Семинар
10-р бүлэг: Сургаал ба Гэрээ 43-44


10-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 43–44

Оршил

Сургаал ба Гэрээ 43-т цэдэглэгдсэнээр, 1831 оны 2-р сард Их Эзэн Сүмийн төлөө илчлэлт хүлээн авах бошиглогчийн онцгой үүргийн талаар мөн ахлагчид ирээдүйн үйл явдлуудад бэлтгэн наманчлалыг номлох хэрэгтэй гэдгийг Сүмийн гишүүдэд зааварласан. Сургаал ба Гэрээ 44-т Сүмийн ахлагчдад хамтдаа чуулахыг зааварласан Их Эзэний заавар агуулагддаг.

Сургаал ба Гэрээ 43:1–7

Их Эзэн илчлэлт, зарлигууд зөвхөн Өөрийнх нь томилсон бошиглогчоор дамжин ирдгийг тунхаглав

Хоёр өөр хүн танаар хоёр өөр дууг дуулуулахаар нэгэн зэрэг удирдаж байна хэмээн төсөөл. Та хоёр дууг хоёуланг нь зэрэг дуулж чадах уу? Аль хөгжмийн удирдаачийг дагахаа та хэрхэн сонгох вэ?

1831 оны 2-р сард Огайогийн Көртландад шинэ гишүүн, хатагтай Хаббл гэгч нэгэн Сүмийн төлөө илчлэлт, зарлигуудыг хүлээн авлаа хэмээн зарлажээ. Сүмийн зарим гишүүн түүний үгэнд хууртав. Бошиглогч Иосеф Смит хатагтай Хабблын үгсийн талаар Их Эзэнээс асуусан ба үүнийхээ хариуд Сургаал ба Гэрээ 43-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээ 43:1–5-ыг уншаад, хэнийг Сүмийг бүхэлд нь төлөөлж илчлэлт хүлээн авна хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд.

Эдгээр шүлэг нь зөвхөн бошиглогч Иосеф Смит Сүмийг бүхэлд нь төлөөлж зарлиг болон илчлэлтүүдийг хүлээн авах эрх мэдэлтэй болохыг Сүмийн анхны гишүүдэд ойлгуулахад тусалсан. Түүнчлэн эдгээр шүлэг нь зөвхөн Сүмийн ерөнхийлөгч Сүмийг бүхэлд нь төлөөлөн илчлэлт хүлээн авна гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Та энэ сургаалыг судар дээрээ Сургаал ба Гэрээ 43:3–4-ийн хажууд эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Зөвхөн Сүмийн ерөнхийлөгч (эсвэл Тэргүүн Зөвлөл) Сүмийг бүхэлд нь төлөөлөн илчлэлтүүдийг хүлээн авна гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Сүм байгуулагдсан эхэн үед хатагтай Хаббл болон өөр бусад хүн зарим гэгээнтний хууран мэхэлсний адил, худал хуурмаг үзэл санааг дэмждэг мэхлэгч, дүр эсгэгчид өнөөдөр ч бидний дунд байсаар байна. Сургаал ба Гэрээ 43:5–7-г уншаад, худал хуурмаг үзэл санааг сурталчилдаг эсвэл эрх мэдэлгүй атлаа бусдын өмнөөс илчлэлт хүлээн авсан хэмээн зүтгэх хүмүүст мэхлэгдэхгүй байхад бидэнд туслах Их Эзэний илчилсэн загварыг олж мэд.

Өгөгдсөн зайн дээр, өнөө үед биднийг хууран мэхлэлтээс хамгаалах Их Эзэний илчилсэн загварыг дүрсэл.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгс бидэнд “хаалганд орох” гэдэг (С ба Г 43:7) нь ямар нэг зүйлийг зөв зохистой, зөвшөөрөгдсөн арга замаар хийхийг хэлж байгааг ойлгоход тусалдаг. Тэрээр: “Их Эзэн бүх зүйлийг дэг жаягийн дагуу хийдэг болохоо бидэнд мэдэгдэх бөгөөд хэн нэгнийг Сүмийг удирдахад дуудах үед тухайн хүн хаалганд орж мөн эрх мэдэлтэй хүмүүсээр томилогдох болно. Энэ нь эхэн үеэс эхлэн ийм байсаар ирсэн бөгөөд эцэс хүртэл ийнхүү үргэлжилсээр байх болно” (Church History and Modern Revelation, 2-р боть [1953 он], 1:138). “Хаалганд орох” гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн, зохих арга замаар орохыг хэлж байгаа юм.

