2016
Загасчлахаар явсан нь
October 2016


Загасчлахаар явсан нь

Зохиогч нь АНУ-ын Жоржиад амьдардаг.

Хэйдэн загасанд явахыг тэсэн ядан хүлээж байлаа. Дэн хамт яваагүй байсан бол бүүр сайхан байхсан. …

“Энд дэлхий дээр надад гэр бүл бий. Тэд надад сайн ханддаг.” (Children’s Songbook, 188).

Зураг
gone fishing

Гох, дэгээ, уургаа авцгаая. Загасчлах цаг ирлээ!” гэж аав хэлэв.

Хэйдэн эргэн тойрноо харангаа нүүр дүүрэн инээв. Бүх зүйл тод, гялалзаж байлаа. Нуур бүхэлдээ тэдний өмнө мэлтийн байв.

Хэйдэн аавыгаа дагаж алхаад, машины араас загасны хэрэгсэл хийдэг том хайрцгийг авч өргөв. Хүнд байсан ч тэр түүртсэнгүй. Тэр аавтайгаа загасчилж л байвал үүнээс хоёр дахин хүнд зүйлийг ч өргөж чадахаар байлаа.

Аавыг загасны уургануудаа гаргаж ирэхэд тэд хоорондоо харшилдаж, чимээ гаргав. “Дэн унтаж байх шиг байна” гэж тэр хэллээ. “Чи түүнийг сэрээчих үү?”

Хэйдэн санаа алдах гэснээ болиод, “Мм, тэгье” гэв.

Тэр бяцхан дүү Дэнтэйгээ хамт ирснээ бараг мартах шахсан байлаа. Дэн үргэлж л тойрон гүйж, чанга ярьдаг байв. Тэр хамаг загас үргээчихнэ дээ!

Тэр нээлттэй цонхоор хараад, “Дэн, босох цаг боллоо” гэв.

Гэвч Дэн бөх гэгч унтсан хэвээр.

Хэйдэн түр азнав. Аз дайрч, Дэн загасчилж дуусах хүртэл унтчих юм биш биз.

Хэйдэн хайрцагтай хэрэгслээ аваад, эрэг дээр аавынхаа загасчилж байгаа газар руу чимээгүйхэн очлоо.

“Энд өгөөш, өт гээд бүх зүйл байна!”

Аав нь хайрцгийг түүнээс авлаа. “Сайн байна, баярлалаа.” Тэгээд аав нь өнгийж хараад, “Дүү чинь хаана байна?” гэв.

Хэйдэн машин руу харлаа. Гэв гэнэт тэр машин дотор ганцаараа сэрсэн бол түүнд ямар санагдах байсныг бодож үзэв. Лав л сайхан санагдахгүй байсан гэж Хэйдэн бодлоо. Үнэндээ тэр нэлээд их айх байсан байх. Харин Дэн дөнгөж тавхан настай.

“Одоохон, аав аа. Би удахгүй эргээд ирнэ ээ” гэлээ. Харин түүнийг машин дээрээ иртэл Дэн байсангүй.

Хэйдэнд хорхой, шавжны дүнгэнэх чимээ хүртэл сонсогдохоо болив. Бүх зүйл нам гүм болох шиг санагдлаа.

“Дэн энд байхгүй байна” гэж Хэйдэн хашгирав.

Аав нь хурдан гэгч гүйж ирээд, машин дотор хайв.

“Тэр бид хоёрыг хайж байгаа байх” гэж аав нь хэлээд, “Тэр яваад минут л болж байна. Тэр холдоогүй байх” гэв.

Хэйдэн тайван байхыг хичээсэн ч гэдэс дотор нь эргэчих шиг боллоо. “Би залбирч болох уу?” гэхэд аав нь

“Наадах чинь маш зөв санаа гэж би бодож байна” гэлээ.

Хэйдэн бяцхан дүүтэй байгаадаа Тэнгэрлэг Эцэгт талархаад, Дэнийг айхаас нь өмнө хурдан олоход туслахыг гуйлаа.

Хэйдэн залбирч дуусахад түүний зүрх давчдахаа больсон байв.

Аав нь Хэйдэний мөрөн дээр гараа тавиад, “Чи Дэн байсан бол яах вэ? Чи хаашаа явах байсан бэ?” гэж асуув.

Машины нөгөө талын хаалга нээлттэй байгааг Хэйдэн анзаарчээ. Дэн тэр хоёрыг эрэг дээр байхыг хараагүй бололтой. Хэйдэн ойролцоо байх жим рүү заав. “Би тэр зүг рүү алхах байсан байх” гэж тэр хэллээ.

Тэд жим даган хурдан алхалж эхэллээ.

Хором бүр удаан, хүнд санагдаж байв. Хэйдэн алхах зуураа зүрх сэтгэлдээ залбирсаар л байв. Хэдэн алхам явсны дараа тэд мурийсан жимтэй тааралдаж, Дэн өмнө нь явааг харав.

“Дэн!” гэж Хэйдэн хашгирлаа.

Дэн эргэж хараад инээмсэглэх нь тэр. “Хөөе, та хоёр хаашаа явсан юм бэ?”

Цаг хугацаа хурдалж эхлэв. Хэйдэн Дэн рүү гүйж очоод, түүнийг чанга гэгч тэвэрлээ.

“Чамайг олсондоо би маш их баярлаж байна” гэж Хэйдэн хэлэв. Тэр дотроо хурдхан талархлын залбирал хэлжээ.

Дэн нүүр дүүрэн инээгээд, “Загас хаана байна вэ?” гэж асуув.

“Алив нааш ир, би чамд үзүүлье” гэж Хэйдэн хариуллаа. Нуур руу гүйнэ гэхээс хөлнийх нь ул загатнах аж. Тэр “Хэн нь түрүүлж загас барихаа үзье. Би дэгээнд өгөөшөө хийхэд чинь тусалъя” гэв.