2016
Цөхрөлтгүй зүтгэх хүч чадал
October 2016


Цөхрөлтгүй зүтгэх хүч чадал

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Эмтэрсэн зүрх, хугархай хөлтэй надад эдгээлт хэрэгтэй байсан юм. Найдвар надад хүч чадлыг өгсөн билээ.

Зураг
crashed car

Намайг 16 нас хүрэхээс нэг сарын өмнө гэр бүл маань Сүмийн түүхэн газруудыг үзэхээр Америкийн Нэгдсэн Улсыг хөндлөн гулд туулах аялалд гарсан юм. Гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөдөг байсан учраас машинд удаан явах нь надад хэцүү санагддаггүй байв. Бид Небраскагийн Винтер Квартерст очсоныхоо маргааш машиндаа эргэж сууснаа санаж байна. Тэгэхэд бороо цутган орж байсан юм. Би арын суудал дээрээ суугаад, нэг хөнжил авч нөмрөн, бороо орж байгааг сонсонгоо унтахаар тухлав.

Үүний дараа би ямар ч хяналтгүй эргэлдэж байснаа л санаж байна. Манай машин гулгаж, гарцны доод талын цементэн хаалтыг мөргөсөн гэдгийг би дараа нь олж мэдсэн юм. Хэн нэгэн хүн миний хөлийг хугарсан, мэс засалд орохоор явж байна гэж хэлснийг би бүдэг бадаг санадаг.

Удсан ч үгүй, эмнэлэгт хэвтэж байхад аав маань өрөөнд орж ирэв. Тэр орон дээр, миний хажууд суугаад, гараас минь барилаа. Би яагаад ч юм бэ юу хэлэх гэж байгааг мэдэж байв.

Тэр “Охин минь, чи хаана байгаагаа мэдэж байна уу?” гэж асуулаа.

Намайг “эмнэлэгт” гэж хариулахад,

“Чи юу болсныг мэдэж байна уу?”

“Бид машины осолд орсон.”

“Гэр бүлийн бусад гишүүний талаар хэн нэг нь чамд хэлсэн үү?” гэв.

Би түр чимээгүй болоод, үгүй гэж хариуллаа.

Миний ээжээс бусад бүх хүнийг зүгээр гэж тэр хэлэв. Тэр амьд гараагүй.

Би аймшигтай уй гашуу мэдрэх байх гэж бодсон ч тэгсэнгүй. Цочролд орсондоо ч тэр үү бүү мэд, би ямар ч байсан амар амгалан, бүх зүйл сайхан болно, Бурханд итгэж болно гэсэн мэдрэмжийг мэдрэв.

Эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа би осол болохоос хоёр хоногийн өмнө Вайомингт Мартины агуй гэдэг Сүмийн түүхэн газар очсоноо саналаа. Олон анхдагч өлсгөлөн, цас, хүйтэнд нэрвэгдсэнээс болж амьсгал хураасан. Би булшнууд дээр овоолсон чулууг хараад, гар тэргээ аван, аяллаа цааш үргэлжлүүлэх нь амьд үлдсэн анхдагчдаас ямар их итгэл шаардсан бол гэж бодож байснаа санав. Энэ түүх надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ туршлагын талаар эргээд бодоход, анхдагчид цөхрөлтгүй зүтгэсэн гэдгийг мөн би ч бас тэдний адил байж, дүү нарынхаа төлөө сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэдгээ мэдсэн билээ.

Анх мэдэрсэн амар амгалангийн мэдрэмж долоо хоног гаруй намайг орхисонгүй. Би 7-р сарын 4-нд тэргэнцэр дээр суун, эмнэлгийн цонхоор ёслолын буудлага харж байхдаа ээж минь байхгүй шүү дээ гэсэн бодол гэнэт толгойд минь орж ирэв. Тэр ахлах сургуулийн төгсөлтөн дээр минь байхгүй. Ариун сүмд хишиг хүртэх үед маань ч дэргэд минь байхгүй. Бас миний хуриман дээр ч байхгүй. Ээж маань хэзээ ч эргэж ирэхгүй.

Яг энэ үеэс эхлэн бүх зүйл маш хэцүү болж ирсэн юм. Хөл маань аймшигтай өвдөж, хоол идэх дуршил ч төрөхгүй байв. Би зурагт руу хий гөлрөн сууж, ихэвчлэн унтдаг байлаа. Би уйлах ч үгүй байсан болохоор гэр бүлийнхэн минь надад санаа зовох болов.