Сургаал ба Гэрээ 43:8–16

Зааварчилж, гэгээрч мөн ариусгагдахын тулд цугларах тушаалыг ахлагчид хүлээн авав

  1. Сүмийн гишүүний хувьд оролцдог янз бүрийн цуглаанаа судрын тэмдэглэл дээрээ жагсаан бич. Цуглаан бүрийн нэрийн хажууд ямар зорилготой гэж бодож байгаагаа бич.

Сургаал ба Гэрээ 43:8-ыг уншаад, дараах зарчмыг зааж буй үг, хэллэгийг тэмдэглэ. Бид хамтдаа цугларсан үедээ хэрхэн Сүмийг авч яван, чиглүүлэхэд суралцахын тулд бие биендээ зааварлаж мөн бие биенээ сэнхрүүлэх ёстой. Бие биенээ сэнхрүүлэх зарлиг нь бие биенээ сүнслэг байдлын хувьд өсгөж, хүчирхэгжүүлэх гэсэн утгатай юм. Энэ шүлэг дэх “миний сүмийг … чиглүүлэх” гэдэг үг нь Сүмийн гишүүд үүргээ хэрхэн биелүүлэх талаар зааварчилгаа хүлээн авахыг хэлж байгаа болно. Сүмийн гишүүдэд гэрээгээ сахин, дуудлагаа эрхэмлэн биелүүлэх буюу дуудлагынхаа үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь туслахын тулд цуглаан хийдэг.

  1. Сүмийн цуглаанд оролцоод, сүнслэг байдлын хувьд өсч хөгжин, хүчирхэгжиж, гэгээрч байсан туршлагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 43:9–11-ийг уншаад, Их Эзэний хууль, зарлигуудыг мэдэж авсныхаа дараа бид юу хийх ёстойг олж мэд. 9-р шүлэг дэх “ариусгагдах” гэдэг үг нь дэлхийн нүглээс ариун болж, цэвэршигдэх гэсэн утгатай. Бид 9-р шүлгээс сурч мэдсэн үнэнийхээ дагуу үйлдэх үүрэг хүлээн авсан гэдгийг мэдэж авдаг. (Та энэхүү зарчмыг судар дээрээ бичиж болно.)

Зураг
Мэдлэгтэй болох үйлдэл
  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сүмийн цуглаануудаас сурч мэдсэн зүйлсийнхээ дагуу үйлдэх нь хэрхэн бидэнд ариусахад тусалдаг вэ?

    2. Баптисм, ариун ёслол бидний ариусгагдах үйл явцад ямар үүрэг гүйцэтгэдэг гэж та бодож байна вэ?

    3. Та хэзээ Сүмийн цуглаанд сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх амлалт өгч, амлалтаа биелүүлж байсан бэ? Үүнийг хийснээрээ та хэрхэн адислагдсан бэ?

Сургаал ба Гэрээ 43:12–14-т, хэрэв гэгээнтнүүдэд Их Эзэний бошиглогчийг дэмжих аваас Өөрийнх нь хаант улсын алдар сууг хүлээн авах болно хэмээн гэгээнтнүүдэд хэлсэн.

Сургаал ба Гэрээ 43:17–35

Бурханы үйлчлэгчид Хоёр дахь ирэлт болон Мянган жилийн бэлтгэлд зориулан наманчлалыг номлох ёстой

Бүрэн цагийн номлол, спортын арга хэмжээ, дуу хөгжмийн концерт, заах даалгавар эсвэл шалгалт өгөх гэх мэт хянуур нямбай бэлтгэл ажил шаарддаг үйл ажиллагаа юм уу үйл явдлыг бод. Уг үйл ажиллагаа буюу үйл явдалд оролцох болоход тухайн хүн бэлтгээгүй байх юм бол түүнд ямар санагдах байсан гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 43:17–22-ыг уншаад, няхуур нямбай бэлдэх шаардлагатай үйл явдлыг олж мэд.

