2016
Бага насны хүүхдүүд ба ариун ёслол
October 2016


Бага насны хүүхдүүд ба ариун ёслол

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Бага насны хүүхдүүд маань ариун ёслол бидний хувьд чухал гэдгийг мэдэрсэн болов уу. Бид энэ нь тэдэнд ч гэсэн чухал гэдгийг ойлгуулахын тулд илүү ихийг хийж болох байсан.

Зураг
family partaking of the sacrament

Яагаад бид баптисм хүртээгүй хүүхдүүдэд ариун ёслолоос хүртэхийг зөвшөөрдөг талаар та нар бодож байсан уу? Талх авах гэж орилж хашгирахаас нь зайлсхийхийн тулд л гэж үү? Эсвэл ёслолыг нам гүм орчинд, илүү амар хялбар гүйцэтгэхийн тулд юм болов уу?

Би тэгж бодохгүй байна. Үүнд илүү гүн гүнзгий учир шалтгаан бий гэдэгт би итгэдэг. Би яагаад үүнд итгэдэг вэ гэвэл, Есүс Христ “бүх” гэж хэлэхдээ бүх хүнийг хэлсэн байдаг. Тэрээр цугласан олонд хандан ярихдаа хэнийг ч гадуурхдаггүй байсан.

Амилсан Аврагч ариун ёслолыг Америк тив дэх хүмүүстээ танилцуулахдаа уг ёслол нь баптисм хүртсэн хүмүүсийн хувьд онцгой утга учиртай гэдгийг онцолсон байдаг.1 Тэгж хэлсэн ч гэсэн Тэрээр [ариун ёслолыг] цугласан олонд өг гэсэн зарлигийг шавь нартаа өгсөн байдаг билээ.2 Цугласан олонд “бяцхан үрс” ч гэсэн багтаж байсан.3

Өнөөдөр санваартнууд ариун ёслолын залбирлыг уншиж байхдаа Тэнгэрлэг Эцэгээс талх, усыг “үүнээс хүртэх тэд бүгдийн бодгалийн тулд” адисалж мөн ариулж өгөхийг хүсдэг.4 Бүгд. Үүнд хүртэж байгаа хүн бүр, балчир хүүхдүүд ч мөн адил орно

Талх, уснаас хүртэж байхдаа балчир хүүхдүүд энэ бэлгэдлийг цэвэр ариун бодгалиуддаа адислал болгон хүлээн авдаг юм бол тэдэнд ёслолын утга учрыг ойлгоход нь туслах арга зам бас байх ёстой.

Үүнийг ойлгосноороо би хүүхдүүдийнхээ бага балчир байсан үеийг эргэн санав. Эхнэр бид хоёр ариун ёслолыг тарааж байх үеэр тэднийг чимээгүй суулгаж чаддаг байлаа. Тэд ариун ёслол бидний хувьд чухал гэдгийг мэдэрсэн байх гэж би боддог. Гэхдээ энэ нь тэдний хувьд ч гэсэн чухал гэдгийг ойлгуулахын тулд бид илүү олон зүйл хийж болох байсан.

Бид юу хийж болох байсан бэ? Бид бага насны хүүхдүүд ариун ёслолын залбиралд орсон амлалтуудыг сахих чадвартай гэдгийг санаж болох байсан. Тэд жижигхэн ч гэсэн өөрсдөдөө тохирсон хүчирхэг арга замаар Есүсийг “үргэлж дурсан санах” гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгож чадна. Тэд “зарлигуудыг сахих” амлалт өгч чадна. Тэр байтугай удахгүй баптисм хүртэж, гишүүнээр батлагдсаныхаа дараа Христийн “нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн” байх болно гэдгээ харуулж чадна.5

Харин гэрээнүүдээ хэрхэн шинэчлэх вэ? Сүмийн удирдагчид бид ариун ёслолоос хүртэж байхдаа Их Эзэнтэй хийсэн бүх гэрээгээ шинэчилдэг гэж заасан.6 Бага насны хүүхдүүдэд шинэчлэх гэрээ байхгүй.

Хүүхдүүд маань бага байсан үеийг би дахин эргэн санадаг. Бид тэдэнд гэрээнүүдээ шинэчлэхэд нь тусалж чадахгүй боловч тэдгээрийг хүлээн авахад бэлдэхэд нь тусалж чадах байсан. Би өөрийгөө нэгэн ням гаргийн өглөө нэг бяцхан хүү эсвэл охинтой хамт байгаагаар төсөөлөн бодов.

“Чи найман нас хүрээд баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна. Чи гэрээ хийнэ. Тэр үед хийх гэрээ чинь одоо ариун ёслолоос хүртэхдээ өгдөг амлалттай чинь адил юм.

Би өнөөдөр ариун ёслолоос хүртэхдээ тэдгээр амлалтаа дахин өгч байгаатай адил, баптисмын гэрээгээ шинэчлэх болно. Намайг үүнийг хийж байхад чи надтай хамт байх боловч ямар нэг гэрээ шинэчлэхгүй. Чи хараахан гэрээгээ хийгээгүй байгаа. Харин үүний оронд чи гэрээ хийх дадлага хийж болно. Чи ариун ёслолоос хүртэх болгондоо баптисм хүртэж, гишүүнээр батлагдахад өөрийгөө бэлдэж байдаг. Ингэж чадах юм бол чи найман нас хүрэхдээ бэлэн болсон байна” гэж хэлнэ.

Хэрэв дадлага хийх гэдэг үгийг энэ маягаар ашиглах нь сонин санагдаж байвал дараах зүйлийг бодож үзээрэй. Бишрэл хүндэтгэлтэй орчинд эцэг хүн хүүхдүүддээ баптисмын ёслолд бэлдэхэд нь туслахын тулд усанд хэрхэн хамтдаа зогсохыг зааж, баптисмын залбирлын үгийг хуваалцаж болно. Ийм нөхцөлд ёслолыг гүйцэтгэж байгаа юм биш. Нэг ёсондоо хүүхдүүддээ дадлага хийхэд нь тусалж байгаа хэрэг. Ингэх юм бол баптисмын усанд орох үед юу болох бол гэж санаа нь зовохгүй байх болно. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүддээ баптисмын гэрээг хийж, сахих дадлага хийхэд нь тусалж чадна гэдэгт би итгэдэг. Ариун ёслол нь Аврагчийн Цагаатгалын бэлгэдлээс хүртэх болгондоо бага насны хүүхдүүдэд ариун нандин дадлага хийх боломж байж болно.

Тэгэхээр би эхлээд тавьсан асуултаа эргэн харъя. Яагаад бид баптисм хүртээгүй хүүхдүүдэд ариун ёслолоос хүртэхийг зөвшөөрдөг вэ? Үүнийг зүгээр л “дэг журамтай” байлгахын тулд хийдэг гэж үү? Мэдээж үгүй. Бид бага насны хүүхдүүддээ Аврагчаа дурсан санаж, дэлхийн хаанаас ч олж авч чадахгүй амар амгаланг нь хадгалж үлдэхийн тулд ариун ёслолоос хүртэхэд тусалдаг.7 Бид тэдэнд тэрхүү амар амгаланг ирээдүйд илүү их, арвин хүлээн авч, өөрсдөө Түүнтэй гэрээ хийж мөн сахихад бэлдэхэд нь тусалдаг.