаад, хоосон зайг бөглөхдөө ашиглаж болох хэллэгүүдийг хай. Судрын тэмдэглэл дээрээ хоосон зайны доор, доод тал нь 5 хэллэг бич.

    2. “а” үйл ажиллагаанд олж тогтоосон хэллэгүүдийнхээ нэгийг сонго. Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд биднийг бэлтгэхэд энэ үйлдэл яагаад чухал болохыг тайлбарла.

    3. Та “б” үйл ажиллагаанд олж тогтоосон үйлдлээ хэрэгжүүлснээр одоо ямар ямар адислал хүлээн авахаа тайлбарла.

Сургаал ба Гэрээ 133:5, 7, 14-ийг эргэж хар. Шүлэг бүр дээр олж харсан адил төстэй хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.

Хуучин Гэрээний цаг үед Вавилоны хот агуу ёсон бусын газар байсан билээ. Эдгээр шүлэгт Вавилоныг ёсон бус болон дэлхийн зүйлүүдийн аль алиных нь бэлгэ тэмдэг болгон харж болно.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Их Эзэн биднийг Вавилоноос гарч явахыг зааварласан нь ямар утгатай байж болох вэ?

    2. Бид ямар арга замаар Вавилоноос гарч чадах вэ? Эдгээр зүйл нь биднийг хэрхэн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх вэ?

Сургаал ба Гэрээ 133:15-д бид Вавилоныг хэрхэн орхих талаар Их Эзэн юу гэж заасныг анхаар. Хүргэн хүүг ирэх үед (10-р шүлгийг үзнэ үү) өмнө нь хийгдсэн байх ёстой ажлыг яарч хийх цаг зав байхгүй байх болно хэмээн Их Эзэн хэлсэн. Энэ нь арван охины сургаалт зүйрлэлээр заасан захиастай адилхан (Матай 25:1–13; мөн С ба Г 45:56–57-г үзнэ үү). Охидын тав нь Хүргэн хүү ирж байна гэсэн зарыг сонсоод бэлдэх гэж яарч тэвдсэн ч хэт оройтсон байв.

Мөн Сургаал ба Гэрээ 133:15-д Их Эзэн биднийг Вавилоноос гарч явахдаа юуг хийхгүй байхыг сэрэмжлүүлснийг олж хар. Та олж мэдсэн зүйлсээ тэмдэглэж болно.

Нүгэлт мөн дэлхийн нөлөөнөөс өөрсдийгөө холдуулсны дараа “эргэж бүү хар” (С ба Г 133:15) гэсэн нь юу гэсэн утгатай үг болохыг тунгаан бод. Эргэн харахгүй байх гэдэг нь ёсон бус болон дэлхийн зүйлүүдээ бүрмөсөн орхиж, урьдын зам дээрээ эргэн гарахгүй байхыг хичээх гэсэн утгатай юм. Энэ шүлэг нь хуучин амьдралын хэв маягаа эгээрэн хүсэж мөн эргэн очихгүй байхыг бидэнд сэрэмжлүүлдэг.

Зураг
Цааш явж буй эцэг хүү хоёр

Их Эзэн бидэнд ёсон бусаа орхиж мөн эргэж харахгүй байхыг зарлигласан.

Судрынхаа захад 15-р шүлгийн хажууд дараах үнэнийг бичих талаар бодож үз. Хэрэв бид ёс бус болон урьдын гэм нүглүүддээ эргэн очих аваас Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байхгүй.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн сүнслэг байдлаар өсөж хөгжиж мөн Аврагчид илүү ойртохыг хичээхдээ “эргэж харахгүй” байхын тулд юу хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 133:9-д Их Эзэн Өөрийн хүмүүсийг Сионы эргэн тойрны бүс нутгуудад цугларахыг зааварчилсныг анхаар. Сион нь зөв шударга хүмүүсийг буюу зүрх сэтгэлдээ цэвэр ариун, нэгдмэл мөн Бурханы зорилгод өөрсдийгөө зориулсан хүмүүсийг төлөөлдөг гэдгийг сана.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Та Вавилоныг (ёсон бус болон дэлхийн зүйлүүд) орхисон мөн Сионд (зөв шударга байдал) очихоор хичээж буй хэн нэгэнд хэрхэн итгэлтэй хэвээр үлдэхэд нь тусалж, урам зориг өгч болох вэ?

Хэрэв танай багш удахгүй том шалгалт авах гэж байгаагаа зарласан өдөр нь та байхгүй байсан бол ангийнхаа найзаас таны төлөө юу хийгээсэй гэж хүсэх байсан бэ?