Их Эзэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлд хэмээн бүх үндэстэнд хэлэхийг ахлагчдад зааварлав. Та Сургаал ба Гэрээ 43:20-оос мэдэж авсан зүйл дээрээ үндэслэн, дараах зарчмыг зохих үгээр нь гүйцээж бич. Бид наманчилж мөн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө … хэрэгтэй.

Сургаал ба Гэрээ 43:25–28-ыг уншаад, бүх хүнийг наманчлан, аврагд хэмээн Их Эзэний дууддаг зарим арга замыг олж мэд. Яагаад Их Эзэн биднийг сэрэмжлүүлэхэд олон янзын дуу хоолойг ашигладаг гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 43:29–31-ийг уншаад, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн дараа юу болохыг олж мэд.

Мянган жилийн туршид Сатан хүлэгдэж мөн Есүс Христ дэлхий дээр Өөрийн хүмүүсийг хаанчлах болно гэдгийг заасан үг, хэллэгийг тэмдэглэж болно.

Зураг
Ерөнхийлөгч Жорж К.Каннон

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жорж К.Каннон Мянган жилийн туршид Сатан хэрхэн хүлэгдэхийг тайлбарласан. Тэрээр: “Бид Сатан хүлэгдэх болно гэж ярьдаг. Сатан Бурханы хүчинд хүлэгдсэн байх ч тэр бас өөрийг нь сонсохгүй мөн өөрт нь захирагдахгүй гэсэн Бурханы хүмүүсийн зориг шийдэмгий байдлаар хүлэгдсэн байна” хэмээн хэлсэн (Gospel Truth: Discourses and Writings of President Q. Cannon, Жэррэлд Л.Ньюквист, 2-р боть, [1957-1974 он], 1:86).

Зураг
Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смитийн зааснаар: “Христ болон амилсан гэгээнтнүүд мянган жилийн туршид дэлхий дээр хаанчлах болно. Тэд дэлхий дээр амьдрахгүй байх, гэхдээ тэд хүссэн юм уу захирах шаардлага гарсан үедээ дэлхий дээр айлчлах болно” (History of the Church,5:212).

  1. Та Есүс Христийн Хоёр дахь ирэлт болон Мянган жилд бэлтгэж, наманчлахын тулд яг юу хийх хэрэгтэй болохоо тунгаан бод. Энэ даалгавар хувийн нууцтай холбоотой учраас даалгаврыг гүйцэтгэснийхээ дараа судрын тэмдэглэл дээрээ 5-р даалгаврыг биелүүлэв гэж бич.

Сургаал ба Гэрээ 44

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд хамтдаа цугларахыг зарлиглав

Зураг
Чуулганы төвийн дотор талын зураг

Юта мужийн Солт Лэйк Ситигийн Чуулганы төвд болон дэлхий даяарх Сүмийн бусад байранд Сүмийн удирдагчид, ерөнхий эрх мэдэлтнүүдийн үгсийг сонсохоор Сүмийн гишүүд зургаан сар тутамд нэг удаа цуглардаг.

Сургаал ба Гэрээ 44-т Их Эзэн Сүмийн ахлагчдад чуулганаар цуглар хэмээн зааварчилсан байдаг. Энэ нь Сүмийн дөрөв дэх ерөнхий чуулган буюу Огайогийн Көртландад болох анхны чуулган байв. Сургаал ба Гэрээ 44:1–4-ийг судлаад, яагаад Их Эзэн энэ чуулганыг хуралдуул хэмээх зарлигийг гэгээнтнүүдэд өгсөн шалтгааныг олж мэд.

Эдгээр шүлгээс олж мэдсэн зүйлээ ашиглан дараах өгүүлбэрийг гүйцээж бич. Их Эзэн Өөрийн Сүмийн ахлагчдад хэмээн зарлигласан. Чуулган дээр Их Эзэн хэмээн амласан. Чуулганы дараа ахлагчид хийх ёстой. Үүний үр дүнд, олон хүн .

Энэ хичээлийн төгсгөлд, өөрийн сурсан зарчмуудын дагуу үйлдэхийн тулд та юу хийхээ дахин бод. Эдгээр үнэний дагуу үйлдэх аваас Их Эзэн таныг адислах болно.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 43–44-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна: Тухайлбал: