2016
Зөөлөн гал дээр болгохын гайхамшиг
October 2016


Зөөлөн гал дээр болгохын гайхамшиг

Чи үүнийг яг одоо идмээр байна уу эсвэл зөв хугацаанд зөв болгож идмээр байна уу?

Зураг
burnt grilled cheese sandwich

Нэгэн залуу хөвгүүн гэртээ ганцаараа, өлсөөд байж байна гэж төсөөлөөд үзье (үнэмшмээргүй ч гэсэн төсөөлөх гэж оролдоод үз). Одоо харин энэ залуу хөвгүүн анх удаа шарсан талхтай бяслагтай сэндвич өөрөө хийж үзэхээр шийдэж байна гэж бод.1 Тэр ч байтугай энэ залуугийн эцэг эх нь түүнд тийм бяслагтай сэндвич хэрхэн хийдгийг хэзээ ч зааж байгаагүй бөгөөд тэднийг хийж байхад нь ч гэсэн дөхөж очоод, харж байгаагүй гэж бодъё.

Энэ залуу талх, бяслаг, талхныхаа гадна бага зэрэг масло түрхсэн гээд (тэр ухаалаг залуу болохоор дотор талд нь бага зэрэг майонез түрхсэн байна) бүх орцоо зөв сонголоо гэж бодъё. Дараа нь тэр хайруулын таваг гаргаж ирээд, цахилгаан зуухан дээрээ тавилаа. (Түүнд энэ сэндвич хийх зориулалтын шарагч эсвэл хэрэгсэл байхгүй гэж төсөөлцгөөе.)

Одоо түүнд “Хэрэв би зуухныхаа галыг нэмэх юм бол хурдан болно доо” гэсэн маш олон хүнд хайхрамж болгоомжгүйн улмаас (эсвэл хэсэг зуур бодлогогүй байсан учраас) төрж байсан нэгэн бодол төрлөө гэж бодъё.

Дараа нь юу болохыг төсөөлөөд үз. (Эсвэл төсөөлөх шаардлагагүй ч байж магад.)

Тэр шаржигнасан, алтан шаргал өнгөтэй талх эсвэл яг сайхан, хайлан урсах бяслаг хоёрын аль нэгийг л хийж чадна. Хоёуланг нь нэгэн зэрэг ийм болгох боломжгүй. Ер нь бол тэр галт уулын чулуу шиг харагдаж, мэдрэгдэх (тийм ч амттай байх нь гарцаагүй) талх, хоёрын хооронд гүйцэд хайлаагүй бяслаг л идэх байх.

Та нарын бодож байгаачлан асуудал нь мэдлэггүй байдал (үүнийг зөвтгөж болно), тэвчээргүй зан (ойлгож болох ч зөвтгөхөд тийм ч амар биш) хоёр юм. Хэрэв тэр дараагийн удаа энэ алдаагаа давтвал яах аргагүй тэвчээргүй байдлаасаа болж хийсэн гэх тул мэдлэггүй байдлаасаа болсон гэж түүнийг зөвтгөх боломжгүй юм.

Үүнийг зөв хийж сурахын тулд тэр зөөлөн галаар болгохын гайхамшгийг олж мэдэх ёстой.

Зөөлөн галаар хоол хийх нь уйтгартай зүйл биш

Цахилгаан зуухан дээр зөөлөн галыг ашиглах нь хоолыг түлэхгүй гүйцэд болгодог учраас шарсан талхтай бяслагтай сэндвич болон өөр олон хоол хийхэд яг тохирно. Үүний ганц дутагдалтай тал нь илүү их хугацаа, анхаарал буюу тэвчээр шаарддагт оршино.

Их Эзэн “төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл” (С ба Г 67:13) хэмээн айлджээ. Тэрээр энэ шүлэгт гайхалтай сайхан шарсан талхтай бяслагтай сэндвич хийхээс ч илүү том зүйл болох төгөлдөржих тухай ярьж байна. Тэр биднийг Өөртэй нь илүү адил болоосой хэмээн хүсдэг. Есүс Христ бол тэвчээрийн хамгийн гайхалтай жишээ мөн. Түүний жишээг дагана гэдэг нь алсын хараагаа тэлж, тухайн цаг үеийн зүйлийн цаадахыг харах болон хувийн сахилга бат, итгэл, дуулгавартай байдал, байнгын болон тууштай хүчин чармайлт, тэсвэр тэвчээр, хайраас ирдэг, өөрөөр хэлбэл тэвчээртэй байснаас ирдэг илүү агуу шагналыг харна гэсэн үг юм.

