2016
Суралцахуйн баяр баясгалан
October 2016


Аврагчийн арга барилаар заах нь

Суралцахуйн баяр баясгалан

Бид илүү хариуцлагатай суралцагч болсноор Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах үед ирдэг тэнгэрлэг баяр баяслыг мэдрэх болно.

Зураг
young woman reading her scriptures

Тосгондоо залхуугаараа алдартай нэгэн хүний тухай түүх байдаг. Тэрээр ажил хайж, хийх ч хүсэлгүй нэгэн байв. Тэр зүгээр л бусдын хөлс хүчээр амьдардаг байлаа. Эцэст нь тосгоны хүмүүсийн тэвчээр барагдсан аж. Тэд түүнийг тосгоны бөглүү хэсэг рүү хөөж явуулахаар шийдэв. Ийнхүү тосгоны зах руу түүнийг сүйх тэргээр хүргэж явах үед жолооч эрд өрөвдөх сэтгэл төржээ. Шоовдорлогдсон түүнд дахин нэг боломж олгох нь зүйтэй гэж бодогдов. Ингээд тэрээр “Бүхнийг шинээр эхлэхийн тулд бага зэрэг эрдэнэ шиш авах уу?” гэж асуулаа.

Харин үүний хариуд нөгөөх эр ”Хальсыг нь арилгасан уу?”1 гэж асуусан гэдэг.

Багш, суралцагч хоёр хоёулаа хувь нэмэр оруулах үүрэгтэй

Зарим хүн судар судлахдаа ямар ч хичээл зүтгэл гаргадаггүй буюу судрын үгээс зооглохын өмнө хальсалж өгөхийг хүсдэг. Түүнээс гадна тэд сайн мэдээг сонирхолтой хэлбэрээр дуу бичлэг болон видео бичлэгийн цуврал болгож авахыг хүсдэг. Тэд өөрсдийнхөө зүгээс маш бага бэлтгэл хийж эсвэл оролцон, Ням гаргийн багшаар бүх зүйлийг бэлдүүлж, ам руугаа халбагадуулахыг хүсдэг.

Үүнээс эрс ялгаатай нь, Аврагч үгийг нь ойлгохгүй байсан хүмүүсээс гэртээ харихыг хүссэн юм. Тэрээр тэдэнд “би та нарт дахин ирэх маргаашийн төлөө оюун санаагаа бэлтгэж” болохын тулд залбирч, тунгаан бод хэмээн зарлиглажээ (3 Нифай 17:2–3-ыг үзнэ үү).

Гол сургамж нь бэлтгэлтэй ирэх нь багшийн төдийгүй суралцагчийн үүрэг хариуцлага юм гэсэн утгатай. Сүнсээр заах нь багшийн үүрэг хариуцлага байдгийн адил суралцагч ч гэсэн Сүнсээр суралцах үүрэг хариуцлагатай байдаг (С ба Г 50:13–21-ийг үзнэ үү).

Мормоны Номонд “Номлогч нь сонсогчоосоо өчүүхэн ч илүү бус ажгуу, бас багш нь сурагчаасаа илүү бус бөлгөө; мөн тийн тэд бүгд адил тэгш байв” (Алма 1:26; онцлон бичилт нэмэв) хэмээн цэдэглэсэн.

Сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах үүргээ биелүүлснээр ирдэг баяр баяслыг мэдрэхийн тулд бид юу хийж чадах талаар зарим зөвлөгөөг доор дурдав.

Гэртээ суралцах нь

Зураг
woman studying at home

Судруудыг судал

Гишүүн бүр өөрөө сайн мэдээнээс суралцах үүрэг хариуцлагатай бөгөөд уг үүрэг хариуцлагаа бусдад дамжуулж болохгүй. Бид ихэнхдээ судраас тогтмол судлах үедээ суралцаж байдаг. Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973): “Хэрэв бид судруудыг өдөр болгон уншихгүй бол гэрчлэл маань нимгэрч байдаг”2 хэмээн тунхаглажээ. Төлөөлөгч Паул “Берой дахь иудейчүүд Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч” байсныг дурдсан байдаг бөгөөд үүний шалтгааныг “[Tэд] Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа” (Үйлс 17:11; онцлон бичилт нэмэв) хэмээн хэлжээ.

Өдөр болгон судар судлах нь сүнслэг байдлын маань амин чухал хэсэг юм. Өдөр тутмын амьдралд гүйцэтгэдэг үүний орон зайг өөр юугаар ч орлуулах боломжгүй. Иймээс судар судлах нь зөвхөн цаг зав гарвал хийдэг зүйл биш, харин зориуд цаг гарган хийх ёстой зүйл юм.

