2016
Их Эзэний Сүмийн тэнгэрлэг суу билэг
October 2016


Биднийг дахин уулзах хүртэл

Их Эзэний Сүмийн тэнгэрлэг суу билэг

“He Slumbers Not, nor Sleeps,” Ensign, 1983 оны 5-р сар, 5–8-аас авав. Цэг тэмдэг болон том үсэг хэрэглэх дүрмийн стандартын дагуу засварлав.

Бурхан Өөрийнхөө сүр жавхлант загвараар хивсээ нэхдэг билээ.

Зураг
tapestry of prophets

Гэрэл зургийг Мэри Оузоуниан, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв

Энэ ажлын зохион байгуулалт, удирдагчдын дуудлагын ард тэнгэрлэг суу билэг байгаа нь илэрхий юм. Ерөнхий эрх мэдэлтнүүд өөрсдийн гэсэн зан чанартай хувь хүмүүс. Хүн нэг бүр үүрэгт ажилдаа өөр өөрийн арвин туршлага, ур чадварыг авч ирдэг. Сүмийн удирдах зөвлөлд авч хэлэлцэх шаардлагатай асуудал гарч ирэхэд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ сонирхолтой үйл явцыг харж ажиглаж байдаг хүний хувьд Ариун Сүнсний хүч эдгээр эрэгтэйд хэрхэн нөлөөлж байгааг гэрчлэн харах нь гайхалтай байдаг. Эхэн үе дэх үзэл бодлын ялгаа хэдийгээр хурц биш ч гэлээ мэдэгдэхүйц зөөлрөн зөөлөрсөөр нэгдмэл байдалд ордог. Их Эзэн “Миний өргөө болбоос … дэг журмын өргөө мөн” (С ба Г 132:8-ыг үзнэ үү) хэмээн хэлсэн. Энэ үйл явц үнэн гэдгийг гэрчлэх болгонд миний итгэл шинэчлэгдэж байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. …

Зарим хүн Сүмийн ерөнхийлөгч ямар ч нөхцөлд нэлээн өндөр настай эрэгтэй хүн байдагт санаа зовж байдгаа хэлэхэд нь би “Ямар гайхалтай адислал вэ” гэж хариулдаг. Энэ эрин үеийн ажил хамгийн түрүүнд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан зохион байгуулагдсан билээ. Тухайн үед тэрээр залуу, эрч хүчтэйгээс гадна оюун санаа нь цаг үеийнхээ уламжлалд автаагүй нэгэн байсан юм. Их Эзэн ажлаа эхлүүлж байсан түүний залуу оюун ухааныг шинэ, нойтон шаврын адил дуртай хэвэндээ оруулах боломжтой байв.

Иосефын залгамжлагч асар олон хүнийг аглаг буйдаар удирдан явж, шинэ газар суурьших сүрдмээр том үүрэг хариуцлагыг нуруун дээрээ үүрэх үедээ бас л харьцангуй залуу байсан.

Гэхдээ одоо сургаалын маань үндсэн зарчмууд бэхжиж, Их Эзэн биднийг дахин нүүлгэхгүй л юм бол бид байр сууриа баттай сайн олсон байгаа билээ. Бидэнд шинэчлэлт хэрэггүй. Харин бид тэнгэрээс өгсөн зарчмуудыг дагаж мөрдөх хэрэгтэй. Бид Бурханаас томилогдсон удирдагчдадаа үнэнч байх хэрэгтэй. Тэр бол бидний бошиглогч, үзмэрч, илчлэгч. Хэрэв бид зохистой амьдарч чадвал үргэлж бошиглогчтой байх болно. Тэр залуу байх шаардлагагүй. Түүнд тохинууллын ажлыг дэлхий даяар аялан хийх шижигнэсэн залуучууд байсаар ирсэн, цаашид ч байх болно. Тэр бол тэргүүлэх дээд прист, ариун санваарын бүх түлхүүрийг тээгч, Бурханы илчлэлтийг хүмүүст нь дамжуулдаг дуу хоолой юм.

Эртний нэгэн зүйр үгэнд “Залуу насанд эрч хүч. Өтөл насанд мэргэн ухаан” гэсэн байдаг.

Ойрын ирээдүйд бид сахилга баттай, боловсролтой, шалгуурыг давсан, үйлчилж байхдаа ажил үйлсдээ үнэнч, үйл хэрэгтээ гуйвшгүй гэдгээ харуулсан, итгэл нь хөгжиж, олон жилийн туршид Бурхантай ойр байж харилцаагаа хөгжүүлсэн тийм нэгэн ерөнхийлөгчтэй байна гэж бодох нь надад асар их урам зориг хайрладаг. …

Бид илчлэгдсэн зарчмуудаа чандлан сахиж чадвал ирээдүйгээсээ айх хэрэггүй.