2016
Ноён Данн, хатагтай Данн хэмээх тэнгэр элчүүд
October 2016


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Ноён Данн, хатагтай Данн хэмээх тэнгэр элчүүд

Зураг
angels named Mr. and Mrs. Dunn

Зураг чимэглэлийг Вилсон Онг

Намайг зурагт үзэж байхад ээж маань утасдаад, өөрийнх нь 92 настай ах буюу миний нагац ах Флоид, эхнэр нагац эгч Миллитэйгээ ханиад хүрч, гэрт нь ямар ч хоол унд байхгүй байгааг хэлсэн юм. Аль аль нь дэлгүүр орж, юм авч чадахгүй байв. Нагац ах Флоид, нагац эгч Милли хоёрын ойр хавьд гэр бүлийн гишүүдээс нь байхгүй болохоор тэдэнд туслах хэн ч байсангүй.

Ээж минь надаас тусалж чадах эсэхийг асуув. Би тэр хавьд байгаа гэр бүлийнхэн дундаа цорын ганц Сүмийн гишүүн бөгөөд өмнө нь иймэрхүү нөхцөл байдал үүсэхэд намайг дуудаж байв. Би АНУ-ын Ютад, харин нагац маань АНУ-ын Калифорни мужийн Херметэд амьдардаг байсанд л асуудал нь байгаа юм.

Би ээжээсээ юу хийхээ бодох хэдэн минутын хугацаа өгөхийг хүсэв. Миний нэг найз Херметэд ойрхон амьдардаг байсан болохоор түүн рүү залгаад, Херметэд таньдаг хүн байгаа эсэхийг асуув. Тэр Калифорнийн Рэдландс ариун сүмд хамт үйлчилдэг байсан Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Данн эгчийн тухай хэллээ.

Данн эгчийг утсаа авахад нь би “Сайн байна уу, Данн эгч ээ. Та намайг танихгүй л дээ, гэхдээ намайг Нэнси Литтл гэдэг бөгөөд би Ютад амьдардаг. Би Сүмийн гишүүн, харин Херметэд амьдардаг нагац ах, эгч хоёр маань гишүүн биш. Тэд өвдчихөөд, гэрт нь ямар ч хоол хүнс байхгүй гэнэ ээ” гэхчилэн ярьж эхлэв. Намайг тэдний хаана амьдардгийг нь хэлэхэд түүний гэрээс хол байв. Би тэдний ойролцоо байдаг хүргэлт хийдэг зоогийн газрын талаар мэдээлэл авах гэсэн юм гэдгээ тайлбарлаж хэллээ.

Харин Данн эгч нөхөртэйгөө хамт нагац ах, эгчид маань хоол аваачиж өгнө гэв. Тэдэнд гэрийн шөлтэй хоол, талх, бас ээжийнх нь саяхан хийсэн жигнэмэг байгаа гэлээ. Би татгалзсан боловч тэр өөрийнхөөрөө зүтгэсээр байв.

Хэдэн цагийн дараа Данн эгч над руу утасдаад, бүх зүйл зүгээр гэдгийг уламжиллаа. Дараа нь ээж над руу яриад, нагац ах Флоид тэдний ирсэн тухай юу гэж хэлснийг дамжуулав. Тэр “Гэрт минь ноён Данн, хатагтай Данн гэдэг нэртэй тэнгэр элчүүд жимс, ногоо, шөлтэй хоол, талх, жигнэмэг гээд тэвэр дүүрэн хоолтой ирсэн. Жигнэмэг нь миний идэж байсан хамгийн сайхан амттай жигнэмэг байсан” гэж хэлсэн байлаа. Данн ах, эгч хоёр нагац ахынд маань очиж, хэрэгтэй зүйлээр тусалсан бөгөөд Данн ах сул биетэй, мартамхай өвчтэй нагац эгч Миллийг маань орноос нь өргөж, гал тогооны сандал дээр суулгахад Данн эгч түүнийг хооллосон байв.

Нагац ах Флоид маань тэдний айлчлалын талаар ээжид ярьж байхдаа уйлж байсан аж. Тэр хэзээ ч ийм найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзаж байгаагүй гэжээ. Тэр намайг Ютад амьдарч, “олон мормоноор” хүрээлүүлсэн азтай нэгэн гэж ээжид маань хэлсэн байв.

Үүнээс хойш дөрвөн өдрийн дараа нагац ах Флоид маань шуудангийн хайрцаг руугаа явж байгаад хальтирч унав. Тэр толгойгоо цохиж, дөрвөн өдрийн дараа нас барсан. Гэрийн асрагчийг эс тооцвол нагац ахын маань нас барахаасаа өмнө хамгийн сүүлд уулзсан хүмүүс нь Данн ах, эгч хоёр байсан юм.

Надаас олон зуун бээрийн зайд амьдардаг, хэзээ ч нүүр нүүрээ харалцаж байгаагүй ч нагац ах, эгчид хоёрт маань тусалсан Халамжийн нийгэмлэгийн нэг эгчийн Христийнхтэй адил үлгэр жишээнд би талархаж явдаг.