Зарим хүн “Амьдралд нь байгаа олон үүрэг хариуцлагын хажуугаар өдөр тутам судар судлах цаг алга” гэж хэлдэг байж болно. Энэ мэдэгдэл нь нэг өдөрт хэн нь олон мод тайрах тэмцээн явуулсан хоёр түлээчингийн түүхийг санагдуулдаг. Ургах нарнаар тэмцээн эхэллээ. Жижиг биетэй эрэгтэй нь цаг тутам 10 орчим минут ой руу явдаг байв. Ингэх бүрд өрсөлдөгч нь түрүүлж байгаа гэдэгтээ итгээд, инээмсэглэн, толгойгоо дохиж байлаа. Том биетэй түлээчин байрнаасаа огт хөдөлсөнгүй, тайрахаа ч зогсоосонгүй, амсхийсэн ч үгүй.

Өдрийн төгсгөлд маш их цаг дэмий гарздаж дээ гэж бодсон өрсөлдөгч нь илүү олон мод тайрсан байхыг хараад, том биетэй эр цочирдож, “Чи тийм их амарсан байтлаа яаж энэ бүхнийг хийж чадав аа?” гэж асуулаа.

Ялагч “Аан, би сүхээ ирлэж байсан юм” гэж хариулжээ.

Судраас унших бүрдээ бид сүнслэг сүхээ ирлэж байдаг. Гайхалтай зүйл нь гэвэл, бид үүнийг хийснээр үлдсэн цагаа илүү ухаалаг зарцуулж чаддаг юм.

Урьдчилан бэлд

Сүмийн гишүүдийн зөвхөн цөөхөн хувь нь Ням гаргийн ангид үзэх судруудаа урьдчилан уншдаг болохыг судалгаа харуулсан. Бидний хүн нэг бүр энэ нөхцөл байдлыг өөрчилж чадна. Бид илүү бэлтгэлтэй, судруудаа уншчихсан, санал бодлоо хуваалцахад бэлэн ангид ирснээр суралцах үйл явцад гүйцэтгэдэг өөрийн үүргийг биелүүлж чадна. Бидний бэлтгэл ангийнхаа гишүүдэд өгөх сүнслэг бэлэг байж болох юм.

Ангид суралцах нь

Зураг
participating in class

Хичээлд оролц

Амаа нээх зарлиг нь (С ба Г 60:2–3-ыг үзнэ үү) зөвхөн сайн мэдээг хуваалцах үед бус, анги танхимд ч гэсэн хамаатай. Бид оролцсоноороо хуваалцсан зүйлийн маань үнэнийг гэрчилж, бидний оюуныг илүү гүн ойлголтоор гэгээрүүлдэг Сүнсийг урьж байдаг. Үүнээс гадна, бидний оролцоо өөр хүний бодлыг өдөөж, тэдний оролцоог дэмжих болно.

Ийм маягаар бид Их Эзэний заасан “бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” (С ба Г 88:122; онцлон бичилт нэмэв) хэмээх сургаалыг дагаж байгаа юм. Хичээлд идэвхтэй оролцох нь заримдаа амар байдаггүй ч биднээс өөрсдийнхөө дассан хүрээнээс гарахыг шаарддаг. Гэхдээ үүнийг хийснээр ангид байгаа бүх хүнд өсөлт хөгжил авчирдаг.

Төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэ

Би сүмд ирэхдээ тэмдэглэх цаас авчран, тэмдэглэж болох сургаалын тухай ойлголт, сүнслэг өдөөлтийг эрэлхийлдэг болсон юм. Үүнийг хийснийхээ ач тусыг хүртсэн гэдгээ би баттай хэлж чадна. Энэ арга миний үзэл бодлыг өөрчилж, суралцах үйл явцыг нэг чиглэлд төвлөрүүлэн, хурдасгаж, сүмд тавих хүлээлтийг маань нэмэгдүүлсэн.

Яагаад сүм дээр болон өөр газар хүлээн авсан сүнслэг туршлагаа тэмдэглэж байх нь тийм чухал байдаг вэ? Нэгэн ээжийг өсвөр насны хүүтэйгээ ярьж байгаагаар түр зуур төсөөлөөд үзье. Энэ үеэр хүү нь “Ээж ээ, энэ чинь үнэхээр сайн зөвлөгөө байна” гэж хэлэв. Дараа нь тэр тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд, ярилцаж байх үед төрсөн мэдрэмжээ бичиж эхэлнэ. Ийм үед ээж нь гайхсан ч дараа нь хүүдээ дахин зөвлөгөө өгөхийг хүсэхгүй гэж үү?

