2016
Гэр бүлийн түүхээ хийх тохиромжтой цаг
October 2016


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Гэр бүлийн түүхээ хийх тохиромжтой цаг

Зураг
a season for family history

Зураг чимэглэлийг Уилсон Онг

Бага насны хоёр охинтой ээжийн хувьд би хийе гэж хүссэн зарим зүйлээ ихэвчлэн “цаг” нь болоогүй гэдэг шалтгаанаар хойш тавьдаг байсан юм. Эдгээрийн нэг нь гэр бүлийн түүхийн ажил байв.

Хэдийгээр би өмнө нь индексжүүлэлтийг ням гарагт хийх сайхан үйл ажиллагаа гэж үзэн, оролцдог байсан боловч гэр бүлийн түүхээ хийх цаг зав байхгүй, мэдлэг дутмаг гэдгээр шалтаглан, хойш тавьж байгаагаа анзаарлаа.

Хэдэн сарын өмнө өглөө эрт ариун сүм дотор сууж байхад миний зүрх сэтгэл өөрчлөгдсөн юм. Би ариун сүмийн картан дээрх нас барсан хүмүүсийн нэрсийг харж, тэд өөрсдийг нь төлөөлөн хийсэн ариун сүмийн ёслолуудыг хүлээн аваасай гэж залбирч суухдаа “Тэд гэр бүлийн минь гишүүд байсан бол сайхан биш гэж үү? Би тэднийхээ төлөө энэ ажлыг хийх юмсан” гэж бодов. Хэрэв би үүнийг хүсэж байвал Их Эзэн гэр бүлийн түүхээ хийхэд маань, ялангуяа ням гарагт туслах болно гэдгийг Сүнс надад баталж өгсөн юм. Тэр надад зорилгоо гүйцэлдүүлэхэд хэрэгтэй цаг зав, мэдлэгийг өгч тусална гэдгийг би мэдлээ.

Тэр ням гарагт би гэртээ очоод, FamilySearch.org руу оров. Өвөг дээдсийнхээ нэрийг харах үед нүднээс маань нулимс урсаж билээ. Бидний харилцаа холбоо илүү бат бөх болсон. Эмээгийн маань саяхан нэмсэн хувийн гэрэл зураг, баримт бичгүүд нь тэднийг хайрлах хайрыг маань улам бүр өсгөн нэмэгдүүлж, гэр бүлийн маань гишүүдийг надад илүү амьд болгон ойртуулж байлаа. Би хоёр настай охиноо энэ ажилд оролцуулж, тэр маань элэнц эцэг, хуланц эмэг эхийнхээ зургийг таньдаг болсонд ихэд баярлаж билээ. Надад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний: “Хүндэтгэлийн өдөр нь гэр бүлийн харилцаа холбоог хүчирхэгжүүлэх гайхалтай боломжийг олгодог. Эцсийн эцэст Бурхан бид бүгдийг хишиг хүртсэн гэгээнтнүүд болон өвөг дээдэс, үр удамтайгаа ариун сүмд лацдан холбогдсон гэр бүлүүд болж эргэж ирээсэй хэмээн хүсдэг” гэж дүрслэн хэлсэнтэй адилхан сэтгэгдэл төрж байв (“Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112).

Анхны энэ үйл явдлаас хойш би Хүндэтгэлийн өдөр гэр бүлийн түүхийн ажилд оролцсон хэвээр байгаа. Гэр бүлийнхээ нас барсан зарим гишүүний төлөө ариун сүмийн ажил хийх адислал надад олдсон юм. Төрөл садангуудаа мэддэг болж, өөр шүтлэг бишрэлтэй өвөө, эмээтэйгээ ойр дотно харилцаатай болсон нь бас нэгэн онцгой адислал байв. Энэ нь мөнхийн гэр бүлийнхээ бат бөх холбоос нь болохын тулд гэрээнүүдээ сахиж, эцсээ хүртэл тэвчинэ гэсэн шийдвэрийг маань хүчирхэгжүүлсэн билээ.

Хэдийгээр хийх ажил их байгаа ч Тэнгэрлэг Эцэг маань ялангуяа Өөрийнх нь өдөр Өөрийнх нь ажилд оролцох миний чадавхыг нэмэгдүүлсэнд би талархаж байна. Хүндэтгэлийн өдөр бол миний хувьд жинхэнэ баяр баясал.