Биднийг Орегон дахь хоосон гэртээ эргэж ирсний дараа би заримдаа уйлдаг болсон юм. Ээжийнхээ зарим үүрэг хариуцлагыг өөр дээрээ үүрэх шаардлага гэнэт гарч ирсэн бөгөөд дүү нар минь тайтгарал хэрэгтэй үедээ намайг л гэдэг байлаа. Би тэдний төлөө сэтгэлийн тэнхээтэй байхыг хичээсэн. Гэхдээ энэ тийм ч амар зүйл байсангүй.

Сургуульдаа эргэж очих хүнд байв. Хүн бүр ослын талаар сонссон байсан бөгөөд сонсоогүй нэг нь багш нарыг намайг осолд орсон охин гэж танилцуулах үед энэ тухай мэддэг байлаа. Надад бусдаас тусгаарлагдсан мэт санагдаж байсан юм.

Ээжийг нас барснаас хойш есөн сарын дараа аав дахин гэрлэсэн нь хамгийн хэцүү зүйл байв. Хойд ээж минь гэр бүлд маань түшиг тулгуур болно, тэр бидэнд хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч надад үүнийг хүлээн авахад хэцүү байлаа.

Гэхдээ энэ үеэр бүх зүйл харанхуй байсангүй. Би Тэнгэр дэх Эцэг, гэр бүл, Сүмийн удирдагчдаасаа асар их хайрыг мэдэрдэг байсан. Ослын дараа эдгэрч, цааш амьдрахад маань тусалсан зүйл бол итгэлийг маань хүчирхэгжүүлдэг энгийн зүйлүүдийг хийсэн явдал байсан юм. Өдөр бүр би орондоо орохын өмнө хувцасны шүүгээндээ ороод, судруудаа уншиж, залбиран, өдрийн тэмдэглэлээ хөтлөхөд нэг цагийг зарцуулдаг байв. Шүүгээнд ганцаараа байхдаа би дүү нарынхаа дэргэд байдгийн адил хүчтэй байх хэрэггүй байлаа. Би хүссэнээрээ уйлж, зүрх сэтгэлээ Бурханд уудлан гаргадаг байв. Би Түүнд яг юу мэдэрч байгаа, ээжийгээ хэр их санаж байгаагаа хэлдэг байсан юм. Би олон удаа нигүүлслийг мэдэрсэн учраас Тэр намайг сонссон гэдгийг мэднэ. Шүүгээ нь миний хувьд ариун нандин газар болж хувирсан билээ.

Эдгээр энгийн зүйлийг хийх нь надад Бурханаас хөндийрч, уурлаж хорсох биш, харин Бурхантай холбоотой хэвээр үлдэхэд тусалсан. Би Бурхан гэр бүлийг минь зовоох гэж уг ослыг бий болгосон гэж хардаггүй байлаа. Би тэвчээртэй байж, Түүний хүсэлд захирагдан, хүнд өдрүүдийг давах илүү их хүч чадалтай болсноо мэдэрдэг байсан юм. Гэхдээ үнэхээр хэцүү өдрүүд ч бас байсан.

Аавыгаа дахин гэрлэсний дараа би дүү нартаа сайн үлгэр жишээ үзүүлэхийг хичээсэн бөгөөд хойд ээжийнхээ талаар муу зүйл яасан ч байсан бодохыг хүсээгүй учраас Бурханд үргэлжлүүлэн найдсаар байв. Хувийн хөгжил дэвшил номон дээрх нэг үйл ажиллагаа нь хоёр долоо хоногийн турш гэр бүлийнхээ нэг гишүүнтэй харилцаагаа сайжруулах замаар гэр бүлийнхээ амьдралаа илүү сайжруулах тухай байсан юм. Ерөнхийдөө зорилго нь Христтэй адил байж, үйлдлээрээ хайраа харуулах ёстой байв. Би үүнийг туршиж үзэн, хойд ээждээ үйлчлэхээр шийдлээ.

Зураг
helping with the dishes

Хоёр гэр бүл нийлсэн учраас маш их аяга таваг угаах хэрэг гардаг байв. Тэгээд би яг энэ зүйлээс чадсан. Би хоёр долоо хоногийн турш хойд ээждээ үйлчилснээр түүнийг хайрлаж, хэдийгээр дургүй байсан ч гэсэн тэвчээртэй байж чадсан юм. Түүнд үйлчлэхэд анхаарлаа төвлөрүүлсэн маань Сүнсийг надтай хамт байлгаж, хүнд хэцүү үеийг даван туулахад тусалсан билээ.

Энэ осол яагаад гэр бүлд минь тохиолдсон талаар би бүх зүйлийг өнөөг хүртэл ойлгоогүй бөгөөд одоо ч гэсэн хэцүү байх өдөр бий. Гэхдээ би анхдагчидтай адил итгэл найдвараа Бурханд тавьснаар цөхрөлтгүй зүтгэх хүч чадлыг хүлээж авсан юм.