Энэ зарчим Тэнгэрлэг Эцэгээс ирж буй зөвлөгөөнд ч мөн адил үйлчилнэ гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй. Түүний бидэнд өгсөн мэдрэмжийг бичиж авч байх юм бол Тэр бидэнд илүү олон илчлэлт өгөх нь гарцаагүй. Үүнээс гадна, бидний хүлээн авдаг мэдрэмж эхэндээ өчүүхэн жижиг боргоцой мэт санагдаж байж болох ч хэрэв бид тэдгээрийг тордож арчлан, тунгаан бодвол агуу том сүнслэг царс мод болон ургаж болно.

Бошиглогч Иосеф Смит хүлээн авсан ойлголт, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж байхын ач холбогдлын талаар “Хэрэв та нар … чухал асуултыг авч хэлэлцсэн мөртлөө … тэмдэглэж аваагүй бол, … Бурханыг илчлэх үед тэдгээрийг үнэ цэнгүй зүйл хэмээн үзэж, үл тоомсорлон, тэмдэглэж аваагүйн улмаас Сүнс та нараас холдож болох бөгөөд … юунаас ч чухал, асар их мэдлэг алдагдсан байх болно” хэмээн хэлсэн.3

Суралцахуйн баяр баясгалан

Зураг
boy reading scriptures

Суралцах нь бурханлаг үүрэг хариуцлагаас ч илүү агуу зүйл юм. Энэ нь туйлын их баяр хөөртэй байхаар заяагдсан юм.

Нэг удаа эртний нэгэн математикч Архимедээс хаан нь шинэ титмээ цул алт байна уу эсвэл дархан зарим алтыг мөнгөөр орлуулсан байна уу үгүй юу гэдгийг олж тогтоохыг хүсжээ. Архимед шийдлийг тунгаан бодсоны эцэст хариулт нь ирсэн байна. Тэрээр хариултыг олсондоо магнай хагартал баярласан бөгөөд домогт дурдсанаар “Эврика, эврика!” хэмээн хотоор нэг хашгиран гүйсэн гэдэг. Энэ нь “Би оллоо! Би үүнийг оллоо!” гэсэн утгатай үг юм.

Шинжлэх ухааны нээлт хийсэн түүний баясал ийм агуу байхад Есүс Христийн сайн мэдээний үнэнийг нээж олбол түүнээс ч илүү агуу баяр хөөрийг мэдрэх болно. Тэдгээр үнэн нь бидэнд мэдээлэл өгөхөөс гадна биднийг авардаг билээ. Энэ учир шалтгаанаар Аврагч “та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв” (Иохан 15:11) хэмээн айлджээ. Мөн үүний учир авралын төлөвлөгөөний талаар мэдэж аваад, “Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан” юм (Иов 38:7). Үрэнд ургаж томрох байгалиас заяасан чадвар байдгийн адил сайн мэдээний үнэнд баяр баяслыг авчрах байгалиас заяасан хүч бий.

“Суралцахыг эрэлхийлэгтүн” (С ба Г 88:118) гэдэг нь тэнгэрлэг зарлиг төдийгүй бурхантай адил болох гэсэн эрэл хайгуул юм. Бид судраас суралцан, ангидаа илүү сайн бэлтгэлтэй ирж, ангийн ярилцлагад оролцон, асуулт тавьж, ариун нандин сэтгэгдлээ тэмдэглэх болгондоо Бурхантай илүү адил болж, Түүний мэдэрдэг баяр баяслыг мэдрэх чадвараа өсгөн нэмэгдүүлж байдаг.

Бид гэр орон, анги танхим, өөр хаана ч байсан илүү хичээнгүй, илүү тэнгэрлэг суралцагчид байх болтугай. Ингэж чадвал бид Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, түүнийг дагаж амьдарснаар хүлээн авах төгс баяр баясгаланг мэдрэх болно.

Зураг
the joy of learning

Эшлэлүүд

  1. Ахлагч Д. Тодд Кристоффэрсон үүнтэй адил түүхийг 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хуваалцсан.

  2. Харолд Б.Лий, бүсийн төлөөлөгчдийн семинар, 1970 оны 12-р сарын 12.

  3. Иосеф Смит, Сүмийн Түүх, 2:199.