Тэвчээр нь уйтгартай сонсогдож болох хүлээх гэсэн санааг агуулдаг боловч Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Тэвчээртэй байх гэдэг нь идэвхтэй хүлээх, тэвчихийг хэлнэ. Энэ нь бид ямар нэг зүйлийг хүлээх үедээ ажиллах, итгэж найдах, итгэлээ ашиглаж, бэрхшээлийг сэтгэлийн тэнхээтэй давах, тэр ч бүү хэл зүрх сэтгэлийн хүслүүд маань хойш тавигдсан ч чадах бүхнээ хийх хэрэгтэй гэсэн үг юм. Тэвчээр гэдэг бол зүгээр нэг тэсвэрлэхийг биш; харин онцгой сайнаар тэсвэрлэхийг хэлдэг юм” хэмээн тэвчээр гэдэг нь зүгээр хүлээхээс хавьгүй илүү зүйл гэдгийг заасан.2

Тэвчээр гэдэг нь шарсан талхтай бяслагтай сэндвичээ хайруулын тавган дээр тавиад мартах биш, харин үүнийгээ сайн харж, зөв үед нь эргүүлэхийг хэлж байгаа юм.

Энэ нь сургууль, семинар эсвэл сүмд явах төдий бус, харин идэвхтэй суралцаж, шүтэн бишрэхийг хэлж байгаа юм.

Энэ нь бас асуусан гээд л Мормоны Номын гэрчлэл өөрт чинь ирэхийг хүлээж суух биш, харин үргэлжлүүлэн уншиж, судалж, тунгаан бодож, залбирч, уг номны зарчмуудын дагуу амьдрахыг хэлж байгаа юм.

Мөн энэ нь найзууд чинь шашин шүтлэгээр чинь доог тохуу хийхийг хараад зүгээр суух биш, харин зүрх сэтгэл нь өөрчлөгдөөсэй хэмээн залбирч, үнэхээр хүсэж, үүнийгээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг хэлж байгаа юм.

Үнэндээ энэ нь болзох 16 насаа хүлээж суух биш, харин дуулгавартай байж сурах, бошиглогчдын зөвлөгөөг дагах нь өөрийг тань хэрхэн адислахыг ойлгохоор хичээхийг хэлж байгаа юм.

Галаа багасга

Зураг
grilled cheese sandwich

Тэвчээр ба өөрийгөө захирах байдал буюу өөрийгөө хянах чадвар нь хоёулаа “Сүнсний үр жимс” (Галат 5:22–23-ыг үзнэ үү) юм. Хурдан түргэн үйлдэхийг эсвэл хариу үйлдэл хурдан үзүүлэхийг шаарддаг олон зүйл байдаг боловч (зарим хоолыг ширүүн гал дээр болгох хэрэгтэй байдгийн адил), та нар илүү их тэвчээртэй болж, өөрийгөө хянах чадвараа хөгжүүлэхээр хичээж ажиллах ёстой. Хэрэв та нар тэвчээртэй болж байгаагаа олж харвал энэ нь Сүнс та нар дээр ажиллаж байгаагийн шинж тэмдэг юм.

Зөөлөн галаар болгохын гайхамшиг танд төгс шарсан талхтай бяслагтай сэндвич, дотроо түүхий махгүй, хоккейн шайб шиг харагддаггүй гамбургер, түлэнхий хар биш харин сайхан шарсан төмсний шарвин, хатсан зажлууртай биш хөвсгөр зөөлөн будааг өгнө. Тэвчээр нь та нарын амьдралд “төгс үр дүнтэй” (Иаков 1:4) байх бөгөөд Есүс Христтэй илүү адил болохоор урагшлахад тань тусалж, Ариун Сүнсний нөлөөг авчирч, эцэст нь мөнх амьдрал руу алхахад тань тусална.

Та нар тэвчээрийг тань алдагдуулахад хүргэдэг зүйлсийг олж харах болгондоо энэ шарсан талхтай бяслагтай сэндвичний (эсвэл өөр ямар ч хоол байж болно) талаар мөн тэвчээргүй байдалд хөтлөгдсөнөөр юуг золиосолж байна вэ гэдгээ бодоорой. Хэрэв та нар тэвчээрээ ойр ойрхон алддаг бол бидэнтэй нэгд. Та нар наманчилж, Есүс Христийн үлгэр жишээ болон сургаалыг дахин дагах гэж хичээж болно. Цаашдаа шарсан талхтай бяслагтай сэндвич хийх тул тэвчээрээр дамжин ирдэг төгс байдлын талаар суралцахад хэзээ ч оройтохгүй билээ.

Эшлэлүүд

  1. Энэ залуу хөвгүүн америк хүн гэдэг нь ойлгомжтой. Тэр өөр газраас ирсэн бөгөөд анх удаа шарсан хоол, шарвин, төмсний шарвин, бөөрөнхий мах, блинчик, бин хийж эсвэл будаа агшаах гэж байж болно. Гол санаа нь ижил гэдгийг санаарай.

  2. Дийтр Ф.Угдорф, “Тэвчээрээр үргэлжлүүл,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68, 70.