Сургаал ба Гэрээ 133:4–15 дээр Их Эзэн бусдад туслах нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэх бэлтгэлийн нэг хэсэг хэмээн гэгээнтнүүдэд бас заасан. 8–10-р шүлэг дээр Их Эзэн ямар ажлыг дүрслэн хэлж байна вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Сүмийн бүх гишүүнд хамаатай чухал үүрэг хариуцлагын талаар ирээдүйн номлогчдод заасан.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Та нарын чухал үүргүүдийн нэг бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх явдал мөн.

Та нарын номлол бол хүмүүсийг Христэд авчирч Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ариун үйлс байх болно. …

… Их Эзэний номлогчдоор дамжуулан хийж буй үйлс нь дэлхийг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна” (“Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign, 2011 оны 5-р сар, 49–51 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49–51).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий.

    1. Дараах асуултуудад хариул. Бусдад Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах нь хэрхэн таныг Хоёр дахь ирэлтэд мөн адил бэлтгэнэ гэж та бодож байна вэ? Бусдад Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь тусалснаар та амьдралдаа өөр ямар ямар адислалыг хүлээн авч болох вэ?

    2. Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх талаар бичсэн зүйлсээ эргэн хар. Хоёр дахь ирэлтэд өөрийгөө илүү сайн бэлтгэж эсвэл бусдад бэлтгэхэд нь туслахын тулд хийж болох нэг зүйлээ бич. Энэ зорилгодоо хүрэх төлөвлөгөө гарга.

Сургаал ба Гэрээ 133:16-г дахин уншаад, Их Эзэнийг ирэх үед Түүнтэй уулзахаар бэлтгэгдэхэд бидэнд юу тусалж болохыг олж тогтоо. Олж тогтоосон үгээрээ хоосон зайг бөглөн, дараах зарчмыг гүйцээж бич. Бид үед, Бурхантай уулзахаар бэлтгэдэг.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Наманчлах нь биднийг хэрхэн Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг вэ?

Сургаал ба Гэрээ 133:17–35

Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлт болон Мянган жилийн засаглалтай холбоотой зарим үйл явдлыг илчлэв

Сургаал ба Гэрээ 133:17–35-д Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлт болон дэлхий дээрх Мянган жилийн засаглалтай холбоотой зарим үйл явдлыг зарласан. Эдгээр шүлгийг уншаад, чухал гэж санагдсан үйл явдлуудаа тэмдэглэх талаар бодож үз. Та ямар үйл явдлыг гэрчлэхийг хамгийн их хүсэж байна вэ?

Сургаал ба Гэрээ 133:21–29-д олж тогтоосон үйл явдлуудын нэг нь Израилын алдагдсан овгууд эргэж ирэх явдал юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа: “Арван овог нь бусдын адилаар Мормоны Номыг хүлээн авч мөн сэргээгдсэн сайн мэдээнд итгэснээр эргэн ирнэ. Дэлхий дээр хоёр тусдаа, бие даасан сүмийн байгууллага нэг зэрэг, ижил цаг хугацаанд байх боломжгүй юм. Ямар ч байлаа гэхэд нэг газраас Сүмийг удирдаж болох өдөрт ийнхүү удирдах боломжгүй. Сүмийн ерөнхийлөгч түлхүүрүүдийг атгах бөгөөд үүгээр Арван овгийнхон хойд нутгаас Палестин дахь төрөлх нутаг руугаа хөтлөгдөх болно. Тэд биш, харин Тэрээр тэднийг эргэн ирэхэд удирдах болно” гэжээ (A New Witness for the Articles of Faith [1985], 520–521).

Сургаал ба Гэрээ 133:30–35-д Их Эзэний Хоёр дахь ирэлттэй холбоотой Түүний гэрээт хүмүүсийн хүлээн авдаг зарим адислалыг дүрсэлдэг. Ефраим (Иосефын хүү) болон түүний овогтой хийсэн Их Эзэний амлалтуудын учир Ефраимын үр удам хожмын өдрүүдэд хамгийн түрүүнд цугларах болно. Израилын угсааг цуглуулах ажлыг удирдах боломжийг тэдэнд олгодог сэргээгдсэн сайн мэдээ, санваарын эрх мэдэл болон түлхүүрүүдийг тэдэнд даатгасан юм. Их Эзэний туйлын зорилго бол Бурханы бүх гэр бүлийг сүр жавхлангаар титэмлэж мөн сайн мэдээний ёслолуудаар дамжуулан авах боломжтой болсон тэдгээр адислалыг хүлээн авахад нь туслах явдал юм.

Бид наманчилж мөн өөрсдийгөө болон бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэснээр Хоёр дахь ирэлтийг баяртай хүлээж мөн одоо зөв шударга амьдарснаар тэрхүү адислалуудаас хүртэх боломжтой.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 133:1–35-р шүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: