2016
Бошиглолын суу билэгт үгсийг санаанд оромгүй газраас олсон нь
October 2016


Бошиглолын суу билэгт үгсийг санаанд оромгүй газраас олсон нь

Өгүүллийн зохиогч нөхрөө номлолын ерөнхийлөгчөөр үйлчлэх хугацаанд Аргентинд амьдарч байв.

Орхисон нэгэн сэтгүүл Оскар Кастрогийн амьдралыг үүрд өөрчилжээ.

Зураг
abandoned Church magazines

Оскар Кастро нүүж орсон байшингаасаа Лиахона сэтгүүлийн Ерөнхий чуулганы дугаарыг олсныхоо дараа баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан юм.

Зураг чимэглэлийг Дан Бөөр; гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Эхнэр нь түүнийг хоёр бяцхан хүүхэдтэй нь орхиж явсан тэр өдөр Оскарын амьдралын хамгийн хүнд өдрүүдийн нэг байсан. Тэр олон шийдвэр гаргах хэрэгтэй байв. Тэр ажил хайж байсан бөгөөд амьдрах шинэ газар олох хэрэгтэй болжээ. Амьдрал нь сүйрсэн мэт түүнд санагдаж байв. Бууж өгмөөр санагдаж байсан бөгөөд хоёр сайхан хүүхэд нь байгаагүй бол тэгэх ч байсан байх.

Аргентины Сан Жуанд Оскарын мөнгөнд таарсан түрээсийн байр тийм ч олон байсангүй. Гэтэл нэгэн аюулгүй тайван дүүргийн жижигхэн байшинд амьдарч байсан залуучууд нүүж гарсан учраас Оскар тэр байрыг түрээсэлж, хүүхдүүдтэйгээ хамт амьдралаа шинээр эхлүүлэхээр бэлтгэв.

Шинэ гэрийнх нь шалан дээр хэд хэдэн сэтгүүл, ном хэвтэж байсан бөгөөд Оскар бүтэн өдөр цэвэрлэгээ хийж, цэгцэлсний дараа амсхийн суух зуураа сэтгүүлүүдээс нэгийг авч гарчиглажээ. Хавтас нь яагаад ч юм түүний сонирхлыг татлаа. Лиахона гэсэн гарчгийн доор цамхаг дээр зогсоод хүмүүстэй ярьж байгаа нэг хөгшин эрийн зураг байв. Уг хүн библийн үеийн бошиглогчдын зургийг түүнд санагдууллаа.

Оскар сэтгүүлийг нээгээд, дараах үгсийг уншив. “Бид бүгд хайрт хүмүүстээ “Хайртай шүү” гэж хэлэх хэрэгтэй гэдгээ мэддэг. Гэхдээ бид мэддэг зүйлээ тэр болгон ажил үйлсээрээ харуулдаггүй.”1 Оскар эхнэртээ хэлж байсан болон түүнээс сонсож байсан хатуу үгсийг бодов. Тэр хүүхдүүдээ өөрсдөөсөө илүү сайн хүн болгохыг хүсдэг байлаа. Оскар сэтгүүлийг үргэлжлүүлэн уншсаар, дотор нь найдвар төрж байгааг мэдэрч эхэлжээ. Долоо хоног дуусахаас өмнө тэр өгүүлэл бүрийг уншиж, илүү ихийг мэдэхийг хүсэв.

Нэг сарын дараа Оскарын амьдардаг газар хоёр номлогч алхаж явлаа. Оскар тэдэнтэй очиж уулзаад, хожмын үеийн гэгээнтэн номлогчид мөн эсэхийг мөн Сүмийн сэтгүүлээс илүү ихийг авбал ямар үнэтэй болохыг асуужээ. Ахлагчид үүний үнэнд тэр 20 минут зарцуулахад л хангалттай гэж хэлэв.

Маргааш нь хоёр номлогч Оскарын гэрт ирлээ. Оскар нүүж ирснээ мөн хэрхэн Сүмийн талаар ойлголт өгсөн хуучин ном, сэтгүүл, товхимлуудыг олсноо тэдэнд ярив. Түүнчлэн уншсан эхний өгүүлэл нь түүний амьдралтай шууд холбоотой байсан гэдгийг тайлбарлалаа. Тэр гэр бүлийн ач холбогдлын талаар аль хэдийн мэддэг байсан бөгөөд гэр бүлийн үдэш, залбирлын талаар илүү ихийг мэдэхийг хүсжээ. Тэрээр Иосеф Смит, сайн мэдээний сэргээлт гэх мэт Сүмийн тухай өөр юу мэдэж авснаа ахлагчдад ярив.

Тэрээр ахлагчдын нүд рүү эгцлэн ширтээд, номлогч бүрийн сонсохыг хүсдэг “Би Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдэгт итгэдэг” гэсэн үгсийг хэлэв. Ахлагчид түүнээс баптисм хүртэхийг урихад Оскар нүдэндээ нулимстай зөвшөөрчээ. Хэдэн долоо хоногийн дараа Оскар Кастро баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлуулав.

Их Эзэн Оскарыг бэлдсэн бөгөөд тэр гэмшсэн сүнстэй байж, суралцаж, өсөж хөгжихөд бэлэн байсан юм. Байшиндаа нүүж ирсэн тэр нэгэн мартагдашгүй өдөр Лиахона сэтгүүлийн Ерөнхий чуулганы дугаар дээрх захиасын сүнс Оскарын зүрх сэтгэлийг хөндсөн билээ. Өмнө нь амьдарч байсан хүмүүс Сүмийн хэдэн сэтгүүл орхиж яваад, ямар нөлөө үзүүлэхийг нь мэдээгүй ч сэтгүүлүүд дээрх сайн мэдээний захиас номлогчийн чухал зэмсэг болж чаджээ. Тэдгээр сэтгүүл Оскарыг хайж байсан үнэн рүү нь хөтөлж, амьдралыг нь үүрд өөрчилсөн билээ.

Эшлэл

  1. Дэвид A.Бэднар, “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18.